Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 72

 

З.Б нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Ж.Батзоригт, шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч Д.Намсрайжав, шүүгдэгч Д.Эийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 164 дүгээр цагаатгах тогтоол, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 30 дугаар магадлалтай, З.Б, Б.О, Д.Э нарт холбогдох 1841000510283 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч З.Бийн өмгөөлөгч Ж.Батзоригт, шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч Д.Намсрайжав, шүүгдэгч Д.Эийн өмгөөлөгч Д.Энхцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1957 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт З.Б,

2.Монгол Улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Арьяахан овогт Б.О,

3.Монгол Улсын иргэн, 1963 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Гурванбандийхан овогт Д.Э.

З.Б, Д.Э нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт,

Б.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч З.Б, Б.О, Д.Э нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, З.Б, Б.О, Д.Э нарыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.О, З.Б, Д.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч З.Бийн өмгөөлөгч Ж.Батзоригт гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“1.З.Б нь Сүхбаатар аймгийн Бичигт боомтод гаалийн улсын байцаагчаар ажиллахдаа Гаалийн тухай хуулийн хүрээнд ажил үүргээ шударгаар гүйцэтгэж ирсэн. 3.Б нь гаалийн ахлах байцаагч Б.Отэй бүлэглэн үгсэн тохиролцож албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгосон гэмт хэргийн нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.Гаалийн тухай хуулийн 57.1.1-д зааснаар гаалийн бүрдүүлэлтийн горим сонгох өөрчлөх эрхтэйн дагуу “Жи Шэн Энержи” ХХК нь сонгосон, мөн Гаалийн тухай хуулийн 55.1-т зааснаар мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлэн, Гаалийн тухай хуулийн 73.1-д “Гаалийн бүрдүүлэлтийн горимыг мэдүүлэгч сонгоно” гэж заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мэдээллийн сүлжээгээр мэдүүлсэн байна.

Монгол улсын Гаалийн байгууллага, Татварын ерөнхий газрын даргын 2016.06.21-ний өдрийн А/236 дугаар тушаалаар баталсан гаалийн хилээр нэвтрүүлэх бараа тээврийн хэрэгсэлд хяналт тавих нийтлэг журмын 6.15-д “Гаалийн улсын ахлах байцаагч тээвэрлэгчээс хүлээн авч, бүртгэн бараа тээврийн хэрэгсэлд шалгалт хийх гаалийн улсын байцаагчийг сүлжээгээр томилно” гэж заасны дагуу улсын ахлах байцаагч Б.Оюунгэрэл нь сүлжээгээр гаалийн улсын байцаагч З.Бийг хуваарилан ажиллуулсан байна.

Гаалийн байцаагч 3.Б нь үүрэгт ажлыг хуваарилсан жагсаалтаар 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт “Жи Шэн Энержи“ ХХК-ийн нэр дээр гаалийн хилээр нэвтэрсэн шанагатай 1500KDL120257 дугаартай ковшийг Гаалийн тухай хуулийн 246 зүйлийн 246.1-д “Гаалийн байгууллага албан тушаалтан нь гаалийн мэдүүлгийг хүлээн авсны дараа түүний үнэн зөвийг тогтоох зорилгоор бараа тээврийн хэрэгсэлд шалгалт хийнэ” гэж заасны дагуу шалгаж 300 код горимын нөхцлөөр гаалийн бүрдүүлэлт хийж бүртгэн буцаан гарах нөхцлөөр тамга дарж, гарын үсэг зурж хуулиар олгогдсон ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байна.

Гаалийн ахлах байцаагч Б.Оийн үүрэг даалгаврын дагуу гаалийн улсын байцаагч З.Б нь “Жи Шэн Энержи“ ХХК-ийн захиалга дуудлагаар үйлчлэн хяналт шалгалтын ажлыг хуулийн хүрээнд хийж гүйцэтгэсэн нь хууль зөрчөөгүй юм.

