Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 15

 

 

 

 

 

 

 

            Хэргийн оролцогч нарын эвлэрлийг баталж,                                                                                                   
       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай


Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, нэхэмжлэгч М.Баяндэлгэрийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргад холбогдох

Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн б/14 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилохыг Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргад даалгаж, 2015 оны 05 дугаар сараас 2017 оны 02 дугаар сар хүртэл нийт 22 сарын цалингийн зөрүү 1.477.036 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Баяндэлгэр, хариуцагч Архангай аймгийн Батцэнгэл сумын  Засаг дарга  Д.Баянжаргал нараас эвлэрлийн гэрээ байгуулсаныг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Баяндэлгэр шүүхэд гаргасан нэмэгдүүлэн тодруулсан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч М.Баяндэлгэр миний бие тус шүүхэд анх Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн б/06 дугаар захирамжийг хүчингүй болгож, Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилохыг даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэл гаргасан. 
2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийнхээ Батцэнгэл сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн б/06 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзсан. 
Одоо нэхэмжлэгч М.Баяндэлгэр миний нэхэмжлэлийн шаардлага нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн б/14 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилохыг Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргад даалгаж, 2015 оны 05 дугаар сараас 2017 оны 02 дугаар сар хүртэл нийт 22 сарын цалингийн зөрүү 1.477.036 төгрөгийг хариуцагчаас гаргуулах гэсэн шаардлага болж байна гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг дарга Д.Баянжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч М.Баяндэлгэрийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 
Архангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаар тогтоолд Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтанд тэнцэж хамгийн өндөр оноо авсан Пүрэв-Очирын Намсрайг Батцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргад нэр дэвшүүлсэн бөгөөд уг тогтоол нь одоо ч хүчин төгөлдөр байна. Мөн төрийн албаны салбар зөвлөлөөс 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 78 дугаар албан бичгээр өмнөх тогтоол хүчин төгөлдөр байхад Мөнхжаргалын Баяндэлгэрийг нэр дэвшүүлсэн байсан. Тухайн үед хамгийн өндөр оноо авсан П.Намсрай нь Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд М Баяндэлгэр нь 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ажлын байрандаа архи ууж, хэрэгт холбогдож байсан тул томилж ажиллуулах боломжгүй болсон.
Иймд М.Баяндэлгэрийн нэхэмжилсэн 2015 оны 05 дугаар сараас 2017 оны 02 дугаар сар хүртэлх нийт 22 сарын цалингийн зөрүү 1.477.036 /нэг сая дөрвөн зуун далан долоон мянга гучин зургаа/ төгрөгийг төлөх хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна.
Төрийн албаны салбар зөвлөлөөс удаа дараа зөрчилтэй бичгүүд гаргасан байх бөгөөд Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаал маргаантай байгаа учраас тус орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлана.
Мөнхжаргалын Баяндэлгэрийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тайлбар гарган, нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлэн тодруулах тухай нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д заасныг зөрчиж байх тул уг нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч нар 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан эвлэрлийн гэрээндээ: Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын томилгоо нь буруу болсон тухай Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн М.Баяндэлгэр нэхэмжлэл гаргаж, хариуцагчаар Батцэнгэл сумын Засаг дарга Д.Баянжаргал оролцож байгаа билээ.
Нэхэмжлэгч М.Баяндэлгэр, хариуцагч Д.Баянжаргал бид харилцан тохиролцож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх заалтын дагуу харилцан буулт хийж, эвлэрлийн гэрээ байгуулж байна.
Хариуцагч талаас М.Баяндэлгэрийн нэхэмжилсэн цалингийн зөрүү болох 1.477.036 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг олгож өгнө, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 500.000 төгрөгийг олгож өгнө, одоогийн ажиллаж байгаа ажлын байранд цаашид тогтвор суурьшилтай ажиллуулна.
Нэхэмжлэгч талаас М.Баяндэлгэр нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ цалингийн зөрүү болох 1.477.036 төгрөгийг олгуулах, сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн б/14 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Батцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилохыг даалгах гэж тусгасан байсан.
Одоо хариуцагч талтай харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байгаа тул Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн б/14 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Батцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилохыг даалгах гэсэн заалтаас татгалзаж, сумын Засаг дарга Д.Баянжаргалын зөвшөөрсөн дараах 3 заалтыг зөвшөөрч байгаа тул эвлэрлийн гэрээ байгуулав.
1.    М.Баяндэлгэрийн цалингийн зөрүүнд 1.000.000 төгрөгийг олгож өгнө.
2.    Өмгөөлөгчийн хөлс төлсөн 500.000 төгрөгийг олгож өгнө.
3.    Одоогийн ажиллаж байгаа ажлын байранд цаашид тогтвор суурьшилтай ажиллуулна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Баяндэлгэр 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргад холбогдуулж “Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргыг томилох тухай” 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн б/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Батцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ./х.х-н 2х-5/

