Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 61

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Одончимэг даргалж

Нарийн бичгийн дарга Т.Түвшинбаатар

Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ

Шинжээч П.Нямсүрэн

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Дэжидбал, түүний өмгөөлөгч Х.Отгонжаргал

Шүүгдэгч Н.М-, түүний өмгөөлөгч Д.Дарьсүрэн нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

   Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шинэ шавь овогт Н Н.М- холбогдох эрүүгийн 1722001210012 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1981 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт  Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багт оршин суух, Ардын хувьсгалын 60, 70 жилийн ойн медалтай, ял шийтгэлгүй гэх Шинэ шавь овогт Нямын Н.М- /регистрийн дугаар ЗК81010211/

 

   Яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Н.М-  2017 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан “Халзан” уулын тахилга наадмын үеэр “Үндэсний морин уралдааны морь, унаач хүүхдийн  хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” MNS 6264:2011 стандартыг хангаагүй, унаач хүүхдэд стандартад заасан хамгаалалтын хувцсыг өмсгөөгүйн улмаас 11 настай О.Мягмартогтох мориноос унаж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч Н.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2017 оны 6 дугаар

сарын 20-ны үед морь унуулах гээд О.Мягмартогтохыг гуйсан. 2017 оны 7 дугаар сарын 2-ны өдөр наадамд оролцож О.Мягмартогтох мориноос унасан. Би өөрийн унаагаар аймгийн Нэгдсэн эмнэлэгрүү авчирч дараа нь Нэгдсэн эмнэлгээс хотруу эмчилгээнд авч явж 2 сар эмчлүүлсэн. Энэ хугацаанд гарсан 4500000 төгрөгийн эм тарианы зардлыг би төлсөн гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 6 дугаар сарын 27, 28-ны үед Н.М- охин О.Мягмартогтохоор морь унуулах гэж гуйхаар нь охиноос асуу гэхэд охин “морь номхон бол уная” гэж хэлсэн. Би “даатгал, хамгаалалтын хувцас чухал” гэж Н.М-д хэлж байсан. 2017 оны 7 дугаар сарын 2-ны өдөр охин О.Мягмартогтох мориноос унахад хамгаалалтын хувцас өмсгөөгүй байсан. Н.М- О.Мягмартогтохыг эмнэлгээс гарснаас хойш хүүхдийн биеийн байдлыг огт асуугаагүй. О.Мягмартогтох одоо үгээ зөөж ярьдаг, өглөө оройдоо хамраас нь цус гардаг, тэвчээр муутай болсон. Н.М-гаас өмгөөлөгчийн хөлс, замын зардал, тархины МРАЙ-д харуулсан төлбөр нийт 1254000 төгрөгийг нэхэмжилж байна, гомдолтой байна гэв.

 

Хохирогч О.Мягмартогтохын: ...Би 2017 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Сайнцагаан сумын 3 дугаар багийн нутагт байх “Халзан” нэртэй уулын тахилгад Н.М- гэдэг хүний их насны морийг унасан юм. Морины уралдаанд морь эргэх газраа очоод эргээд давхисан тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна, ухаан ороход эмнэлэгт байсан. Тухайн өдөр морь унахдаа ямар ч хамгаалалтын хувцас өмсөөгүй...Би 9 настайгаасаа эхлэн морь унаж эхэлсэн. Н.М-  гэх хүн 2017 оны 6 дугаар сард манай гэрт ирж “намайг морь унах уу” гэхээр би “номхон морь юм уу” гэж асуугаад унасан. “Халзан” уулын тахилга болохоос өмнө 3-4 удаа тэр их морийг тарласан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-32/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Дэжидбалын: ...Саахалт айлын хүн Н.М- 2017 оны 6 дугаар сарын 10-ны үеэр манайд ирээд “О.Мягмартогтохоор хурданы морь унуулах гэсэн юм” гэж гуйхаар нь “охиноос асуу” гэж хэлсэн. Охиноос асуухад охин зөвшөөрөөд Н.М-гийнхруу морь унахаар явсан...2017 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 17 цагийн үед Н.М-гийн эхнэр Болормаа манайд машинтай ирээд “О.Мягмартогтох морьноос унасан” гэж хэлэхээр нь “охин гайгүй юу, зүгээр байгаа биздээ” гэж асуухад “зүгээр байгаа” гэж хэлсэн. Тэгээд О.Мягмартогтохын аав Отгонбаатарыг аймгийн эмнэлэгрүү Болормаатай хамт явуулсан. Тэр өдөр овоон дээр гараад Отгонбаатартай утсаар ярихад “ирэхгүй бол болохгүй байна, О.Мягмартогтох ухаангүй байна” гэхээр нь би эмнэлэг дээр ирэхэд яаралтай Улаанбаатар хот орох шаардлагатай гэж гарын үсэг зуруулаад түргэний машин авч явсан. Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр эмнэлгээс гарч Эх нялхасын эмнэлэгт хэвтэж, хагалгаанд ороод тэндээ хэвтэн эмчлүүлж 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр эмнэлгээс гарсан...Охин ухаан орсон боловч баруун талын мэдээ мэдрэмж сул, хамраас цус гарна, баруун талаараа тэнцвэр алдаж унадаг... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-34/

