Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 62

 

 

 

 

 

 

 

 

 

        П.Цэгцбаатар, Ч.Билгүүнбаяр, С.Бат-Ерөөл,

         Т.Мөнхбаяр нарт холбогдох эрүүгийн

          хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч Д.Мягмаржав, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ш.Баярбилэг,

ялтан П.Цэгцбаатар /Цагдан хорих 461 дүгээр ангиас цахимаар оролцов/,

ялтан П.Цэгцбаатарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Н.Намжилцогт,

ялтан Ч.Билгүүнбаярын өмгөөлөгч Н.Цэцэгмаа, 

ялтан С.Бат-Ерөөл, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, 

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Н.Баярмаа, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 197 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан П.Цэгцбаатар, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Н.Намжилцогт, ялтан Ч.Билгүүнбаярын өмгөөлөгч Н.Цэцэгмаа, ялтан С.Бат-Ерөөл, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, ялтан Т.Мөнхбаярын өмгөөлөгч А.Нацагдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн П.Цэгцбаатар, Ч.Билгүүнбаяр, С.Бат-Ерөөл, Т.Мөнхбаяр нарт холбогдох 201501000049 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигин овгийн Пүрэвдоржийн Цэгцбаатар, 1984 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2; хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар байрны 26 тоотод оршин суух,

2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн. /регистрийн дугаар: ХВ84082775/

 

2. Боржигон овгийн Чинзоригийн Билгүүнбаяр, 1990 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон Улсын худалдааны мэргэжилтэй, “Цагаан бар” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг гэх, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 10/3 дугаар байрны 7 тоотод оршин суух албан ёсны хаягтай, хэрэгт холбогдох үедээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Ревар Гарден” хотхоны 311-302 тоотод оршин сууж байсан,

2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасч, 2 жил хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан. /регистрийн дугаар: УШ90090116/

 

3. Халзад овгийн Санжжавын Бат-Ерөөл, 1991 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Блью Мон” ХХК-д төслийн менежер ажилтай гэх, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2/17 дугаар байрны 8 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: УУ91080755/

 

4. Боржигон овгийн Төмөрбатын Мөнхбаяр, 1992 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цагдан хорих 461 дүгээр ангид хянагчаар ажиллаж байсан, ам бүл 3; эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, “Данзан” гудамжны “Амины орон сууц байр”-ны 8-1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЕЙ92020319/

 

- П.Цэгцбаатар нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 25-23 тоот гэртээ НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисийн тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетаминий агууламж бүхий 1,2 грамм бодис, тетрагидроканнабинолын агууламж бүхий 0,5 грамм бодисыг борлуулах зорилгогүйгээр 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хадгалсан,

2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Ч.Билгүүнбаяртай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин гидрохлоридын агууламжтай “Мөс” гэх нэршилтэй бодисыг С.Бат-Ерөөлд 200,000 төгрөгөөр борлуулсан,

давтан үйлдлээр өөрийн гэрт 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисийн тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламж бүхий 0,5 грамм бодисыг Ц.Энхцогтод 280,000 төгрөгөөр зарж борлуулсан,

2015 оны 1 дүгээр сараас 5 дугаар cap хүртэл хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисийн тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 3,4 грамм бодисыг борлуулсан,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хянагч Т.Мөнхбаярт 120,000 төгрөгийн хээл хахууль өгч, цагдан хорих байранд гар утас, цэнэглэгч, тамхи зэргийг хүлээн авсан гэмт хэргүүдэд,

 

- Ч.Билгүүнбаяр нь П.Цэгцбаатартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт, НҮБ-ийн 1971 оны Сэттэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин гидрохлоридын агууламжтай “Мөс” гэх нэршилтэй бодисыг С.Бат-Ерөөлд 200,000 төгрөгөөр борлуулсан,

Энэ хэрэгт шалгагдан 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гадагш явахгүй байх баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ 2015 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын хилээр гарч мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдэд,

 

- С.Бат-Ерөөл нь 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авах зорилгоор Ч.Билгүүнбаяртай холбогдон Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 25 дугаар байранд оршин суух П.Цэгцбаатараас НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин гидрохлоридын агууламжтай “Мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр олж авсан гэмт хэрэгт,

 

- Т.Мөнхбаяр нь цагдан хоригдож байгаа П.Цэгцбаатартай танилцаж, улмаар 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр түүний найз М.Даваасүхээс 120,000 төгрөгийг П.Цэгцбаатараар хэлүүлсний үндсэн дээр хээл хахуульд авч, урьдчилан амлалгүйгээр хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг буюу гар утас, гар утасны цэнэглэгч, тамхи зэргийг цагдан хорих байранд оруулж өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас Ц.Цэгцбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 192.3.4, 192.3.5, 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар, Ч.Билгүүнбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэг зааснаар, С.Бат-Ерөөлийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар, Т.Мөнхбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “П.Цэгцбаатарыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, урьдчилан үгсэж тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр борлуулсан, албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэмт хэргүүдийг,

Ч.Билгүүнбаярыг урьдчилан үгсэж тохиролцож бүлэглэн сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг борлуулсан, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдийг,

С.Бат-Ерөөлийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэргийг,

Т.Мөнхбаярыг албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

П.Цэгцбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар 11 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял,

Ч.Билгүүнбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял,

С.Бат-Ерөөлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял,

Т.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар төрийн албанд ажиллах эрхийг 1 жил хасч, 2 жил хорих ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг баримтлан П.Цэгцбаатар, С.Бат-Ерөөл нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг өршөөн хэлтрүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан П.Цэгцбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 11 жил хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 11 жил хорих ялаар,

Ч.Билгүүнбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дүгээр зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 1 сар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 10 жил 1 cap хорих ялаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт
зааснаар П.Цэгцбаатар, Ч.Билгүүнбаяр нарт оногдуулсан хорих ялыг чанга
дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Т.Мөнхбаярт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж,

П.Цэгцбаатарын цагдан хоригдсон 245 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, Ч.Билгүүнбаяр, С.Бат-Ерөөлт, Т.Мөнхбаяр нар цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх
хэсэгт заасныг журамлан Т.Мөнхбаярт оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хариуцуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 см урттай
хар өнгийн гуурс, 0,8226 грамм метамфетамины агууламж бүхий бодис, 20 см урттай цагаан өнгийн 2 ширхэг, 12 см урттай цэнхэр өнгийн 1 ширхэг гуурс, хар өнгийн шавар мэт зүйл 0,5 грамм, 3 см урттай шилэн эдлэл, 4х7см хэмжээтэй гялгар уутанд хийсэн 1,1 гр “мөс” гэх бодис, П.Цэгцбаатарын шээсэнд мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тест 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 100 төгрөгийн тал мөнгөн дэвсгэртийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол банкинд шилжүүлж, АЕ0696725, АС6882904, АН2114573, АН2114576 серийн дугаартай 20,000 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг, П.Цэгцбаатарын Е0347766 дугаарын гадаад паспорт, “I Phone 5 s” загварын утас, “I pod” 1 ширхэг, утас цэнэглэгч “Power bank” 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц П.Цэгцбаатарт буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Т.Мөнхбаяраас 120,000 төгрөгийг гаргуулж, Э.Төрболдоос хураан авсан 280,000 төгрөг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Ялтан Т.Мөнхбаярын өмгөөлөгч А.Нацагдорж давж заалдах гомдолдоо: “...Т.Мөнхбаяр нь 461 дүгээр ангид ажиллаж байхдаа П.Цэгцбаатараас шоуны тасалбар гэж 120,000 төгрөг авсан. Авахдаа цалингаа буухаар буцааж төлнө гэж зээлийн журмаар авсанаа мөрдөн байцаалтын явцад болон шүүх хурлын хэлэлцүүлгийн үед мэдүүлдэг. Үүнийг ч П.Цэгцбаатар “Т.Мөнхбаяр 120,000 төгрөгийг дараа төлөхөөр авсан” тухай мэдүүлсэн. П.Цэгцбаатар цагдан хоригдож байх үедээ 120,000 төгрөгийг өгөхийг сануулж Т.Мөнхбаярын гар утас руу мессеж явуулж байсан нотлох баримт хэрэгт авагдсан. Шүүх хуралдаанд улсын яллагч энэ байдлыг ялын дүгнэлт болон шүүх хурлын хэлэлцүүлэг, нотлох баримтыг судлах явцдаа хэлсэн. Энэ 120,000 төгрөгийг төлсөн бичгийн баримтыг шүүх хурлын эхэнд гаргаж өгч хэрэгт хавсаргасан зэрэг Т.Мөнхбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байсаар байхад гэмт хэрэг үйлдсэн гэж анхан шатны шүүх шийтгэх тогтоолоор ял оногдуулсныг хүчингүй болгож, Т.Мөнхбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Ялтан П.Цэгцбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“1. Намайг урьдчилан үгсэн тохиролцож бусадтай бүлэглэн мансууруулах бодисыг давтан үйлдлээр борлуулсан гэж буруутгасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний 1 дүгээр хавтаст хэргийн 167, 168 дугаар хуудаст өгсөн мэдүүлэгт “Ц.Энхцогт манай гэрт ирэхэд нь урьд өмнө нь өөрөөс нь авч байсан “мөс” гэх бодисыг өөрт нь буцааж өгсөн. Мөн 280,000 төгрөгийн тухайд өр, авлагын өөр асуудалтай талаар” мэдүүлсэн. Ц.Энхцогт, Э.Төрболд нарыг анх мөрдөн байцаахдаа айлган сүрдүүлж нотлох баримтыг бүрдүүлсэн. Ц.Энхцогт, Э.Төрболд нар сүүлд мэдүүлэг өгөхдөө “мөрдөн байцаалтад хууль бус нотлох баримт цуглуулсан болохыг” мэдүүлсэн бөгөөд Ц.Энхцогтын тамхины хайрцагтай мансууруулах бодис олж манайд авч ирсэн талаар мөрдөн байцаалтын шатанд огт шалгаагүй тул дахин шалгуулж мэдүүлгүүдийн зөрүүг арилгуулах хүсэлтэй байна. Би болон өмгөөлөгч нарын зүгээс удаа дараа “намайг нийслэл хотын хэмжээнд хар тамхи, мансууруулах бодис зарж борлуулсан” гэснийг шалгуулах хүсэлтийг огт авч хэлэлцэж шалгаагүй. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан асуудлуудыг гүйцэд тогтоогоогүй гэж үзэж байна.

