Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2021/0145

 

“А т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны газар,

тус газрын Кадастрын хэлтэст холбогдох

захиргааны хэргийн тухай

 

 Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

 

          Даргалагч, шүүгч:                                     Х.Батсүрэн                

             Танхимын тэргүүн, шүүгч:              Ч.Тунгалаг   

           Шүүгчид:                                            Д.Мөнхтуяа

                                                                   П.Соёл-Эрдэнэ

          Илтгэгч шүүгч:                                 М.Батсуурь

          Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 430 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15ы өдрийн 493 дугаар магадлалтай,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 307 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д, Ө.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

  1. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 04ий өдрийн Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай 45 дугаар шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, А т ХХК-тай холбоотой нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах;

  Хэргийн нөхцөл байдал:

  1. “А т” ХХК нь Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт орших Гутай нэртэй 286,32 га талбай бүхий MV-002247 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж, тухайн талбайд алтны шороон ордын олборлолтын үйл ажиллагаа явуулж иржээ. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 45 дугаар шийдвэрээр “А т” ХХК-ийн дээрх MV-002247 дугаартай тусгай зөвшөөрлийг “... тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хамгаалалтад авч цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон” үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. 
  1. Нэхэмжлэгчээс “... Манай компанийн ашиглалт олборлолтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан, ямар нэг ноцтой зөрчил гаргасан тухай болон удаа дараагийн ноцтой зөрчлийн улмаас тухайн зөвшөөрлийг цуцлах, хүчингүй болгох тухай мэдэгдэл, албан бичиг хүлээж авч байгаагүй ... Хариуцагчаас манай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон 45 дугаар шийдвэрийг гаргахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг үндэслэсэн нь буруу, ... Ашигт малтмал газрын тосны газар нь Засгийн газраас өгсөн чиглэл болоод хуулийг ноцтой зөрчсөн. Тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээ, хамгаалалтад авснаар Ашигт малтмалын газар нь нөхөн олговрын материалаа бүрдүүлэн ирүүлэх хугацаа тогтоосон мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид явуулж, холбогдох материалыг хүлээн авч, нөхөн олговрын хэмжээг тодорхойлон хэмжээг шийдвэрлэн, уламжлах эрх үүрэгтэй ...” гэж;
  1. Хариуцагчаас “... Маргаан бүхий тусгай зөвшөөрөлтэй талбай нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Хилийн заагийг тогтоох тухай” 194 дүгээр тогтоолоор батлагдсан хилийн заагтай хэсэгчлэн давхцалтай, ... Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” 46 дугаар тогтоолоор бүхэлдээ давхцалтай байна, ... “А т” ХХК-ийн хувьд нөхөх олговор авах талаар төрийн захиргааны байгууллагад ямар нэгэн хүсэлт гаргаагүй, нөгөө талаар нөхөх олговор авах нь хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй талбайд хамааралтай бөгөөд тус компанийн талбай нь хүчингүй болсон тул нөхөх олговор авах үндэслэл байхгүй, ... Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан үндэслэлээр MV-002247 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлаагүй, хүчингүй болгож шийдвэрлэсэн ...” гэж тус тус маргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр:

  1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар

зүйлийн 10.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан А т ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай 45 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, А тХХК-тай холбоотой нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлал:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 430 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3, Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 56 дугаар зүйлийн 56.2, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “А т” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” 45 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54.1.1-д зааснаар ““А т” ХХК-тай холбоотой нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

  1. ... Улсын дээд шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 09 дүгээр тогтоолын 6-д “Мөн зүйлийн 14.1.4-т заасан “удаа дараа” гэж 2 буюу түүнээс дээш зөрчсөнийг хэлэх ба “ноцтой зөрчсөн” гэдэгт тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг илтэд зөрчсөний улмаас нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хохирол учруулсан буюу учруулж болох байсан зэрэг нөхцөл байдлыг ойлговол зохино” гэжээ. Үүнээс үзвэл “А т” ХХК нь мэргэжлийн хяналтын байгууллагын удаа дараагийн шалгалтаар зөрчил дутагдал илэрсэн нь тогтоогдож байхад давж заалдах шатны шүүхээс Улсын дээд шүүхийн дээрх тогтоолыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
  1. ... Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь дараах тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно”, 14.1.4-т “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор зохицуулсан байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс Ашигт малтмалын тухай хуулийг баримтлалгүй, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг хэрэглэсэн нь буруу байна гэж дүгнэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
  1. Иймд дээр дурдсан үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 493 дугаар магадлалын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” 45 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