 

Гэрч Ж.Зоригтбаатарын: ...Сайнцагаан сумын 3 дугаар багийн иргэд 2017 оны 7 дугаар сарын 2-ны өдөр жил болгон тахидаг “Халзан” нэртэй уулыг тахисан юм. Уг наадамд их нас, соёолон, даага нийт 3 насны морь уралдсан. Их насны морь  Сайнцагаан сумын 3 дугаар баг “Баруун далай ус” гэдэг газар морь тавианы газраас эргэж давхисан. Би их насны морийг дагаж 1 километр гаруй явж байхад 3 хүүхэд морьноос унасан байхаар нь очиход 2 хүүхэд боссон, 1 хүүхэд ухаангүй хэвтэж байсан. Тэр хүүхдийг эмч С.Пүрэвжав үзээд бригадын төв дээр авчирч, тэндээс аймгийн эмнэлэгрүү морьны эзэн Н.М- машинаар авч явсан...Тухайн өдрийн уралдаанд морь унасан хүүхдүүд хамгаалах хувцас өмсөөгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-36/

 

Гэрч С.Болормаагийн: ...Сайнцагаан  сумын 3 дугаар багт байх “Халзан” уулын тахилга 2017 оны 7 дугаар сарын 2-ны өдөр болж манай нөхөр Н.М- их насны морь уралдуулсан юм...Их насны морьд орж ирэхээр нь би нөхрийнхөө уясан морийг хэдэд орж ирэх бол гэж бодоод харсан боловч морь орж ирээгүй, Н.М- ирээд морь унасан О.Мягмартогтохыг морьноос унасан байна гэж хэлсэн. Тухайн өдөр О.Мягмартогтох дээр  очиход ухаангүй, биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. О.Мягмартогтох хамгаалах хувцас өмсөөгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-40/

 

Гэрч С.Пүрэвжавын: ...Би Сайнцагаан сумын 3 дугаар багт 2017 оны 7 дугаар сарын 2-ны өдөр “Халзан” уулын тахилгын наадамд хүүхэд унаж бэртсэн тохиолдолд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх эмчээр явсан. Их насны морь эргээд удаагүй байхад ...машин, хэдэн хүн, морь харагдахаар нь хүүхэд унасан байна гэж бодоод тэр газар очиход 2 хүүхэд ухаангүй, нэг хүүхэд уйлсан зогсож байхаар нь О.Мягмартогтоход таталтын эсрэг тариа хийсэн, нөгөө хүүхдэд нь ямар нэгэн тариа хийгээгүй. Хүүхдийг машинд суулгаад багийн төврүү явж байхад О.Мягмартогтох гэдэг хүүхдийн нөгөө хүүхэд нь сэргэсэн. Багийн төв дээр О.Мягмартогтохын биед өвдөлт намдаах тариа хийсэн. О.Мягмартогтохыг морь унуулсан Н.М- гэдэг хүн эмнэлэгрүү өөрөө аваад явъя гэхээр нь дахиад 1 нас уралдах байсан болохоор би тэр газраа үлдээд О.Мягмартогтохыг Н.М- аваад аймгийн төв явсан...Тухайн өдөр О.Мягмартогтох дээр очиход ямар ч ухаангүй, толгойны баруун талын дагзны хэсэгт цус шүүрэх төдий шарх байсан. О.Мягмартогтох хамгаалах хувцас өмсөөгүй байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-42/

