Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 37

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Одончимэг даргалж

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Улсын яллагч Т.Төмөртулга

Өмгөөлөгч Г.Лхам

Өсвөр насны шүүгдэгч Г.О-, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Гантөмөр нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

   Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.О-т холбогдох эрүүгийн 1822000850033 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 2000 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Дундговь аймгийн Хулд суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг, Мандалын 19 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух, ял шийтгэлгүй гэх, Саарав овогт Г Г.О- /регистрийн дугаар ЗМ00262293/

 

Шүүгдэгч Г.О- 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн гадна насанд хүрээгүй Н.Отгоныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 18 цагийн үед Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд очиж хоол идчихээд гарахад Н.Отгон зөрөөд орсон. Би Н.Отгонд “хоол идчихээд гараад ирээрэй” гэж хэлсэн. Н.Отгоныг гараад ирэхээр нь “нэгжний 5000 төгрөг байна уу” гэж асуухад “байхгүй” гэсэн. Тэгтэл Эрдэнэтуяа гэдэг охин гарч ирээд “та яахаараа дандаа хүүхэд дээрэлхэж байдаг юм” гэхээр нь би “хэзээ та нарыг дээрэлхсэн юм” гэж хэлээд Н.Отгоныг нэг удаа өшиглөсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Н.Отгоны: ...2018 оны 3 дугаар сарын 5-ны орой 18 цагийн үед

 

гар бөмбөгийн бэлтгэл тараад хоолонд ороод байж байхад цонхоор Г.О- намайг дуудсан.  Гарч очиход Г.О- “5000 төгрөг өгчих” гэхэд нь би “байхгүй” гэж хэлсэн. Тэгтэл нэг охин гарч ирээд “Г.О- чи энд ирээд яах гээд хүүхдүүд дээрэлхээд байгаа юм бэ” гэж хэлээд хогийн шүүр шидсэн. Тэгээд Г.О- байрны хойгуур намайг дагуулж очоод “би та нарыг яаж дээрэлхсэн юм, ойртоод ир” гэж хэлээд миний эмзэг эрхтэнрүү нэг удаа өшиглөсөн. Ангийн болон байрны багш нар ирээд цагдаагийн байгууллагад хандсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

 

Насанд хүрээгүй гэрч М.Батбаатарын: ...2018 оны 3 дугаар сарын 5-ны орой бэлтгэлээ тараад хоол идэж байхад цонхоор Г.О- Н.Отгоныг дуудсан. Н.Отгон бид 2 хамт гарч уулзсан. Г.О- Н.Отгоноос  мөнгө нэхэхэд байхгүй гэж Н.Отгон хэлсэн. Дотуур байрнаас Эрдэнэтуяа гэх охин гарч ирээд “Г.О-ээ чи яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм” гэж хэлээд хогийн шүүр шидсэн... Г.О- “би та хоёрыг дээрэлхсэн юм уу” гэж хэлээд баруун хөлөөрөө Н.Отгоны эмзэг эрхтэнрүү өшиглөсөн... Ангийн болон байрны багш нар ирээд цагдаагийн байгууллагад хандсан...  гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

 

Гэрч С.Нандинтуяагийн: ...Г.О- 2015 оны 9 дүгээр сард Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сантехникч мэргэжлээр суралцахаар орж, 10 сард дотуур байранд орсон. Хичээлээ их тасалдаг, байранд байхдаа доод курсын хүүхдүүдтэй харилцаа муутай... онолын хичээлд муу, дадлага ажил мэргэжлийн хичээлүүдэд идэвхтэй оролцдог хүүхэд юм. Бид нарт мэдэгдсэн нь нэг удаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан... Сайн тал нь цэвэрч нямбай, бие даах чадвартай суралцаж байгаа хүүхэд... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/

 

- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 180200116 дугаартай дүгнэлтэд

“1. Н.Отгоны биед баруун төмсөгний үрэвсэл, хуухнагийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэжээ. /хх-ийн 24/

 

- Яаралтай тусламжийн үйлчилгээний хуудас /хх-ийн 21-23/

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/ зэрэг болно.

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 37-42, 47-61

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Г.О- 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн гадна насанд хүрээгүй Н.Отгоныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар нотлогдож байна. 

 

Иймд шүүгдэгч Г.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.  

 

Хохирогч Н.Отгон тус аймгийн Цагдаагийн газарт болон шүүхэд гаргасан хүсэлтдээ “миний

  

бие эрүүл болсон, ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, Г.О-тэй эвлэрсэн” /хх-ийн 29, 30/ гэсэн байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзлээ.

 

 Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.        

 

Шүүгдэгч Г.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,  3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Саарав овогт Г Г.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт ял оногдуулахгүйгээр өсвөр насны шүүгдэгч Г.О-т  хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, 1 /нэг/ жилийн хугацаанд зан үйлээ засаж, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.О-ийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг түүний эх Х.Гантөмөрт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.О- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ял оногдуулахыг тайлбарласугай.

 

5. Шүүгдэгч Г.О- энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

        

         6.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

        

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