  1. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулав.
  1. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” 45 дугаар шийдвэрээр: Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28.1.1, Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” 46 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 02/4204, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/4426 дугаар албан бичгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч “А т” ХХК-ийн ашиглалтын MV-002247 дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
  1. Нэг. Тус шийдвэрийн үндэслэлд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д “тусгай зөвшөөрлийг сунгах, хүчингүй болгох”, 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэх заалтуудыг дурдсан.
  1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 2 дугаар зүйлд хуулийн үйлчлэх хүрээг тодорхойлсон бөгөөд мөн зүйлийн 2.3-т “Газар байгалийн баялгийг ашиглахтай холбогдож олгох зөвшөөрлийг Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай, Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай, Ашигт малтмалын тухай, Цөмийн энергийн тухай, Хувиргасан амьд организмын тухай хуулиар тус тус зохицуулна” гэж; Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна” гэж тус тус зааснаас үзэхэд, Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу олгогддог ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн хувьд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль үйлчлэхгүй, харин нарийвчилсан зохицуулалттай Ашигт малтмалын тухай хууль үйлчлэхээр хууль тогтоогч хуулийн үйлчлэх хүрээг тогтоожээ.    
  1. Иймд, маргаан бүхий захиргааны актад Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасныг үндэслэсэн нь хуульд нийцээгүй; анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэх ёсгүй Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг хэрэглэж “... “А т” ХХК нь тусгай зөвшөөрлийг эзэмшин үйл ажиллагаа явуулахдаа тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчиж байсан гэх үйл баримт тогтоогдож байна” гэсэн дүгнэлт хийсэн нь буруу байхын зэрэгцээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ ...” гэж заасан хууль хэрэглээний ерөнхий зарчмыг анхаараагүй байна. 
  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа[1] уг алдааг хүлээн зөвшөөрснийг тэмдэглэх нь зүйтэй.
  1. Хоёр. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд: Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тавдугаар хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад оруулах санал уламжлах тухай” 03 дугаар тогтоолоор Батширээт, Биндэр сумын хил дамнасан Гутайн орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авах газрын хилийн цэс, үндэслэлийг хавсралтаар баталж, дээрх газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад хамруулах санал дүгнэлтийг энэхүү тогтоолын хамт Засгийн газарт уламжилж шийдвэрлүүлэхийг аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн; Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Тогтоолын төсөл өргөн мэдүүлэх тухай” ЗГ-1/171 дугаартай албан бичгээр “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” ­Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг хүргүүлсэн; Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” 46 дугаар тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн Байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч шийдвэрлэхдээ тогтоолын 4 дэх хэсэгт Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар авсан; нэхэмжлэгч “А т” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын MV-002247 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь дээрх Монгол Улсын Их Хурлын тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан талбайтай бүхэлдээ давхцалтай болох нь тогтоогджээ.
  1. Монгол Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаас 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 02/4204 дугаар, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/4426 дугаар “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хандаж илгээсэн “Тогтоолын хэрэгжилтийг хангуулах тухай”” албан бичгээр улсын тусгай хамгаалалтад авсан нутаг дэвсгэртэй давхцаж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид нийцүүлэн дуусгавар болгож, тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг хүссэн бөгөөд уг жагсаалтад нэхэмжлэгч хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөл хамрагджээ.
  1. Тодруулбал, нэхэмжлэгчийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын MV-002247 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь дээрх Монгол Улсын Их Хурлын тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан талбайтай бүхэлдээ давхцалтай тул тусгай зөвшөөрлийн хүрээнд цаашид ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон бөгөөд ингэхдээ уг тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх шаардлага үүссэн байна.    
  1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид энэ хуульд “төрийн захиргааны байгууллага” гэх) дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:” гээд 11.1.15-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх;” гэж тусгай зөвшөөрөлтэй холбоотой хэрэгжүүлэх бүрэн эрхийг тодорхойлсон бол мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тусгай зөвшөөрлийг цуцлах 11 үндэслэл дурдсаны дотор 56.1.3-т “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн;” бол тусгай зөвшөөрлийг цуцалж болохоор заасан; тусгай зөвшөөрлийг “хүчингүй болгох” бүрэн эрхийг хууль тогтоогч уг хуульд тусгайлан зааж, хариуцагчид олгоогүй байна.
  1. Аливаа захиргааны байгууллага, албан тушаалтны чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх эрх хэмжээг хууль болон захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлдог бөгөөд энэхүү тодорхойлж олгосон чиг үүрэг, эрх хэмжээний хүрээнд тухайн байгууллага, албан тушаалтан ажиллах нь “төрийн байгууллага, албан тушаалтанд зөвшөөрснөөс бусдыг хориглох, иргэнд хориглосноос бусдыг зөвшөөрөх” эрх зүйт ёсны буюу Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн ...” гэснээс үүдэлтэй; энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага хуулиар тодорхойлж заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан гэдэг нь эргэлзээтэй байна.
  1. Хэдийгээр маргаан бүхий захиргааны актад хамааралгүй хуулийн заалт баримталсны зэрэгцээ тусгайлсан хуулиар олгосон бүрэн эрхийг зөв хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа ч нэгэнт Монгол Улсын Их Хурлаас улсын тусгай хамгаалалтад авсан талбайтай нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай бүхэлдээ давхцаж буй энэ тохиолдолд “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” 45 дугаар шийдвэрийг хүчингүй болгох замаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тусгай зөвшөөрлийг шууд сэргээх боломжгүй; дурдсан алдааг залруулж, хуульд нийцүүлэн дахин шинэ акт гаргах эрх хэмжээ хариуцагчид байгаа бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрчээ.
  1. Давж заалдах шатны шүүх “... маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэр гаргасан байхад анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нарийвчлан зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийг хэрэглэлгүй, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг баримталсан нь буруу юм ...” гэж зөв дүгнэсэн атлаа Ашигт малтмалын тухай хуулиар нэхэмжлэгч хуулийн этгээд нь тусгай зөвшөөрлийн хүрээнд цаашид ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийлгүй, маргаан бүхий захиргааны актыг шууд хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг сэргээсэн нь буруу юм.
  1. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 493 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасныг баримтлан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” 45 дугаар шийдвэр”-ийг 6 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй” гэж; 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчаас 6 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 45 дугаар шийдвэр хүчингүй болохыг дурдсугай” гэж; “2” дугаарыг “3” гэж тус тус өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай. 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                            Х.БАТСҮРЭН 

  ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ                                            Ч.ТУНГАЛАГ

   ШҮҮГЧИД                                                                              Д.МӨНХТУЯА

                                                                                                     П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                     М.БАТСУУРЬ

 

 

 

[1] Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 145 дугаар тэмдэглэлийн 3 дахь тал