Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 40

 

 

 

 

 

 

                                 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга Ю.Ганцэцэг

Улсын  яллагч Т.Төмөртулга

Хохирогчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн

Шүүгдэгч Ц.Б-нарыг оролцуулан 

Дундговь аймгийн  Прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ц.Б-д холбогдох эрүүгийн 201612000134 дугаартай  хэргийг  2018 оны  2 дугаар сарын 13-ны  өдөр  хүлээн  авч  хянан хэлэлцэв. 

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 5 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт  Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг Арвижихийн 10 дугаар гудамжны 13 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй гэх, Боржигон овогт Ц Ц.Б- /РД: ЗЮ79052179/

 

Шүүгдэгч Ц.Б-2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн  Сайнцагаан сумын 5 дугаар баг Арвижихийн 10 дугаар гудамжны 13 тоотод иргэн  Р.Пүрэвбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүний нуруун тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах  нотлох баримтуудыг  шинжлэн  судлав.  Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Б-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Р.Пүрэвбаатар, З.Отгонбаатар, Ж.Чинбат бид нар архи ууцгаасан. Тэгээд З.Отгонбаатар, Ж.Чинбат бид гурав манайд ирээд гадаа унтаж байхад Р.Пүрэвбаатар айлд орхиж явлаа гэж хэлээд намайг цохисон. Намайг гэррүү ороод гарч ирэхэд манай найзтай бас муудалцаж байсан. Би гэрээсээ гарч ирэхдээ хутга авч ирсэн, тэгээд араас нь хутгалсан гэв.

 

Хохирогч Р.Пүрэвбаатарын “... 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн орой 23 цагийн үед би О.Алтанхуяг  гэх айлд очих гээд явж байтал Ц.Б- Ж.Чинбат, Баяр гуравтай тааралдсан. Бид 4 хамт О.Алтанхуягийнд очиж 0.75 литрийн “ерөөл” нэртэй архи хоёр ширхэгийг уусан. Ууж дуусаад Ц.Б- Ж.Чинбат, Баяр бид дөрөв Ц.Б- очихоор явах замд би бөөлжөөд үлдсэн. Тэр гурав Ц.Б-руу орсон. Би араас нь хашаа даваад ороход тэр гурав гадаа гудас дэвсээд хэвтэж байсан. Би Ц.Ц.Б- “мөнгөө авъя” гэхэд “одоо алга байна, дараа өгнө” гэхэд хажуу талаас Баяр “юун сүртэй юм” гэж хэлсэн, тэгээд Баяр бид хоёр зууралдаад газар хамтдаа унасан. Ж.Чинбат “боль” гэхээр нь салаад байж байтал Ц.Б-надруу уурлаад бид хоёр зууралдсан. Тэгтэл Баяр араас татаад салгасан. Би Ж.Чинбат, Баяр хоёрын голд гадаа хэвтэж байхад араас гэнэт хутгалсан. Эргээд хартал Ц.Б-зогсож байсан. Би “чи намайг хутгалчихлаа” гэж хэлээд нуруугаа дартал цус алдаж байхаар нь шууд гэртээ ирэхэд манай эхнэр О.Норовсүрэн байсан. Тэгээд түргэн дуудаад эмнэлэгт ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 13-14/

 

Гэрч З.Отгонбаатарын “...намайг манай найз нөхдүүд болон ах дүү, ар гэрийнхэн Баяр, зарим нь Баяраа гэх зэргээр дууддаг. 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр болсон асуудалд Р.Пүрэвбаатар, Ж.Чинбат, Ц.Б-нар байцаалт өгөхдөө намайг З.Отгонбаатар гэх нэрээр биш Баяр болон Баяраа гэж өөрсдийн дууддаг товчилсон нэрээр байцаалт өгсөн байна. Хэрэг гарах үеэр Р.Пүрэвбаатар, Ж.Чинбат, Ц.Б-бид хэд байсан өөр хүн байгаагүй...Р.Пүрэвбаатар бид хоёр маргалдаад зууралдсан тэгэхэд Р.Пүрэвбаатар цамцнаас боогоод бид хоёр газарт унасан. Р.Пүрэвбаатар миний дээр гарч суугаад гараараа цамцнаас боосон. Тэр үед араас нь Ц.Б-хутгалсан. Р.Пүрэвбаатар босоод намайг хутгалчихлаа гэж хэлээд хашаанаас гараад явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 176/