 

 Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 170200337 дугаартай дүгнэлтэд

“1. Ирүүлсэн материалаар О.Мягмартогтохын биед гавал ясны баруун чамархайн суурь хэсгээс дээш чиглэлтэй чамархай яс дайрсан зулай ясруу үргэлжилсэн шугаман хугарал, тенториум болон тал бөмбөлгийн таславч хооронд, зүүн чамархай хэсгийн субарахнойдаль зайнуудад аалзавч хэсгийн  цус харвалт, тархины эдийн няцрал, тархины мэдрэлийн ширхэгийн тархмал гэмтэл, комын байдал, баруун дал ясны их биеийн хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гавал ясны баруун чамархайн суурь хэсгээс дээш чиглэлтэй чамархай яс дайрсан зулай ясруу үргэлжилсэн шугаман хугарал, тенториум болон тал бөмбөлгийн таславч хооронд, зүүн чамархай хэсгийн субарахнойдаль зайнуудад аалзавч хэсгийн  цус харвалт, тархины эдийн няцрал, тархины мэдрэлийн ширхэгийн тархмал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай шинжээрээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

Далд ясны хугарсан гэмтэл нь хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна.

4. Дээрх гэмтэл нь мориноос унаж гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. О.Мягмартогтохын хэвлийн голын шугамаар тухайн үед мэс засал хийлгэсэн гэх сорви байх ба энэ талаар ирүүлсэн материалд бичигдээгүй байна.” гэжээ. /1-р хх-ийн 45-46/

 

Шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн дүгнэлтэд

“Хурдан морь унасан О.Мягмартогтоход уяач Н.М- хамгаалалтын хувцас хэрэгслийг бүрэн өмсүүлээгүй нь Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын стандарт үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морин хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264:2011 стандартын 3 дугаар бүлгийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-3.1.8, 3.3 дахь хэсгийн 3.3.1-3.3.8, 3.4 дэх хэсгийн 3.4.1-3.4.3 дахь хэсгийг зөрчсөн байна. MNS 6264:2011 стандартын 4 дүгээр бүлгийн морины хэрэгсэлд тавигдах шаардлагын дагуу морины хэрэгсэл болох эмээл, хазаар, ташуурт хэмжилт хийхэд хазаарын жолооны урт 2 метр 30 сантиметр, ташуурын урт 50 сантиметр, эмээлийн суудал, гөлөм, олом, даруулга олом, жирэм, угсуурга, булигаар, сур, адууны хялгасаар, тохомыг зулхайгаар тус тус хийсэн. Дөрөөний дотор талын зай нь стандартын дагуу таваг нь иржгэр гадаргуутай, эмээл нь морины нуруунд холбирохгүйгээр урд, хойд олом буюу даруулга олмоор бэхлэгдэж унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангасан байна. Дээрх стандартад заагдсаны дагуу хурдан морь унаач хүүхдэд хамгаалалтын хувцас хэрэгслийг бүрэн өмсүүлж уралдаанд оролцуулах үүргийг уяач Н.М- хариуцна...” гэжээ /хх-ийн 210-211/

 

- О.Мягмартогтохын өвчний түүхийн хуулбар /1-р хх-ийн 47-79, 83-208/

-Үндэсний морин уралдаанд морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага, стандарт MNS 6264:2011 /1-р хх-ийн 212-219/

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт /1-р хх-ийн 240-245/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 246/ зэрэг нотлох баримтаар болон шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Н.М- 2017 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан “Халзан” уулын тахилга наадмын үеэр 11 настай О.Мягмартогтохыг хамгаалалтын хувцасгүйгээр морь унуулж уралдуулсны улмаас О.Мягмартогтох мориноос унаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан үйл баримт нотлогдон тогтоогдлоо.

 

Дээрх нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугүй гэж, түүний өмгөөлөгч шүүгдэгч Н.М-г дээрх гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотлогдож тогтоогдоогүй тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх зарчмыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй гэж мэтгэлцэж байна.

