Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 110/2021/0030/З |
Дугаар | 001/ХТ2021/0144 |
Огноо | 2021-12-15 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2021/0144
Ш.С-ын нэхэмжлэлтэй,
Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг дарга,
Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг
дахь салбар зөвлөлд тус тус холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: М.Батсуурь
Танхимын тэргүүн: Ч.Тунгалаг
Шүүгчид: Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 110/ШШ2021/0048 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2021/0480 дугаар магадлалтай,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 323 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагч Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М, өмгөөлөгч А.С нарыг оролцуулан, хариуцагч Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргын орлогчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага:
1. Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Захирамжийг хүчингүй болгож, ажлаас чөлөөлөх тухай” Б/09, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Томилохоос татгалзах тухай” А/20 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож, тус сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоох тухай;
2. Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгуулах тухай” 12 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах;
Хэргийн нөхцөл байдал:
3. Ш.С нь төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байгаад Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/653 дугаар захирамжаар улс төрийн албан тушаал буюу Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргаар сонгогдон томилогдож, 2020 оны 12 дугаар сард чөлөөлөгдсөн байна. Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 42 дугаар тогтоолоор Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалд Ш.С-ын нэрийг дэвшүүлснээр Толбо сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар захирамжаар томилсон.
4. Т сумын Засаг даргын 2021 оны Б/09 дүгээр захирамжаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж, тус сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшигч Ш.С-ын хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас хянаагүй байхад томилсон үндэслэлээр 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ш.С-ыг Т сумын Засаг даргын ... Санхүүгийн албаны даргын албан тушаалаас чөлөөлсөн, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар тогтоолоор Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/298, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01/562 дугаар албан бичгийг үндэслэл болгон салбар зөвлөлийн 2020 оны “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 42 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсон, мөн Толбо сумын Засаг даргын 2021 оны А/20 дугаар захирамжаар төрийн жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг шаардлага болон тусгай шаардлагыг хангахгүй байгаа үндэслэлээр ... Санхүүгийн албаны даргаар томилохоос татгалзсан байна.
5. Ш.С-аас дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “... 2019 оноос дагаж мөрдөгдсөн Төрийн албаны тухай хууль хамааралгүй, 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар төрийн албан хаагчийн нөөцөд байгаа, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-д заасныг баримталсан нь тодорхой бус, Авлигатай тэмцэх газарт нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, төрийн албан хаагчийн анкет, албан тушаалын тодорхойлолт зэрэг баримтуудыг хүргүүлсэн байхад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлд төрийн албанд ажиллуулахыг хориглох зүйлийг зохицуулсан, төрийн албанд ажиллах ерөнхий шаардлага болон ажлын байрны тодорхойлолт заасан шаардлагуудыг хангасан, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу маргаан бүхий актууд гараагүй ...” гэж;
6. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргаас “ ... Ш.С нь Засаг даргаар томилогдсоноор 2017 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн нөөцөөс хасагдсан, Төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлгүй, удирдах албан тушаалтны нөөцөд мэдээлэл нь байхгүй, төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангахгүй байгаа тул татгалзсан хариуг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлсэн, төрийн албан хаагчийн нөөцөд байхгүй хүнийг Санхүүгийн даргын албаны даргаар томилж зөрчил гаргасан байсан тул зөрчлийг арилгаж, даргаар томилсон 2021 оны Б/02 захирамжийг хүчингүй болгож, мөн Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд гомдол гаргаж тус Санхүүгийн даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн салбар зөвлөлийн 2021 оны 42 дугаар тогтоолыг хүчингүй болгуулсан, энэ нь хуульд нийцсэн ...” гэж;
7. Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс “ ... 2020 оны 06 сард зарлагдсан тусгай шалгалтад хүн бүртгүүлээгүй тул нөхөгдөөгүй, дахин 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зарлахаар болж, цахимаар бүртгэл хийсэн, Ш.С нь Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа нөөцөд байгаа ба тухайн үед Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдөөгүй байхад тусгай шалгалтад бүртгэсэн, улс төрийн албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа тусгай шалгалтад бүртгүүлэхээр бол нөөцөд байгаа гэж тооцохгүй, Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй тул 2020 оны 42 дугаар тогтоолыг хүчингүй болгож, шалгалтыг дахин зохион байгуулах шийдвэр гаргасан” гэж тус тус маргажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр:
8. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 110/ШШ2021/0048 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 30 дугаар зүйлийн 30.2, 33 дугаар зүйлийн 33.3, 33.12, 46 дугаар зүйлийн 46.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.6, 23.7, 23.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.С-ын шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Захирамжийг хүчингүй болгож, ажлаас чөлөөлөх тухай Б/09 дугаартай захирамж, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/20 дугаартай “Томилохоос татгалзах тухай” захирамж, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаартай “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгож, Т сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлал:
9. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 480 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 110/ШШ2021/0048 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай (2002 оны) хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, Төрийн албаны тухай (2017 оны) хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 33 дугаар зүйлийн 33.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, 23.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Саас Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл, Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаартай “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоол, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Захирамжийг хүчингүй болгож, ажлаас чөлөөлөх тухай” Б/09 дугаартай захирамж, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/20 дугаартай “Томилохоос татгалзах тухай” захирамжийг тус тус хүчингүй болгож, Т сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоохыг Т сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
10. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын орлогч Т.Д-ээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан.
11. “ … Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ 2002 оны Төрийн албаны тухай хууль болон 2019 оны Төрийн албаны тухай хуульд заасан улс төрийн алба хашиж байсан этгээдийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцогдох эсэх тухай зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн.