 

Гэрч Ж.Чинбатын “...Р.Пүрэвбаатар Баяртай муудалцаад зууралдаж боолцоод газарт ойчсон. Р.Пүрэвбаатар Баярын дээр гараад суухад араас нь Ц.Б-нэг удаа хутгалсан...тухайн хэрэг гарах үед Ц.Б- Р.Пүрэвбаатар, З.Отгонбаатар бид нар байсан, өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 178/

 

Гэрч Н.Баатаржаны “...Би шастины нэрэмжит 3 дугаар эмнэлэгт мэдрэлийн ангиологи их эмчийн ажлыг 2005 оноос хойш хийж гүйцэтгэж байгаа юм. 2016 оны 7 дугаар сард гэмтлийн эмнэлгээс Рэнцэн-Осор овогтой Пүрэвбаатар гэх хүн нуруундаа хутгалуулсан зовиуртай мөн толгой тархи, өвдөнө гэсэн оноштойгоор ирсэн юм. Үзлэг хийхэд зайлшгүй нурууны артерын судсыг шалгах ангиографийн шинжилгээ хийх шаардлагатай байсан. Тэгээд өөрийн эмнэлэгт урьдчилсан оношоор өвчний түүхийг нээж хэвтүүлсэн. Хэвтүүлсний дараагаар нурууны артерийг шалгах ангиографийн шинжилгээнд оруулсан. Уг шинжилгээгээр бүсэлхий нурууний 3 дугаар түвшинд аварга хэмжээний судасны цүлхэн өөрчлөлт /гэмтлийн шалтгаант/ оношлогдсон. Мэдрэлийн мэс заслын эмч нарын зөвлөгөөн болон зүрх судасны мэс заслын эмч нарт үзүүлж нээлттэй мэс засал хийх боломжгүй гэсэн шийдэлд хүрээд судсан дотуурх мэс ажилбарыг  хийсэн юм.  Тэр цүлхэнт өөрчлөлтийн гол тэжээгч артерийг  бичил ороомгын тусламжтайгаар бөглөх ажилбар хийсэн юм. Дахиад нэг судас бөглөөгүй үлдээсэн тэрийг дараагийн ээлжинд давтан хийхээр болсон... ”Тархины судсаны гаж хөгжил” гэх оношийг би бусад ямар нэгэн судасны төрөлхийн гаралтай эмгэг байж болзошгүй гэж үзээд клиникийн урьдчилсан онош тавьсан байгаа. Дараа нь оношоо тодруулах зорилгоор судасны шинжилгээ хийсэн, уг шинжилгээгээр тархины болон хүзүүний артерийн судаснуудад ямар нэгэн эмгэг өөрчлөлт илрээгүй. Харин бүсэлхийн нурууны L3-р нугалмын түвшинд /зүүн талд / том хэмжээний артерийн цүлхэнт өөрчлөлт оношлогдсон. Тэгээд бүсэлхий нурууны L3-н зүүн талын том хэмжээний цүлхэнт өөрчлөлт гэсэн үндсэн оношоор мэдрэлийн мэс заслын эмч нарын зөвлөгөөнд оруулсан. Уг зөвлөгөөний шийдвэр нээлттэй мэс засал хийх боломжгүй зөвхөн судсан доторх мэс заслын аргаар цүлхэнт өөрчлөлтийн тэжээгч артерийг бөглөх шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу судсан доторх мэс заслын аргаар орсон хагалгааны  зардал 13.350.000 мянган төгрөгний зардал гарсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 207-208/