2. Эрүүгийн цагдаагийн газрын 5 дугаар хэлтсийн 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гаргасан 1015-702 гэх албан бичигт прокурорын зөвшөөрлөөр гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан 2,3 грамм “мөс” гэх бодисыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 4913 дугаартай дүгнэлтээр “мөс” гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн. Учир нь 2015 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд уг гүйцэтгэх ажиллагааг явуулсан атлаа бүтэн жилийн дараа буюу 2016 оны 6 дугаар сарын 9-нд шинжилгээнд өгсөн. Мөн дүрс бичлэгт дүрслэгдсэн “мөс” гэх бодис мөн эсэх талаар хавтаст хэрэгт байдаггүй. Эндээс үзэхэд 4065 дугаартай дүгнэлтэд дүгнэсэн 00:00:07 секунтад хүнд өгч байгаа зүйл нь 4913 дугаартай дүгнэлтэд дүгнэгдсэн “мөс” мөн эсэх нь эргэлзээтэй байхад шүүх бүрэлдэхүүн хэргийг эцэслэн шийдсэн.

3. Шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 4761 дугаартай дүгнэлтэд “шинжээчид ирүүлсэн П.Цэгцбаатар, Ч.Билгүүнбаяр-1 wav”, П.Цэгцбаатар, Ч.Билгүүнбаяр-2 wav”, “Бат-Ерөөл-Цэгцбаатар” гэсэн нэртэй бичлэгүүдэд гарах харилцан ярианы утга агуулгыг тодорхойлоход шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй, тогтоох боломжгүй гэсэн байдаг. Гэтэл шүүх бүрэлдэхүүн уг дүгнэлтэд хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр зөвхөн яллах талыг баримтлан шийдвэр гаргасан нь буруу болсон. Учир нь Ч.Билгүүнбаяр бид хоёр найз нөхдийн холбоотой тул утсаар холбогдож ярьж байсныг гэмт хэрэг хийхэд хамтарсан мэтээр нотлох баримт болгосон. Хэрэв Ч.Билгүүнбаяр бид хоёр бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн бол утасны яриа нь заавал хавтаст хэрэгт хавсаргагдсан байх ёстой гэж үзэж байна.

4. Намайг хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа хянагч Т.Мөнхбаяр гэгчид бусдаар дамжуулан хээл хахууль өгсөн гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хавтаст хэрэгт би болон хянагч Т.Мөнхбаяр мэдүүлэгтээ зээлээр мөнгө өгсөн талаар мэдүүлээд байхад заавал хээл хахууль өгсөн гэж үзэж буруутгаад байгааг ойлгохгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд би хүнээс Т.Мөнхбаярт таксны мөнгө 120,000 төгрөгийг зээлээр авч өгөөд буцаад удаа дараа нэхсэн талаар мэдүүлээд байхад огт шалгаагүйд гомдолтой байна. Иймд миний бие хэрэгт авагдсан нотлох баримт хангалттай нотлогдож, тогтоогдоогүй гэж үзэж байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

Ялтан П.Цэгцбаатарын өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн нотлоогүй байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргасан. П.Цэгцбаатарыг Нийслэлийн нутаг дэвсгэрт хэдийд ямар бодисыг хэнд борлуулсан нь ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа нь тодорхойгүй, хавтаст хэрэгт энэ талаар ямар ч баримт байхгүй. Энэ таван сарын хугацаанд хэдэн хүнд худалдсан бэ гэдэг нь тодорхойгүй, үүнийг тогтоогоогүй. Цагдаагийн байгууллага мөрдөн байцаах шатанд хамтран ажилласан хүн болон эх сурвалжаа нууцалж болох ч худалдан авсан гэх хүнийг нууцлах шаардлагагүй байсан. Гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуульд зааснаар ял эдлэх учиртай. П.Цэгцбаатараас “мөс” гэх бодисыг худалдаж авсан гэх хүмүүс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлд зааснаар яллагдаж, шүүгдэх ёстой байсан. Эдгээр хүмүүс ял завшсан гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл гүйцэтгэх ажлын аргаар илрүүлсэн гэдэг халхавчаар П.Цэгцбаатар ямар гэмт хэрэгт шүүгдэж байгаагаа мэдэх, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгч нь тухайн гэмт хэрэгт мэтгэлцэх хууль ёсны эрхийг нь зөрчсөн. Гүйцэтгэх ажлын техникийн аргаар бэхжүүлсэн гэх бичлэгүүд нь стандартын шаардлага хангахгүй, юун тухай бичлэг болох нь тодорхойгүй учир нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй. Шүүгдэгч П.Цэгцбаатар нь С.Бат-Ерөөлд “мөс” гэх бодис зарсаныг нотлох эд мөрийн баримт байхгүй, шүүгдэгч П.Цэгцбаатар нь албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байхад тус тус ялласан. Анхан шатны шүүх нотлох баримтыг бүх талаас нь бодит байдлаар хянаж үзээгүй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.

 

Ялтан П.Цэгцбаатарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“1. П.Цэгцбаатарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд гаргаж байсан бүх процессын шийдвэрүүдэд /эрүүгийн хэрэг үүсгэх, шинжээч томилох тогтоол, хэрэг шилжүүлэх тогтоол, яллах дүгнэлт зэрэг/ П.Цэгцбаатарыг “Улаанбаатар хотын хэмжээнд” эсхүл зарим тогтоолуудад тусгаснаар “Нийслэл хотын хэмжээнд” мансууруулах бодис зарсан гэж тусган шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт” метамфетамины агууламж бүхий бодисыг зарсан гэж тодорхойлоод тэрхүү мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хэмжээг 3,4 граммыг борлуулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзжээ. Хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд П.Цэгцбаатар нь 0,5 грамм бодисыг Ц.Энхцогтод зарж борлуулсан, мөн Ч.Билгүүнбаяртай үгсэж урьдчилан тохиролцож С.Бат-Ерөөлд зарж борлуулсан нь давтан үйлдэл мөн эсэхийг л шалгаж тогтооход чиглэсэн байгаа нь ажиглагдаж байна.

Харин Эрүүгийн цагдаагийн газрын 5 дугаар хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Ариунжаргалын бичсэн танилцуулгад “нөлөө бүхий этгээдэд П.Цэгцбаатар тооцогдсон”, Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1-д заасан үндэслэлээр П.Цэгцбаатарыг удаа дараа хар тамхи, мансууруулах бодис зарж борлуулж байгаа талаар гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан мэдээллийг үндэслэн Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахад П.Цэгцбаатар нь хар тамхи мансууруулах бодис зарж борлуулж байгаа 1 үйлдэл нь дүрс бичлэгээр бэхжигдсэн ба 2015 оны 1 дүгээр сараас 5 дугаар cap хүртэл 1,400,00-1,600,000 төгрөгөөр 3,4 грамм хар тамхи зарж борлуулсан мэдээ дүрс бичлэг, болон бусад баримтуудаар удаа дараа зарж борлуулсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар үнэлүүлж эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналтай гэжээ. Уг танилцуулгад дурдсан гүйцэтгэх ажлын мэдээ нь дангаараа нотлох баримт болох хууль зүйн боломжгүй бөгөөд эх сурвалжыг нууцлаад мөрдөн байцаалтын ажиллагаагаар нотлох баримтын хэмжээнд бэхжигдсэн зүйл хавтаст хэрэгт авагдаагүй.

Ийм тохиолдолд П.Цэгцбаатар нь Улаанбаатар хотын аль дүүргийн хэд дүгээр хорооны нутаг дэвсгэрт ямар хугацаанд хэдэн хүнд хэн гэж этгээдүүдэд яаж борлуулсан зэрэг нөхцөл байдлыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогоогүй. Мөн зарж борлуулсан гэж үзэж байгаа үйлдлийн эцэст олсон орлого, ашиг гэж үзэх мөнгөний эх сурвалж тогтоогдоогүй байхад шүүхээс П.Цэгцбаатарыг “Улаанбаатар хотын хэмжээнд” зарж борлуулсан гэм буруутайд тооцож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэв цагдаагийн байгууллага гүйцэтгэх ажлын шугамаар П.Цэгцбаатарын зарсан, борлуулсан үйлдлийг хөдөлбөргүй тогтоосон гэж үзэж байгаа юм бол төдий чинээгээр хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авсан болон Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн аль тохирох хэсгээр эрүүгийн хариуцлагад татагдаж болох этгээдүүд эрүүгийн хариуцлагад татагдаагүй ял завшиж байна гэж ойлгогдож байна. П.Цэгцбаатарыг “удаа дараа зарж борлуулсан” гэж үзэж байгаа боловч танилцуулгад дурдсан “1 удаагийн бичлэг” бэхжигдсэнээс өөрөөр нотлох баримт авагдаагүй энэ талаар гаргасан шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй байхад гүйцэтгэх ажлын мэдээ зэргийг дангаар нь үнэлж байгаад гомдолтой байна. Учир нь “удаа дараа” гэж үзэж байгаа үйлдэл бүрээ цаг хугацааны хувьд дараалалтай бүрэн гүйцэд тогтоосны дараагаар давтан, урьдчилан тохиролцож бүлэглэн, хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн болохыг тогтоолгүй ерөнхий байдлаар шүүх шийдвэр гаргасан.

2. Шинжээч А.Сайнхүү нь “Шинжилгээнд ирүүлсэн гэсэн нэртэй дүрс бичлэгт П.Цэгцбаатар нь дүрс бичлэгийн 00:00:20 секундэд хүнээс 20,000 төгрөгийн дэвсгэртээр мөнгө авч байгаа, 00:00:37 секундэд хүнд цагаан өнгийн нунтаг зүйл хийсэн жижиг тунгалаг ууттай зүйл өгч байгаа дүрс дүрслэгдсэн байна” гэж эрх бүхий албан тушаалтнаас шинжээч томилсон тогтоолд заасан асуулт тус бүрийг асуух хэсэгт заалгүйгээр шууд дүгнэлт утгаар нь гаргасан. Энэ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.9 дахь заалтыг зөрчиж шинжээчид тавьсан асуулт хэсгийг орхигдуулсан нь шинжээч А.Сайнхүү шинжилгээнд тусгай мэдлэгийн хүрээнд бус урьдчилсан төсөөлөл итгэл үнэмшилтэйгээр хандаж хууль илтэд зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргасан байна гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтийн 3-д “П.Цэгцбаатар дүрслэгдсэн байна” гэж дүгнэж байгаа бол шинжлүүлэгч П.Цэгцбаатар нь дүр судлалын шинжилгээ /гапитскоп/-ний ямар шинж, дүр болон дүрс судлалын чухам ямар хэлбэр шинж, тэгш хэм адилтгал, онцлог шинжүүдээр тохирч байгаа талаар шинжлэх ухааны болон тусгай мэдлэгийн үндэслэлийг нэг бүрчлэн зааж өгөөгүй.

Иймд дээрх байдлуудыг харгалзан үзэж дүр судлалын нэмэлт шинжилгээ хийх шаардлагатай гэж өмгөөлөгчийн байр сууринаас үзэж байна.

3. Анхан шатны шүүхээс П.Цэгцбаатарын үйлдлийг бусадтай урьдчилан үгсэж тохиролцсон гэж зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хамтран оролцох төрлийн чухам аль хэсгийг журамлаж байгааг заагаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1, 284.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

4. Энэ хэрэгт сэжигтэн Ц.Энхцогт болон П.Цэгцбаатарыг цагдаагийн байгууллагын алба хаагч нар баривчлаад мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгах үед сэжигтэн Ц.Энхцогт нь каннабисын төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172 дугаар зүйлийн 172.3.9 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа, мансууруулах хордуулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах ажиллагаа хийгдсэн боловч мансуурлаас гаргах, эрүүлжүүлэх арга хэмжээг авалгүй Ц.Энхцогтыг мансуурсан үед нь мэдүүлэг, тайлбар авсан нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам зөрчсөн хэлбэр болсон гэж үзэх үндэстэй байна. Харин Ц.Энхцогтын яллагдагчаар би тэр үед мансуурсан байсан, П.Цэгцбаатараас “мөс” аваагүй гэж өгсөн мэдүүлгийг үнэлэх тал дээр зөвхөн эхний мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх нь хангалтгүй байна. Мөн хэргийн гэрч болох Э.Төрболд мөрдөн байцаалтын эхэнд өгсөн мэдүүлэг, дараа нь гэрчээр дахин байцаалт өгөхдөө “би тухайн үед аавдаа зодуулчихсан, маш их айсан, цагдаагийн ажилтнууд айлгаж хашгираад тэгж хэл гээд байхаар нь би тэгж хэлсэн” гэх мэдүүлэг, шүүгдэгч С.Бат-Ерөөл сэжигтнээр “Цэгцээгээс очиж авсан” гэсэн мэдүүлэг. Дараа нь яллагдагчаар дахин байцаалт өгөхдөө болон шүүхийн хэлэлцүүлэгт “2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр миний гар утас руу нэг хүн залгаад хүрээд ир гэсэн. Чамайг П.Цэгцбаатар гэдэг хүнтэй холбож шалгана... чи бидний хэлснээр байхгүй бол чамайг хорьж цагдах асуудал үүснэ гэж гав үзүүлж сүрдүүлсэн... хамгийн сүүлд мөрдөн байцаагчийн өрөөнд оруулаад энэ хүн одоо миний хэлсний дагуу байцаалт өгнө гээд гарсан” гэх мэдүүлэг зэрэг агуулгын хувьд эрс зөрүүтэй мэдүүлэг өгсөн нотлох баримтууд цугларчээ.

5. П.Цэгцбаатарын дансанд орсон гарсан мөнгө нь гар утасны код тайлсаны хөлс, гэртээ хадгалж байсан 80,000 төгрөг зэрэг гүйлгээний эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан байна. Гэтэл П.Цэгцбаатарын данс дахь дээрх гүйлгээг “мөс” гэх бодис зарж борлуулсан мөнгөний эх сурвалж гэж үзэж байгаа нь мөрдөн байцаалт хэт нэг талыг барьсан бөгөөд зарж борлуулсан гэх үйлдэл нь өөртөө ямар нэгэн эдийн ашиг, мөнгөн орлого олсон байх шинжийг агуулсан байхыг шаарддаг. Харин дансны мөнгөн гүйлгээ бүрийг эх сурвалжаар нь тогтоолгүй хэрэгт шалгаж эхлэх үед байсан мөнгийг “мөс” зарсан орлого, ашиг гэж үзэх боломжгүй ба үүнийг нягтлан шалгаж тогтоолгох.

6. П.Цэгцбаатар нь Ч.Билгүүнбаяртай үгсэж хуйвалдаж зарж борлуулсан гэх үйлдлийг харсан үзсэн гэрч болон мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоолгүй зөвхөн мэдүүлгийн хувьд эрс зөрүүтэй мэдүүлэг өгч байгаа С.Бат-Ерөөлийн мэдүүлгээр буюу эрх зүйн байдлын хувьд “өөрийн гэм буруутай болохыг нотлох үүрэг хүлээхгүй”
яллагдагчийн мэдүүлгийг гэрчийн мэдүүлгийн хэмжээнд үнэлсэн байгаа нь
мөрдөн байцаалт нэг талыг барьж явуулсныг харуулж байна.

7. П.Цэгцбаатар нь мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт “Т.Мөнхбаяр нь шоуны такс олоод өгчих гэж хэлсний дагуу Т.Мөнхбаярт манай найз залуу 120,000 төгрөг өгсөн. Тэгтэл Т.Мөнхбаяр нь энэ мөнгийг тохирсон хугацаандаа өгөөгүй, би түүнээс удаа
дараа мөнгөө нэхэж байсан” талаараа тогтвортой мэдүүлдэг. Энэ нь П.Цэгцбаатараас хянагч Т.Мөнхбаярт “ямар нэгэн үүрэг гүйцэтгүүлэх, үүрэг гүйцэтгэхээс татгалзуулах” ямар нэгэн өөртөө давуу байдал олж авах сэдэлт зорилго агуулаагүй болохыг харуулж байна гэж үзэх үндэслэлтэй байна. П.Цэгцбаатарын хоригдож байсан өрөөнд орсон тамхи болон бусад зүйлс нь П.Цэгцбаатар хянагч Т.Мөнхбаярт найз охиноосоо шоу үзэх 6 таксны мөнгө зээлж авч өгөх цаг хугацаанаас өмнө түүний аав Пүрэвдорж асаны гуйлтаар орсон болох нь мөн л гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байдаг. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэх зорилго сэдэлт үгүйсгэгдэж байна гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү.” гэв.

 

Ялтан С.Бат-Ерөөл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“1. Би П.Цэгцбаатар гэдэг хүнийг танихгүй, тэр хүний оршин суудаг газар, гэрийг огт мэдэхгүй, ямар баримт материалыг үндэслэн намайг тэр хүний гэрт очиж сэтгэцэд нөлөөтэй бодис авсан гэж яллаж байгааг ойлгохгүй байна. Харин Ч.Билгүүнбаяртай найз нөхдийн холбоотой бөгөөд 2015 оны цагаан сарын дараа түүний борлуулж байсан гар утаснаас эхнэртээ худалдаж авсан. Амралтын мөнгөө авч дээрх утасны үнийн үлдэгдэл 300,000 төгрөгийг Ч.Билгүүнбаярын эхнэрийнх нь дансанд шилжүүлсэн юм. Ч.Билгүүнбаяртай байнга уулзалддаг, хүүхдээ хамт салхилуулдаг байсан. Ингэж хамт байх үед миний утаснаас Ч.Билгүүнбаяр нь П.Цэгцбаатар руу залгасан байж болох бөгөөд харин би П.Цэгцбаатар гэдэг хүнтэй утсаар ярьж, уулзаж байгаагүй, түүний гэрээс очиж тэр бодисыг авсан юм бол яагаад надаас биш тэдний гэрээс уг бодис хураагдаж, би сэтгэцэд нөлөөт бодис олж авсан бол тэр нь ямар шинжилгээ, нотолгоогоор метамфетамин гидрохлоридын агууламж бүхий “мөс” гэдэг бодис болж байгаа нь ойлгомжгүй байна.

2. Намайг эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд худал хэлж хууран, гудамжид явж байхад хүчээр баривчлан авч явж, хорино цагдана гэж айлган сүрдүүлж, өөрсдийн хэл гэсэн зүйлүүдийг хэлүүлж мөрдөн байцаагчид мэдүүлэг өгүүлсэн. Гэвч ийм байдлаар хэлүүлсэн мэдүүлгээ үндэслэж, намайг хийгээгүй хэрэгт холбогдуулан шалгаж эцэст нь шүүхээс ямар ч үндэслэлгүй ял шийтгэл оногдуулж байгаад маш их гомдолтой байна.

Өмнө нь хоёр ч удаа хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорт шилжүүлж байсан бөгөөд энэ үед хэргийг прокурорт шилжүүлэх тогтоолд Гаалийн төв лабораторийн дүгнэлт, байцаан шийтгэх ажиллагааны тэмдэглэлүүдээр “мөс” гэх бодисыг худалдаж авсан нь нотлогдсон гэж бичиж байсан юм. Харин тэр үед Гаалийн төв лабораторийн дүгнэлт гэх зүйл хэрэгт огт байгаагүй, одоо ч байхгүй байгаа бөгөөд энэ талаар өмгөөлөгч болон миний зүгээс удаа дараа холбогдох газруудад гомдол гаргаснаар уг дүгнэлт гэдэг асуудлыг яллах баримтаас хасч харин П.Цэгцбаатарын гэрээс очиж авсан гэж ямар ч үндэслэлгүйгээр тулгаж байна. Иймд шийтгэх тогтоолоор надад оногдуулсан ялыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэв.

 

Ялтан С.Бат-Ерөөлийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр С.Бат-Ерөөлийг Эрүүгийн цагдаагий газрын ажилтан Энх-Амгалан гэдэг хүн гэнэт баривчлан авч явж, хууль бус арга хэрэглэн, айлган сүрдүүлж, хуурах аргаар худал мэдүүлэг авснаас энэ асуудал үүссэн. С.Бат-Ерөөлийг баривчилж Ч.Билгүүнбаяраар дамжуулан зуучлуулж, уг бодисыг борлуулах зорилгогүйгээр олж авсан гэх үйлдэл хэргийг нотолж байгаа нотлох баримтууд нь дараах үндэслэлээр үгүйсгэгдэж байгаа юм.

1. С.Бат-Ерөөлийн гэрчээр өгсөн мэдүүлэгт “П.Цэгцбаатарыг танихгүй мэднэ, 2014 оны 10 дугаар сард Ч.Билгүүнбаярын эхнэр Болортуяагийн “ХААН” банкны дансанд өөрийн “Голомт” банкны дансаар 200,000 төгрөг шилжүүлж, Ч.Билгүүнбаярын өгсөн дугаараар П.Цэгцбаатартай ярьж 13 дугаар хорооллын “Оюун ухааны төв”-ийн хажууд автомашинтайгаа очиж авсан гэсэн байдаг. С.Бат-Ерөөлийн гэрчээр өгсөн мэдүүлэг үндэслэлтэй гэж дүгнэвэл 2014 оны 10 дугаар сарын энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болж байна. Энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо дээрх яригдсан дансны дугааруудаар мөнгө шилжүүлэгдээгүй, уг мөс гэх бодисыг худалдаж авсан болох нь тогтоогдоогүй гэж үзсэн байна. Тэгвэл 2016 оны 5 дугаар сарын 28-ны үйлдлийг батлаад байгаа гол нотлох баримт гэх зүйл нь мөнгө шилжүүлсэн, утсаар холбогдсон асуудлууд байдаг. П.Цэгцбаатар нь С.Бат-Ерөөлийг огт танихгүй, Ч.Билгүүнбаярыг таньдаг, ажил төрөл, бизнесийн холбоотой бөгөөд түүний эхнэрийн дансаар дамжуулан гар утасны код тайлах ажил хийснийхээ хөлсийг авч байсан талаараа тодорхой мэдүүлсэн байна. Харин С.Бат-Ерөөл нь Ч.Билгүүнбаяртай дотно найз нөхдийн холбоотой, байнга уулзалддаг, хүүхдээ хамт салхилуулдаг. Энэ байдлаар хамт байх үедээ С.Бат-Ерөөлийн утаснаас П.Цэгцбаатар руу залгасан байж болох нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна.

С.Бат-Ерөөл нь 2015 оны цагаан сарын дараа Ч.Билгүүнбаярын борлуулж байсан гар утаснаас эхнэртээ худалдан авч өгсөн бөгөөд амралтын мөнгөө авч дээрх утасны үнийн үлдэгдэл болох 300,000 төгрөгийг Ч.Билгүүнбаярын эхнэрийнх нь дансанд шилжүүлсэн байдаг. Ч.Билгүүнбаяр нь П.Цэгцбаатараар гар утасны код тайлуулах ажил хийлгэдэг байсан, төлбөрөө эхнэрийнхээ дансаар дамжуулан төлж байсан, тухайн үед шилжүүлсэн 200,000 төгрөг нь дээрх ажлын хөлсөнд төлөх ёстой мөнгө байсан гэдгээ мөн хэлсэн байдаг. Энэ байдлаас харахад эдгээр хүмүүсийн хооронд утсаар ярих, мөнгө төгрөг шилжүүлэх харилцаа байсан нь тодорхой байгаа бөгөөд харин энэ нөхцөл байдлыг сэтгэцэд нөлөөлөх бодисыг бүлэглэн бусдад худалдсан гэх хэргийн нотлох баримт гэж үзэхэд учир дутагдалтай юм.

2. НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд “метамфетамин” хэмээх бодис багтсан. Метамфетамин гэх бодис мөн болохыг мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлтээр тогтоох ёстой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйл нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх борлуулах гэм бурууг заасан байдаг. Тэгвэл С.Бат-Ерөөлийг яллаж байгаа энэ үйлдэлд хэдийд ямар байдлаар ямар шинжилгээ хийж сэтгэцэд нөлөөлөх бодис гэдгийг баталсан нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл ямар ч шинжээчийн дүгнэлт гараагүй юм. Энэ хэргийг мөрдөн байцаагч өмнө нь 2 ч удаа яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорт шилжүүлж байсан. Энэ үедээ уг хэрэг нь байцаан шийтгэх ажиллагааны тэмдэглэлүүд, Гаалийн төв лабораторийн дүгнэлт бусад нотлох баримтуудаар нотлогдсон гэж бичиж байсан. Хяналтын прокурор, шат шатны прокурорт удаа дараа гомдол хүсэлт гаргаснаар яллах дүгнэлтээс Гаалийн төв лабораторийн дүгнэлт гэдэг асуудал хасагдсан. Ер нь сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис гэж тодорхой тоо, чанарын шинжтэй, материаллаг объект бөгөөд ийм бэлдмэл бодис болохыг эмнэлгийн байгууллагын мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр тогтоодог. Харин уг бодис биш бол энэ гэмт хэргийн бүрэлдэхүүн болохгүй гэж тайлбарласан байдаг. С.Бат-Ерөөлийг энэ байдлаар сэтгэцэд нөлөөлөх бодис олж авсан гэж үзэх үндэслэл огт байхгүй юм. Мөрдөн байцаалтын шатанд С.Бат-Ерөөлийг гэрчээр байцааж, Ч.Билгүүнбаяраар дамжуулан 2 удаа сэтгэцэд нөлөөлөх бодис авсан гэж яриулаад өөрийнх нь мэдүүлгийг үндэслэн, ямар ч шинжилгээ шинжээчийн дүгнэлтгүйгээр, сэжиг таамгаар үндэслэн ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 197 тоот шийтгэх тогтоолоор С.Бат-Ерөөлд оногдуулсан ялыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү.”  гэв.

 

Ялтан Ч.Билгүүнбаярын өмгөөлөгч Н.Цэцэгмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... 1. Энэ хэргийг нотолсон гэх, өөрөө энэ хэрэгт яллагдагчаар татагдаж шүүхээр гэм буруутайд тооцогдсон С.Бат-Ерөөлийн гэрчээр өгсөн мэдүүлэг нь өөр бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй бөгөөд энэхүү мэдүүлгийг тодорхой нөхцөл байдлын улмаас худал мэдүүлсэн гэж сүүлд нь С.Бат-Ерөөл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэгтээ удаа дараа тогтвортой мэдүүлсэн байдаг. С.Бат-Ерөөлийн дансны хуулгад 300,000 төгрөгийг Э.Болортуяагийн дансанд шилжүүлсэн гүйлгээ, П.Цэгцбаатарын дансны хуулгад Э.Болортуяа нь “ХААН” банкнаас 200,000 төгрөгийн орлого хийсэн гүйлгээ зэргээр дээрх гэмт хэрэг, түүнчлэн гэрч С.Бат-Ерөөлийн гэрчээр өгсөн мэдүүлгээр нотлогдсон гэж үзэхгүй байна. Эдгээр гүйлгээний утга тодорхойгүй байна. Түүнчлэн Ч.Билгүүнбаяр, түүний эхнэр Э.Болортуяа нар гар утас худалдах бизнес эрхэлдэг бөгөөд П.Цэгцбаатараар төлбөртэйгээр гар утасны блок гаргуулдаг. Мөн С.Бат-Ерөөл нь Ч.Билгүүнбаяраас гар утас зээлээр худалдаж аваад төлбөрийг нь бэлнээр цувуулж өгч байгаад, үлдэгдлийг нь Э.Болортуяагийн дансанд шилжүүлснээ мэдүүлсэн байна. Иймд дээрх 2 удаагийн гүйлгээг “мөс” худалдсан, худалдаж авсны төлбөр гэж нотолсон зүйл байхгүй гэж үзнэ. Ч.Билгүүнбаяр 100,000 төгрөгийг авч үлдсэн гэх байдлыг шүүх дүгнээгүй орхисон байна. “Цагаан бар секуриты сервис” ХХК-ийн эзэмшлийн 99999016 дугаарын утасны дуудлага хийсэн дугаарын жагсаалт, ...2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн дуудлага ...88199999, 89500001 дугаарын утсанд холбогдсон лавлагаа, 88199999 дугаарын утаснаас 99999016 дугаарт холбогдсон лавлагаа зэргээр нотлогдсон гэж үзэхгүй байна. Эдгээр дуудлага, утсаар ярьсан яриа нь чухам юуны тухай ярьсан, хэний яриа болох нь тодорхойгүй, энэ хэрэгт хамааралтай нотлох баримт гэж харагдахгүй байна. Эдгээр яриаг мөрдөн байцаагч, прокурорууд, Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан үндэслэл, журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглан авсан нотлох баримт гэж үзэн, мөн хуулийн 18.2-д зааснаар “мэдээллийн эх сурвалжийг задруулахгүй байх үүрэгтэй” гэж үзжээ. Мэдээллийн эх сурвалж гэдэг нь эдгээр хүмүүсийн яриаг хэзээ хэн гэдэг албан тушаалтан ямар техник хэрэгсэл ашиглан сонссон бэ гэдэг л болохоос биш нэгэнт сонссон нь тодорхой болсон тохиолдолд “хэн юуны тухай ярьсныг” нуух асуудал биш гэж үзэж байна. №4761 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлт нь хэн, хэний, хэнтэй, хэзээ ярьсан ярианы бичлэгийг П.Цэгцбаатар, Ч.Билгүүнбаяр, С.Бат-Ерөөл нарын дуу хоолойтой харьцуулах шинжилгээ хийсэн нь тодорхойгүй байна. Иймд энэхүү шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзнэ. Түүнчлэн 4761 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлтийн 1 дэх заалтад “С.Бат-Ерөөл-П.Цэгцбаатар-l.wav гэсэн нэртэй бичлэг дуу авианы шинжилгээнд тэнцэнэ” гэсэн нь “Үзлэг ба шинжилгээ” гэсэн хэсгийн 5 дахь заалтын 2 дахь хэсэгт заасан “дуу авианы адилтгалын шинжилгээ хийх боломжгүй” гэсэнтэй зөрчилдсөн байна. Энэхүү шинжилгээгээр С.Бат-Ерөөл, П.Цэгцбаатар нар хоорондоо ярьсан, харьцсан нь тогтоогдоогүй байна.