12. Нэхэмжлэгч Ш.С нь төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэлгүй, төрийн албанд томилогдох эрхгүй. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулиар өмнө нь улс төрийн алба хашиж байсан этгээдийг төрийн албан хаагчийн нөөцөд тооцохооргүй болсон. Нэхэмжлэгч нь өөрийгөө 2016 онд улс төрийн албанд томилогдож 2020 онд чөлөөлөгдсөн учир 2002 оны Төрийн албаны тухай хуулийг баримтлах ёстой гэж байгаа боловч нэхэмжлэгч нь Засаг даргын албанд томилогдоод тухайн албыг хааж байх үед буюу 2019 онд Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөж эхэлсэн. Дээрх 2019 оны Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон учир 2002 оны Төрийн албаны тухай хуулийг даган гарсан хууль журам, дагаж мөрдөх журам, бусад зөвлөмжүүд нь тухайн 2002 оны Төрийн албаны тухай хуулийн хамт хүчингүй болсон учраас мөн Төрийн албаны тухай хууль нь өөрөө нэг талаас сонгон шалгаруулалт явуулах, түр орлон гүйцэтгэх харилцаануудыг зохицуулдаг процессийн шинжтэй хууль ба процессийн шинжтэй хуулийг буцаан хэрэглэхгүй юм.
13. Одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.12-т заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам”-ын Хоёрт Төрийн жинхэнэ албаны нөөцийн сангийн бүрэлдэхүүнүүдийн тухай зохицуулсан байдаг ба тухайн нөөцийн сангийн бүрэлдэхүүн хэсэгт улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон үндэслэлээр төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албаны нөөцийг хамааруулаагүй байна.
14. Иймд хууль бус эрх ашиг хамгаалагдах учиргүй, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 480 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
15. Хяналтын шатны шүүхээс магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
16. Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, ... бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө”, 23.5-д “... мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно” гэж нарийвчлан зохицуулсан байна.
17. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.8-д “… нөөцийг бүрдүүлэх журмыг төрийн албаны төв байгууллага тогтооно” гэж зааснаар Төрийн албаны зөвлөлөөс 2009 оны 99 дүгээр тогтоолоор Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам батлагдаж, журмын 2.2.2 дахь заалтаар “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, ... мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц” нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүрэлдэхүүний нэг хэсэг байхаар журамласан.
18. Дээрх хууль, журамд заасны дагуу Ш.С нь 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргаар сонгогдон, улс төрийн албан тушаалд томилогдсон үндэслэлээр төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдөж, төрийн албан хаагчийн нөөцөд байжээ.
19. Харин Монгол Улсын Их хурлаас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг баталж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөр өмнөх Төрийн албаны тухай /2002 оны/ хууль, холбогдох журмын үйлчлэл дуусгавар болсны улмаас Ш.С-ын хувьд төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцогдох хуулийн үндэслэлгүй болсон, энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
20. Төрийн албаны тухай /2017 оны/ хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас түр чөлөөлөх үндэслэлүүдийг нэрлэн зааж, 46.1-д заасан аль нэг үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн иргэнийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцох талаар мөн зүйлийн 46.6 дахь хэсэгт заасан. Харин улс төрийн албан тушаалд сонгогдон томилогдсон үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн иргэнийг төрийн албан хаагчийн нөөцөд оруулах эсэх асуудлыг мөн хуульд нарийвчлан зохицуулаагүй тохиолдолд Ш.Сыг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцох боломжгүй тул төрийн албан хаагчийн нөөцөд байх хугацаа дуусгавар болсонтой адилтган үзнэ.
21. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журмын Төрийн жинхэнэ албаны нөөцийн сангийн бүрэлдэхүүн хэсэгт улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон үндэслэлээр төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн нөөцийн бүрэлдэхүүн гэж байхгүй, энэ талаар журамлаагүй.
22. Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хууль тогтоогчоос тусгайлан батлаагүй тухайн тохиолдолд хүчингүй болсон хуулийг хэрэглэж нэхэмжлэгчийн эрхийг сэргээх боломжгүй юм. Гэтэл давж заалдах шатны шүүх “... төрийн албан хаагчийн нөөцөд байсан этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулан шинэ хуулийн дагуу төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцохгүй гэж үзэх үндэслэлгүй” хэмээн дүгнэсэн нь буруу болжээ.
23. Нэгэнт шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албан хаагчийн нөөцийн сангийн бүртгэлд байхгүй иргэнийг нөөцөд байгаа мэтээр төрийн албаны тусгай шалгалтад бүртгэж, нэр дэвшүүлэн томилсон захиргааны байгууллагуудын шийдвэрүүд нь хууль бус тул сонгон шалгаруулалтын дараа үүссэн нөхцөл байдал болон ... сумын санхүүгийн албаны даргаар томилогдон ажиллахад ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэхэд дүгнэлт өгч, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг тухайн маргаанд тайлбарлан хэрэглэх шаардлагагүй.
24. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамааралгүй хуулийн заалтыг баримталсан байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2021/0480 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 110/ШШ2021/0048 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 30 дугаар зүйлийн 30.2, 33 дугаар зүйлийн 33.3, 33.12, 46 дугаар зүйлийн 46.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.6, 23.7, 23.9-д заасныг” гэснийг “Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 46 дугаар зүйлийн 46.1, 46.6-д заасныг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТСУУРЬ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.МӨНХТУЯА
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Х.БАТСҮРЭН