Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 52

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Одончимэг даргалж

Нарийн бичгийн дарга Т.Түвшинбаатар

Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ

Насанд хүрээгүй хохирогч Д.Анхзаяа, түүний хууль ёсны төлөөлөгч Я.Дэлгэрмаа

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам

Шүүгдэгч Б.М , түүний өмгөөлөгч Д.Ц нарыг оролцуулан, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

   Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-холбогдох эрүүгийн 1822000070010 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1998 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 2, нөхрийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар баг “Сүүж” гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй гэх Хэрээсэл овогт Б Б.М- /регистрийн дугаар ЗЮ98012001/

 

    Яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Б.М- 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тус аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мандал” худалдааны төвд насанд хүрээгүй Д.Анхзаяагийн бие, эрх чөлөөнд халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагийн үед эгчтэйгээ хамт “Мандал” худалдааны төв орсон. Тэр өдөр эгч надад “би толгойн гоёл тавиулсан байгаа, сонголцоод өг” гэж хэлсэн юм. Худалдагч эгч лангуун дээрээс толгойн гоёлыг авч өгсөн. Толгойн гоёл, хумсны будаг хоёрыг 9000 төгрөгөөр авахаар болоод “хоёр бараа авч байгаа юм чинь 1000 төгрөг хасаад 8000 төгрөгт өгчих” гэж хэлэхэд худалдагч эгч “ингээд юмны үнэ дураараа буулгаад байдаг юм” гээд уурласан. Тэгэхээр нь би эгчид хандан “заавал эндээс авч яах юм өөр газраас авъя, буцаагаад өг, явъя” гэхэд худалдагч эгч “зарагдсан бараа буцаахгүй” гэж хэлэхээр нь эгч бид хоёр “барааг чинь аваад өрөөнөөс чинь ч гараагүй байхад яагаад буцааж болдоггүй юм” гэхэд эгчийн гараас бараагаа аваад мөнгийг нь шидсэн. Бид хоёрыг гарахад худалдагч эгч миний араас “чи наймааны голоор орлоо, зайл” гээд миний араас цохихоор нь би уурлаад “та яахаараа намайг цохидог юм, танайхаас авах шаардлага байхгүй биз дээ. Би өөрийн дуртай газраас авна” гэхэд миний нүүрлүү цохисон. Тэгэхээр нь би уурлаад эргүүлж цохиод үсдэлцсэн. Тэр үед нэг охин ирээд миний куртикны араас татахад шалан дээр давхралдаж унасан. Тэгэхэд С.Долзонням гэдэг хүн ирээд салгасан. Миний куртикны суга урагдсан байхаар нь “төлж өгөөрэй” гэж хэлчихээд гарсан. Нилээн байж байгаад орж ирэхэд эгч сандал дээр сууж байхаар нь явъя гэхэд энэ 2 намайг битгий яв гээд байна гэж хэлсэн. Тэр үед худалдагч эгч намайг нэг удаа алгадсан. Би өөдөөс нь ямар нэгэн асуудал гаргаагүй. Ц.Даваадорж цагдаа “үзүүлээд ир” гэхээр нь түргэн тусламжид үзүүлэхэд “тархины доргилт” гэсэн онош бичиж өгсөн гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Д.Анхзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ээжтэй хамт “Мандал” худалдааны төвд очсон. Тухайн үед манайх гоёл чимэглэл болон хувцасны хоёр лангуу ажиллуулдаг байсан юм. Намайг хувцасны дэлгүүрт наймаа хийж байхад ээж хашгирахаар нь ороход ээжийг үсдчихсэн байсан. Олон нийтийн газар яаж байгаа юм гээд салгах гэхэд намайг цохиж унагаад үсдсэн. Мөн ээжийг элдвээр хэлж доромжлоод цохисон болохоор би цагдаа дуудсан. Дуудлага өгчихөөд байж байтал нэг хүн намайг үсдэхэд би газар унасан. Тэр үед ягаан куртиктэй эгч намайг үсдээд, жирэмсэн эгч миний дээрээс дэвсэхээр нь “болиоч, өвдөөд байна” гээд жирэмсэн эгчийн хөлийг түлхэж холдуулсан. Би энэ хүмүүст гар хүрээгүй. Намайг газар унасан байхад миний үснээс татаад толгойруу хэд хэдэн удаа цохисон. Тэр үед хажуу лангууг ажиллуулдаг эгч орж ирж салгасан. Цагдаа дуудах үед Б.М- гэдэг эгч “цагдаа чинь ирээд ч намайг барахгүй шүү” гэж хэлж байсан. Дараа нь орж ирээд куртикээ авахдаа “би эргэж ирээд та хоёрын хуйханд нэг ширхэг ч үс үлдээхгүй” гэж хэлээд үснээсээ гараараа зулгааж, унасан үсээ газар хаячихаад явсан гэв.