3.Гаалийн улсын байцаагч З.Б нь Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн маягтыг 2 хувь үйлдэж, нэг хувь нь гаалийн газарт үлдэж, нөгөө хувийг “Жи Шэн Энержи” ХХК-ийн хариуцсан этгээд хүлээн авсан байна. Зөрчил илрээгүй тохиолдолд программ биет шалган дууссан төлөвт ахлах байцаагч Б.О хянаад зөвшөөрсөн товч дарж мэдүүлгийг баталгаажуулсан. “Жи Шэн Энержи” ХХК-ийн зүгээс шанагатай ковш эвдэрсэн талаар болон гаалийн тэмдэгтийн хураамжаа буцаан авах хүсэлтээ удаа дараа Сүхбаатар аймгийн Бичигт боомтын Гаалийн газарт бичгээр мэдэгдсэн байна. /“Жи Шэн Энержи” ХХК нь 2018 оны 01 сарын 09 №3, 2018 оны 03 сарын 26-ны өдөр № 17/1018 тоот хүсэлтүүд, хх-22, 24/

4.Гаалийн ахлах байцаагч Б.Оийн үүрэг даалгаврын дагуу гаалийн улсын байцаагч З.Б нь “Жи Шэн Энержи” ХХК-ийн захиалга дуудлагаар үйлчлэн хяналт шалгалтын ажлыг хуулийн хүрээнд хийж гүйцэтгэсэн нь хууль зөрчөөгүй юм. 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Гаалийн тухай хуулийн 274.1.1-д заасны дагуу гаалийн хилээр нэвтрүүлэх, бараа тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, дагалдах бичиг баримтыг шалгаж мэдүүлэгтэй тулгаж, үнэн зөв байсан тул бүрдүүлэлт хуулийн хүрээнд хийгдсэн байна.

Мөн 2017.11.24-ний өдөр Гаалийн тухай хуулийн 246.8-д зааснаар “Жи Шэн Энержи” ХХК-ийн гаалийн хяналтын талбайд хамаарагдсан тул гаалийн бүрдүүлэлт хяналт шалгалтыг биечлэн хийх болсон.

Гаалийн тухай хуулийн 246 зүйлийн 246.1-д заасны дагуу бараа тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийхэд бараа тээврийн хэрэгслийн тоо ширхэг, арлын дугаар, үйлдвэрлэгдсэн он зэрэг бүх үзүүлэлтүүд гаалийн мэдүүлэгтэй таарч байсан тул Монгол улсын гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт тавих нийтлэг журмын 6.21-д заасны дагуу гаалийн мэдүүлэгт Монголын гааль зөвшөөрөв гэсэн хяналтын тэмдэг дарж, гаалийн улсын байцаагчийн хувийн тэмдгээр баталгаажуулна гэж заасан хүрээнд Гаалийн улсын ахлах байцаагч 3.Б үүрэгт ажлаа шударгаар гүйцэтгэж дуусгасан байна.

Дээрх журмын 6.20-д зааснаар гаалийн бүрдүүлэлт хийж дууссан талаар хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч Б.Од байцаагч З.Б мэдэгдсэн байна. 6.21-д “Гаалийн ахлах байцаагч сүлжээнд зөвшөөрөх товч дарж бараа Монгол улсын гаалийн хилээр гарах зөвшөөрөл өгнө” гэж заасны дагуу гаалийн ахлах байцаагч Б.О зөвшөөрөл олгосон тул гаалийн мэдүүлгийг хэвлэн төлөөлөгч Түвшинтөгст өгсөн нь хууль зөрчөөгүй. Гаалийн тухай хууль, гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт тавих журмын хүрээнд албан тушаалын үүрэгт ажлаа шударгаар гүйцэтгэсэн болох нь гаалийн статистикийн мэдээнд тэмдэглэгдсэн байна.

5.З.Б нь Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.1-д “Энэ хуульд заасны дагуу гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, гаалийн бүрдүүлэлт хийх” гэсний дагуу гаалийн улсын байцаагчийн эрх үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. Харин ч Гаалийн тухай хуулийн 274.2.1-д зааснаар өргөсөн тангарагтаа үнэнч гаалийн хяналт шалгалтыг хийхдээ сонор сэрэмжтэй байж, хуулийн хүрээнд заасан үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлсэн юм.
6.З.Б нь Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн маягтыг 2 хувь үйлдэж, нэг хувь гаалийн газарт үлдэж, нөгөө хувь нь “Жи Шэн Энержи“ ХХК-ийн хариуцсан этгээд хүлээн авсан нь хуулиар зөвшөөрөгдсөн байна. Хавтаст хэрэгт Гаалийн газрын нягтлан бодогч гэрч А.Г нь барьцаа хөрөнгийг шилжүүлэх асуудлыг Гаалийн газрын дарга С.Б шийдвэрлэж, газрын дарга хянаж, гарын үсэг зурж баталгаажуулсан. С.Батдамбын гарын үсгийг үндэслэн “Жи Шэн Энержи” ХХК-д мөнгийг шилжүүлсэн гэж мэдүүлсэн байна. /хх-31/

