Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 54

 

 

 

 

 

 

                                                             

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Одончимэг даргалж

Нарийн бичгийн дарга Т.Түвшинбаатар

Улсын яллагч Х.Мөнхбаатар

Шүүгдэгч Ц.Т-, түүний өмгөөлөгч Д.Дарьсүрэн

Шүүгдэгч Л.Л.Ш-, түүний өмгөөлөгч Ч.Сайнжаргал нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

   Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Т-, Л.Ш-нарт холбогдох эрүүгийн 1722001370019 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1986 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 4 дүгээр баг, “Хамар-Ус” гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх Харчин овогт Ц Ц.Т- /регистрийн дугаар ЗК86041413/

     

    Монгол Улсын иргэн, 1988 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 4 дүгээр баг, “Хүрэнтий” гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх Алтан-Овоо овогт Л Л.Ш- /регистрийн дугаар ЗК88080911/

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ц.Т- 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг Эрчимийн 4 дүгээр гудамжны 6 тоотод Л.Ш-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Л.Ш-2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг Эрчимийн 4 дүгээр гудамжны 6 тоотод Ц.Т-ы биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 

1. Шүүгдэгч Ц.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Л.Л.Ш-, Г.Одхүү бид гурав хөдөөнөөс аймагт ирээд  Эрчимийн 6 дугаар гудамжны 5 тоотод байх айлд тавуулаа 2 шил архи, 1 пиво уучихаад согтуугаар Л.Л.Ш-тай маргалдсаны улмаас бие биедээ гэмтэл учруулсан гэв.

 

2. Шүүгдэгч Л.Ш-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Г.Одхүү,  Ц.Т- бид гурав Н.Батбаярынд ирсэн. Тэнд 2 шил архи, 1 пиво уучихаад явах гэж байтал Б.Баасансүрэн “манайд оч” гэхээр нь очиж дахин 1 шил архи уусан. Н.Батбаяр, Г.Одхүү 2 гэрээс гарахад нь би согтуугаар Н.Батбаярт хэдэн үг хэлж, маргалдаад уруулдаа мөргүүлсэн байсан. Ц.Т- “чи айл хүндэлсэнгүй” гэж хэлсэн. Тэгээд бид 2 гэрийн гадаа зодолдсон. Г.Одхүү ирж Ц.Т-ыг салгахад би араас нь тоосго шидсэн. Тэгээд би шууд хөдөө явсан. Тухайн үед би нэлээн согтуу байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин архи уухгүй гэв.

 

3. Ц.Т-ы хохирогчоор өгсөн мэдүүлэгт “...2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр би хөдөөнөөс Л.Л.Ш-, Г.Одхүү нартай хамт 2 мотоцикльтой аймагт ирсэн юм. Аймагт ирээд дэлгүүрээс 2 шил архи, 1 пиво худалдаж аваад Н.Батбаяр гэх айлд очсон. Тэр айлд авсан архи, пивоо хувааж ууцгаасан. Тэднийд Б.Баасансүрэн, Н.Батбаярын эхнэр, Г.Одхүү, Л.Ш-бид нар байсан. Архиа дуусгаад Б.Баасансүрэн гэх айлд бид нар очсон. Тэр айлд нэг шил архи хувааж уугаад байж байтал Н.Батбаяр, Л.Ш-хоёр хоорондоо маргалдаад, гэрээс гарсан. Би араас нь гараад нөгөө 2 дээр очиход Л.Ш-намайг нэг зүйлээр толгойруу цохиод авсан. Би Л.Ш- барьж аваад нүдрүү нь гараараа нэг удаа цохиод хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тухайн үед Л.Ш-бид хоёр нэлээн согтуу байсан. Би Л.Л.Ш-тай юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна. Тэгээд бид хоёрыг Г.Одхүү салгасан байх. Гэрийн гадаа болсон зүйл байгаа юм. Харин гэрт Б.Баасансүрэн эхнэртэйгээ амарч байсан. Гэрийн гадаа Г.Одхүү, Н.Батбаяр, Л.Ш-бид нар л байсан... Миний толгой хагарч гэмтэл авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11/

 

