| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 139/2018/00054/Э |
| Дугаар | 60 |
| Огноо | 2018-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж
Нарийн бичгийн дарга Т.Түвшинбаатар
Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ
Шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Ч.Сайнжаргал нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.М-т холбогдох эрүүгийн 1822001520064 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дундговь аймгийн Луус суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Луус сумын 1 дүгээр баг, “Суварга” гэх газар оршин суух, “Тэргүүний залуу малчин” цол тэмдэгээр шагнагдсан, ял шийтгэлгүй гэх Олхонууд овогт Б Б.М- /регистрийн дугаар ЗЮ83103110/
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.М- 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр тус аймгийн Луус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Суварга” гэх газарт эхнэр Э.Мөнхзулыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч Б.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 12 цагийн үед гэртээ байж байхад сумын төвөөс манай эгчийн хүргэн танихгүй 5 хүний хамт ирж надад нэг пиво, нэг шил архи өгөхөөр нь би нэг архи гаргаж өгсөн. Хамт ирсэн нэг хүн нь “та нар намайг барах уу” гэж агсамнаад байсан. Би Ангарагт хандаж “хүн дээрэлхэх гээд байвал хол очиж дээрэлхээрэй чи” гэж хэлчихээд хоньруугаа
явсан. Хонио эргүүлчихээд буцаж байтал өөдөөс ирээд надтай муудалцаж, намайг зодсон. Гэрт ирээд эхнэрийг “цагдаа дууд” гэтэл “дугаарыг нь мэдэхгүй” гэхээр нь уурлаад эхнэрээ алгадсан. Согтуугаар ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна, миний буруу гэв.
Хохирогч Э.Мөнхзулын “...2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр... манай гэрт аймгаас хэдэн хүн ирсэн. Нэг залуу нь согтчихоод хамт явсан хүмүүсээ “барах уу” гээд байхаар нь би уурлаад хөөгөөд гаргасан чинь Б.М-ыг аваад хойд овооруу явсан... Б.М- цус нөжиндөө холилдсон зодуулчихсан ирээд “цагдаа дууд” гэж хэлэхэд нь “цагдаагийн дугаар байхгүй” гэхэд намайг алгадаж, нүүрэнд нэг удаа цохисон. Дараа нь нүүрлүү 2-3 удаа цохиж, хөлрүү хоёр удаа өшиглөсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/
Хохирогч Э.Мөнхзулаас хоёр дахь удаа мэдүүлэг авсан тэмдэглэлд “...Бид хоёр 2014 оноос хойш хамтран амьдарч байгаа, 2 хүүхэдтэй, гэрлэлтээ батлуулаагүй... Бид хоёр эвлэрсэн, хамт амьдарч байгаа, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ /хх-ийн 21-23/
Гэрч Б.Энхжаргалын “... Манай охин Э.Мөнхзул 2014 оноос Луус сумын иргэн Б.М-тай хамт амьдраад 2 хүүхэдтэй болсон... 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр манай охин надруу залгаад “манай нөхөр Б.М- зодлоо” гэж ярьсан... Э.Мөнхзулын толгой болон хөл, гар, цээж, нуруунд нь зодсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/
Гэрч Ж.Мартын “... Би 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр сумын эрүүл мэндийн төвд 19 цаг 10 минутад дуудлага хүлээн авч хөдөө гэрт нь 19 цаг 45 минутад очсон. Очиход Э.Мөнхзул зүүн орон дээрээ хэвтэж байсан ба “манай нөхөр намайг зодчихлоо” гэж хэлсэн. Э.Мөнхзулыг үзэхэд биеийн байдлын амин үзүүлэлт хэвийн, артерийн даралт 110/70, зүрхний цохилт 87... зүүн хацар хавдсан байсан... Э.Мөнхзулд өвдөлт намдаах тариа булчин маханд, тархины хаван хөөх дусал хийж аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/
- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 180200149 дугаартай дүгнэлтэд
“1. Э.Мөнхзулын биед тархи доргилт, дух, зүүн хацар, зүүн чих, эрүү, цээж, баруун даланд зулгаралт, хоёр зовхи, зүүн хацар, баруун чих, цээж, зүүн бугалга, шуу, бугуй, баруун мөр, дал, бугалга, нуруу, зүүн дал, баруун шуу, зүүн ташаа, баруун, зүүн гуя, зүүн шилбэ, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” гэжээ. /хх-ийн 17/
- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 38/
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 13-14/
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 15, 36-37, 43-47/ зэрэг
хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байх ба шүүгдэгч хэргээ
хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.М- 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр тус аймгийн Луус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Суварга” гэх газарт эхнэр Э.Мөнхзулыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудаар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.М- шүүхийн хэлэлцүүлэгт “...Бид 2 гэр бүлээ батлуулаагүй, хамтран амьдраад 4 жил болж байна...” гэж, хохирогч Э.Мөнхзул хэрэг бүртгэлтийн шатанд “...Б.М- бид хоёр 2014 оноос хойш хамтран амьдарч байгаа 2 хүүхэдтэй, гэрлэлтээ батлуулаагүй” /хх-ийн 21-23/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.М-т холбогдуулан тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:
Хохирогч Э.Мөнхзул тус аймгийн Цагдаагийн газарт болон шүүхэд “...Б.М- бид хоёр эвлэрсэн, нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” /хх-ийн 48/ гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн гэж шүүх үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн прокуророос түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял сонсгосныг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.М- энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Олхонууд овогт Батдоржийн Б.М-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм
буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.М-т 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.М-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 /гурван/ сарын хугацаанд буюу тухайн сарын 25-ны өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.М-т шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарласугай.
.
5. Шүүгдэгч Б.М- энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