“Жи Шэн Энержи” ХХК-д барьцаа мөнгийг шилжүүлэн буцаан олгох үйлдэлд З.Б оролцоогүй, мэдэх боломжгүй ажил үүрэг, албан тушаалтай нь огт хамааралгүй болохыг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тогтоосон.

7.Хавтаст хэрэгт эрүүгийн хэргийн мөрдөн байцаагч /хх-157/ шинжээч томилсон тогтоол үйлдэж /хх-159/, шинжээч С.Ариунаа дүгнэлт гаргасан байна. Мөрдөн байцаагч, шинжээч С.Ариунааг 2 удаа дуудаж мэдүүлэг авсан. Шинжээчийн дүгнэлтэд 3.Б буруутай талаар дүгнэлт гараагүй байна. /2хх-159, 162/

8.Б.Отэй үгсэн тохиролцсон болон давуу байдал тогтоосон 3.Бийн үйлдэл холбогдол эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр тогтоогдоогүй. Ажил албан тушаалын хүрээнд Гаалийн улсын байцаагч 3.Б хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд өөрт оногдсон үүрэгт ажлыг зохих ёсоор хуулийн хүрээнд гүйцэтгэсэн. 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаалийн хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэн дуусгасан бөгөөд Газрын тосны гаалийн бүрдүүлэлтэнд хяналт шалгалт хийхээр “Петро Чайна” ХХК-ийн газрын тосны 19 дүгээр хяналтын өөр талбайд томилогдон ажил үүргээ гүйцэтгэж байсан нь /4 хавтаст хэрэг хх-54/ ГЕГ-н Сүхбаатар аймгийн бичигт дэх гаалийн газрын 2020.05.25-ны №01-16/41 тоот /хх-55/, Бичигт дэх гаалийн газрын ГУБ нарын өдөр тутмын ажиллах хувиараар нотлогдсон юм.

9.Гаалийн ахлах байцаагч Б.О, газрын дарга С.Б нарын зүгээс хянах үүрэгтэй байна. Гаалийн тухай хуулийн Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмын 5.10.1-д “Гаалийн хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч тухайн бүрдүүлэлтээ сонгогдсон хяналтын төлөвийн дагуу гаалийн хяналт тавина”, 5.31-д “Бараа, тээврийн хэрэгслийг шалгасан, дахин шалгасан гаалийн улсын байцаагч нь шалгалтын үр дүнг гаалийн бүрдүүлэлтийн программын “Шалгалтын үр дүн” талбарт тодорхой бичиж оруулна. Шалгалтын үр дүнг бүрэн гүйцэд оруулсан эсэхэд гаалийн хяналт шалгалт хариуцсан нэгж, албан тушаалтан хяналт тавина”, 5.34-т “Гаалийн бүрдүүлэлт хийж баталгаажсаны дараа гаалийн хяналтын бүс эзэмшигч нь барааг гаалийн хяналтын бүсээс гаргах хүсэлтийг гаалийн хяналтын бүс хариуцсан Гаалийн улсын ахлах байцаагчид илгээх бөгөөд гаалийн хяналтын бүс хариуцсан ахлах байцаагч “Зөвшөөрөх товч дарж бараа тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын бүсээс гаргах зөвшөөрөл олгоно” гэж заасан байна. “Жи Шэн Энержи” ХХК нь зохих хариуцлагаа хүлээж 4.950.855 төгрөгийн хохирлыг төлж барагдуулан төрийг хохиролгүй болгосон байна. /ГЕГ-ын 2019.11.19-ний албан тоот, Шийтгэлийн хуудас 2019.11.24, 2.000.000 төгрөг, хх-4, хх-5/

10.Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, ЭХХШТХ-ийн 36.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгаж, З.Бийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан шударга тогтоол гаргасан юм.

