Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
Хэргийн индекс | 135/2016/00562/и |
Дугаар | 777 |
Огноо | 2016-05-11 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 777
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/00562/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** аймгийн *** сумын *** баг *** тоотод оршин суух, Э.Ж--ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** аймгийн БСУГ-д холбогдох ,
1,545,840 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Миний бие нь Дархан-Уул аймаг дахь Боловсрол соёлын газарт хөдөлмөрийн гэрээгээр 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчлэгчээр ажиллах болсон. 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ***дугаартай захирамжийн дагуу үйлчлэгчийн ажлаа өдрийн жижүүрийн ажилтай хавсран гүйцэтгэхээр болсон. Хавсарсан ажил үүргийг биелүүлэхэд 40 хувийн нэмэгдэл цалин хөлс олгох ёстой байсан. Гэтэл байгууллагаас надад энэ цалин хөлсийг олгоогүй, зөвхөн үйлчлэгчийн сарын үндсэн цалин 483,077 төгрөг олгож байсан.
Иймд 2015 оны 04 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны цалингийн 40 хувийн нэмэгдэл болох 1,545,840 төгрөгийг Боловсрол соёлын газраас гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Боловсрол соёлын газар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
...Э.Ж нь 2013 онд ажлаас халагдсан боловч шүүхэд нэхэмжлэл гаргаж ажилд эгүүлэн авах тогтоол гаргасан. Энэ дагуу 2013 оны 11 сард шүүхийн шийдвэрээр ажилдаа орсон боловч 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ажлаас дахин чөлөөлжээ. Энэ хууль бус үйлдлийг зогсоож Боловсрол соёлын газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот тушаалаар үйлчлэгчээр томилон ажиллуулж байна. Аймгийн засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ***тоот захирамжаар баталсан Боловсрол соёлын газрын бүтэц орон тоогоор Э.Ж гийн үндсэн ажил үйлчлэгчээр, өдрийн жижүүрээр хавсран гүйцэтгүүлсэн байна. 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хавсран гүйцэтгэсэн нь үнэн болно.
2015 онд ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна. гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Ж нь Боловсрол соёлын газарт холбогдуулан 2015 оны 04 дүгээр сарын 23-наас 2015 оны 12 дугаар сар хүртэл хугацааны нэмэгдэл цалин 1,545,840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар
Дархан-Уул аймгийн Боловсролын газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай Ажилд томилох тухай тушаалаар Э.Ж г Боловсрол газрын үйлчлэгчээр томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн /хх-10/ бөгөөд үйлчлэгч Э.Ж нь сарын 483,077 төгрөгийн үндсэн цалинтай болох нь Боловсрол соёлын газрын тодорхойлолтоор тогтоогдож байна /хх-3/.
Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ***дугаартай Боловсрол соёлын газрын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай захирамжаар жижүүрийн орон тоог батлаагүй /хх-4-6/ бөгөөд тус байгууллагын үйлчлэгч Э.Ж нь жижүүрийн ажлыг хавсран гүйцэтгэсэн ба энэ талаар зохигчид маргаагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ, 49 дүгээр зүйлийн 49.1-д Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно, 50 дугаар зүйлийн 50.1-д Ажилтанд үндсэн цалин дээр нь ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс олгож болно, 50.2-д Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч Э.Ж нь үйлчлэгч болон жижүүрийн ажлыг хавсран гүйцэтгэж байгаа тул түүнд үндсэн цалин 483,077 төгрөгөөс 40 хувиар тооцон 8 сарын хугацааны нэмэгдэл хөлс 1,545,840 төгрөгийг хариуцагч талаас гаргуулан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-т зааснаар хариуцагч Д аймгийн БСУГ 1,545,840 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Ж д олгосгугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 39,683 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА