Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01428

 

 

 

 

 

 

 

 

 

2023 07 21 210/МА2023/01428

 

 

*.* ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2023/02077 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *.*

Хариуцагч: **.**

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Миний бие 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Си гэх нэртэй чулууг **.** д 20,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр түүнд шилжүүлж өгсөн. Гэвч тэрээр өнөөдрийг хүртэл чулууны үнэ 20,000,000 төгрөгийг төлөөгүй. Иймд **.** гаас чулууны үнэ 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Си гэх чулууг *.* аас авсан. Өмнө нь би Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/912 дугаар цагаатгах тогтоолоор цагаатгагдаж байсан. Шинжээчийн дүгнэлтээр уг чулууг 13,800,000 төгрөгөөр үнэлсэн. Иймд шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 13,800,000 төгрөг төлөхийг зөвшөөрнө гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч **.** гаас 13,800,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *.* д олгож, үлдэх 6,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийн улсын орлогод үлдээж, хариуцагчаас 226,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах 2022/ШЦТ912/ дугаартай тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ДШМ/250 дугаартай магадлалаар Си гэх чулууг 20,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон талаар дүгнэлт хийсэн бөгөөд гэрчийн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг зэргийг шүүхийн тодорхойлох хэсэгт дурдсан.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Си гэх чулууг 20,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон нь тогтоогдсон байхад гэрээний үнийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч *.* хариуцагч **.** д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 13,800,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан.

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ... Си гэх нэртэй чулууг **.** д 20,000,000 төгрөгөөр худалдсан гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ Шинжээчийн дүгнэлтээр чулууг 13,800,000 төгрөгөөр үнэлсэн тул энэ үнийн дүнгээр төлнө гэж үгүйсгэн маргасан.

4. Талуудын хооронд 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Си гэх нэртэй чулуу худалдах-худалдан авах хэлцэл амаар байгуулагдсан, нэхэмжлэгчээс тухайн чулууг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагчаас нэхэмжлэгчид чулууны үнийг төлөөгүй үйл баримт тогтоогдсон.

5. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

5.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд гэрээний гол нөхцөл буюу талуудын тохиролцоо нь гэрээний зүйл болон үнэ байдаг.

Талууд гэрээний үнийн талаар маргасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох чулууны үнийг 20,000,000 төгрөг гэж тодорхойлсон бол хариуцагч уг үнийн дүнг үгүйсгэсэн. Мөн хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно. Талууд гэрээний үнийг 20,000,000 төгрөгөөр тохиролцсон гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй.

5.2 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/912 дугаар цагаатгах тогтоолд хохирогч *.* ын ...Чулууг 13,800,000 төгрөгөөр үнэлсэн ба ...Одоо энэ үнийг нэхэмжилж байна гэх мэдүүлгээс /хх 4 талын ар нүүр/ үзвэл анхан шатны шүүх хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр гэрээний үнийг 13,800,000 төгрөг гэж дүгнэн, уг хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгтэй харшлахгүй.

6. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах 2022/ШЦТ912/ дугаар тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ДШМ/250 дугаар магадлалд гэрээний зүйл болох Си гэх чулууг 20,000,000 төгрөгөөр үнэлсэн талаар буюу гэрээний үнийг тогтоосон үйл баримтыг тогтоогоогүй байна. /хх 4-13/ Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2023/02077 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй. .

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

М.БАЯСГАЛАН