З.Б нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй тул Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 30 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 164 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Мөн шүүхэд шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч Д.Намсрайжав гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нийслэлийн прокурорын газар Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын Бичигт дэх гаалийн хороонд Гаалийн хяналтын улсын ахлах байцаагч, хяналт бүрдүүлэлтийн албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Оийг гаалийн ахлах байцаагч З.Б, Д.Э нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн “Жи Шэн Энержи” ХХК түрээсээр ашиглах зориулалтаар БНХАУ-аас түр горимоор оруулж ирсэн, урдаа шанагатай 2 ачигчийг гаалийн хяналтын бүсэд ирүүлээгүй байхад, хилийн чанадад буцаан гаргах 300 горим бүрдүүлэлт хийх үүрэг өгч, уг 2 ачигчийг гаалийн хяналтын бүсээс гаргах зөвшөөрөл өгсөн атлаа Гаалийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 97 дугаар зүйлийн 97.1 болон 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээ аваагүй буюу Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсгийн 274.1.1-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс түр дансанд байршуулсан 9.901.710,0 төгрөгийг “Жи Шэн Энержи” ХХК-д буцаан олгох нөхцлийг бүрдүүлж, давуу байдал бий болгосны улмаас улсын төсөвт 9.901.710,0 төгрөгийн хохирол учруулж, эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг юм.

Эл хэргийг Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 07 сарын 31-ний өдөр анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, прокурорын яллах дүгнэлт болон улсын яллагчаас шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтийг хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй гэсэн маш тодорхой дүгнэлтүүд /Цагаатгах тогтоолын 17-22 дугаар хуудас/-ийг хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон, нэр дурьдсан гурван шүүгдэгч, түүний дотор миний үйлчлүүлэгч Б.Оийг цагаатгасан юм.

Гэтэл давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийн яллах байр суурьд хэт автаж, хэргийн бодит нөхцөл байдалд зөв үнэлгээ өгөлгүй, анхан шатны шүүхийн үндэслэл бүхий дүгнэлтийг огт байхгүй мэтээр үгүйсгэж /Магадлалын 16 дугаар хуудасны төгсгөлийн догол мөрөөс 17 дугаар хуудасны эхний хэсэг/, цагаатгах тогтоол ЭХХШТХ-ийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлгүй дүгнэлтийг хийж, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааснаараа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхэд хүрэх нөхцөл байдлыг үүсгэлээ.

Тухайн хэрэгт цугларсан нотлох баримтууд:

- “Жи Шэн Энержи” ХХК-ийн БНХАУ-аас түр горимоор оруулж ирсэн урдаа шанагатай 2 ачигчид гаалийн хяналт, бүрдүүлэлт хийх байцаагч З.Б, Д.Э нар тогтоосон журмын дагуу сүлжээгээр томилогдсон.

-Тухайн 2 байцаагч гаалийн хяналт, бүрдүүлэлтийг зохих журмын дагуу хийж, дууссан тухайгаа ахлах байцаагч Б.Од мэдэгдсэн.

-Ачигч эвдрэлтэй байсан, эвдрэлтэй байсан учир Монгол улсын хилээр хугацаандаа гарч чадаагүй зэрэг үйл баримтыг нотолдог болохоос бус гаалийн байцаагчид эрүүгийн хэргийн хэмжээнд санаатайгаар нэгдэж, бүлэглэн, тухайн компанийн техникийг зориудаар гаргахгүй үлдээсэн гэж эргэлзээгүй нотлох ямар ч баримт хэрэгт авагдаагүй болно.

Өмнө дурьдсанчилан, анхан шатны шүүх яллах дүгнэлт болон улсын яллагчийн дүгнэлтийг хангалттай няцаасан, үндэслэл бүхий дүгнэлтүүдийг нотлох баримтуудыг дурьдан хийсэн нь Шүүхийн цагаатгах тогтоолд тодорхой туссан байгаа. ЭХХШТХ-ийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалт ч байдаг. Б.О болон бусад хоёр байцаагчийн хувьд нэгэнт 300 горимоор гаалийн бүрдүүлэлтийг хийсэн атлаа тухайн техникүүдыг яаралтай гаргахад анхаарал тавиагүй орхисон нь санаатайгаар бусдад давуу эрх олгосон үйлдэл гэхээсээ илүү, үүрэгт ажилдаа хайнга, хариуцлагагүй хандсан шинжтэй байдаг.
Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Монгол улсын хилээр гаргахаар гаалийн бүрдүүлэлт нэгэнт хийсэн байхад эвдэрсэн техникээ нэн яаралтай гаргах арга хэмжээ аваагүй асуудалдаа “Жи Шэн Энержи” ХХК нь Зөрчлийн тухай хуулиар 2 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авагдсан баримт хэрэгт байгаагийн дээр уул компани хоёр ачигчийг 2018 оны 04 дүгээр сард засварлан Монгол улсын хилээр гаргасан байдаг. Ачигчийг улсын хилээр нэгэнт гаргасан тул тухайн ачигчийг түр оруулаад гаргах баталгаа болгон байршуулсан 9.9 сая төгрөгийг улсын төсөвт үлдээх ёстой, хохирол учирсан гэж үзэх ч үндэслэлгүй юм.

