Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 71

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                

 

                                                          

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Одончимэг даргалж

Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ

Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгч Т.Б-нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

   Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Т.Б-д холбогдох эрүүгийн 1822001510061 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1986 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 2 дугаар баг, “Хар даравгай” гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй гэх Даргын отог овогт Т Т.Б- /регистрийн дугаар ЗВ86011610/

 

          Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

    Шүүгдэгч Т.Б-2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 2 дугаар баг, Нарлагийн 3 дугаар гудамжны 2 тоотод иргэн М.Батмөнхтэй маргалдаж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

        Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 

        Шүүгдэгч Т.Б-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөөгүй болно.

      

        Шүүгдэгч Т.Т.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 16 цагийн үед хөдөө гэрээсээ хүү Б.Тэмүүжингийн хамт мотоцикльтой адуунд явж байх үедээ бензин авахаар Говь-Угтаал сумын төв орж ирээд дэлгүүрийн үүдэнд М.Батмөнх, Д.Дуламжав хоёртой таарахад намайг “50000 төгрөг зээлдүүлээч, архи авъя” гэхээр нь би “мөнгө зээлвэл зээл” гэж хэлчихээд яваад өгсөн. Дараа нь хүүгийнхээ хамт Т.Батхуяг гэх айлд очтол М.Батмөнх, Д.Дуламжав, Б.Лхасүрэнжав, гэрийн эзэн Т.Батхуяг гэх хүмүүс байсан. Би тухайн үед Б.Батмөнх, Д.Дуламжав нарт хандаж “та хоёр нийлээд 5, 6 мянган малтай байж намайг доромжилж байгаа юм шиг 50000 төгрөг зээлдүүлээч гэдэг нь яаж байгаа юм, тэгээд ч өнөөдөр дэлгүүр онгойхгүй” гэж хэлсэн. Д.Дуламжав согтуу байсан ба намайг элдэв муугаар зүхээд, доромжлоод байсан. Гэрийн эзэн Т.Батхуяг “хэрүүл маргаан хийх гээд байгаа бол манай гэрээс гарч маргалдацгаа” гэхээр нь би гэрээс гартал Д.Дуламжав дагаад гараад ирсэн. Бид 2 уулзаад ярилцаж байтал М.Батмөнх гарч ирээд миний цээжрүү цохиж түлхсэн. Тэгээд Д.Дуламжавтай нийлээд малаараа баярхаад “чамайг яасан ч яадаг юм” гээд нийлж зодох гээд байгаа юм шиг байхаар нь М.Батмөнхийг зүүн талаар нь тонгорч унагачихаад хүүгийн хамт адуундаа явсан...” гэжээ /хх-ийн 41-42/

        

        Хохирогч М.Батмөнхийн “...2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 16 цаг 30 минутын үед Дундговь аймгийн Говь-Угтаал сумын төвд байрлах иргэн Т.Батхуягийн гэрт найз Д.Дуламжавын хамт ороход Т.Батхуяг, Б.Лхасүрэнжав хоёр байсан. Тэгтэл “жоохноо” хочтой Т.Б-гэх залуу хүүгийнхээ хамт орж ирсэн. Т.Б-Д.Дуламжавыг гарч уулзъя гээд гэрээс аваад гарсан. Би араас нь гартал Т.Б-Д.Дуламжавыг 2-3 удаа баруун гараараа нүүр хэсэгт нь цохисон. Би Т.Т.Б-д хандаж “наад хүн чинь ахтай нь хамт яваа шүү, тэгж болохгүй” гэж хэлээд буцаад Т.Батхуягийн гэрт орсон. Удалгүй Т.Т.Б-, Д.Дуламжав хоёр араас орж ирсэн. 5-7 минут гэрт сууж байгаад Т.Б-намайг “ах гэрээс гарч уулзъя” гэхээр нь хамт гэрээс гартал намайг хавсарч газарт унагааж, дээрээс 3-4 удаа дэвсэж зодсон... Улаанбаатар хотод Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн, миний баруун талын 4, 5, 7 дугаар хавирга хугарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/

 

Гэрч Ж.Мөнхдэлгэрийн “... 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ... жижүүр сувилагч надруу утсаар залгаад “хүн үзүүлэх гээд ирчихлээ” гэхээр нь би ирж үзсэн. Үзэх үед тус сумын 3 дугаар багийн малчин М.Батмөнх нь зүс таних эрэгтэй хүнд зодуулсан байдалтай ирсэн. М.Батмөнхийн биеийн ерөнхий байдал дунд, орчиндоо харьцаатай, байрлал албадмал, цээжээ дарсан, ухаан санаа саруул, арьс салст цэвэр, биед хөхрөлт, няцралт, ил харагдах шарх байхгүй, тунгалагийн булчирхай тэмтрэгдэхгүй, эмзэглэлгүй, хүүхэн хараа хэвийн, мэдрэлийн урвалд хэвийн, зүрхний авиа тод хэм жигд, пүүлс 1 минутад 88-98 удаа, хүчдэл, дүүрэлт дунд, уушиг баруун талд цулцангийн сулавтар амьсгалтай, амьсгал жигд бус, амьсгалын тоо 1 минутад 28-32 удаа, арьтерийн даралт 130/80, 140/100 мм, мөнгөн усны багана, цээжний баруун талд 3, 4 дүгээр хавирганы түвшинд, эгэмний дунд шугамаар эмзэглэл ихтэй, 3, 4 дүгээр хавирганы түвшинд хугарлын зөрүү тэмтрэгдэнэ, хүзүүний 7 дугаар нугалам орчимд эмзэглэлтэй доош багана нуруу дагаж эмзэглэлтэй байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7/

 

Гэрч Т.Батхуягийн “...2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гэртээ Б.Лхасүрэнжавын хамт байхад гаднаас М.Батмөнх, Д.Дуламжав гэх хоёр хүн ирсэн. Бид 4 гэрт сууж байхад Т.Б-дунд хүүгийн хамт орж ирсэн. Т.Т.Б-, М.Батмөнх, Д.Дуламжав гурав мал яриад байж байтал М.Батмөнх, Д.Дуламжав хоёрыг Т.Б-“та хоёр нийлээд бараг 6 мянган малтай байж намайг доромжилж байгаа юм шиг 50000 төгрөг гуйдаг нь яаж байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд маргаад байхаар нь Т.Т.Б-, М.Батмөнх, Д.Дуламжав гурвыг “манай гэрээс гарч маргалд, манай гэрт битгий маргалдаад бай” гэж хэлсэн. Манай гэрийн гадна юу болсон талаар би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/

 

Гэрч Д.Дуламжавын “...2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр үдээс хойш 16 цаг өнгөрч байхад М.Батмөнх бид хоёр Говь-Угтаал сумын төв дээр Т.Батхуягийн гэрт очтол Б.Лхасүрэнжавын хамт гэртээ байж байсан. Удалгүй гаднаас Т.Б-хүүгийнхээ хамт Т.Батхуягийн гэрт орж ирсэн. Т.Б-хэсэг сууж байгаад М.Батмөнх бид хоёрыг “олон малтай мянгат байж баярхаж, намайг доромжилж байгаа юм шиг мөнгө зээлээч гэж хэлцгээлээ” гэж уурласан ба тухайн үед Т.Батхуяг бид хоёрыг “маргалдах гэж байгаа бол гэрээс гарч маргалдаарай” гэсэн. Бид хоёр гэрийн гадна маргалдаж байгаад буцаад гэрт орцгоосон ба М.Батмөнх, Т.Б-хоёр гэрээс гараад явсан... М.Батмөнх хэн нэгэнтэй муудалцсан асуудал гаргаагүй, Т.Т.Б-тай маргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/    

 

Гэрч Б.Лхасүрэнжавын “...Т.Батхуяг, Д.Дуламжав, М.Батмөнх гурав хоорондоо мал яриад маргалдаад байсан ба Т.Т.Б-, М.Батмөнх хоёр гараад явсан. Би араас нь гартал нэг нэгнийхээ дээлний энгэрээс заамдсан зогсож байхаар нь гайгүй байлгүй гэж бодоод буцаад Т.Батхуягийн гэрт орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/                                                                                                                                                                          

 

- Дундговь  аймгийн  Шүүхийн  шинжилгээний албаны шинжээчийн  2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 180200174 дугаартай дүгнэлтэд

“1. Т.Батмөнхийн биед баруун талын 4, 5, 7-р хавирганы зөрүүтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

3. Дээрх гэмтэл бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

5. Гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ. /хх-ийн 21/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

- Хохирогч М.Батмөнхийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 3/

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 22-24/

- Хохирогч М.Батмөнхийн өвчний түүх /хх-ийн 26-34/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-45/

- Хохирлын баримт /хх-ийн 51-53/

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 43, 45-48, 58-64/

- Хохирол төлсөн баримт /хх-ийн 65/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байх ба шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Т.Б-2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 2 дугаар баг, Нарлагийн 3 дугаар гудамжны 2 тоотод М.Батмөнхтэй маргалдаж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.   

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:

 

Хохирогч М.Батмөнх тус аймгийн Цагдаагийн газарт болон тус шүүхэд гаргасан хүсэлтдээ “эмчилгээний болон бензины зардалд 460000 төгрөг авч хохирлоо барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 66/ гэсэн байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж шүүх үзлээ.

                                          

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Т.Б-тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн  хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Т.Б-гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж чанарыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1-д заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,  3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Даргын отог овогт Төмөрхуягийн Т.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Т.Б-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

                                 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Т.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2 /хоёр/ сарын хугацаанд буюу тухайн сарын 25-ны өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Т.Т.Б-д  шүүхээс  тогтоосон  хугацаанд  торгох  ялыг  биелүүлээгүй  бол хорих ялаар

 

солихыг тайлбарласугай. 

 

         5. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

        

         6.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

        

 

 

 

                             Д