Энэ хүмүүсийн хооронд ярьсан гэх ярианы дагуу С.Бат-Ерөөл нь П.Цэгцбаатараас “мөс” гэгчийг хичнээн хэмжээтэйгээр, хэзээ, хаана, хэрхэн очиж авсан нь нотлох баримтаар нотлогдоогүй, тогтоогдоогүй байна. Мөн гүйцэтгэх ажлын шугамаар “авсан” нь тогтоогдсон бол уг ажиллагааны үр дүнг ил болгох ёстой. Ядахдаа шүүхийн шатанд өмгөөлөгч нарт нь хуульд заасан үндэслэл журмыг баримтлан танилцуулах ёстой гэж үзэж байна. Мөрдөн байцаагч М.Отгонбаатар, энэ хэрэгт ямар ч хамааралгүй өөр хэргийн нотлох баримтын шинжтэй хэн, хэзээ, хаанаас, хэнээс хураасан нь тодорхойгүй 0,8226 гр мөс нэртэй бодисыг хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж, №4913 тоот шинжээчийн дүгнэлт гаргуулж прокурор, шүүхийг төөрөгдүүлсэн байна.

2. Гэрч С.Бат-Ерөөлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэнчлэн “С.Бат-Ерөөл өөрийнхөө утаснаас Ч.Билгүүнбаярын утас руу залгаад 200,000 юм уу, 250,000 төгрөгт “мөс” олдох уу гэхэд, Ч.Билгүүнбаяр “хүнээс асуугаад эргээд ярья” гэж хэлээд, цагийн дараа Ч.Билгүүнбаяр залгаад “300,000 төгрөг гэнэ, хэрвээ авах бол мөнгөө над руу дансаар шилжүүлчих” гэж хэлээд эхнэрийнхээ дансыг мессежээр С.Бат-Ерөөлд явуулж, С.Бат-Ерөөл 300,000 төгрөг шилжүүлээд хүлээж байхад, орой нь Ч.Билгүүнбаяр С.Бат-Ерөөл рүү дахиж залгаад, утас өгөөд Цэгцээс очиж ав гэсэн” нь үнэн бол, далд ажиллагаагаар авагдсан нотлох баримтуудаар давхар нотлогдоод байгаа бол “миний үйлчлүүлэгч Ч.Билгүүнбаяр нь П.Цэгцбаатартай бүлэглэн “мөс” гэгчийг зарж борлуулж, ашиг олоод ашигаа хувааж авъя гэж эхэлж огт урьдчилан үгсэж тохиролцоогүй байна. “Мөс” авах санаачлагыг С.Бат-Ерөөл гаргасан байхад, эхлээд Ч.Билгүүнбаяр П.Цэгцбаатар нар үгсэж тохиролцоод “мөс” борлуулсан мэтээр худал дүгнэлт хийсэн.

Шүүгдэгч П.Цэгцбаатар, Ч.Билгүүнбаяр, С.Бат-Ерөөл нар гэрч С.Бат-Ерөөлийн мэдүүлснээр, үнэхээр гар утсаар харилцан ярилцаад “мөс” гэгчийг өгөлцөж авалцсан бол миний үйлчлүүлэгч Ч.Билгүүнбаяр борлуулсан этгээд мөн үү. Өөрт хэрэгцээтэй зүйлээ худалдаж авахаар сурагласан, худалдсан гэх хоёр хүнийг хооронд нь холбож өгсөн хүн яахаараа борлуулагч болох вэ. 7 дугаар хавтасны 32 дугаар хуудаст авагдсан мөрдөн байцаагч М.Отгонбаатарын “урьд сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах” тухай тогтоолд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт заасан ял болгон хүндрүүлж сонсгосон “үндэслэл” бичигдээгүй байна. Урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг гэдэг нь гэмт хэрэг үйлдэж эхлэхээс өмнө тодорхой хэргийг хамтарч үйлдэхээр тохиролцсон байх бөгөөд харин цаашид өөр гэмт хэрэг үйлдэх санаа зорилго агуулаагүй байдаг. Урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэхэд гэмт хэрэг үйлдэх цаг хугацаа, газар, арга хэрэгсэл, хэн ямар үүрэг гүйцэтгэх, олсон ашиг орлогоо хэрхэн хуваарилах талаараа үгсэж тохиролцсон байдаг. Энэ талаар Улсын Дээд шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 10 дугаар тогтоолд тайлбарласан байна. Ч.Билгүүнбаяр, П.Цэгцбаатартай бүлэглэн “мөс” гэгчийг зарж борлуулан ашиг олохоор ярилцаж тохиролцсон гэх нотлох баримт хэрэгт байхгүй байхад Ч.Билгүүнбаярт 10 жил 1 сарын хорих ял оноож, амьдрал, залуу нас, хувь заяагаар нь хохироолоо гэж үзэж байна. Иймд Ч.Билгүүнбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Ч.Билгүүнбаярыг цагаатгаж өгнө үү. Үнэхээр прокурорын зөвшөөрлөөр хийгдсэн гүйцэтгэх ажлын арга хэрэгслээр цуглуулсан нотлох баримтаар дээрх хүмүүс мансууруулах бодис борлуулж, борлуулах зорилгогүйгээр олж авсан гэмт хэргийг үйлджээ гэсэн дүгнэлтэд шүүх хүрвэл, миний үйлчлүүлэгчийн холбогдоод буй хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэг болгон шүүгдэгчид ашигтайгаар зүйлчилж шийдвэрлэж өгнө үү. Ингэж шийдвэрлэвэл “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдаж өршөөгдөх ёстой. Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйл заалтаар оногдуулсан ялыг тэнсэж, хянан харгалзах боломжтой. П.Цэгцбаатарыг 2015 оны 1 дүгээр сараас 5 дугаар сар хүртэлх хугацаанд 3,4 грамм мансууруулах бодис худалдсан гэж дүгнэж буруутгасан. Гэтэл миний үйлчлүүлэгчийг борлуулсан гэсэн үйлдэл мөн 5 дугаар сард байдаг. Тэгэхээр граммыг нь тогтоож чадахгүй болохоор салгаад нэг үйлдэл болгоод байна уу, эсвэл миний үйлчлүүлэгчтэй нийлж борлуулсан гэх үйлдлийн хэмжээ нь 3,4 грамм дотор орсон юм уу, энэ эргэлзээтэй байна. П.Цэгцбаатар борлуулсан бол худалдаж авсан хүмүүс нь хаана байна вэ, тэр хүмүүс яагаад үлдээд байгааг ойлгохгүй байна. Гүйцэтгэх ажлын журмаар хэрэг илрүүлэх гээд туслах ажилтнууд зохиомлоор худалдаад авсан бол хүнийг хэрэгт холбогдуулж болохгүй. Хэрэв ийм ажиллагаа байгаагүй бол худалдаж авсан гэх хүмүүсийг олж тогтоох ёстой. Миний үйлчлүүлэгчийн үйлдэл тогтоогдоогүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв. 

 

Прокурор Ш.Баярбилэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “П.Цэгцбаатар, Ч.Билгүүнбаяр, С.Бат-Ерөөл, Т.Мөнхбаяр нарт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, үйлдсэн гэмт хэргүүд нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хуульд заасан үндэслэл журмын дагуу прокурорын зөвшөөрөлтэйгөөр явуулсан гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглан олж авсан баримтаар давхар нотлогдсон. Хэрэгт 1 жил 6 сар гаруй хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлсэн. Гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглан олж авсан нотлох баримтуудыг хэрэгт тодорхой хэмжээнд ил болгох, хэргийн оролцогч болон өмгөөлөгч нар танилцуулах арга хэмжээг шаардсан. Энэ дагуу прокурорын зөвшөөрөлтэйгөөр явуулсан гүйцэтгэх ажлын үр дүнгийн талаар танилцуулгыг хавтаст хэрэгт хавсаргаж, Прокурорын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт зааснаар хяналт тавьж ажилласан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Мөн гүйцэтгэх ажлын арга хэрэгслээр олж, авсан нотлох баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлүүлэх саналтай байна. Боломжийн хэмжээнд ил болгож хэрэгт хавсаргасан байгаа.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй гарсан эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн тогтоохын зэрэгцээ, зөвхөн давж заалдах гомдлуудын үндэслэлээр хязгаарлахгүйгээр дээд шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

1. П.Цэгцбаатар нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 25 дугаар байрны 23 тоот гэртээ НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисийн тухай конвенцийн жагсаалтад багтсан метамфетаминий агууламж бүхий 1,2 грамм бодис, тетрагидроканнабинолын агууламж бүхий 0,5 грамм бодисыг борлуулах зорилгогүйгээр 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд хадгалсан,

2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисийн тухай конвенцийн жагсаалтад багтсан метамфетаминий агууламж бүхий 1,2 грамм бодисыг Ц.Энхцогтод 280,000 төгрөгөөр зарж борлуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

- 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 25 дугаар байрны 23 тоот П.Цэгцбаатарын гэрт үзлэг хийн мансууруулах бодисоор бохирлогдсон байж болзошгүй мөнгөн тэмдэгтийн тасархай, хуванцар болон шилэн гуурснууд, мансууруулах бодис байж болзошгүй 0,5 гр жинтэй шавар мэт зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-15-25/,

- П.Цэгцбаатарын биед 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдөр үзлэг хийхдээ мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тусгай зориулалтын багаж ашиглан шалгахад метамфетмин, амфетамин, каннабисын төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн гэж гарсныг бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-26-28/,

