Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 36

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Одончимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ

Улсын яллагч Т.Төмөртулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч Д.А-нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

   Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Д.А-т холбогдох эрүүгийн 1822000000158 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эцэг, эх, ах, дүүгийн хамт Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 1 дүгээр  баг Орон сууцны 2-3 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх Зуут овогт Д Д.А- /регистрийн дугаар ЗЕ96110916/

 

   Яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Д.А-2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр тус аймгийн Дэлгэрцогт сумын төвд сумын цагдаа ажилтай Б.Насанжаргалыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.А-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 11 сарын 9-ний өдөр төрсөн өдрөө тэмдэглээд найзуудтайгаа 0.5 литрийн архи хувааж уусан. Гэрт ирээд өвчтэй ахдаа хатуу үг хэлснээс болж толгой нь эргэж, бие нь өвдсөн. Тэгээд ээж намайг загнаж цагдаа дуудсан. Сумын цагдаа ирээд “явъя” гэхэд нь “явахгүй” гэж эсэргүүцэл үзүүлсэн. “Гавлая” гэхэд нь эсэргүүцээд, зууралдаж байгаад гарыг нь мушгисан юм. Тэрнээс хойш юу болсныг сайн санахгүй байна. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хохирогч Б.Насанжаргалын: “... Би 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Дэлгэрцогт сумын төвд эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад иргэн С.Жавзмаа гэх хүн цагдаагийн газрын 102 дугаарын утсанд холбогдон “манай хүү Д.А-гэртээ агсам тавиад байна” гэсэн дуудлага ирсэн гэж цагдаагийн газрын жижүүрээс надад мэдэгдсэн. Би сумын төвд байх намын байрны гадаа очтол С.Жавзмаа гэх хүн гэрээс гарч ирэхээр нь “юу болсон бэ” гэж асуухад “манай хүү Д.А-агсам тавиад байна” гэж хэлсэн. Д.А-баруун талын байшингаас гарч ирэхэд нь би “юу болоод байна, машинд суу хэсгийн байранд очно” гэж хэлтэл “явахгүй” гэж эсэргүүцэл үзүүлсэн. Тэр үед би гав гаргаж ирээд гавлах гэтэл надтай зууралдаад намайг хавирч унагаасан. Би газраас босоод ахиад гарнаас нь таттал бид 2 газарт хамт унасан. Тэгэхэд миний баруун талын мөр эвгүй болсон. Босч ирэхэд миний баруун талын нүдрүү нэг удаа гараараа цохисон. Миний гар эвгүй болсон байсан болохоор ямар нэгэн үйлдэл хийж чадаагүй... Би тухайн үед албаны дүрэмт хувцастай албан үүргээ гүйцэтгээд явж байсан... Намайг газарт унагааж цохих үед манай эхнэр Ж.Дүүрэнсайхан машин дотор сууж байсан ба машинаас бууж ирээд “болиоч” гэж хашгирсан, өөр хүн хажууд байгаагүй... Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хуулийн дагуу шалгуулж шийдвэрүүлнэ... “ гэх мэдүүлэг /хх-ийн 5-8/

 

Гэрч Ж.Дүүрэнсайханы: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр нөхөр Б.Насанжаргалын хамт өөрийн эзэмшлийн машинтайгаа сумын төвд явж байхад нөхөр Б.Насанжаргалд “согтуу хүн агсам тавиад байна” гэсэн дуудлага ирсэн. Тэгээд Б.Насанжаргал намын байрны үүдэнд очиход С.Жавзмаа гэх хүн гэрээсээ гарч  ирээд “манай хүү Д.А-агсам тавиад байна” гэж хэлсэн. Б.Насанжаргал Д.Д.А-т хандан “юу болоод байна, кубонруу очно, машинд суу” гэж хэлэхэд тэр хүн өөдөөс нь “явахгүй” гээд эсэргүүцэл үзүүлсэн. Б.Насанжаргал гав гаргаж ирээд гавлах гэтэл өөдөөс нь зууралдаад газарт ойчсон. Босч ирээд тэр хүний гараас таттал тэр хоёр зууралдаад газарт хамт ойчсон. Тэгээд бостол Д.А-баруун гараараа Б.Насанжаргалын баруун талын нүдрүү цохичихоод яваад өгсөн. Тэр үед Б.Насанжаргал “миний баруун мөр мултарчихлаа, гар эвгүй болчихлоо” гэхээр нь шууд сумын төвийн эмнэлэгрүү явсан...”  гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/

 

- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 180200349 дугаартай дүгнэлтэд “Б.Насанжаргалын биед баруун мөрний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг сарниулаагүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь байнгын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ” гэжээ /хх-ийн 20/

 

- Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/

 

- “Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй” гэх ял шийтгэл шалгах хуудас /хх-ийн 29/

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 30-33, 35-36, 43/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Д.А-2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр тус аймгийн Дэлгэрцогт сумын төвд сумын цагдаа ажилтай Б.Насанжаргалыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.А- хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх  хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Насанжаргал хэргийн материалтай танилцсан тэмдэглэл болон шүүхэд “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх тайлбар гаргасан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Б.Насанжаргалын 5455118088 дансанд 120000 төгрөг төлсөн” гэх “ХААН” банкны орлогын мэдүүлгийг баримтаар гаргаж өгсөн тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Д.А-учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Д.А-гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокуророос түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял сонсгосныг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалыг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохиролгүй болно.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,  3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Зуут овогт Дашнямын Д.А-ыг хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.А- хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

                                                                                                           

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Д.А-т шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

  4. Шүүгдэгч Д.А-энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                                    

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Л.ОДОНЧИМЭГ