4. Л.Ш-ийн хохирогчоор өгсөн мэдүүлэгт “...Би 2017 оны 11 дүгээр сарын 30-ны шөнө 22 цагийн үед хөдөөнөөс Ц.Т-, Г.Одхүү бид гурав Сайнцагаан сумын 6 дугаар баг, Эрчимийн 4 дүгээр гудамжны 5 тоотод байх Б.Баасансүрэн гэх айлд очсон юм. Энэ айлд очихоосоо өмнө Н.Батбаяр гэх айлд нэг шил архи, хоёр пиво уусан. Б.Баасансүрэнгийнд очоод 0.5 литрийн нэг шил архи Ц.Т-, Б.Баасансүрэн, Н.Батбаяр, Г.Одхүү нартай хувааж уусан... Би Н.Батбаяртай гэрийн гадаа хоорондоо маргалдсан юм. Н.Батбаярын аав нь манай малыг хөөгөөд байдаг болохоор тэрийг нь хэлээд маргалдсан. Тэр хооронд Ц.Т- гэрээс гарч ирээд намайг гэрт дагуулж орсон. Би гэрт Ц.Т-тай маргалдаад автал намайг Ц.Т- гэрээс дагуулж гараад газар унагаагаад хүрэмний захаар боогоод миний нүдрүү хэд хэдэн удаа цохиж зодсон. Тэгээд босоод явахаар нь би газраас тоосго аваад Ц.Т-руу шидсэн... Ц.Т- толгой хагалчихлаа гээд дахиад намайг барьж аваад дороо хийгээд толгойруу цохиж зодсон. Бид хоёрыг Г.Одхүү салгасан. Би тэр шөнө мотоцикльтой хөдөөрүү цусаа гоожуулаад явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/

 

5. Гэрч Б.Баасансүрэнгийн “ ...2017 оны 11 дүгээр сарын 30-ны орой би  Н.Батбаяр гэх айлд очсон юм. Тэр айлд Ц.Т-, Л.Л.Ш-, Г.Одхүү, Н.Батбаярын эхнэр Сугармаа нар байсан. Тэр айлд бид нар 0.75 литрийн “болор”, 0.5 литрийн “тайга”, 0.75 литрийн “экс” нэртэй гурван шил арх хувааж уусан. Тэгээд би тэр айлаас гараад нөгөө хэдийг гэртээ дагуулж ирсэн. Манай гэрт “соёрхол” нэртэй архи ууж байгаад би согтоод гэртээ амарсан. Намайг гэрт амарч байх үед гэрийн гадаа Ц.Т-, Л.Ш-нар маргалдаж зодолдсон гэсэн... Маргааш өглөө нь босоод тэр хэдийг зодолдсон гэдгийг нь мэдсэн юм. Манай эхнэр тухайн үед бас гэрээс гараагүй гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/

 

6. Гэрч Н.Батбаярын “... 2017 оны 11 дүгээр сарын 29-ний шөнө манай гэрт Л.Л.Ш-, Ц.Т-, Г.Одхүү нар 23 цаг өнгөрч байхад ирсэн. Тэр хэд манай гэрт ирэхдээ халамцуу байсан. Л.Ш-“пизда минь бос, найз нөхөд чинь ирж байхад тоохгүй байна уу” гээд агсам тавьсан. Манай гэрт 2 шил архи, 2 пиво хувааж уусан. Удалгүй Б.Баасансүрэн манай гэрт ирсэн. Архи, пивоо ууж дуусаад Б.Баасансүрэнгийнд очсон... Би Г.Одхүүг дагуулаад гэрээс гартал Л.Ш-гарч ирээд “пизда минь чи манай хүргэнийг дагуулж явлаа” гээд уурлаад надруу чулуу шидэхэд миний хөлийг оносон. Л.Ш- газар самардаад чулуу эрээд байхаар нь очоод гараас нь татаж аваад Л.Ш-ийн уруул хавьд нь нэг удаа мөргөсөн. Тэгээд би зугтаагаад гэрлүүгээ явсан. Намайг гэрт байхад Сарангэрэл утсаар яриад Ц.Т-, Л.Ш-хоёр зодолдоод байна гэж ярьсан. Би гэрээсээ гараад Б.Баасансүрэнгийнд очтол Л.Ш-байхгүй байсан. Ц.Т-ы толгой нь хагарчихсан цусаа гоожуулаад байхаар нь боож өгөөд гэрлүүгээ явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

