| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 139/2018/00052/Э |
| Дугаар | 57 |
| Огноо | 2018-06-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж
Нарийн бичгийн дарга Т.Түвшинбаатар
Улсын яллагч Т.Төмөртулга
Шүүгдэгч Б.Б-нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Б- холбогдох эрүүгийн 1822001050059 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамир эрүүл мэндийн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дундговь аймгийн Гурвансайхан сумын 5 дугаар баг, Чингийн 3 дугаар гудамжны 4 тоотод оршин суух, тус шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, үндэсний бөхийн сумын заан цолтой, жудогийн спортын дэд мастер цолтой гэх Бурхант овогт Баатарчулууны Б.Б- /регистрийн дугаар ЗГ94120311/
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Б-2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тус аймгийн Гурвансайхан сумын төвд иргэн С.Сэр-Од-Янживтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч Б.Б-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр найз Э.Манал, Ц.Мөнгөншагай хоёр манайд ирсэн. Бид гурав хашааны гадна юм яриад сууж байтал С.Сэр-Од-Янжив “хөдөөнөөс ирж байна” гэж Э.Маналруу ярьсан. Бид дөрөв мөнгө нийлүүлж хоёр пиво аваад, сумын зүүн хойд талд байх ажилладаггүй шатахуун түгээх станцын тэнд очиж уусан. С.Сэр-Од-Янжив бид хоёр “Давших зам” хоршооноос дахин хоёр пиво авчирч уусан. Удалгүй хүргэн ах надруу “хүүхэд харж бай” гэж ярихаар нь би явсан. Гэрт очоод байж байтал Э.Манал надруу залгаад “С.Сэр-Од-Янживын дуран алга болчихлоо, бид хэдийг авсан гээд байна, чи хүрээд ир” гэж хэлэхээр нь очиход С.Сэр-Од-Янжив, Ц.Мөнгөншагай хоёр маргалдсан бололтой байж байсан. С.Сэр-Од-Янжив намайг авсан гээд байхаар нь “өмнө нь алдаж байсан болохоор ингэж байгаа юм байна” гэж бодоод С.Сэр-Од-Янживтай муудалцаад түүнийг өшиглөсөн. Өшиглөхөд С.Сэр-Од-Янжив ардаа байсан мотоциклийг түшиж унасан.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруу гэв.
Хохирогч С.Сэр-Од-Янживын “... Би 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Э.Манал, Ц.Мөнгөншагай, Б.Б-нарын хамт сумын төвийн хойно байдаг хуучин шатахуун түгээх станцын байранд орж пиво ууцгаасан. Миний бүсэнд зүүлттэй байсан хоёр нүдний дуран алга байхаар нь хамт байсан найз нарыгаа хардаад бид нарын хооронд маргаан болсон. Ц.Мөнгөншагай уурлаад миний нүүрэнд гараараа нэг удаа цохисон. Тухайн үед надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Дараа нь Б.Б-ирээд миний нүүрэнд нэг удаа өшиглөсөн...Тэгэхэд нь би арагшаа савж газар ойчсоны улмаас миний баруун нүдний хөмсөг болон ар дагзны хэсэгт язарсан байсан. Өөр гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/
Гэрч Э.Маналын “... 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Ц.Мөнгөншагай, Б.Б.Б-, С.Сэр-Од-Янжив бид дөрөв сумын төвийн зүүн хойно байрлах хуучин шатахуун түгээх газарт пиво 4 ширхэгийг уусан... Б.Б.Б-ийг хүргэн ах нь утсаар дуудаад яваад өгсөн, би удалгүй сумын төв орохоор явсан. Хуучин шатахуун түгээх газарт Ц.Мөнгөншагай, С.Сэр-Од-Янжив нар үлдсэн. Би сумын төврүү ороод явж байтал С.Сэр-Од-Янжив надруу залгаад “миний хоёр нүдний дуран алга болчихлоо” гэхээр нь би Б.Б.Б-ийг утсаар дуудчихаад хуучин шатахуун түгээх газарт очиход С.Сэр-Од-Янжив, Ц.Мөнгөншагай нар хоорондоо муудалцчихсан зогсож байсан... Б.Б-сумын төвөөс ирээд С.Сэр-Од-Янживт хандаж “яасан юу болоод байгаа юм бэ” гэхэд С.Сэр-Од-Янжив “дуран алга болчихлоо, та нар гаргаж өг” гэтэл Б.Б-гэнэт С.Сэр-Од-Янживыг өшиглөсөн. Яг хаана өшиглөснийг нь би сайн мэдэхгүй байна, гадаа харанхуй болж байсан болохоор сайн харагдахгүй байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/
Гэрч Ц.Мөнгөншагайгийн “... С.Сэр-Од-Янжив “миний хоёр нүдний дуран алга болчихлоо” гэхээр нь би Б.Б.Б-, Э.Манал нарыг утсаар дуудчихаад байж байтал С.Сэр-Од-Янжив “дуран гаргаж өг” гээд надруу чанга дуугаар хашгираад байсан. Би С.Сэр-Од-Янживт хандаж “чи яагаад намайг авсан гээд байгаа юм бэ” гэхэд “миний хоёр нүдний дуранг та хэд авсан” гээд байсан. Тэгж байтал Б.Б.Б-, Э.Манал нар сумын төвөөс ирээд “яасан юу болоод байгаа юм бэ” гэхэд С.Сэр-Од-Янжив “дуран алга болчихлоо, та нар гаргаж өг” гэхэд Б.Б-гэнэт уурлаад С.Сэр-Од-Янживыг өшиглөсөн. Яг хаана өшиглөснийг нь би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/
- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 3
дугаар сарын 29-ний өдрийн 180200125 дугаартай дүгнэлтэд
“1. С.Сэр-Од-Янживын биед баруун хөмсөг, дагзанд шарх, дээд уруулд цус хуралт, баруун мөрөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.
4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 25/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
- Эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 26/
- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 28-29/
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/
- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 52-56/
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 40-46, 57-59, 61/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байх ба шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.Б-2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тус аймгийн Гурвансайхан сумын төвд С.Сэр-Од-Янживтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газар өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Иймд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:
Хохирогч С.Сэр-Од-Янжив тус аймгийн Цагдаагийн газарт болон шүүхэд гаргасан хүсэлтдээ “миний бие эмчилгээний зардал болох 500000 төгрөг авч хохирлоо барагдуулсан тул гомдолгүй” /хх-ийн 65/ гэсэн байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж шүүх үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Б- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокуророос түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял сонсгосныг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б.Б-ийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж чанар, прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бурхант овогт Баатарчулууны Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б- 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б- оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 /гурван/ сарын хугацаанд буюу тухайн сарын 25-ны өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.Б- шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б- авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