Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 0009

 




 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

      Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Б.Мөнхжаргал би Булган аймгийн Булган сумын иргэн Ц.Сүнжидмаагаас тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан “Миний эзэмшлийн 510 м2 газрыг эзэмшүүлж, кадастрын хэмжилт хийлгэхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 158/2017/0009/3 дугаарын индекстэй захиргааны хэрэг үүсгэн,  хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Ц.Сүнжидмаагаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Ц.Сүнжидмаа нь Булган аймгийн Булган сумын Рашаантын 4 дүгээр багийн усны 1-9 тоотод 2006 оны 9 дүгээр сараар өнөөг хүртэл нөхрийн хамт амьдарч байна. Манайх уг байрыг 2006 оны 8 дугаар сарын 30-ны өдөр тэр үеийн ханш 500000 төгрөгөөр худалдаж авсан. Энд ирж амьдарснаас хойш манайх хашаан хэмжээг томсгон 1425 м2 болгож, мөн 00-ийг өөрийн хөрөнгөөр барьсан.

     Тэгээд 2016 оны 10 дугаар сард үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах гээд хөөцөлдсөн чинь манай хөрш Ганзориг гэдэг айл өөрийн нэр дээр 915 м2  талбай эзэмшлийн гэрчилгээ авчихсан байсан. Ингээд манайх хөрш айлтайгаа маргаан үүсгэж, өөрийн байшингаа эзэмшилдээ авахаар Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 508 тоот шийдвэрээр миний нэр дээр үл хөдлөх хөрөнгийн 35 м2 байшингийн 2 өрөөний өмчлөгчөөр тогтоогдсон шийдвэр гарсан. Шийдвэрээ үндэслэн 510 м2  газраа өөрийн эзэмшлийн болгуулахаар 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт кадастрын зураг хийлгүүлэх хүсэлт өгсөн ба уг  хүсэлтийн дагуу 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тус газрын 3 мэргэжилтэн кадастрын хэмжилт хийхээр очсон боловч хөрш айлын гэрийн эзэн Ганзоригийн эхнэр Эрдэнэцогт нь манай газар өгөхгүй гэж авирласан. Миний хувьд Эрдэнэцогтын талбайгаас 1 м2  ч талбай авахыг хүсээгүй. Зөвхөн 510 м2 газраа өөрийн эзэмшилдээ авахыг хүсч Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хандсан боловч хуулийн дагуу асуудлаа шийдвэрлүүл гэсэн бичиг өгсөн.

    Иймд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт 510 м2 газарт хэмжилт хийлгүүлж, миний эзэмшлийн болгохыг даалгаж өгнө үү.” гэжээ.

     Хариуцагч Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг Усны 1-09 тоотыг иргэн Д.Эрдэнэцогтод 2003 оны 116 тоот захирамжаар 915 м.кв газар эзэмшүүлсэн байдаг. 2013 оны намар Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багт зохион байгуулагдсан нээлттэй хаалганы өдөрлөгөөр иргэн Д.Эрдэнэцогт өөрийн эзэмшил газраа өмчилж авах хүсэлтээ илэрхийлсний дагуу кадастрын зургийг хэвлэж өгөх явцад иргэн Д.Эрдэнэцогтоос хажуу талын байранд айл байдаг эсэхийг тодруулахад өөр айл байдаггүй манай байр гэж тайлбарласан учир 1425 м.кв газрын кадастрын зургийг гарган өгсөн.

     Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 508 дугаар захирамжаар иргэн Ц.Сүнжидмааг 1 өрөө байшингийн өмчлөгчөөр тогтоосон боловч Иргэний тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 85 дугаар зүйлийн 85.2 дахь заалтын дагуу газрын хэмжээг тогтоож өгөөгүй учир манай газар нь иргэн Ц.Сүнжидмаагийн үл хөдлөх хөрөнгийн доорх газрын хэмжээг дур мэдэн тогтоож, газрыг баталгаажуулж, кадастрын зураг гаргаж өгөх боломжгүй гэсэн хариуг Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх болон иргэн Ц.Сүнжидмаад 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/03 дугаар албан тоотоор хүргүүлсэн билээ.

     Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 508 дугаар захирамжийн дагуу иргэн Ц.Сүнжидмаагийн байшингийн доорх газар болон орц гарцыг гаргах газрын кадастрын зураг болон хил зааг тогтоох хяналтын хэмжилтийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хийж гүйцэтгэхэд газрын хэмжээ 1452 м.кв байгаа нь тогтоогдсон. Уг газарт байрлах үл хөдлөх хөрөнгө болон орц гарцын боломжит нөхцөлөөр нь хувааж хил зааг тогтооход иргэн Д.Эрдэнэцогтод 782 м.кв, иргэн Ц.Сүнжидмаад 670 м.кв газар тус тус оногдож байгааг 2 тал харилцан тохиролцсоны үндсэн дээр эзэмшиж болохыг зөвлөсөн боловч иргэн Д.Эрдэнэцогт зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн.

     Д.Эрдэнэцогт эзэмшил газраа зориулалтын дагуу эзэмшиж, газрын төлбөр хугацаанд төлж буй тохиолдолд эзэмших эрхийг шууд хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй бөгөөд 2 тал дээрх орц гаргасан кадастрын зургийн дагуу харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэх боломжтой юм.” гэсэн хариу өгсөн боловч иргэн Ц.Сүнжидмаа 510 м.кв газрыг эзэмших хүсэлтээ илэрхийлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.              

ҮНДЭСЛЭХ нь:

    Булган аймгийн Булган сумын иргэн Ц.Сүнжидмаа нь тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан “Тус газарт миний эзэмшлийн 510 м2 газрыг эзэмшүүлж, кадастрын хэмжилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна” гэсэн тайлбараа бичиж ирүүлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2017/0009/З индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар...нөхөн төлүүлнэ” гэсэн байх ба нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас гаргуулахгүй байх талаар тайлбар өгснийг дурдах нь зүйтэй байна.  

     Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь заалтуудыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

         1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Булган аймгийн Булган сумын иргэн Ц.Сүнжидмаагаас тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан “Миний эзэмшлийн 510 м2 газрыг эзэмшүүлж, кадастрын хэмжилт хийлгэхийг хариуцагчид даалгах”-ыг  хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2017/0009/З индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

    2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн санд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч нь хариуцагч Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулахгүй гэснийг дурдсугай.

       3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

     4. Захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Булганчимэгт даалгасугай.

 

ШҮҮГЧ                                   Б.МӨНХЖАРГАЛ