| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Ариунбаяр |
| Хэргийн индекс | 140/2022/00542/И |
| Дугаар | 205/МА2023/00024 |
| Огноо | 2023-08-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 205/МА2023/00024
Р.Цагаанбаатарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Намхайдорж даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 140/ШШ2023/00260 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: Р.Цагаанбаатарын нэхэмжлэлтэй, М.Алтангэрэлд холбогдох 128 нэр төрлийн эд хөрөнгийн үнэ 22.277.073 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн, хариуцагч М.Алтангэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Нэхэмжлэгч Р.Цагаанбаатар нь хариуцагч М.Алтангэрэлд холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үнэ 22.277.073 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Малын их эмч миний бие нь ...20 гаран жил хүч хөдөлмөрөө зориулан байгуулсан мал эмнэлэгийн ариун цэврийн лаборторио Улиастай сумын хүн амыг хүнсээр хангах, худалдаа хийдэг ажлын чиг үүргийн дагуу худалдах хүсэлт гаргасан билээ. Гэтэл аймгийн засаг дарга Д.Батсайхан таньтай уулз гэж явууллаа гээд Манлай баян ургац ХХК-ний захирал М.Алтангэрэл эхнэр Отгон нар нь баруун бүсэд байрлаж байгаа манай лабораторийн өрөөнд ирж уулзаж компани маань махны бизнес эрхэлж хиам хийдэг тул махны шинжилгээний лабораторитай болох хэрэгцээтэй байна. Таныг лаборатори худалдах гэж байгаа гэж Батсайхан дарга хэллээ. Лабораторийг худалдан авья, үнэ өртгийг нь удаахгүй өгнө гэхээр нь ...хүлээн зөвшөөрч тохиролцсон юм. Ингээд...128 төрлийн 22.277.073 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг байран дотор нь нэг бүрчлэн үзүүлж жагсаалт үйлдэн хүлээлгэн өгч гарын үсэг зурж, хүлээлгэн өгсөн...Надаас хүлээн авсан эд хөрөнгийн үнэ 22.2 сая төгрөгнөөс 3 сарны дараа 8 сая төгрөг бэлнээр өгснөөс хойш олон удаа нэхсэн боловч нэг ч төгрөг өгөөгүй...128 нэр төрлийн 22.277.073 төгрөгийн эд хөрөнгийг бүрэн бүтэн байдлаар нь буцаан авч өгч иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Алтангэрэл нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ,
Лаборторийг аймгаас манай үйлдвэрийг дэмжих зорилгоор өгч байна гэж ойлгосон. Манайд лаборторийг худалдан авах хүсэл зориг байхгүй байсан. Худалдсан бол манайх авахгүй байсан гэж маргажээ...
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Манайх хиамны үйлдвэрийг анх гэрийнхээ доод давхар байгуулаад 4 жил ажиллуулсан. Гэтэл тэр байр нь хиамны үйлдвэр явуулахад стандарт нь биш байсан учраас эхнэр бид хоёр ярилцаад хашаа байшин аваад стандартын дагуу хиамны үйлдвэр барьсан. Тэгээд хиамны үйлдвэрээ эрхлээд байж байгаад лабораторитой баймаар юм байна гэж үзээд аймгийн Засаг даргад хоёр ч удаа хүсэлт өгч байсан. Ингэхдээ бидний ажлыг дэмжээд лабораторитой болгож өгнө үү, тэр лаборатори нь олон зүйл хэрэглэхгүй авсаархан сүүлийн үеийн лаборатори баймаар байна аваад өгчхөөч гэж хандсан чинь аймгийн Засаг дарга тийм боломж байхгүй гэж хэлсэн. Тэгээд манай компани хиамны үйлдвэрийн нээлтээ 2019 оны 12 дугаар сарын 16-нд хийсэн юм. Ингэж нээлтээ хийхдээ орон нутгийн удирдлагуудыг урьсан. Тэгсэн тэр үеэр аймгийн Засаг дарга Тэс сум руу ажилтай явсан учраас аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа гэдэг хүнийг явуулсан байсан. Ц.Балхярваа дарга манай хиамны үйлдвэрийн нээлтэд оролцохдоо дуртай тоног төхөөрөмжөө авхуулаарай гэж аймгийн Засаг дарга хэлсэн шүү гэж хэлсэн. Тэгээд нээлтийн дараа хэд хоноод аймгийн Засаг дээр орсон. Та манай үйлдвэрийн нээлтэд нэг зүйл амласан. Та хиамны үйлдвэрийн тоног төхөөрөмж ч юм уу нэг зүйл аваад өгчих гэж хэлсэн чинь, тийм зүйл авч өгөх боломж байхгүй, Б.Мэндбилэг гэдэг хүн лабораторио зарах гэж байгаа та хоёр очоод үзээдэхээс тэр лабораторийг зохицуулаад өгье гэсэн. Тэгэхээр нь би эхнэрээ дагуулаад тэр лабораторийг нь очиж үзсэн. Тэгсэн чинь энд тэндээс цуглуулсан, нэлээн хуучивтар зүйл байхаар нь би эхнэртээ ийм хуучин зүйлээр яах юм бэ, дараа нь өөр зүйл авч болох байлгүй гэж хэлсэн чинь эхнэр өө яах юм бэ, Засаг дарга зүгээр үнэгүй өгч байгаа юм чинь гээд авчихъя гэхээр нь тэр лабораторийг авсан. Тэр үед Б.Мэндбилэг сумын ИТХ-ын дарга байсан 8.000.000 төгрөгийг сан хөгжүүлэх сангаас мөнгийг нь шилжүүлж авсан. Үлдсэн мөнгийг нь аймгийн сан хөгжүүлэх сангаас өгнө гэж аймгийн Засаг дарга Д.Батсайхан ярьсан юм байна лээ. Тэгээд аймгийн Засаг дарга үлдсэн мөнгийг нь өгөөгүй юм байна лээ. Б.Мэндбилэг гэдэг хүн өөрөө сумын ИТХ-ын дарга байсан учраас сумаас 8.000.000 төгрөгөө гаргуулаад явчихсан юм байна лээ. Улиастай сумын сум хөгжүүлэх сангаас 8.000.000 төгрөг манай данс руу орж ирснийг 2 хоногийн дараа ирээд Хаан банкнаас гаргуулж аваад явсан. Б.Мэндбилэг гэдэг хүнтэй л наймаа хийж лабораторийг нь авснаас Р.Цагаанбаатар гэдэг хүнийг огт танихгүй. Гэтэл нэхэмжлэл дээрээ Р.Цагаанбаатартай наймаа хийсэн, мөнгийг нь Манлай баян ургац ХХК-ийн М.Алтангэрэл, Отгон 2 өгнө гэсэн зүйл яриад байгаа...Би хүний эд зүйлийг худлаа хэлж хулгай хийж аваагүй, аймгаас бид хоёрын үйл ажиллагааг дэмжээд өгч байна гэж бодоод авсан... Одоо ингээд шүүхээр яваад байгаад би гомдолтой байна. 8.000.000 төгрөгөө авчхаад одоо үнийг нь нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2-т тус тус зааснаар хариуцагч Манлай баян ургац ХХК-иас 22.277.073 /хорин хоёр сая хоёр зуун далан долоон мянга далан гурван/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Чулуут овгийн Рэнчинжүгдэрийн Цагаанбаатарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Р.Цагаанбаатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269.335 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Манлай баян ургац ХХК-иас 269.335 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Цагаанбаатарт олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга:
...2019 оны 12 дугаар сарын 17-нд манай компани үйлдвэрийнхээ нээлтийг хийж, орон нутгийн удирдлагуудыг урьсан. Энэ үед аймгийн Засаг дарга Д.Батсайхан Тэс сум руу ажилтай явсан учраас аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа гэдэг хүнийг явуулсан байсан. Ц.Балхярваа дарга манай хиамны үйлдвэрийн нээлтэд оролцохдоо: "За энд хуран цугларсан үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож байгаа та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг дэвшүүлье. Манай Манлай баян ургац компанийн шинэ байрны нээлт болж байна Завхан аймаг энэ 2 Их хурлын гишүүний улсын төсвийн хөрөнгөөр тавигдсан олон зам гүүр барилга олон салбарт олон бүтээн байгуулалтын томоохон ажлууд орсноос гадна аймгийн засаг даргын үндсэн чиглэлд сууж иргэдийн хурлаар батлуулан орж байгаа олон бүтээн байгуулалтын ажлууд эд нээлтээ хийж ажиллаж байгаагийн зэрэгцээ энэ хүмүүс маань хувиараа компаниа байгуулж өөрсдийнхөө хөрөнгөөр компаниа босгож сэтгэл зүтгэл гаргаж ажлын байрыг аймагтаа нээж өөрсдийнхөө хүч хөрөнгөөр ингэж сайхан бүтээн байгуулалт хийж ажлын байрыг нэмэгдүүлж байгаа явдал нь бол хувь хүмүүс өөрсдөө хичээхийн бол бас дээрээс нь төр засаг үйл ажиллагаа явуулахад нь туслалцаа дэмжлэг үзүүлж ажиллах юм бол хүмүүс маань иргэд маань компанийнхан маань ингэж хөгжиж болдгийн жишээг харуулж байгаа нэг үлгэр дуурайлал аа гэж үзэж байна аа тэгээд энэ компани захирлууд удирдлагууд энийг бүтээн байгуулж байгаа хүмүүст аймгийнхаа нийт иргэдийн өмнөөс болон засаг даргын нэрийн өмнөөс бас баярласан талархсанаа илэрхийлж цаашдынх нь ажилд улам их амжилт хүсэж, үйлдвэрлэлийн технологи нь улам их өргөжиж ажлын байр нь нэмэгдэж орлого эдийн засгийн өсөлт нь бур их нэмэгдэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлье уг нь болдог бол жижиг дунд үйлдвэрлэлийн золийг л энэ хүмүүст өгч баймаар байгаан тэгэхээр хараахан аймгууд дээр жижиг дунд үйлдвэрлэлийн зээл олгов оо гээд ирж байгаа ч гэсэн шалгуур нь өндөр болж хүмүүс нь хүрэхгүй ингээд байгаа явдал нь бол манай дээд удирдаж байгаа төр засгийнхнаа буруу үйл ажиллагаа байгаа гэж ойлгож байгаа үнэхээр км хийж байгаа бүтээж байгаа ажлын байраа нэмэгдүүлсэн үйлдвэрлэл нь яваад эхэлцэн хүмүүстээ энэ жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг өгмөөр байгаа аймаг ч гэсэн энэ хүмүүс рүүгээ хандаж бас үйл ажиллагааг нь хөгжүүлэх тал дээр аарч ажиллана гэдгээ илэрхийлж аймгийн ЗД бид 2-н хувьд үйлдвэрийн нээлтэнд оролцож байгаагийн хувьд үйлдвэрт шаардлагатай бас тоног төхөөрөмжүүдээс нь авч өгч бэлэглэх ийм зүйлийг Отгоотойгоо ярьж байгаад нээлтийн бэлэг болгож өгнөө гэдгээ амлая аа та бүхэнд улам их ажлын амжилтыг хүсэн ерөөе" гэж хэлж, бидний үйл ажиллагааг дэмжиж үйлдвэрт шаардлагатай тоног төхөөрөмжийг авч, өгч бэлэглэнэ гэдгээ амласан Гэтэл шүүхэд худал мэдүүлж манай компани тоног төхөөрөмж өгнө гэж амлаагүй гэж 150 хуний өмнө болон аймгийн ТВ-ээр Завхан аймгийн бүх ард иргэдэд мэдээлэгдсэн илэрхий ярьсан зүйлээ яриагүй гэж худал хэлсэн байгааг гайхаж байна.
Тэгээд нээлтийн дараа хэд хоноод аймгийн Засаг дарга Д.Батсайхантай уулзаж та хэд маань манай үйлдвэрийн нээлтэд тоног төхөөрөмж амласан. Та хэд маань хиамны үйлдвэрт шаардлагатай тоног төхөөрөмжүүдээс нь авч өгч бэлэглэхийг амласан тийм учраас тоног төхөөрөмж ч юм уу нэг зүйл аваад өгчих гэж хэлсэн чинь, тийм зүйл авч өгөх боломж байхгүй юм байна. Харин хурлын дарга Б. Мэндбилэг нь "миний 20 гаруй жил ашигласан хуучин мал эмнэлгийн лаборатори байгаа, одоо ашиглагдахгүй байгаа лабораторийг борлуулж өгөөч ээ аймаг орон нутагт авдаг юм уу Баруун бүсийн худалдааны төвд ч юм уу ямар нэгэн байдлаар борлуулж өгөөч гээд хүсэлт тавиад байгаа тэр лабораторийг очоод үзээдэх, та хэдийн хэлж байгаа шиг яг шинийг бол бид авч өгөх боломжгүй, хувийн хэвшлийг дэмжиж тоног төхөөрөмж авч өгөх заалт байдаггүй юм байна.
Мэндбилэг тал мөнгийг нь Улиастай сумын Засаг даргын тамгын газраас гаргаж шийдье, тал мөнгийг нь аймгийн Засаг даргын тамгын газраас гаргаж өгөөд танай компанид бэлгэлье ээ гэдэг хариу өгсөн. Тэгэхээр нь би эхнэрээ дагуулаад тэр лабораторийг нь очиж үзсэн. Гэтэл энд тэндээс цуглуулсан, нэлээн хуучивтар зүйл байхаар нь би эхнэртээ ийм хуучин амбасан үеийн зүйлээр яах юм бэ, дараа нь өөр зүйл авч болох байлгүй гэхэд эхнэр "яах вэ, Засаг дарга шинэ тоног төхөөрөмж авч өгөх боломжгүй гээд байгааг ойлгохгүй байна уу хуучин ч гэсэн бэлгэнд өгч байгаа юм чинь авъя" гэхээр нь тэр лабораторийг авсан. Үнэ ханшны талаар юу ч тохиролцоогүй. Бидэнд нэхэмжлэгчээс мал эмнэлгийн лабораторийн тоног төхөөрөмжийг худалдаж авах хүсэл зориг байгаагүй. Бид нарын ажлыг дэмжин аймгаас туслалцаа үзүүлж лабораторийн тоног төхөөрөмж өгсөн гэж ойлгосон. Хэрвээ худалдаж авахаар байсан бол бид үүнийг 3 саяар худалдаж авахгүй 60, 70-ад оны хэрэглээнээс гарсан, хугацаа нь 10 жилийн өмнө дууссан хуучин багаж нарыг авахгүй байсан. Бидэнд үйлдвэрийн нээлтэд аймгийн Засаг дарга шаардлагатай лабораторийн тоног төхөөрөмжийг бэлэглэж өгнөө гэдгийг амлаагүй бол бид тухайн үед лабораторийн орчин үеийн шинэ тоног төхөөрөмж /ухаалаг лаборатори/-ийг 14.000.000-16,000,000 төгрөгийн үнэтэй байхад бид энэ хуучин лабораторийг худалдаж авахгүйгээр өөрсдөө ухаалаг лабораторийг худалдаж авах байсан. Тухайн үед манай эхнэр ухаалаг хүнсний /хиамны/ лабораторийн тоног төхөөрөмжийг ашиглах сургалтад хамрагдсан байсан.
Итх-ын дарга Ц.Балхярваа нь хиамны үйлдвэрийн нээлтэд оролцохдоо аймгийн ЗД бид 2-н хувьд үйлдвэрийн нээлтэд оролцож байгаагийн хувьд үйлдвэрт шаардлагатай бас тоног төхөөрөмжүүдээс нь авч өгч бэлэглэх ийм зүйлийг Отгоотойгоо ярьж байгаад нээлтийн бэлэг болгож өгнөө гэдгээ амлая аа" гэдэг байдлаар хүсэл зоригоо илэрхийлж Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэлцэл хийгдсэн байна. Үйлдвэрт шаардлагатай тоног төхөөрөмжийг авч өгч бэлэглэнэ гэдгээр ИТХ-ын дарга хүсэл зоригоо илэрхийлсэн өөртөө үүрэг хүлээж нэг талын хэлцэл хийсэн гэж үзэхээр байна.
Үйлдвэрийн нээлт болсноос хойш хэд хоногийн дараа би аймгийн Засаг Даргатай уулзахад манай сумын хурлын дарга Б. Мэндбилэг маань миний 20 гаруй жил ашигласан хуучин лаборатори байгаа, одоо ашиглагдахгүй байгаа лабораторийг борлуулж өгөөч ээ аймаг орон нутагт авдаг юм уу Баруун бүсийн худалдааны төвд ч юм уу ямар нэгэн байдлаар борлуулж өгөөч гээд хүсэлт тавиад байгаа тэр лабораторийг очоод үз, яг шинийг бол бид авч өгөх боломжгүй, хувийн хэвшлийг дэмжиж тоног төхөөрөмж авч өгөх заалт байдаггүй юм байна. Мэндбилэг тал мөнгийг нь Улиастай сумын Засаг даргын тамгын газраас гаргаж шийдье, тал мөнгийг нь аймгийн Засаг даргын тамгын газраас гаргаж өгье гэсэн мөн Мэндбилэгийн хүсэлтийг харгалзаж үзээд танай компанид бэлгэлье ээ гэдэг хариу өгсөн. Ингээд бид бэлэглэлийн журмаар олгогдох юм чинь гэж лабораторийг тоног төхөөрөмжийн хамт шилжүүлэн авсан. Энэ нь Иргэний хуулийн 276.5-т хамаарч байгаа ба Иргэний хуулийн 276.2-т зааснаар бэлэглэлийн гэрээний үүрэг нэн даруй гүйцэтгэгдсэн бол уг гэрээ нь хүчин төгөлдөр болохын тулд нотариатаар гэрчлүүлсэн байх хэлбэрийн шаардлагыг хангасан байх шаардлагагүй гэж тайлбарласан байдаг.
Иймээс 2019 оны 12 сарын 17-ны өдөр Үйлдвэрийн нээлтэд ИТХ-ын дарга Ц.Балхярваа нь аймгийн Засаг дарга бид 2 үйлдвэрт шаардлагатай тоног төхөөрөмжүүдээс авч өгч бэлэглэнэ гэдгээ амлаж Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 2-т зааснаар нэг талын хэлцэл хийсэн байна. Үүний дагуу М.Алтангэрэл нь аймгийн Засаг даргаас амлалтаа биелүүлэхийг хүсэхэд манай сумын хурлын дарга Б.Мэндбилэг лабораторийг төрд ч юм уу, хувьд ч юм уу ямар нэгэн байдлаар борлуулаад өгөөч гэж хүсэлт тавиад байгаа тэр лабораторийг очоод үзээд, тэрийг бэлэглэнэ гэх амлалтандаа өгье гэсний дагуу би эхнэрийн хамт лабораторийг үзэж хуучин ч хамаагүй бэлэглэж байгаа гэсэн санаа зорилгоор тэр лабораторийг тоног төхөөрөмжийн хамт авсан.
Анхан шатны шүүхийн дүгнэснээр Р.Цагаанбаатар бид 2-ын хооронд Иргэний хуулийн 243.1-т заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзвэл уг гэрээний талууд буюу худалдан авагч М.Алтангэрэл би тухайн эд хөрөнгийг худалдан авах хүсэл зоригтой, түүнийгээ худалдагчид тухайн эд хөрөнгийг худалдан авах санал тавьж, эд хөрөнгийн үнэ бусад нөхцөлүүдийн талаар харилцан тохиролцсон байдаг. Мөн худалдах, худалдан гэрээ нь хоёр талын гэрээ байдаг. Гэтэл бидэнд тухайн лабораторийг худалдан авах хүсэл зориг байгаагүй. Бид Р.Цагаанбаатарт лабораторийг худалдаж авъя гэдэг саналыг тавиагүй ээ.
Бид аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга нар үйлдвэрт хэрэгтэй тоног төхөөрөмжийг авч бэлэглэнэ гэж амласан, мөн аймгийн Засаг дарга тэр лабораторийг очоод үз би зохицуулна гэж хэлсний дагуу уг лабораторийг тоног төхөөрөмжийн хамт орон нутгийн удирдлагуудын зүгээс бидний үйл ажиллагааг дэмжихээр бидэнд амласныхаа дагуу бэлэглэлийн журмаараа өгнөө гэдгээр бид ойлгож, амласан бэлгээ өгч байна гэж ойлгож лабораторийг авсан. Би тухайн лабораторийг бэлэглэлийн журмаар л авах хүсэл зорилготой байсан. Анхан шатны шүүх хүсэл илэрхийлэгчийн хэрэгцээ шаардлага, үгийн болон үйлдэл эс үйлдэхүй, бусад нөхцөл байдлуудад дун шинжилгээ хийгээгүй нэг талыг баримталсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Иймээс Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 31-ний өдрийн 140/ШШ2023/00260 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ...Цагаанбаатарын нэхэмжилсэн эд хөрөнгийн тухайд нэгдүгээрт Цагаанбаатарын өөрийн хөрөнгийг энэ компани авсан. Хариуцагч тал тайлбарлахдаа лабораторио зүгээр өгөх шийдвэр гаргасан учраас авсан юм, бид түүнийг нь авах ямар ч хүсэл сонирхол байгаагүй гэж байна. Үүнд тайлбар хэлэхэд нэгдүгээрт Мэндбилэгт ямар ч лаборатори байхгүй. Хоёрдугаарт мөнгө шийдэх эрх мэдэл нь надад байхгүй. Би Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга хийж байсан. Хурлын дарга гэдэг бол 30 хүн хурал хийгээд шийдвэр гаргахаар нь тэр шийдвэрийг нь баталж гарын үсэг зурдаг л албан тушаал. Түүнээс мөнгө ч байхгүй. Би эдний үйлдвэрийн нээлтэд очоогүй, мөнгө өгнө гэж амлаагүй. Таньж мэддэг ч үгүй. Ер нь тэгээд хувийн эд хөрөнгийг төрийн дарга нар хувьдаа бэлгэнд өгч болдог юм уу, Цагаанбаатарыг танихгүй, уулзаж ч байгаагүй гэж байна. Гэтэл тухайн үед танай авгай лабораторио зарах гэж байгаа юм байна уулзуулж өгөөч гэж над дээр ирсэн. Тэгээд би Цагаанбаатарт хэлээд уулзуулсан. Тэгээд очиж уулзаад, өдөр судраа тохироод хэд хоногийн дараа бүх тоног төхөөрөмжүүдийг ачаад явсан байсан. Цагаанбаатар баруун бүсийн худалдааны төвийн 1 давхарт жижиг өрөө гаргаад 3,0 сая төгрөгөө зарцуулаад тохижуулаад тоног төхөөрөмжөө бүгдийг нь байрлуулсан байсан. Байсан бүх тоног төхөөрөмжүүдээ жагсаалт үйлдээд гарын үсгээ зураад хүлээлгэж өгсөн байсан. Эднийх авъя гээд авсан. Энэ чинь хүсэл сонирхолгүйдээ хүлээж авсан юм уу, хүчээр гэрт нь аваачиж өгөөгүй, өөрсдөө авъя гэж гуйсаар байгаад авсан. Манай эхнэр лабораторио зарах гэсэн шалтгаан нь 20 гаран жил нийтдээ 30 гаран жил малын эмчийн ажил хийгээд тэтгэвэртээ гарсан. Одоо ажиллуулж чадахаа байлаа. Улиастай сумын хүн амын хүнсний хангамж аюулгүй байдлаа бодоод худалдаад авчих, хүнийг нь сургаад өгье гэсэн хүсэлтээ бүр өмнө нь Батсайхан даргад хэлсэн байсан. Түүнийг нь далимдуулж авсан. Нэгэнт эдний компани хүний эд хөрөнгийг баримт үйлдээд авчихсан. Одоо 3, 4 жил болж байна. Энэ асуудал шийдэгдэхгүй явсаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгсөн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Хариуцагчийн өмгөөлөгч Цагаанбаатар тоног төхөөрөмжүүдээ төрд худалдсан гэж байна. Цагаанбаатар гэдэг хүн Алтангэрэл гэдэг хүнд, Манлай баян ургац компанид худалдсанаас биш төрд худалдаагүй. Төртэй харилцаагүй. Мэндбилэгийн нэр холбогдоод байгаа нь Цагаанбаатар миний гэр бүлийн хүн учраас холбогдуулж яриад байдаг. Тоног төхөөрөмжийн жагсаалтыг тухайлан хараагүй, харилцан үнэ тохиролцоогүй гэж байна. Гэтэл баримт үйлдээд тоног төхөөрөмжийн нэр төрөл, үнийн дүнг жагсааж бичээд хүлээлгэж өгсөн, хүлээн авсан шүү дээ гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: ...Тухайн үед хиамны үйлдвэр байгуулаад нээлтээ хийхэд аймгаас Балхярваа дарга нээлтэд оролцсон. Нээлтэд оролцохдоо бэлэглэе гээд бэлэглэсэн, Завхан аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд телевизээр яригдсан, тухайн үед нээлтэд оролцсон 150 гаруй хүмүүсийн өмнө амласан гэж ярьдаг. Гэтэл амласан гэдэг нь нотлогдохгүй байна. Балхярваа өгсөн мэдүүлэгтээ би ямар нэгэн зүйл амлаагүй, аймгийн Засаг дарга Батсайхан ч надад ямар нэгэн чиглэл өгөөгүй гэдэг. Энэ нөхцөл байдлууд нь анхнаасаа мэх мэхэндээ унана гэдэг болсон. Анх эхлээд аймгийн Засаг дарга тодорхой хувийг нь аймгаас гаргах нөхцөл боломж юу байна гэдэг тийм чиглэл өгч байсан юм байна лээ. Хариуцагч талын гаргасан хүсэлтэд тийм тайлбар байдаг. Тэр дагуу эднийхийг тоног төхөөрөмж авахад нь зориулж дэмжлэг үзүүлэх байсан 20,0 сая төгрөг ирэхгүй болохоор нь 8,0 сая төгрөгийг Мэндбилэг нөлөөлөөд, хахууль авсан байна гэж шийтгэсэн. Түүнээс тоног төхөөрөмжтэй нь холбогдуулж Авлигатай тэмцэх газар асуудал яриагүй. 8,0 сая төгрөгийг гаргахад нөлөөлсөн юм уу, үгүй юм уу гэдгээр шалгаад эцэстээ Улиастай сумаас гаргахгүй мөнгийг хариуцагч компанид гаргаж өгөхөд албан тушаалаа ашиглаж нөлөөлсөн, эднийд дэмжлэг үзүүлсэн байна гэдэг байдлаар Авлигатай тэмцэх газар асуудлыг шийдвэрлэсэн. Нөгөө талаас анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж ярьсан. Ингэхдээ 8,0 сая төгрөгөө авчхаад одоо үнийн дүн нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг. Энэ нь өөрөө ямар утга илэрхийлж байна гэхээр одоо нэхэмжлээд байгаа 22,0 сая төгрөгөөс танайх 8,0 сая төгрөгийг авчихсан юм биш үү гэсэн утга илэрхийлж байна. Тэгэхээр 20,0 сая төгрөг өгөхгүй 8,0 сая төгрөг өгчихөөр хариуцагч тал Мэндбилэг тэрийг авсан бид нар аваагүй гэж өөрийнхөө дансаар орж ирсэн мөнгийг авч өгчхөөд Мэндбилэг рүү бухсан. Тийм учраас мөнгө төгрөгийн асуудал гарч ирсэн. Тийм учраас эхлээд Мэндбилэгийг гүтгээд асуудлыг шийдвэрлүүлсэн учраас манайх аваагүй гэдэг. Хариуцагч тал бэлэглэлээр тоног төхөөрөмжүүдийг авсан гэдэг боловч бэлэглэсэн гэдэг асуудал хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддоггүй. Хариуцагч талын яриад байгаа нээлтийн бичлэгийг анхан шатны шүүх хуралдаан дээр үзье гэхэд хэн нь ч зөвшөөрөөгүй өнгөрсөн. 8,0 сая төгрөг бол эднийхийг дэмжиж сумын Засаг даргын Тамгын газар сум хөгжүүлэх сангаас өгсөн мөнгө. Тэрийг нь хариуцагч компани буруу ойлгоод өөрийнхөө мэхэнд өөрсдөө унасан. Хариуцагч талын өмгөөлөгч гэрээг 2 талын хүсэл зоригийн илэрхийлэл байхгүй байна гэж байна. 2 талын хүсэл зориг илэрхийлэгдээд асуудал шийдэгдсэн байна гэж харж байна. Учир нь худалдагч болон худалдан авагч тал тоног төхөөрөмжүүдийг аль аль нь үзэж харсан. Үзэж хараад зөвшөөрөөд тэнд байсан баримт дээр хүлээж авсан гарын үсгээ зурсан. Гарын үсгээ зурснаар хүчин төгөлдөр болсон. Хоёрдугаарт тоног төхөөрөмжүүдийг ачаад байсан байрлалыг нь өөрчлөөд явсан нь хүсэл зоригийн илэрхийлэл мөн. Авч явсан гэдгээ хариуцагчийн төлөөлөгч өөрөө ярьдаг. Бид өөрсдөө аваад явсан гэдгээ хэлдэг. Мөн урьд өмнө нь аймгийн Засаг дарга, иргэдийн Хурлын дарга 2 амлалт өгсөн зүйл байдаггүй. Дэмжлэг үзүүлээч гэдэг хүсэл зоригийг Манлай баян ургац компани өөрөө нэгдүгээрт газрын асуудлаар хоёрдугаарт тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж өгнө үү гэж илэрхийлж явсан асуудал байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.
Шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан үүрэгээ хэрэгжүүлээгүйгээс маргааны үйл баримтыг оновчтой тодорхойлоогүй, үйл баримтад эрх зүйн дүгнэлтийг үндэслэлтэй хийгээгүй байна.
Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах боломжтой байна.
Нэхэмжлэгч Р.Цагаанбаатар нь хариуцагч Манлай баян ургац ХХК-нд холбогдуулан мал эмнэлэгийн ариун цэврийн лабортори худалдах, худалдан авах гэрээний үнэ 22.277.073 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтангэрэл нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ, Лаборторийг аймгаас манай үйлдвэрийг дэмжих зорилгоор өгч байна гэж ойлгосон. Манайд лабораторийг худалдан авах хүсэл зориг байхгүй байсан. Худалдсан бол манайх авахгүй байсан гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Р.Цагаанбаатар, хариуцагч Манлай баян Ургац ХХК-ны захирал М.Алтангэрэл нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар ариун цэврийн лабортори худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэж, гэрээний үнэ гэж 22.277.073 төгрөгийг хариуцагч М.Алтангэрэлээс гаргуулж, Р.Цагаанбаатарт олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Р.Цагаанбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндбилэг анхан шатны шүүх хуралдаанд Р.Цагаанбаатар бид хоёр бол нэг гэр бүлийн хүмүүс. Р.Цагаанбаатар нь ариун цэврийн лаборторийн тоног төхөөрөмжөө Манлай баян Ургац ХХК-нд 22.277.073 төгрөгөөр худалдсан. 2020 оны 3 сард 8,000,000 төгрөгийг нь надад өгсөн. Сүүлдээ нөгөө 8,000,000 төгрөгийг нь Манлай баян Ургац ХХК-ны дансаар гаргуулж төрийн мөнгө идсэн хэрэгт унаад хэрэгтэн болоод надаар тэр 8,000,000 төгрөгийг нь төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан. Би тухайн үед сумын ИТХ-ын даргаар ажиллаж байсан. гэсэн тайлбар гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар, хэргийн нөхцөл байдлаас харахад нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсан үйл баримттай холбоотой хэргийг эрүүгийн журмаар шийдвэрлэсэн байдал тогтоогдож байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлд дурьдсан үйл баримтын талаарх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа талаарх зохигчидын тайлбарт тодруулах ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй, мөн хэрэгт авагдсан тоног төхөөрөмж шилжүүлэх тухай талуудын гарын үсэг зурсан баримтад хандиваар шилжүүлсэн талаар тусгасан, хариуцагч мөн ийм агуулгатай тайлбар өгсөн байхад үйл баримтын талаар зохигч талуудаас гаргасан тайлбарт, үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь нотлох баримтыг үнэлэх талаарх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.
Энэ нь шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарахад нөлөөлсөн байна.
Хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолыг хавсаргасан байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-д зааснаар анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй нотлох баримтыг давж заалдах гомдолд заах эрхгүй бөгөөд давж заалдах шатны шүүх үнэлэхгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 140/ШШ2023/00260 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагч М.Алтангэрэлийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Алтангэрэлээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269.336 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Б.АРИУНБАЯР