- Ц.Энхцогт “2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр П.Цэгцбаатараас гэрт нь очиж “Мөс” гэх бодисыг 280,000 төгрөгөөр худалдаж аваад гарч явахдаа цагдаа нарт баригдаж, байрны 7 дугаар давхарт хаясан” гэж мэдүүлсний дагуу мэдүүлгийг газар дээр нь шалгаж 1,2 грамм жинтэй бодисыг олж бэхжүүлэн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-33-35/,

- П.Цэгцбаатарын гэрээс хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол /1-р хх-37-40, 55/,

- Гэрч Э.Төрболдын: “... 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн үед ... П.Цэгцбаатарын Баянзүрх дүүргийн 25 дугаар байрны 9 давхрын 23 тоотод очсон. Намайг ороход гэртээ ганцаараа байсан... гаднаас Цогт гэдэг халзан толгойтой ах орж ирсэн... тэгээд Цэгцбаатар ах том өрөөндөө ороод жижигхэн амсар хэсэгтээ түгжээтэй дотроо цайвар жижиг хатуу зүйлийг... хутганы ар талаар цохиж бяцлаад Цогт ахад өгсөн. Цогт ах ойролцоогоор 2 минут орчим болоод гарч явсан... би гараад цахилгаан шатанд суух үед П.Цэгцбаатар ах араас дуудаж гэртээ оруулаад “харих замдаа энэ мөнгийг миний долларын дансанд шилжүүлчих” гээд 280,000 төгрөг, дансны дугаар өгсөн... намайг П.Цэгцбаатар ахын гэрт буйдан дээр нь сууж байх үед П.Цэгцбаатар, Цогт хоёр надаас 2-3 метрийн зайтай сандал дээр сууж байсан юм. П.Цэгцбаатар ах зөөврийн комьпютерийн тэндээс түгжээтэй жижигхэн ууттай зүйлийг аваад Цогтод өгсөн. Тэр нь ууттай мөсөн чихэр шиг юм байсан ба гал тогооны хэсэгт аваачаад хутгаар бяцлаад П.Цэгцбаатар ах “надад жоохныг өгчих” гээд тамхины хайрцагны гадна талын гялгар уутанд бага зэргийг хийлгэж аваад байх шиг байсан....” /1-р хх-56-60/,

- Гэрч Г.Төмөрийн: “... 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр... Энхцогтын 91111189 дугаар руу өөрийн 94249494 дугаараас залгаад “чи машинтай байна уу, намайг Амгалан хүргээд өгөөч” гэхэд “би ойрхон явж байна, чи гараад ир” гэсэн. Тэр Билгүүн гэх залуугийн том хар жийп машинтай явж байсан. Автомашинд суугаад Амгалан хүргүүлэхээр явж байтал замдаа сайд нарын 2 дугаар эмнэлгийн хажуугийн байрны гадаа зогсоод айл руу ороод ирье гэсэн. Билгүүн бид хоёр автомашинд үлдсэн бөгөөд Энхцогт удаагүй цагдаа нартай хамт гарч ирсэн...” /1-р хх-61/,

- Ц.Энхцогтын сэжигтнээр 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: “...Төмөр, Билгүүн гэх хоёр найзтайгаа уулзаад Билгүүний автомашинтай П.Цэгцбаатарын гэрт очсон. Би гэр рүү нь ганцаараа орсон... П.Цэгцбаатар нэг дүүтэйгээ байсан. Тэгээд уулзахад П.Цэгцбаатар ууттай “Мөс” гаргаж ирээд “авах уу” гэсэн. Энэ үед П.Цэгцбаатарын дүү хажууд нь байсан. Намайг 280,000 төгрөгөөр авах санал тавихаар нь өөрт байсан 280,000 төгрөгөөр худалдаж авсан. Уутны ёроолоор мөс байсан. Хэдэн грамм байсныг мэдэхгүй. Гараад цахилгаан шатанд суугаад 1 давхарт цагдаа нарт баригдсан. Цагдаа нар намайг суулгаад буцаад 7 давхарт гарсан. Энэ үед П.Цэгцбаатараас авсан байсан ууттай мөсөө 7 давхарт унагасан...” /1-р хх-154-155/,

- П.Цэгцбаатарын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр сэжигтнээр өгсөн: “... 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гэртээ хуурай дүү Э.Төрболдын хамт байхад Ц.Энхцогт фэйсбүүкээр “юм олдох уу” гэж асуусан. Би “Мөс” асууж байгааг ойлгосон ба “мэдэхгүй ээ, жаахан байж байгаад утсаар ярья гээд” орхисон юм. Удалгүй миний 89500001 дугаарын утас руу 91111189 дугаарын утсаар удаа дараа залгаад байхаар нь аваагүй... 20-30 минутын дараа уг дугаарт нь залгаад “олчихлоо” гэхэд... удалгүй хүрээд ирсэн. Орж ирэхэд нь өмнө өөрөөс нь авсан байсан мөсийг гаргаж өгтөл надад 280,000 төгрөг өгөөд “нөгөө өрөө суутгаарай” гэж хэлээд гарах үед нь “наадах чинь бараг 400,000 төгрөгийн юм байгаа биз дээ” гэхэд нөгөө гялгар ууттай мөсийг онгойлгоод чүдэнзний толгойн хэжээтэй мөс гаргаад “май” гэхэд нь аваагүй. Тэгсэн Энхцогт гараад явсан... Ц.Энхцогтыг гарснаас хойш Э.Төрболд төд удалгүй араас нь гарсан. Гараад удаагүй 2 минутын дараа Э.Төрболдыг утсаар дуудаж оруулж ирээд Ц.Энхцогтын өгсөн 280,000 төгрөгийг “ахынхаа данс руу хийчих” гэж өгөөд гаргасан...” /1-р хх-167-168/ гэсэн мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Шинжилгээнд ирүүлсэн П.Цэгцбаатар... гэх шээсэнд сэтгэцэд нөлөөт бодис метамфетамин /МАМР/, амфетамин /АМР/, каннабис /ТНС/ илэрсэн... Метамфетамин, амфетамин нь НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисийн тухай конвенцийн жагсаалтад MDMA-N, alpha- dimethyl-3,4-/methylene-dioxy/ phenethylamine нэрээр багтдаг. Каннабис THC tetrahydrocannabinol нэрээр НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисийн тухай конвенцийн жагсаалтад багтдаг” гэсэн шинжээчийн №5183 дугаар дүгнэлт /1-р хх-77/,

- Гаалийн төв лабораторийн итгэмжлэгдсэн лабораторийн: “1” гэж тэмдэглэсэн цагаан өнгийн талст мэт 1,2170 грамм бодисоос “Methamphetamine HCI, “2” гэж тэмдэглэсэн хар өнгийн 0,5404 грамм зүйлээс delta-9 tetrahydrocannabinol cannabinol... Цэнхэр өнгийн 1 ширхэг гуурснаас Methamphetamine, Хар өнгийн 1 ширхэг гуурснаас мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй, Богино шилэн 1 ширхэг гуурснаас Methamphetamine, Монгол Улсын мөнгөн дэвсгэртийн тасархайнаас Methamphetamine илэрсэн гэх 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн №0013773 дугаар сорилын дүн /1-р хх-85/,

- Шинжээч эмч Б.Энхмандахын: “... С.Оюунбат, П.Цэгцбаатар, Б.Билгүүн, Ц.Энхцогт нарын шээс гэх бичигтэй дээжийг шинжлэхэд П.Цэгцбаатар, Ц.Энхцогт нарын шээснээс МАМР буюу метамфетамин, AMP буюу амфетамин, ТНС каннабис илэрсэн... Энэ хоёр бодис хавсарч орохоор үйлчилгээ нь өндөр нийлмэл бодис болдог... Энэ нь Олон Улсын нэршлээр “ICE” буюу мөс гэх сэтгэцэд нөлөөлөх бодист багтана... дангаар мөн энэ төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодист багтдаг...” /1-р хх-78-79/ гэх мэдүүлэг,

- Прокурорын зөвшөөрөлтэй явуулсан гүйцэтгэх ажлын талаарх танилцуулга /7-р хх-38-39/,

- Э.Төрболдоос П.Цэгцбаатарын долларын дансанд хийх гэж байсан 280,000 төгрөгийг хураан авсан тэмдэглэл /1-р хх-36/ зэрэг нотлох баримтуудаар,

 

2. П.Цэгцбаатар нь 2015 оны 1 дүгээр сараас 5 дугаар capд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисийн тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж 3,4 грамм мансууруулах бодисыг борлуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... “хэргийн эд мөрийн баримт  гялгар ууттай 2,3 грамм бохир жинтэй “Мөс” мэт зүйл 2016-06-02-нд АМБГ-гч х/ч М.Отгонбаатар” гэсэн хаягтай цагаан цайвар өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин 0,8226 г байсан ба найрлаганд метамфетамин /мethamphetamine/-ийн агуулга илэрч байна. Метамфетамин /мethamphetamine/ нь НҮБ-ийн “Сэтгэцэд нөлөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно” гэсэн шинжээчийн №4913 дугаар дүгнэлт /7-р хх-7-9/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн “P.tsegtsbaatar.avi” гэсэн нэртэй дүрс бичлэг, харьцуулах шинжилгээнд ирүүлсэн “IMG_0581.MOV” гэсэн нэртэй дүрс бичлэг, IMG_0576-aac IMG_0580 хүртэл дараалсан нэртэй 5 ширхэг гэрэл зураг нь дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “P.tsegtsbaatar.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгт эвлүүлэг хийгээгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн “P.tsegtsbaatar.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн эхлэлээс 00:00:35 секунд, 00:00:35-аас 00:01:19 секундийн хооронд харьцуулах шинжилгээнд ирүүлсэн гэрэл зураг, дүрс бичлэгт дүрслэгдсэн П.Цэгцбаатар дүрслэгдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн “P.tsegtsbaatar.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгт П.Цэгцбаатар нь дүрс бичлэгийн 00:00:20 секундэд хүнээс 20,000 төгрөгийн дэвсгэртээр мөнгө авч байгаа, 00:00:37 секундэд хүнд цагаан өнгийн нунтаг зүйл хийсэн жижиг тунгалаг ууттай зүйл өгч байгаа нь дүрслэгдсэн байна” гэсэн шинжээчийн №4065 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /7-р хх-12-15/,

- Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын 5 дугаар хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 10/5-702 дугаар албан бичиг /7-р хх-5/, 

- Прокурорын зөвшөөрөлтэй явуулсан гүйцэтгэх ажлын талаарх танилцуулга /7-р хх-38-39/ зэрэг нотлох баримтуудаар,

 

3. П.Цэгцбаатар, Ч.Билгүүнбаяр нар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Мөс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг С.Бат-Ерөөлд 200,000 төгрөгөөр борлуулсан,

С.Бат-Ерөөл нь мансууруулах бодис хууль бусаар олж авах зорилгоор Ч.Билгүүнбаяртай холбогдон Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 25 дугаар байранд оршин суух П.Цэгцбаатараас “Мөс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг худалдаж авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

- С.Бат-Ерөөл нь “Голомт” банк дахь өөрийн эзэмшлийн 3459007310 дугаар данснаас 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Ч.Билгүүнбаярын эхнэр Э.Болортуяагийн эзэмшлийн “ХААН” банк дахь дансанд 300,000 төгрөг шилжүүлсэн дансны гүйлгээний баримт /2-р хх-2, 45-55/,

- П.Цэгцбаатарын “Голомт” банк дахь 1609361256 дугаарын дансанд 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Э.Болортуяагийн “ХААН” банкны данснаас 200,000 төгрөг шинжүүлсэн дансны гүйлгээний баримт /2-р хх-3-8/,

- Ч.Билгүүнбаярын хэрэглэж байсан 99999016 дугаарын утаснаас 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 15-16 цагийн хооронд 3 удаа, 23 цагт 2 удаа, 00 цагт 2 удаа С.Бат-Ерөөлийн 88199999 дугаарт, 17 цагт 2 удаа, 21, 22 цагт тус бүр 1 удаа, 23 цагт 2 удаа П.Цэгцбаатарын 89500001 дугаарт холбогдсон талаар лавлагаа /2-р хх-162-172/,

- С.Бат-Ерөөлийн 88199999 дугаарын утаснаас 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Ч.Билгүүнбаярын 99999016 дугаарт 15-18 цагийн хооронд 3 удаа, 23 цагт 1 удаа, П.Цэгцбаатарын 89500001 дугаарт 23-00 цагийн хооронд 2 удаа тус тус холбогдсон талаар лавлагаа /2-р хх-196/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн “Үндсэн П.Цэгцбаатар СД-1” гэсэн тэмдэглэгээ бүхий саарал өнгийн DVD дискэнд бичигдсэн “П.Цэгцбаатар-Ч.Билгүүнбаяр-1.wav”, “П.Цэгцбаатар-Ч.Билгүүнбаяр-2.wav”, “С.Бат-Ерөөл-П.Цэгцбаатар-1.wav” гэсэн нэртэй дуу авианы бичлэгүүд нь дуу авианы шинжилгээнд тэнцэнэ... дуу авианы бичлэгүүдэд эвлүүлэг хийгдээгүй байна... Шинжилгээд ирүүлсэн “П.Цэгцбаатар-Ч.Билгүүнбаяр-1.wav”,“П.Цэгцбаатар-Ч.Билгүүнбаяр-2.wav” гэсэн нэртэй харилцан ярианы бичлэгийн П.Цэгцбаатарын гэх дуу авиа нь харьцуулах загвараар авсан ХВ84082775 регистрийн дугаартай П.Цэгцбаатарын дуу авиатай, Ч.Билгүүнбаярын гэх дуу авиа нь харьцуулах загвараар авсан УШ90090116 регистрийн дугаартай Ч.Билгүүнбаярын дуу авиатай тус тус дуу авианы үндсэн шинжүүд болох ярианы давтамжийн зурвас, харилцан ярианы давтамжийн үе зэргээрээ тохирч байна...” гэсэн шинжээчийн №4761 дүгээр дүгнэлт /7-р хх-21-22/,

- Прокурорын зөвшөөрөлтэй хийгдсэн гүйцэтгэх ажлын танилцуулга /7-р хх-38-39/,

- П.Цэгцбаатар, Ч.Билгүүнбаяр, С.Бат-Ерөөл нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар,

 

4. П.Цэгцбаатар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хянагч Т.Мөнхбаярт 120,000 төгрөгийн хээл хахууль өгч, цагдан хорих байранд гар утас, цэнэглэгч, тамхи зэргийг хүлээн авсан ,

Т.Мөнхбаяр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цагдан хорих 461 дүгээр ангид хянагчаар ажиллаж байхдаа цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан П.Цэгцбаатартай танилцан, улмаар 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр М.Даваасүхээр дамжуулан 120,000 төгрөгийг П.Цэгцбаатараас хээл хахуульд авч, түүний ашиг сонирхлын үүднээс урьдчилан амлалгүйгээр албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл болох гар утас, гар утасны цэнэглэгч, тамхи зэргийг цагдан хорих байранд оруулж өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

- Гэрч П.Гансүхийн: “... Хорих байранд гар утас, дуу дүрс хувилах бичих төхөөрөмж, бэлэн мөнгө, тамхи, ... зэргийг хориглоно. 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ээлжийн дарга Сүхболдтой ажлын талаар ярилцаж байтал Цагдан хорих байрны хоригдогч нарын 2 дугаар хоолыг 40 литрийн саванд хийгээд ялтнууд зөөж явсан юм. Савны тагийг аваад үзэхэд дотор нь цуйван байсан ба Сүхболд шугамаар хутгахад дотроос нь 2 хайрцаг улаан шонхор гэдэг тамхи гарч ирсэн. Үүнийг Т.Мөнхбаяр ахлагч аваад ир гэсэн гэж хэлсэн юм...” /З-р хх-203-204/,

- Гэрч Г.Сүхболдын: “...Т.Мөнхбаяр манайд хоригдож байгаа П.Цэгцбаатартай хувийн харьцаа тогтоож тамхи, гар утас зэргийг оруулж өгч байхдаа надад баригдсан...” /З-р хх-205-206/,

- Гэрч М.Даваасүхийн: “... П.Цэгцбаатар хоригдож байхдаа над руу 9823-тай дугаараас “миний барьж байгаа утас болохгүй байна, солиод өгөөч” гэсэн захиа ирүүлээд   нэг хүний утасны дугаар өгсөн. Би маргааш нь тэр дугаарт залгахад Т.Мөнхбаяр ирсэн юм. Би Т.Мөнхбаярт “I рhone 5s” загварын утас өгсөн... П.Цэгцбаатар миний 98985771 гэсэн дугаар руу мессеж бичээд “надад 120,000 төгрөг зээлээч, 2 хоногийн дараа буцаагаад өгнө, маргааш манай найз очиж авна” гэсэн. Тэгээд маргааш нь 8810-тай дугаараас нэг хүн залгаад “П.Цэгцбаатарын найз байна, одоо мөнгөө авч болох уу” гэхээр нь би хол байсан болохоор дансаар шилжүүлье гэсэн. Тэгээд дансны дугаараа өгөхөөр нь дүүгийн нөхөр Тэмүжингийн данснаас шилжүүлсэн...” /З-р хх-211-212/,

- Гэрч О.Тэмүжингийн: “... 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр... ажил дээрээ байж байтал манай хадам эгч М.Даваасүх “ойрхон банк байна уу, хүн рүү мөнгө шилжүүлэх гэсэн юм” гэхээр нь “бэлнээр мөнгөө өгчих, би мобайл банкаар шилжүүлье” гэсэн. Тэгээд  5022613176 гэсэн дансны дугаар өгөхөөр нь би шилжүүлсэн ...” /З-р хх-209-210/,

- Гэрч Ц.Өнөрмаагийн: “би “ХААН”, “Голомт”, “Төрийн” банкинд харилцах данс эзэмшдэг... яг хэзээ гэдгийг мэдэхгүй байна, Т.Мөнхбаяр миний картыг гуйгаад аваад явсан юм. Мөнгө шилжүүлж авсан гэсэн. Энэ ямар учиртай юуны мөнгө болохыг мэдэхгүй... юу ч яриагүй... харин дараа нь буюу 2015 оны 8 дугаар сарын сүүлээр байх, Т.Мөнхбаяр надад хэлэхдээ ажил дээрээ хүнээс мөнгө аваад ажлаасаа халагдсан гэсэн...” /З-р хх-213-214/,

 - Гэрч М.Тамирийн: “... Би П.Цэгцбаатар гэдэг хүнийг танина. Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байхдаа 1 камерт таараад танилцаж байсан... “Сан райс” шоун дээр Т.Мөнхбаяртай уулзсан чинь ... Т.Мөнхбаяр надаас “чи П.Цэгцбаатарт өгүүлэх юм байна уу” гэж асууж байсан...” /З-р хх-199-200/ гэсэн мэдүүлгүүд,

- П.Цэгцбаатараас хураагдсан “хар ногоон өнгийн “I phone” загварын гар утас, цагаан өнгийн USB залгуур, хар өнгийн “I pod”, “10400 mah” гэсэн боронзон саарал өнгийн цэнэг хураагчийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эдгээрийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл /З-р хх-183-184, 186-188/,

- П.Цэгцбаатар цагдан хорих байрнаас Т.Мөнхбаяртай харилцсан гар утасны захидлууд /3-р хх-189-196/,

- О.Тэмүжингийн “ХААН” банкны 5020843655 дугаарын дансны хуулга /3-р хх-155/,

- Ц.Өнөрмаагийн “ХААН” банкны 5022613176 дугаарын дансны хуулга /3-р хх-153/,

- Т.Мөнхбаярыг хорих ангийн хянагчаар албан тушаалд томилсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2011 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн б/381 дүгээр, ажлаас халсан 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 6/1144 дүгээр тушаалуудын хуулбар /З-р хх-237-238/,

- Цагдан хорих төвийн хянагчийн ажлын байрны тодорхойлолт /3-р хх-239-243/,

-  Т.Мөнхбаяр, П.Цэгцбаатарын нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

 

5. Ч.Билгүүнбаяр нь онц хүнд гэмт хэрэгт яллагдагчаар татагдан 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гадагш явахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа уг таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж 2015 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын хилээр гарч мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

- 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Ч.Билгүүнбаярт “Гадагш явж болохгүй тухай баталгаа авах” таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /1-р хх-151/,

- Ч.Билгүүнбаяр Монол Улсын хилээр гарсан тухай Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 03/64 дүгээр албан бичиг, хавсралт /5-р хх-240-241/,

- “Ч.Билгүүнбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгүүлэх тухай”, “201501000222 дугаартай хэргийг түдгэлзүүлэх тухай” Нийслэлийн прокурорын газрын 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 01, 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаар тогтоолууд /6-р хх-142, 201/,

- Ч.Билгүүнбаярын яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон, тогтоогдсон гэж үзэв.

 

Ц.Энхцогтын сэжигтнээр өгсөн мэдүүлгийн дагуу П.Цэгцбаатарын оршин суудаг байранд мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсны үр дүнд түүнээс худалдан аваад цагдаагийн байгууллагын ажилтнуудад баригдах үедээ хаяж орхисон бодисыг олж илрүүлэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан. Шинжилгээгээр уг бодисоос НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисийн тухай конвенцийн жагсаалтад багтсан метамфетаминий агууламж илэрсэн бөгөөд эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэлээр 1,2 грамм жинтэй байсан нь тогтоогдсон. Үүнийг үндэслэн П.Цэгцбаатарт метамфетаминий агууламж бүхий 1,2 грамм “Мөс” гэх бодисыг Ц.Энхцогтод хууль бусаар зарж борлуулсан гэж ял сонсгож, яллагдагчаар татсан байна. /3-р хх-168, 7-р хх-45/

 

Гэтэл прокурорын яллах дүгнэлт, болон шийтгэх тогтоолд П.Цэгцбаатарын Ц.Энхцогтод зарж борлуулсан мансууруулах бодисыг “...тетрагидроканнабинолын агууламж бүхий 0,5 грамм...” гэж уг бодисын найрлага, хэмжээг хэргийн үйл баримтаас зөрүүтэй бичсэн байх тул энэхүү алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй.

 

Мөн Т.Мөнхбаяр нь П.Цэгцбаатараас 120,000 төгрөгийн хээл хахуулийг 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр авсан нь гэрчүүдийн мэдүүлэг, дансны хуулга зэргээр тогтоогдсон байхад яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд гэмт хэрэг гарсан цаг хугацааг “2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр” гэж буруу ташаа бичснийг залруулан дүгнэв.

 

Мөрдөн байцаалтын ажиллагаагаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой нөхцөл байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг хасах буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

 

П.Цэгцбаатарыг мансууруулах бодисыг хууль бусаар хадгалсан, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр хууль бусаар борлуулсан, албан тушаалтанд хээл хахууль өгсөн, Ч.Билгүүнбаярыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн мансууруулах бодисыг хууль бусаар борлуулсан, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн, С.Бат-Ерөөлийг мансууруулах бодисыг хууль бусаар олж авсан, Т.Мөнхбаярыг урьдчилан амлалгүйгээр албан үүргийн хувьд хийх ёсгүй үйлдлийг хийж, хээл хахууль авсан гэм буруутай талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн ба С.Бат-Ерөөлийн үйлдсэн гэмт хэргийг бүхэлд нь, П.Цэгцбаатарын үйлдсэн хэргүүдээс зарим хэсгийг өршөөлд хамруулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Шүүхээс оногдуулсан ял шийтгэл тэдний гэм буруу, хувийн байдал, хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна.

 

Давж заалдах гомдлуудад дурьдсан үндэслэлүүдээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд:

 

Т.Мөнхбаяр нь хорих ангид хянагчаар ажиллаж байхдаа хоригдогч П.Цэгцбаатарын ашиг сонирхлын дагуу гар утас, утас цэнэглэгч, тамхи зэргийг удаа дараа нууцаар хорих байранд оруулж хориглосон үйлдэл хийсний төлөө 120,000 төгрөг авсан нь хээл хахууль өгөх, авах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна. Уг мөнгийг зээлсэн гэж давж заалдах гомдолдоо тайлбарладаг боловч тэдний хооронд тогтсон хувийн харилцаа, хорих ангид нэвтрүүлэх, ашиглахыг хориглосон эд зүйлийг нууцаар нэвтрүүлсэн үйлдлүүд нь П.Цэгцбаатарын ашиг сонирхлоор хийгдсэн байх бөгөөд уг харилцааг хэвийн үргэлжлүүлэх хүсэл сонирхлын үүднээс Т.Мөнхбаярын хүссэн мөнгийг П.Цэгцбаатар түүнд өгсөн хэргийн нөхцөл байдлаар энэ гэмт хэргийн субъектив талын шинж тодорхойлогдсон гэж үзнэ. 

 

“Мөрдөн байцаалтын шатанд дуу авианы болон дүр төрхийн шинжилгээнүүд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмыг зөрчсөн”, “Э.Төрболд, С.Бат-Ерөөл нарт хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, хуурч мэхлэх зэргээр хууль бус аргаар мэдүүлэг авсан” гэх давж заалдах гомдлын үндэслэлүүд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсонгүй. Дуу авианы болон дүрс бичлэгийн харьцуулсан дүгнэлтийг тухайн чиглэлээр мэргэшсэн шинжээч нар гаргасан байх ба тэдэнд хуульд заасан эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан танилцуулж шинжилгээ хийлгэсэн байх тул хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлэх боломжтой юм.

 

2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Ц.Энхцогт сэжигтнээр байцаагдахдаа “П.Цэгцбаатараас 280,000 төгрөгөөр худалдаж авсан “Мөс” гэх бодисоо цагдаа нарт баригдах үедээ хаясан” гэж мэдүүлэг /1-р хх-153-155/ өгсөн нь уг мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг бэхжүүлсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад олж тогтоосон эд мөрийн баримт, тэрээр мансууруулах бодис хэрэглэсэн байсныг тогтоосон шинжээчийн 5183 тоот дүгнэлт болон П.Цэгцбаатар, гэрч Э.Төрболд нарын мэдүүлгээр давхар батлагдсан. Сэжигтнээр байцаахдаа мэдүүлэг өгөхийг шаардаагүй, албадаагүй, мэдүүлэг өгөхийг тэр сайн дураар зөвшөөрсөн, 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр сэжигтнээр дахин байцаагдахдаач /1-р хх-156/ өмнөх мэдүүлгээ үгүйсгээгүй байна. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172 дугаар зүйлийн 172.3.9 дахь заалтад “...согтууруулах ундаа, мансууруулах, хордуулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах...” хойшлуулшгүй ажиллагаа явуулахаар заасан боловч согтуурсан, мансуурсан этгээдээс  байцаалт авахыг уг хуулиар хориглоогүйн гадна сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхийг хуульчилжээ.

 

Мансуурсан байдал нь тухайн хүний мэдүүлгийн нотолгооны хүчин чадлыг сулруулах үр дагавартай ч, бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэх замаар хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлэх боломжтой учраас Ц.Энхцогтыг мансуурсан байх үед нь байцаалт авсан болон түүний өгсөн мэдүүлгийг яллах нотлох баримтаар үнэлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна гэж үзэв. 

 

П.Цэгцбаатар нь 2015 оны 1 дүгээр сараас 5 дугаар сард НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисийн тухай конвенцийн жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий мансууруулах бодисыг бусдад зарж борлуулсан, үүнээс гадна 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Ч.Билгүүнбаяртай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн “Мөс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг С.Бат-Ерөөлд зарж борлуулсан болох нь 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Ч.Билгүүнбаярын эхнэр Э.Болортуяагийн дансанд С.Бат-Ерөөлөөс 300,000 төгрөг шилжүүлсэн, Э.Болортуяагийн данснаас П.Цэгцбаатарын дансанд 200,000 төгрөг шилжүүлсэн банкны гүйлгээний баримтууд, энэ өдөр П.Цэгцбаатар, Ч.Билгүүнбаяр, С.Бат-Ерөөл нар удаа дараа гар утсаар харилцсан болохыг нотолсон лавлагаа, шинжилгээнд ирүүлсэн харилцан ярианы бичлэг нь нэр дурьдсан хүмүүсийн дуу хоолойтой тохирсон тухай шинжээчийн 4761 тоот дүгнэлт, шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэг нь П.Цэгцбаатарын дүр төрхтэй тохирсон бөгөөд уг бичлэгт хүнээс мөнгө авч оронд нь цагаан өнгийн нунтаг зүйл өгч байгаа нь дүрслэгдсэн талаар шинжээчийн 4065 тоот дүгнэлт, гүйцэтгэх ажлын танилцуулга, гүйцэтгэх ажлын арга хэрэгслээр бэхжүүлж авсан бодисноос НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан метамфетамины агууламж илэрсэн тухай шинжээчийн 4913 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.    

 

Ч.Билгүүнбаяр нь мансууруулах бодис худалддаг П.Цэгцбаатарт үйлчлүүлэгч олж өгч, уг бодисны үнийг эхнэрийнхээ дансаар хүлээн авч, шилжүүлэхдээ өөртөө ашиг олсон, уг хууль бус худалдааг зохион байгуулсан хэргийн нөхцөл байдал тогтоогдсон байх тул тэднийг үйлдлийг урьдчилан үгсэн тохиролцсон гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан П.Цэгцбаатар, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Н.Намжилцогт, ялтан Ч.Билгүүнбаярын өмгөөлөгч Н.Цэцэгмаа, ялтан С.Бат-Ерөөл, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, ялтан Т.Мөнхбаярын өмгөөлөгч А.Нацагдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

 

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

        

            1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 197 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан П.Цэгцбаатар, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Н.Намжилцогт, ялтан Ч.Билгүүнбаярын өмгөөлөгч Н.Цэцэгмаа, ялтан С.Бат-Ерөөл, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, ялтан Т.Мөнхбаярын өмгөөлөгч А.Нацагдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ГАНСҮХ

 

ШҮҮГЧИД                                           Д.МЯГМАРЖАВ

 

М.ПҮРЭВСҮРЭН