 

 Гэрч Б.Түмэнжаргалын “...2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Мандал” худалдааны төвийн 2 давхрын хойшоо эргээд эхний лангуун дээр сууж байхад 15 цагийн үед байх миний лангууны хойд талд суудаг Я.Дэлгэрмаагийн лангуунд хүмүүс орилж, хашгирах чимээ гарахаар нь очтол Я.Дэлгэрмаа, ягаан куртиктэй эмэгтэй хоёр үсдэлцээд зогсож байхад зүүн талын өрөөнөөс Я.Дэлгэрмаагийн охин Д.Анхзаяа гарч очоод ягаан куртиктэй охины куртикны араас татаад тэр гурав хоорондоо зууралдаж байх үед Я.Анхзаяа доор нь, дээр нь ягаан куртиктэй охин шалан дээр унасан. Д.Анхзаяаг шалан дээр хэвтэж байхад жирэмсэн хүүхэн үснээс нь татаад гэдсэн дээр нь дэвсэлсэн. Я.Анхзаяа “болиочээ, өвдөөд байна” гээд жирэмсэн хүүхний гутлын хэсэгрүү хөлөөрөө цааш нь түлхсэн. Тухайн үед ягаан куртиктэй эмэгтэй Д.Анхзаяагийн толгойруу гараараа чанга цохиод үснээс нь зулгаагаад байхаар нь гарыг салгаад Д.Анхзаяаг өрөөнөөс авч гарсан. Тэр үед Я.Дэлгэрмаа “охиныг минь зодлоо” гээд ягаан куртиктэй охиныг нэг удаа алгадсан. Ягаан куртиктэй эмэгтэй “куртик урсан байна” гээд куртикээ тайлаад өрөөрүү шидсэн... Удалгүй нөгөө эмэгтэй эргэж ирээд куртикээ авахдаа “та хоёр нийлээд ч намайг барахгүй байгаа биздээ, эргэж ирээд та хоёрын толгойтой хуйханд чинь нэг ширхэг ч үс үлдээхгүй” гэж хэлчихээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

 

Гэрч О.Баяржаргалын “...2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Мандал” худалдааны төвийн 2 давхарт баруун хойд талын лангуун дээр худалдаа хийгээд зогсож байхад баруун талын лангуун дээр хүмүүс маргалдаад байгаа сонсогдсон. Тэр үед би үйлчлүүлэгчтэй байсан болохоор тэр хүнээ гаргаад гараад очиход Я.Анхзаяа дэлгүүрийн хаалганы босгон дээр хөл нь, дэлгүүр дотор цээжин хэсэг нь гадна талд газарт хэвтсэн, ягаан куртиктэй охин толгойруу нь цохиод, үснээс нь зулгааж байсан. Тухайн үед тэр хоёрыг Б.Түмэнжаргал очоод салгасан... Тэр хэд хэрэлдээд байгаа сонсогдсон. Намайг харахад жирэмсэн хүүхэн Я.Анхзаяагийн үснээс татаж байгаа харагдаагүй, цохиж зодсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/

 

- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 180200020 дугаартай дүгнэлтэд:

 “Д.Анхзаяагийн биед тархи доргилт, хацар, зовхинд цус хурсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Тархи доргилт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ. /хх-ийн 28/