 

Гэрч Р.Ганбаатарын “Би 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Р.Пүрэвбаатар гэх хүнд нурууны  артерийн  хагалгаа хийсэн. Уг хагалгаанд ороход  Р.Пүрэвбаатарын  судас тасарч цүлхэн үүссэн байсан тул цүлхэнг тэжээх судсыг бичил ороомгоор  хаах  мэс засал хийсэн. Уг хагалгаанд хүндрэл гараагүй, амжилттай болсон. Одоо жижиг судас үлдсэн байгаа. Хоёрдугаар ээлжийн хагалгаагаар хийгдэх ёстой. Өндөр өртөгтэй эмнэлгийн  хэрэгслийг улсаас гаргуулахын тулд тархины “гаж хөгжил” гэх оношийг тавьсан. Р.Пүрэвбаатарын биеийн байдал, эдийн засгийн  байдлыг харгалзан үзсэн юм. Р.Пүрэвбаатарын орсон  хагалгаа  маш  өндөр өртөгтэй байсан тул эрүүл мэндийн  даатгалын  сангаас  уг хагалгааны жагсаалтанд байгаа “тархины гаж хөгжил” гэх заалтаар оруулсан. Би хагалгаа хийсэн эмч, харин Н.Баатаржан эмчлэгч  эмч  нь байсан. Уг тархины гаж  хөгжил  гэсэн  онош нь хутгалагдсанаас үүссэн гэмтэл биш, даатгалын  санд оруулахын тулд уг оношийг тавьсан ...” гэх  мэдүүлэг /1-р хх-ийн 175/

 

Гэрч С.Дэлгэрдалайгийн “2016 оны 7 дугаар сарын 25-ны  өдөр намайг нэгдсэн  эмнэлэгт түргэн  тусламжийн  эмчээр ажиллаж  байх хугацаанд 2016 оны 7 дугаар сарын 26-нд шилжих шөнө 01 цаг 50 минутад хүнд хутгалуулсан, нуруунаасаа цус алдсан гэсэн  дуудлага ирж дуудлагын дагуу би Аривжихын 5 дугаар гудамжны 13 тоотод байх айлд очсон. Тэр айлд очиход орон дээр нэг  залуу  зүүн  хажуу талаараа хэвтэж байсан. Би очоод энэ хүн  яасан  юм  бэ гэхэд  ар гэрийнхэн нь цус алдаад, хүнд хутгалуулаад ирлээ гэж хариулсан. Тэр хутгалуулсан хүн нэлээн согтуу байсан. Би эхний ээлжинд хутгалуулсан шархыг үзээд улмаар  амин  үзүүлэлтүүдийг  нь  яаралтай үзэж, хэвтээгээр  нь тээвэрлэж нэгдсэн эмнэлэгт яаралтай түргэн тусламжийн  хүлээн  авахад их  эмч  Э.Энхзоригт хүлээлгэн өгсөн...” гэх  мэдүүлэг /1-р хх-ийн 209/

 

Дундговь аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 332 дугаартай “Р.Пүрэвбаатарын биед нуруунд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 24/

 

Дундговь аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 160200357 дугаартай “Р.Пүрэвбаатарын биед бүсэлхийн 4-р нугалмын зүүн сэртэнгийн хугарсан гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 21/

 

