| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0105/Э |
| Дугаар | 119 |
| Огноо | 2019-01-14 |
| Зүйл хэсэг | 11.2.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,
Улсын яллагч Э.Намуун,
Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Н.Дашдулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н-д холбогдох эрүүгийн 1806 0878 92049 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.Н, 1981 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, краны оператор, жолооч, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 1000 оюутны байр, 18 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар .
Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 1000 оюутны байрны 18 тоотод хохирогч Г.Цолмонгийн зүй бус үйлдлийн улмаас буюу санаа сэтгэл хүчтэй цочрон давчдсаны улмаас зодож түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Одоо эхнэр хоёр хүүхдийн хамт амьдарч байгаа, эхнэр хүүхдүүдээ харж байгаа би ажил эрхэлж амьдарч байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Хохирогч Г.Цолмон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Мөнхбат гэх хүнтэй харьцаж байгаад уулзахаар болоод 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би гэрээсээ 8 цаг өнгөрч байхад гараад Зүүнхараа руу машинаар явсан. Гэнэт Мөнхбат гэх хүн чатаар надад хайр халамж тавиад анхаараад эхлэхээр эмэгтэй хүн болохоор уулзчихмаар санагдаад явсан. Зүүнхараад очиж Мөнхбаттай уулзчихаад орой гэртээ ирсэн тэр өдөр нөхөр Нэмэхгэрэл байнга над руу залгаад би утсыг нь огт аваагүй юм. Би гэртээ орй 22 цагийн үед гэртээ орж ирсэн тэгтэл нөхөр чи хаачаад ирсэн, нөгөө хүнтэйгээ уулзчихаад ирэв үү гэж асуухаар нь би чамд ямар хамаатай юм бэ гээд нөхрийгөө цохиод авсан, тэгтэл Н миний гадуур хувцсыг тайлаад коридорт намайг нүүр нүдгүй нүдээд эхэлсэн. Миний толгой түрүү, таарсан газар руугаа цохиж байсан, би тухайн үед маш их орилсон, намайг цохисон хэр хугацаанд үргэлжилснийг сайн санахгүй байна ..гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/
Насанд хүрээгүй гэрч Б.Учрал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “амралтын өдөр байсан тэр өдөр ээж гэрээс гараад явсан байсан. Би дүүтэйгээ тоглож байсан чинь аав Н надаас ээжийнхээ фэйсбүүк хаягийг хэлчих гэж хэлэхээр нь би ээжийг фэйсбүүк хаягийнх нь кодыг хэлж өгсөн. Тэгээд орой ээж гэртээ ирээд аав, ээж хоёр орилолдоод муудалцаад байсан. Би дүүгээ гаргахгүй нөгөө өрөөнд байлгаад байсан. Цагдаа ирэхэд дүү бид хоёр нөгөө өрөөнөөс гарч ирсэн”...гэх мэдүүлэг /хх 16 дугаар хуудас/
Яллагдагч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эхнэр дэлгүүр хэснэ, гадуур явна гээд гэрээсээ 08:20 минутанд гарсан. Тэгээд эхнэр рүүгээ залгахаар өдөржингөө утсаа аваагүй, надтай холбоо барихгүй байж байгаад орой утс аа салгачихсан. Эхнэр утсаа нэг асаагаад, нэг унтраагаад байсан. Би том хүүгээсээ ээжийнхээ фэйсбүүкийн кодыг мэдэх үү гэхэд мэднэ гээд эхнэрийн хаяг руу нь оруулж өгсөн. Тэгээд мессенжерийг нь шалгахад Мөнхбат гэдэг залуутай маш их зүйл бичсэн байсан. Нөгөө залуу нь одоо вагонд суулаа өглөө уулзъя, хөөрхөн шүү kkk гэх мэтээр бичсэн байсан. Тэгээд би эхнэр рүүгээ залгаад гэртээ 2 хүүхдийнхээ хамт хүлээхээс өөр арга байгаагүй, тэгээд эхнэрийнхээ бичсэн мессежийг скрийншот хийгээд Мөнхбатын чат руу явуулаад чи яаж байгаа юм бэ, айл гэр үймүүлээд гэхэд Мөнхбат надад уучлаарай эхнэрийг чинь явуулсан гэж хэлсэн. би Мөнхбат руу залгахад Мөнхбат над руу чи ч гэсэн нууц амрагтай биз дээ, эхнэрт чинь хэлнэ шүү, би бол алдах юм байхгүй, чамд бол нэг сум байхад л хангалттай шүү гэж заналхийлсэн. Тэгээд байж суух газраа олж ядаад байж байхад эхнэр гаднаас 22 цаг өнгөрч байхад гэртээ орж ирсэн. Манай эхнэр тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, би эхнэрээс чи хаагуур явж байгаад ирж байгаа юм бэ гэхэд эхнэр ууртай миний хаачих чамд ямар хамаатай юм бэ гээд юу ч болоогүй юм шиг тоохгүй намайг цохиж аваад байхаар нь би хувцсыг нь тайлахад бэлэг эрхтэн гардаг, эгчийнхээ авч өгсөн хувцсыг өмссөн байсан. Би тэр хувцсыг нь хараад шууд шоконд орсон. Тэгээд л юу болсныг би мэдэхгүй байна нэг мэдэхэд цагдаа намайг гавлаж байхад ухаан орсон. Би сэтгэлийн гүн шок дарамтанд ороод ву хийснээ үнэхээр мэдэхгүй байна,..би уг гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би яг ямар байдлаар яаж цохиж учруулснаа бол мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх 25-26 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13095 дугаартай дүгнэлт:
5. Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй.
6. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 8 дугаар хуудас/ гэрч Б.Нэмэхгэрэлийн мэдүүлэг /хх 11 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 13 дугаар хуудас/, хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /31 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 14 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 1000 оюутны байрны 18 тоотод хохирогч Г.Цолмонгийн зүй бус үйлдлийн улмаас буюу санаа сэтгэл хүчтэй цочрон давчдсаны улмаас зодож түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Н-д санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Г.Цолмон нь мөрдөн шалгах ажиллагаанд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Н нь хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, бага насны 2 хүүхэдтэй, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж, хуульд заасан үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Н-ийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Н-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар түүнд зан үйлээ засах үүргийг 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, төлбөхгүй болохыг тус тус дурьдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Н-д хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР