| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 102/2016/02354/И |
| Дугаар | 1367 |
| Огноо | 2016-07-22 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 1367
“ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/04155 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “ХХХХХ” ХХК-д холбогдох,
2 464 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 824 200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн
Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Хариуцагч “ХХХХ” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХХХХ” ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр урьдчилгаа төлбөр 2 000 000 төгрөгийг төлж хуванцар хаалга хийлгэх захиалга өгсөн. Манай компани гадагшаа онгойдог, Германы Rehau брэндийн Geneo S980 загварын материалаар, 1460x2200 см харьцаатай 1 ширхэг хаалга бэлтгэж суурьлуулж өгөх, захиалагч нь 2 824 000 төгрөгийн төлбөрийг төлөхөөр тохиролцсон. 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хаалгыг бэлдэж суурилуулж өгөөд үлдэгдэл 824 200 төгрөгөө авъя гэхэд өгөөгүй. 2015 оны 05 дугаар сард том бариултай болгомоор байна гэсний дагуу бид нэмэлт том бариул хийж өгсөн. Гэтэл захиалагч тал хуучин бариулаа ав гэсэн. Хуучин бариул авахад нүхийг нь таглах боломжгүй болно. Бид захиалагчийн хүсэлтийн дагуу хаалгыг 3 удаа засварлаж өгсөн. 2015 оны 06 дугаар сард хаалганы шилийг сольсон. 2015 оны 05 дугаар сард хаалганы бариулыг нэмж хийж өгсөн. Тохиргоо үйлчилгээг 3-4 удаа хийж өгсөн. Гэтэл захиалагч ажлаа гүйцэтгүүлсэн атал үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байна. Мөн нэхэмжлэлд бичсэн шиг бариул нь дутуу, нээх, хаах, түгжихэд доголдолтой зүйл байхгүй. Иймд ажил гүйцэтгэсний үлдэгдэл төлбөр 824 200 төгрөгийг “ХХХХ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “ХХХХ” ХХК нь гэрээнд тусгагдсны дагуу шаардлага хангаагүй хаалга суурилуулсан тул нэхэмжилсэн үнийн дүнг өгөөгүй болно гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ХХХХ” ХХК нь “ХХХХ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 824 200 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “ХХХХ” ХХК-иас 824 200 төгрөг гаргуулж, “ХХХХХ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-иас урьдчилан төлсөн 54 380 төгрөг, хариуцагч “ХХХХ” ХХК-иас урьдчилан төлсөн 24 330 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, “ХХХХ” ХХК-иас 24 330 төгрөг гаргуулан “ХХХХХ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХийг шүүх хуралдаанд оролцохоор очиход шүүх хуралдаанд оролцуулалгүй нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэлийг буцаана. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт үндсэн нэхэмжлэлийг буцаах нь зүйтэй гэсэн атлаа тогтоох хэсэгт манай гаргасан үндсэн нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар огт дурдаагүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны болоогүй гэж үзэж байна. Шүүх зөвхөн сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэн шийдвэрлэсэн нь хууль зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлүүлэхийн тулд сөрөг нэхэмжлэлийг гаргадаг ба үндсэн нэхэмжлэлийг буцаасан тохиолдолд сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүснэ. Мөн шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй. Тухайлбал, сөрөг нэхэмжлэлд дурдсан ХХХ гэх хүн “ХХХХ” ХХК-тай огт харилцаагүй. “ХХХХ” ХХК-ийн гаргасан тохиргоо, үйлчилгээг 3-4 удаа хийж өгсөн гэсэн тайлбарын үнэн зөв эсэхийг шүүх нягтлаагүй. Хариуцагч нь тохиргоо, үйлчилгээг хэд хэдэн удаа хийж өгсөн гэж байгаа нь өөрөө үндэслэлгүй ба ажил гүйцэтгэсэн болон хүлээлгэн өгсөн акт байхгүй тул энэхүү тайлбар нь үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй байна. Харин 2015 оны 04 дүгээр сард нэг л удаа хаалганы гажааг засах гэж авч яваад буцаан авчрахдаа хаалганы зүүн доод хэсгийн шилийг цуулсан байдалтайгаар авчирсан. “ХХХХ” ХХК нь ажил гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй гэж бид үзэж байна. Өнөөдөр хаалганаас салхи сийдэг, босго мөргөдөг, өргөж хаадаг, түгжээ нь эвдэрхий, бариул нь салсан байдалтай байна. Хаалга гажаатай байсан тул шил цуурсан, хаалганд хийсэн анхны бариул нь доошоо дарагдаж онгойдоггүй, дээшээ өргөж онгойдог. Хаалганы бариул ямар байх талаар хэлээгүй учраас захиалгаар хийлгэж байгаа хаалганы гол зүйлийг тохиролцоогүй. Нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд уг хаалгыг стандартын дагуу хийж гүйцэтгэсэн талаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүх шийдвэрлээгүйд гомдолтой байна. Шүүх хурлаас өмнө гаргасан хүсэлтийг заавал шийдвэрлэх ёстой. Мөн шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар “ХХХХ” ХХК нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна. “ХХХХ” ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хаалгыг суурилуулснаас хойш 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл гэрээг цуцлах, шаардлага гаргах эрхтэй байна. Шүүх “нэхэмжлэгч нь 2015 оны 06 дугаар сард гомдлын шаардлага гаргасан гэх боловч уг шаардлагыг гаргасан эсэх нь тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Уг хаалганы доголдлын талаар хариуцагчид удаа дараа мэдэгдэж байсан нь нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбараас тодорхой харагддаг. Түүнчлэн шүүх нэг бол худалдах, худалдан авах гэрээ, нөгөө бол ажил гүйцэтгэх гэрээ гэж үзээд байгаа нь ойлгомжгүй, шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна. Уг хаалга нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд зүйлс биш. Тухайлбал, зөвхөн манай компани энэ хаалгыг уг барилгадаа зориулж хийлгэсэн. Гэтэл чанарын шаардлага хангаагүй хаалга нийлүүлчихээд огт доголдлыг арилгахгүй нэхэмжлэгчийг хохироож байхад шүүх шударга үнэнийг тогтоолгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК нь хариуцагч “ХХХХХ” ХХК-д холбогдуулан хаалга хийлгэсний хөлсөнд төлсөн 2 464 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр 824 200 төгрөгийг нэхэмжлэгч компаниас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
Нэхэмжлэгч компанийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан “… 2 824 200 төгрөгөөр хаалга хийлгэхээр харилцан тохиролцсон …” /хх.1/ гэх, хариуцагч компанийн шүүхэд гаргасан “… манай компани 1 460 х 2 200 харьцаатай хаалгыг бэлтгэж, суурилуулах, захиалагч нь 2 824 200 төгрөгийн төлбөр төлөхөөр тохиролцсон …” гэх /хх.16/ тайлбараас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК нь “... ажил гүйцэтгэгч буюу “ХХХХ” ХХК-ийн гүйцэтгэсэн ажил нь доголдолтой, уг доголдлыг арилгах хугацаа өгсөн боловч арилгаагүй ...” гэх үндэслэлээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, хаалгыг буцаан өгч, ажлын хөлсөнд урьдчилан төлсөн 2 464 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаарджээ. Уг шаардлагаа нотлох зорилгоор хариуцагч компанийн хийсэн хаалга чанарын шаардлага хангасан эсэх нөхцөл байдлыг тогтоолгохоор 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шинжээч томилуулах хүсэлт гаргасныг /хх.51/ шүүх шийдвэрлэлгүй 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж, нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн өөрийн шаардлага, татгалзлаа нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх ажиллагааг зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасанд нийцэхгүй юм.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг буцаасан атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч талаас үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхээр гаргасан сөрөг нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг буцааснаар уг нэхэмжлэлд холбогдуулан үүсгэсэн хэрэг хэрэгсэхгүй болох үр дагавартай. Үүнтэй холбоотойгоор хэрэгсэхгүй болгосон иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийг шүүх хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй юм.
Мөн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, нэхэмжлэлийг буцаах тухай” 102/ШЗ2016/18332 дугаар захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар зохигчид гомдол гаргах эрхтэй бөгөөд дээрх захирамжид энэ талаар дурдсан боловч тухайн өдөртөө сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэн уг хэргийг эцэслэн шийдвэрлэснээс хэргийн оролцогчийн гомдол гаргах эрхийг бодитой хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнд үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/04155 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-иас төлсөн 24 330 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