Дундговь аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 160200470 дугаартай “Р.Пүрэвбаатарын бүсэлхийн L3 түвшинд зүүн талд том хэмжээний цүлхэн нь гэмтэлтэй шалтгаан хамааралгүй байна. Тархины судасны гаж хөгжил нь төрлөхийн эмгэг юм“ гэх дүгнэлт /1-р хх-ийн 129-130/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 145 дугаартай “Дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн Р.Пүрэвбаатарын гэх толгой болон нурууны 3 ширхэг КТГ, 4 ширхэг СD зэргийг дахин уншуулсан хариуд нурууны L4 нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл байгааг баталсан байна. Урьд гарсан дүгнэлт үндэслэлтэй байна. Тархины судасны ангиографи оношилгооны хариуд судасны гаж хөгжил илрээгүй байна. Тархины судасны гаж хөгжил нь төрөлхийн эмгэг байдаг бөгөөд ямар нэг гэмтэлтэй холбоогүй болно. Тархины судасны гаж хөгжил нь төрөлхийн эмгэг хөгжил юм. Р.Пүрэвбаатарын биед L3-н түвшинд ямар нэг цүлхэн гэх төрөлхийн гаж хөгжил илрэхгүй байна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 180-181/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 771 дугаартай “’...Тус хүрээлэнгийн №145  дүгнэлт үндэслэлтэй байна. Тархины судасны ангиографи оношилгоогоор тархины судасны гаж  хөгжил илрээгүй байна.  Р.Пүрэвбаатар нь бүсэлхийд хутгалуулсаны улмаас тархины судсанд гаж хөгжил үүсэхгүй. Тархины судасны гаж хөгжил нь ихэвчлэн төрөлхийн ба өвчний улмаас үүсдэг. Р.Пүрэвбаатарын биед бүсэлхийн нугалмын түвшинд зөөлөн эд, булчин, бүсэлхийн артерийн судас гэмтээсэн, бүсэлхийн 4-р нугаламын зүүн хөндлөн сэртэн хугарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрхи бүсэлхийн нугалмын хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас бүсэлхийн артерийн судас гэмтэн цүлхэн үүссэн байна. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байна...’’ гэх дүгнэлт /1-р хх-ийн 224-226/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 343 дугаартай “Дундговь аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны нэмэлт шинжилгээний 357 дугаартай дүгнэлт, тус хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дахин шинжилгээний 145 дугаартай дүгнэлтийн 5-р хариултаас бусад нь,  Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дахин шинжилгээний 771 дугаартай дүгнэлтийн 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хариултууд үндэслэлтэй байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /2-р хх-ийн 109-110/

 

Хохирогчид учирсан хохирол төлбөрийн талаар баримт /1-р хх-ийн 51-57, 86-100/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1-р хх-ийн 66-69/

Хэрэгт авагдсан бусад бичгийн болон эд мөрийн баримт, шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Ц.Б-2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн  Сайнцагаан сумын 5 дугаар баг Арвижихийн 10 дугаар гудамжны 13 тоотод иргэн  Р.Пүрэвбаатартай маргалдаж, хутгалсаны улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, яаралтай тусламжийн хуудас, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдлоо.

 

Түүний гэм бурууг нотолж байгаа эдгээр нотлох баримтуудыг хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн байна.

 

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирлын шинж, хэр хэмжээ нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн тогтоосон гэмтлийн зэргээр тодорхойлогддог.

 

Уг хэрэгт 6 удаа шинжээчийн дүгнэлт гарсан байх ба шинжээч эмчийн анхны буюу 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 332 дугаартай дүгнэлтэд хохирогч Р.Пүрэвбаатарын биед учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна /1-р хх-ийн 24/ гэсэн бол 14 хоногийн дараа мөн оны 8 дугаар сарын 10-ны өдөр гаргасан 160200357 дугаартай дүгнэлтэд бүсэлхийн 4-р нугалмын зүүн сэртэнгийн хугарсан гэмтэл тогтоогдлоо, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /1-р хх-ийн 21/ гэжээ.

 

Дээрх дүгнэлтүүдийг эс зөвшөөрч нэмэлт шинжилгээ хийлгэхээр шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хүсэлт гаргасны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 160200470 дугаартай дүгнэлт гарсан байна.