 

     Шинжээчийн дүгнэлтийг үнэлэхгүй байх үндэслэл байж болох боловч шүүгдэгч хурдан морь унасан хохирогчид хамгаалалтын хувцас хэрэгслийг бүрэн өмсүүлээгүй уралдаанд оролцуулсан учир байдлыг агуулж байгаагаараа нотолгооны ач холбогдолтой байх үндэслэл бүхий нотлох баримт мөн бөгөөд шүүх шинжээчийн дүгнэлтийг үнэлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Унаач хүүхдэд морин уралдаан болон бэлтгэл сургуулилтын үед өмсүүлэх хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага нь стандартаар бүрэн баталгаажсан байх шаардлагатай болох нь Монгол Улсын 13.340.01, 97.220.01 ангилалтын код бүхий MNS 6264:2011 стандартаар тогтоогдож байх бөгөөд дээрх стандартад заасны дагуу хурдан морь унаач хүүхдэд хамгаалалтын хувцас хэрэгслийг бүрэн өмсүүлж уралдаанд оролцуулах үүргийг уяач хариуцахаар байна.

 

Иймд шүүгдэгч Н.М- хүлээсэн үүрэгтээ хайхрамжгүй хандаж, биелүүлээгүйн улмаас унаач хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуульд заасан бусдын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн бүх шинжийг агуулж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг:

 

Гэмт хэргийн улмаас 2006 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хохирогч О.Мягмартогтохын эрүүл мэндэд “гавал ясны баруун чамархайн суурь хэсгээс дээш чиглэлтэй чамархай яс дайрсан зулай ясруу үргэлжилсэн шугаман хугарал, тенториум болон тал бөмбөлгийн таславч хооронд, зүүн чамархай хэсгийн субарахнойдаль зайнуудад аалзавч хэсгийн  цус харвалт, тархины эдийн няцрал, тархины мэдрэлийн ширхэгийн тархмал гэмтэл, комын байдал, баруун дал ясны их биеийн хугарал” бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлт, өвчний түүх зэргээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1-д “Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна” гэж, мөн хуулийн 506 дугаар зүйлийн 506.1-д “Арван зургаан насанд хүрээгүй бөгөөд цалин, хөлс, орлогогүй иргэний эрүүл мэндэд гэм хор учруулсан бол гэм хор учруулсан этгээд нь ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг энэ хуулийн 505.1-д зааснаар нөхөн төлнө” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

 

Хуулийн дээрх заалтын дагуу шүүгдэгч Н.М- арван зургаан насанд хүрээгүй О.Мягмартогтохын эрүүл мэндэд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “Өмгөөлөгчийн хөлс, замын зардал, тархины МРАЙ-д харуулсан төлбөр нийт 1254000 төгрөгийг” нэхэмжилнэ гэж мэдүүлж байна.

Шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтуудыг үнэлж, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны болон нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд: Өмгөөлөгчийн хөлс 1000000 төгрөг, давхардаж ирүүлсэн “Хаан” банкны 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 160000 төгрөгийн орлогын мэдүүлэг /2-р хх-ийн 143/ хамаарч байна.

 

Харин хохирогч О.Мягмартогтохын МРАЙ шинжилгээний төлбөр, хот хоорондын тээврийн зардал нийт 254000 төгрөгийг шүүгдэгч Н.М-гаас гаргуулж хохирогчид олгож, хохирогч О.Мягмартогтох нь эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлүүлэхтэй холбогдон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Н.М- тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

 

Шүүгдэгч Н.М-гийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тус тус харгалзан түүнд морь уяж уралдуулах эрхийг хугацаатайгаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Н.М- энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шинэ шавь овогт Нямын Н.М-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 7.1 дүгээр зүйлд заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.М-д морь уяж уралдуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Н.М-д шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх энэхүү шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч  Н.М-д тайлбарласугай.

 

5. Иргэний хуулийн 506 дугаар зүйлийн 506.1-д зааснаар шүүгдэгч Н.М-гаас 254000 /хоёр зуун тавин дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогч О.Мягмартогтохын эмчилгээтэй холбогдон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Н.М-д энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан эрх хасах ялын хугацааг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шүүгдэгч Н.М- энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

        

                             ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               Л.ОДОНЧИМЭГ