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Баяндэлгэр нь Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтаар Батцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байранд зарласан сонгон шалгаруулалтанд оролцож 63.7 оноо авч тэнцсэн байна. /х.х-н 6-9/

Улмаар Архангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 78 дугаар албан бичигт “...Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтныг сонгон шалгаруулалтанд орж нийт 63.7 оноо авч, нөөцөд бүртгэгдсэн Батцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байрны шаардлагад нийцсэн М.Баяндэлгэрийг Батцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын нэр дэвшүүлэхээр...” санал болгожээ. /х.х-н 24/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг дарга Я.Батгэрэлсайхан, түүний өмгөөлөгч С.Нармандал нараас уг хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасны дагуу нэхэмжлэгч М.Баяндэлгэрт холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 56 дугаар шүүгчийн захирамжаар уг хэргийг түдгэлзүүлсэн бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр уг түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн  явуулсан болно. /х.х-н 212-214, 241/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн хугацаанд тус аймгийн Батцэнгэл сумын Засаг даргаар Д.Баянжаргал томилогдсон тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг сольж, жинхэнэ хариуцагчаар Д.Баянжаргалыг татан оролцуулжээ. /х.х-н 245-246/

Нэхэмжлэгч М.Баяндэлгэр 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд “2015 оны 05 дугаар сараас 2017 оны 02 дугаар сар хүртэл нийт 22 сарын цалингийн зөрүү 1.477.036 төгрөгийг гаргуулах, Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн б/14 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”–ыг хүссэн нэмэгдүүлсэн шаардлага гаргажээ. Мөн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлэн тодруулсан шаардлагадаа “Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн б/14 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилохыг Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргад даалгаж, 2015 оны 05 дугаар сараас 2017 оны 02 дугаар сар хүртэл нийт 22 сарын цалингийн зөрүү 1.477.036 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” гэж тодруулжээ. /х.х-н 249, 2х-5/

Гэвч шүүх хуралдааны өмнө нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан буулт хийсэн эвлэрлийн гэрээндээ “Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн б/14 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Батцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилохыг даалгах гэсэн шаардлагаасаа татгалзаж, сумын Засаг дарга Д.Баянжаргалын зөвшөөрсөн дараах 3 заалтыг зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулжээ.Үүнд:
1.    М.Баяндэлгэрийн цалингийн зөрүүнд 1.000.000 төгрөг
2.    Өмгөөлөгчийн хөлс төлсөн 500.000 төгрөг олгож
3.    Одоогийн ажиллаж байгаа ажлын байранд цаашид тогтвор суурьшилтай ажиллуулах саналыг тус тус гаргаж хэргийн оролцогчид эвлэрсэн болно. /2х-20/

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.5, 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед эвлэрэх эрхтэй бөгөөд харилцан буулт хийж, хоорондоо тохиролцож эвлэрснээ бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурсан нь хуульд харшлахгүй байна. 

Иймд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгаж, хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, М.Баяндэлгэрийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргад холбогдох “Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн б/14 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилохыг Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргад даалгаж, 2015 оны 05 дугаар сараас 2017 оны 02 дугаар сар хүртэл нийт 22 сарын цалингийн зөрүү 1.477.036 төгрөгийг хариуцагчаас гаргуулах”-ыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон   

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийн оролцогчид М.Баяндэлгэрийн цалингийн зөрүүнд 1.000.000 /нэг сая/ төгрөг, өмгөөлөгчийн хөлс төлсөн 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг олгож, одоогийн ажиллаж байгаа ажлын байранд цаашид тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөлөөр харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, М.Баяндэлгэрийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргад хариуцагдах “Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн б/14 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилохыг Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргад даалгаж, 2015 оны 05 дугаар сараас 2017 оны 02 дугаар сар хүртэл нийт 22 сарын цалингийн зөрүү 1.477.036 /нэг сая дөрвөн зуун далан долоон мянга зучин зургаа/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.                                                                         

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ОДОНТУЯА