 

7. Гэрч Г.Одхүүгийн “...Би 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 23 цаг өнгөрч байхад Сайнцагаан сумын 6 дугаар баг Эрчимийн 3 дугаар гудамжны 2 тоотод байх манай хадмын талын хамаатан болох Н.Батбаярынд Ц.Т-, Л.Ш-нарын хамт очсон. Ц.Т- хүнсний дэлгүүрээс 0.75 литрийн “болор” архи 1 ширхэг, 0.5 литрийн “экс” архи 1 ширхэгийг аваад ирсэн. Тэр архинаас Н.Батбаяр уугаагүй, Ц.Т-, Л.Л.Ш-, Б.Баасансүрэн бид нар хувааж уугаад дууссан... Б.Баасансүрэн “хэдүүлээ манайд очъё” гэхээр нь бид Н.Батбаярынхаас гараад, урд талынх нь хашаанд байх Б.Баасансүрэнгийнд  01 цаг өнгөрч байхад очсон. Б.Баасансүрэн “соёрхол” нэртэй 0.5 литрийн нэг шил архи аваад орж ирсэн. Бид нар тэр архийг ууж дуусаагүй байхад Л.Ш-Н.Батбаярт согтуугаар агсамнаад байсан. Н.Батбаяр намайг дагуулаад гэрээс гарахад манай эхнэрийн ах Л.Ш-гарч ирээд Н.Батбаярт хандаж “чи яахаараа манай хүргэнийг дагуулж гардаг юм бэ” гэж хэлсэн. Л.Ш- хүрч ирэхэд Н.Батбаяр мөргөсөн үү яасан мэдэхгүй, ямар ч байсан Л.Ш-газар унасан. Тэгэхэд Н.Батбаяр зугтаагаад яваад өгсөн... Гэрээс Ц.Т- гарч ирээд Л.Ш-бид хоёрыг дагуулаад Б.Баасансүрэнгийнд ороход Б.Баасансүрэн унтчихсан байсан. Ц.Т- Л.Ш- хандаж “айл хүндэлсэнгүй агсам тавилаа” гэж хэлэхэд Л.Ш-“та нар намайг тоодоггүй биз дээ” гээд агсамнаад байсан. Ц.Т- Л.Ш- дагуулаад гэрээс гарсан ба зодолдоод байгаа бололтой түчигнэлдээд байсан. Би гэрээс гарахад тэр хоёр зодолдоод салсан бололтой муудалцаад зогсож байсан, тэр үед  Ц.Т-ы духны дээд хэсгээс цус гарч байсан. Ц.Т- цусаа үзчихээд Л.Ш-ийн нүүрэнд гараараа нэг удаа цохиход Л.Ш-газар унасан. Тэгэхэд Ц.Т- Л.Ш-ийн гэдэс орчимд нь гуталтай хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. Би тэр хоёрыг салгаад Ц.Т-ыг Б.Баасансүрэнгийн гэрт нь оруулсан. Л.Ш-хашаанаас гараад алга болсон байсан...Тухайн үед Ц.Т-ы духны дээд хэсгээс цус гарч байсан...  Л.Ш-ийн уруул болон баруун нүд нь их хавдсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/

 

8. Тус аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 180200003 дугаартай дүгнэлтэд

“Ц.Т-ы биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ. /хх-ийн 27/

 

9. Тус аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 180200004 дугаартай дүгнэлтэд

“Л.Ш-ийн биед 2 нүдний эвэрлэгт битүү цус харвасан амьсгалын цочмог дутагдлын шинж тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хүзүүг гаднаас уяа даавуу, гараар дарсаны улмаас үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.7-д зааснаар амьсгалын цочмог дутагдлын хүнд хэлбэр, амь тэнссэн байдлаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой“ гэжээ. /хх-ийн 29/

 

10. Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 549 дугаартай дүгнэлтэд:

“Шинжээч эмч М.Баттүвшингийн гаргасан 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 180200004 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Дүгнэлтийн хэсэгт цочмог дутагдал, амь дэнссэн гэх мэт үг, үгсийн алдаа гаргасан байна. Л.Ш-нь амьсгалын цочмог дутагдалд орж амь тэнссэн нөхцөл байдалд орсон гэсэн нь тогтоогдохгүй байна. Амь тэнссэн байдал нь шинжлүүлэгчийн биед учирсан гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой нь эмнэлзүйн шинж, шинжилгээгээр нотлогдсон байх ба эмнэлгийн яаралтай иж бүрэн тусламж зайлшгүй шаардагдсан байна. Нүдний даралт болон тархины даралт, нойргүйдэл зэргээс 2 нүдний эвэрлэгт битүү цус харваж амьсгалын цочмог дутагдал, амь тэнссэн нөхцөл байдал үүсэхгүй. Амьсгалын цочмог дутагдлын улмаас амьсгал бүтэж амь тэнссэн нөхцөл байдалд орсон үед өтгөн, шингэнээ мэдээгүй алдах, нүүр, нүдний алимны салстад их хэмжээний цэгчилсэн цус харвалт үүсэх зэрэг гадна обьектив шинжүүдийн дээр тархин дахь хүчилтөрөгчийн хурц дутагдлаас үүсэх эмнэлзүйн бүрдэл хам шинжүүд илэрнэ. Үүнд ухаан алдаж тархины суурийн үйл ажиллагаа хямрах, оворгод орох, децеребрацийн гаралтай хүзүүний хөшингө, пирамид гаралтай цусны даралт ихсэлт, рефлексгүйжилт, эмгэг рефлекс үүсэх, тархины эдэд болон нүдний угт цус харвах, тархины цахилгаан бичлэгээр биоцахилгаан идэвхжил эрс буурах, ургал мэдрэлийн өөрчлөлт /халуурах, хөлрөх гэх мэт/ илрэх зэрэг шинж, тэмдэгүүд гарна. Механик амьсгал бүтэлт нь 2-4 минут үргэлжлэх үед тархины хүчилтөрөгчийн хурц дутагдлын улмаас амь тэнссэн байдалд орох боломжтой. Л.Ш-ийн биед тархи доргилт, 2 нүдний эвэрлэгт цус харвалт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Хоёр нүдний эвэрлэгт битүү шаргал улаан хүрэн өнгийн шимэгдэж байгаа цус харвалттай гэсэн нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Энэ гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-ийн 94-95/

 

11. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/

12. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64-67/

13. Шүүгдэгч Л.Ш-ийн өвчний түүхийн хуулбар, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 69-73, 52/

14. Шүүгдэгч Ц.Т-ы өвчний түүхийн хуулбар, хувийн байдалтай холбоотой баримтууд  /хх-ийн 74-78, 51/  болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байх ба шүүгдэгч нар хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Ц.Т-, Л.Ш-нар 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг Эрчимийн 4 дүгээр гудамжны 6 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, зодолдсоны улмаас Ц.Т-ы биед духанд шарх гэмтэл, Л.Ш-ийн биед тархи доргилт, хоёр нүдний эвэрлэгт цус харвалт гэмтэл учирсан болох нь шүүгдэгч, гэрчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:

 

Хэрэгт авагдсан баримтаар Ц.Т-, Л.Ш-нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байгаа боловч хэн аль нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ц.Т-, Л.Ш-нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял тус тус сонсгосныг болон шүүгдэгч нар хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

      

Шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж чанар, прокурорын саналыг харгалзан  шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1-д заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.Т-, Л.Ш-нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны зардалгүй болно.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,  3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Харчин овогт Цэнджавын Ц.Т-, Алтан-Овоо овогт Лхагвасүрэнгийн Л.Ш- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Т-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Л.Ш-  450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Т-, Л.Ш-нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2 /хоёр/ сарын хугацаанд төлүүлэхээр тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ц.Т-, Л.Ш-нар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тус тус тайлбарласугай. 

 

5. Шүүгдэгч нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

          

         6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Л.ОДОНЧИМЭГ