Иймд Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 30 дугаартай магадлалыг ЭХХШТХ-ийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг үндэслэн хүчингүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 164 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Мөн шүүхэд шүүгдэгч Д.Эийн өмгөөлөгч Д.Энхцэцэг гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Эийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болохыг хангалттай, хөдөлбөргүй нотлох баримтаар нотолж чадаагүй.

Шүүгдэгч Д.Эийг дээрх гэмт хэргийг үйлдээгүй болохыг нотолсон хэд хэдэн баримт хавтаст хэрэгт авагдсан төдийгүй, Гааль, татварын тухай хуульд заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн болох нь нотлогддог. Гэтэл Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзээд “Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн дүгнэлтийг тусгаагүй, мөн анхан шатны шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

...“Жи Шэн Энержи” XXК нь өөрийн 2 ачигчийг түр горимоор гаргах, горимоо солих зэрэг асуудал нь тус компанийн эрх, үүрэгтэй холбоотой асуудал ба уг үүргээ биелүүлээгүйгээс гарсан зөрчилтэй холбогдуулан миний үйлчлүүлэгчийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэж үзэж буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Гаалийн хилээр тээврийн хэрэгсэл гаргах ажиллагаа нь Монгол Улсын Гаалийн тухай хууль, Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/236 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “гаалийн хилээр нэвтрэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-аар тодорхойлогдож, хэрэгжих бөгөөд гаалийн ахлах байцаагч, хяналтын байцаагч нарын санаа зорилгоор хийгдэх боломжгүй. Мөн Гааль, татварын ерөнхий газрын даргын А/236 дугаар тушаалаар баталсан журмын хавсралтын 6.15-д “Эхний бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллагаас хилийн гаалийн байгууллагын хяналтад илгээсэн бараа, тээврийн хэрэгслийн дагалдах бичиг баримтыг гаалийн улсын ахлах байцаагч тээвэрлэгчээс хүлээн авч, бүртгэн, бараа, тээврийн хэрэгсэлд шалгалт хийх гаалийн улсын байцаагчийг сүлжээгээр томилно” гэжээ. Үүний дагуу гаалийн улсын ахлах байцаагч О нь ажлын байрны тодорхойлолтод заасан болон хуулиар олгогдсон албан ажлын эрх хэмжээний хүрээнд тухайн тээврийн хэрэгсэлд гаалийн шалгалт хийлгэхээр хяналт шалгалтын байцаагч Д.Эийг сүлжээгээр томилсон байдаг.

Д.Эийн хувьд ажил үүргийн дагуу “Жи Шэн Энержи” ХХК-ний гаалийн хяналтын бүсэд очиж тээврийн хэрэгслийн бичиг баримтыг тулган шалгаж зөрчил илрээгүй учир 300 код горимын нөхцлөөр гаалийн бүрдүүлэлт хийж бүртгэн буцаан гарах нөхцлөөр тамга дарж, гарын үсэг зурж гаалийн шалгалтыг дуусгаж, энэ талаар ахлах байцаагч Б.Од мэдэгдсэн ба ахлагч байцаагч зөвшөөрөх товчийг дарснаар уг тээврийн хэрэгсэл буюу ачигчийг хилээр гарах зөвшөөрөл олгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Гаалийн тухай хуулийн 246 дугаар зүйлийн 8-д “Гаалийн шалгалтыг гаалийн хяналтын бүсэд хийх боломжгүй бол гаалийн байгууллагын зөвшөөрлөөр шалгалт хийх нөхцлөөр хангагдсан албаны болон ахуйн байранд мэдүүлэгчийн зардлаар хийж болох бөгөөд энэ тохиолдолд тухайн албаны болон ахуйн байр нь гаалийн хяналтын бүсийн үүргийг түр гүйцэтгэнэ” гэж заасан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй ба хуульд нийцээгүй үйлдэл биш юм.