 

- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 180200023 дугаартай дүгнэлтэд “Я.Дэлгэрмаагийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэжээ./хх-ийн 32/

 

- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 180200015 дугаартай дүгнэлтэд “Б.Биханзын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэжээ. /хх-ийн 34/

 

- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 180200018 дугаартай дүгнэлтэд “Б.М-ын биед духанд зулгарсан, баруун атгаалд цус хурсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулаагүй учир гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ. /хх-ийн 38/

 

- Шинжээч эмч М.Баттүвшингийн “...Д.Анхзаяагийн биед үүссэн тархи доргилт нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр мөн толгойруугаа юмаар цохиулах үед үүсэх боломжтой. Газар хэвтэж байх үед цээжин хэсэгрүү цохих, дэвсэх үед тархи доргилт үүсэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39/

 

- Шинжээч эмч М.Баттүвшингийн “...2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 180200018 дугаартай дүгнэлтэд нэмэлт шинжилгээ хийлгэхээр Б.М-ыг өөрийн биеэр болон эмнэлгийн бичиг баримтын хамт 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлж, 180200065 дугаартай дүгнэлт гаргасан. Үзлэгээр тухайн үеэс хойш толгой өвдөнө, 2 чихээр хатгаж өвдөнө, 2 гарын шуу бадайрна, нойрондоо муу гэсэн зовиуртай, мэдрэлийн эрхтэн системийн талаас өөрчлөлтгүй, хэсэг газрын үзлэгт тухайн үед үс зулгаасан гэх баруун чамархай хэсэгт 2.5х2 см талбайд зүүн талтай нь харьцуулахад үс шингэрсэн байсан. Ирүүлсэн материалд 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн нүдний эмчийн үзлэгт гэмтлийн гаралтай тархи доргилт гэсэн оноштой, 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн уламжлалт эмнэлгийн амбулаторын үзлэгт гэмтлийн гаралтай тархи доргилт гэсэн оношууд бичигдсэн байсан. Энэ онош бусдад зодуулсан гэх цаг хугацаанаас хойш 24-25 хоногийн дараа тухайн үзлэгүүдийг хийсэн байх тул үзлэгээр илэрсэн тархи доргилт нь бусдад зодуулсан гэх үйлдэлд шалтгаан хамааралгүй гэж үзсэн. Иймд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 180200018 дугаартай дүгнэлтэд өөрчлөлт орохгүй. Иргэн Б.М-ын биед үүссэн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/

 

- Сайнцагаан сумын Үнэлгээний комиссын дүгнэлтэд “манекан /гар/ хоёр ширхэг нэг нь 55000 төгрөг, үсны хавчаар нэг ширхэг 25000 төгрөг, хүүхдийн титэм нэг ширхэг 1500 төгрөг, бөгжтэй бугуйвч нэг ширхэг 7500 төгрөг, чулуун шигтгээтэй бөгж нэг ширхэг 7500 төгрөг” гэжээ. /хх-ийн 43/

 

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 317 дугаартай дүгнэлтэд “Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 180200018 дугаартай дүгнэлт, мөн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 180200065 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна.  Б.М-ын биед духанд зулгаралт, баруун атгаалд цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Амбулаторын картнаас үзэхэд 2018 оны 1 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдийн эмч нарын үзлэгт тархи доргилт гэсэн онош тавьсан байх ба дээрх тархи доргилт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас хойш үүссэн байх боломжтой байна гэжээ. /хх-ийн 118-119/

 

- Шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн “...Ирүүлсэн хэргийн материалд 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн  яаралтай тусламжийн хуудаст тархи доргилт гэсэн онош бичигдсэн байх боловч дээрх тархи доргилт гэмтэл нь М.Баттүвшин эмчийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б.М-ын биед хийсэн үзлэгээр тогтоогдоогүй байна. Хэрэв тухайн хэрэг болсон гэх хугацаанд тархи доргилт гэмтлийг авсан бол М.Баттүвшин эмчийн  2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үзсэн үзлэгээр тархины доргилтын үед илэрдэг шинжүүд болох /хамар хурууны сорилд алдах, Ромбергийн сорилд тэнцвэргүй байх, дагзны булчингийн хөшингө илрэх, См.Манна /+/, нүдний алимны чичирхийлэлт /+/ зэрэг шинж тэмдэгүүд илрэх ёстой бөгөөд дээрх шинж тэмдэгүүд илрээгүй байна. Б.М-ыг шинжээч эмч М.Баттүвшин үзэхэд духанд зулгаралт, баруун бугалганд цус хуралт гэмтэлтэй байсан бөгөөд дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно... Харин 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр М.Баттүвшин  эмч Д.Анхзаяагийн биед үзлэг хийсэн байх бөгөөд үзлэг хийх үед Д.Анхзаяагийн биед тархи доргилтын үед илэрдэг /хамар хурууны сорилд алдагдах, Ромбергийн сорилд тэнцвэр алдагдсан, дагзны булчингийн хөшингө 3 хуруу, нүдний алимны чичирхийлэлт хөндлөн чиглэлд илэрнэ/ шинжүүд илэрсэн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 126-127/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

    - Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 29-30/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 60-66/

- Хохирлын баримтууд /хх-ийн 77-82/

- Хохирогчийн хувийн байдалтай холбоотой баримт /хх-ийн 100-102/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

 Шүүгдэгч Б.М- 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тус аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мандал” худалдааны төвд насанд хүрээгүй Д.Анхзаяагийн бие, эрх чөлөөнд халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Б.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Б.М-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж чанар, прокурорын саналыг харгалзан  шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1-д заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:

 

Шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтуудыг үнэлж, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны болон нотлох баримтын шаардлага хангахгүй баримтуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд: “Эдмонс Фарм” ХХК-ийн 43600 төгрөгийн баримт /хх-ийн 77/, давхардаж ирүүлсэн “Люкс мед” эмнэлгийн 225000 төгрөгийн баримт /хх-ийн 80/, “Дорно -Энх” эрүүл мэндийн үйлчилгээний 81300 төгрөгийн баримт /хх-ийн 82/, нотариатын үйлчилгээний хөлс 6000 төгрөг, 106800 төгрөгийн шатахууны баримт хамаарч байна.

 

  Харин хохирогч Д.Анхзаяагийн эмчилгээнд зарцуулсан гэх “Эдмонс” ХХК-ний зарлагын баримт нийт 738560 төгрөг, МРАЙ шинжилгээний төлбөр 225000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 350000 төгрөг, хот хоорондын тээврийн зардал 34800 төгрөг, эд зүйлийн хохирол 121500, нийт 1469860 төгрөгийг шүүгдэгч Б.М-аас гаргуулж хохирогчид олгож, хохирогч Д.Анхзаяа нь эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлүүлэхтэй холбогдон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.М- энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “манеканы гар хоёр ширхэг, үсний хавчаар, хүүхдийн титэм, бугуйвч, чулуун шигтгээтэй бөгж, шүүгдэгч Б.М-ын үсний хэсэг” зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,  3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Хэрээсэл овогт Бадамжунайгийн Б.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.М-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.М-оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 /гурван/ сарын хугацаанд буюу тухайн сарын 25-ны өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.М-шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарласугай. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-аас 1469860 /нэг сая дөрвөн зуун жаран есөн мянга найман зуун жаран/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Анхзаяад олгож, нотлох баримтын шаардлага хангаагүй 237700 /хоёр зуун гучин долоон мянга долоон зуун/ төгрөгтэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Д.Анхзаяа эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлүүлэхтэй холбогдон гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн манеканы гар хоёр ширхэг, үсний хавчаар, хүүхдийн титэм, бугуйвч, чулуун шигтгээтэй бөгж, шүүгдэгч Б.М-ын үсний хэсэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

 

          7.Шүүгдэгч Б.М- энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

        

         8.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс

зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

        

 

 

 

                             ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               Л.ОДОНЧИМЭГ