 

Мөн хэрэгт 145, 771 дугаартай дүгнэлт тус тус гарсан байх бөгөөд чухал ач холбогдолтой байж болох нөхцөл байдал буюу гэмтлийн шинж, хэр хэмжээнд нөлөөлж болзошгүй байдлыг тодруулж, зайлшгүй хийвэл зохих нэмэлт шинжилгээг хийлгэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс дахин шинжээч томилсны дагуу 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 343 дугаартай дүгнэлт гарч урьд гаргасан дүгнэлтүүдийг баталгаажуулжээ.

 

Иймд шинжээчийн дүгнэлтүүдийг шүүх үнэлж шүүгдэгч Ц.Б- 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг Арвижихын 10 дугаар гудамжны 13 тоотод иргэн Р.Пүрэвбаатартай маргалдан нуруун тус газар нь хутгалж түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “...оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж тус тус заасан тул 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй байна. 

 

Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ  хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон... гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй” гэж, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэж тус тус заасан тул уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох дүгнэлт тус тус гаргаж байна.

 

2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд шүүгдэгч Ц.Б- 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан /1-р хх-ийн 64/, мөн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурор тогтоол /1-р хх-ийн 238/  тус тус үйлджээ.

 

Тодруулбал гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрөөгүй байхад шүүгдэгчид эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх тул улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Мөн хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “Ц.Ц.Б-д хутгалуулсны улмаас 13350000 төгрөгийн зардал бүхий хагалгаанд орсон” гэж мэдүүлж, эмчийн тодорхойлолтыг нотлох баримтаар гаргаж өгч баримтаар эмчилгээний зардалд нийт 13634436 /арван гурван сая зургаан зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун гучин зургаан/ төгрөг  нэхэмжилсэн ба шүүгдэгч Ц.Б-1260000 /нэг сая хоёр зуун жаран мянган/ төгрөгийг төлсөн байх тул хохирлоос хасч тооцон, 12374436 /арван хоёр сая гурван зуун далан дөрвөн мянга дөрвөн зуун гучин зургаа/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Р.Пүрэвбаатарт олгохоор шийдвэрлэв.

 

Учир нь шүүгдэгч Ц.Б-хохирогчийн нуруун тус газар нь хутгалсан санаатай үйлдлийн улмаас Р.Пүрэвбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч эмчийн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан хохирогчоос хуульд заасан шаардлага хангаж гаргаж өгсөн бичгийн бусад баримтуудыг үнэлж шийдвэрлэв.

          Энэ хэрэгт “Panasonic” маркийн зурагт нэг ширхэг, “Hongxin” маркийн хөргөгч нэг ширхэг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурдсан хохирол төлөгдөж дуустал хэвээр үлдээх нь зүйтэй байна.

                                           

Шүүгдэгч Ц.Б-энэ хэргийн улмаас 1 /нэг/ хоног цагдан хоригдсон ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “23.5 см урттай хар өнгийн хуванцар бариултай хутга” нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус Шүүхийн Тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,  3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Цэндсүрэнгийн Базарваанийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт  хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Б- 480 /дөрвөн зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Ц.Б-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

4. Шүүгдэгч энэ хэргийн улмаас  1 /нэг/ хоног цагдан  хоригдсон болохыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц.Б- 12374436 /арван хоёр сая гурван зуун далан дөрвөн мянга дөрвөн зуун гучин зургаан/ төгрөгийг гаргуулан хохирогч Р.Пүрэвбаатарт олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Ц.Ц.Б- хохирогч Р.Пүрэвбаатарт хохирол барагдуулах ажиллагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Р.Пүрэвбаатарт цаашид эмчилгээтэй холбогдон гарах зардлын талаар баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ц.Ц.Б- иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 23.5 см урттай хар өнгийн хуванцар бариултай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг энэхүү шийтгэх тогтоолын хохирол төлбөртэй холбогдох заалт биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

 

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц.Б-д авсан хувийн баталгаа  гаргах таслан  сэргийлэх арга  хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Л.ОДОНЧИМЭГ