Түүнчлэн Д.Эийн хувьд маргааш нь ээлжийн амралтаа аваад явах гэж байгаа тул бүрдүүлэлтийг өөр байцаагчаар хийлгэж болох эсэх талаар албаны даргадаа хандсан байдаг. Албаны даргын зүгээс нэгэнт таньд хуваарилагдаад ирсэн юм чинь та шалгалтаа хийж дуусгаад амар гэсэн тул “Жи Шэн Энержи" ХХК-ийн тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийсэн, маргааш нь ээлжийн амралтаа аваад явсан байдаг. Энэ нь 3 дугаар хавтаст хэргийн 93-94 дүгээр талд авагдсан мэдүүлэг болон Бичигт дэхь Гаалийн газрын ажилчдын 11,12 дугаар сарын цагийн хуваарийн бүртгэлийн хуулбар, гадаад паспортийн хуулбар зэрэг баримтуудаар давхар нотлогддог. Үүнээс үзэхэд Д.Э ээлжийн амралтаа аваад явсан нь тухайн тээврийн хэрэгсэл хугацаандаа гарсан эсэхийг мэдэх боломжгүй юм.

Иймд өмгөөлөгч миний хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 30 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 164 тоот цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Б.Ууганбаатар хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.О, З.Б, Д.Э нарт холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна. Хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан эсхүл бусад хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 30 дугаар магадлалаар прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 164 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч З.Бийн өмгөөлөгч Ж.Батзоригт, шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч Д.Намсрайжав, шүүгдэгч Д.Эийн өмгөөлөгч Д.Энхцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн З.Б, Б.О, Д.Э нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Нийслэлийн Прокурорын газраас Б.Оийг Сүхбаатар аймгийн Бичигт дэх Гаалийн газрын Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа гаалийн улсын байцаагч 3.Б, Д.Э нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн “Жи Шэн энержи” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Монгол улсад түр горимоор нэвтрүүлсэн 1500KDL120250 болон 1500KDL120257 арлын дугаартай 2 ширхэг ачигчийг гаалийн хяналтын бүсэд ирүүлээгүй байхад 2017 оны 11 дүгээр сарын 22 болон 24-ний өдрүүдэд дээрх тээврийн хэрэгслүүдийг хилийн чандад буцаан гаргах бүрдүүлэлтийг 300 горимд хийж, “Жи Шэн энержи” ХХК-д түр дансанд байршуулсан 9.901.710 төгрөгийг буцаан авах нөхцлийг бүрдүүлж, бусдад давуу байдал олгосон гэх гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч Б.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч 3.Б, Д.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч З.Б, Б.О, Д.Э нарт холбогдох хэргийг “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2-т заасан шаардлагыг бүрэн хангаагүй талаар Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Б.О нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байна.

Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Б.О, З.Б, Д.Э нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийгээгүй бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн нь нэр бүхий шүүгдэгч нарыг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг урьдчилан тохиролцож, бүлэглэж үйлдсэн гэж шууд дүгнэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцэх боломжийг хангаж, хэргийн бодит байдлыг тогтоохдоо түүнийг үгүйсгэсэн баримт, нотолгоог нэг бүрчлэн няцаан үгүйсгэж, тухайн хэрэгт шүүгдэгч Б.О, З.Б, Д.Э тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, санаа зорилго нь гэмт хэргийн шинжийг агуулсан эсэх талаар хуулийн шаардлагад нийцсэн, үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзсэн болно.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах талаар шүүгдэгч З.Бийн өмгөөлөгч Ж.Батзоригт, шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч Д.Намсрайжав, шүүгдэгч Д.Эийн өмгөөлөгч Д.Энхцэцэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 30 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 30 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.О, З.Б, Д.Э нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН      

                                                                                             С.БАТДЭЛГЭР

                                                                                              Б.БАТЦЭРЭН

                                                                                               Ч.ХОСБАЯР