Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01473

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01473

 

 

* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2023/01911 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: * ХК

Хариуцагч: *** ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Золзаяа, хариуцагчийн өмгөөлөгч М.Амарбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 * ХК нь *** ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 01 дугаартай түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээгээр түрээслүүлэгч * ХК нь Баянгол дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших, *** цехийн 1,764 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг соёл, үйлчилгээний цогцолборын зориулалтаар *** ХХК-д 10 жилийн хугацаагаар түрээслүүлэхээр харилцан тохиролцсон. Түрээслэгч *** ХХК нь соёл, үйлчилгээний цогцолборын зориулалтын дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгийг засан сайжруулах, түрээслүүлэгч нь засан сайжруулах зардалтай холбоотойгоор төлбөрт хөнгөлөлт үзүүлэх гол нөхцөлийг тохиролцсон. Тус үл хөдлөх хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй, манай компанийн үндсэн хөрөнгө бөгөөд санхүүгийн тайлан балансд үндсэн хөрөнгөөр тусгагдсан.

1.3 *** ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөр төлөөгүй. Гэрээний 10.4 дүгээр зүйлийн 10.4.1, 10.4.2-т заасныг зөрчсөн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид түрээсийн төлбөр төлөх талаар удаа дараа шаардлага тавьж байсан.

Улмаар 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн мэдэгдлээр түрээсийн гэрээний 10.4 дүгээр зүйлийн 10.4.1, 10.4.2-т зааснаар гэрээг цуцалж байгаа талаар албан ёсоор мэдэгдэж, 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн үл хөдлөх хөрөнгийн чөлөөлүүлэх хугацааг олгосон. 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хариуцагчид дахин бичгээр мэдэгдэл хүргүүлж, хариуцагч компанийн хүсэлтээр гүйцэтгэх захирал Г.С , хуулийн зөвлөх н.М , 100 хувийн хувь эзэмшигч Г.Б нарыг оролцуулан хуралдсан.

Тус хуралд хариуцагч талаас гэрээг цуцалж байгааг хүлээн зөвшөөрсөн. Манай компанийн зүгээс 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр түрээсийн үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөх талаар бичгээр мэдэгдэл хүргүүлэхэд хариуцагч 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 40 дугаар хариу мэдэгдлээр түрээсийн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөхгүй талаар мэдэгдэж, сайн дураар чөлөөлж өгөхөөс татгалзсан.

Иймд Баянгол дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших *** цех байсан 1,764 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг *** ХХК-ийн хууль бус эзэмшил, ашиглалтаас албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 *** ХХК нь * ХК-ийн нурсан барилгыг гүйцээн засан барьж, хөрөнгө оруулалт хийгээд уг барилгыг түрээсэлж соёл, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж ажиллуулахаар н.М нь *** ХХК-ийг төлөөлж, н.Л нь * ХК-ийг төлөөлж түрээсийн гэрээ байгуулсан.

Гэрээнд барилгыг засаж барих хугацааг дөрвөн сар гэж тогтоосон нь амьдралд нийцэхгүй. Энэхүү том хэмжээний барилгыг гүйцээж барих ажил үргэлжилсээр удалгүй Ковид өвчин дэлгэрч зогсонги байдалд орж хөл хорио, хил гаалийн хязгаарлалт зэргээс шалтгаалан барилгын материал ажиллах хүчний үнэ өсөж барилга одоо ч гүйцэт дуусаагүй байна. Барилгыг бүрэн дүүрэн ашиглаж түрээсийн төлбөр төлж чадахгүй байгааг * ХК мэдсэн атлаа гэнэт түрээсийн гэрээг цуцалж, барилгыг чөлөөл гэдэг шаардлага тавьсан.

2.2 * ХК удирдлагууд манай *** ХХК-ийг төлөөлөх эрх бүхий хүмүүстэй уулзаж түрээсийн гэрээ гэх бичгийг бодит байдалд болон хуульд нийцүүлэн шинэчлэх, манай компанийн нурсан барилгад оруулсан хөрөнгө оруулалтыг хэрхэх талаар тохиролцоогүй тохиолдолд бид энэ барилгыг чөлөөлөхгүй.

Бидний хоорондын хамтын ажиллагаа нь зөвхөн түрээсийн харилцаа биш бөгөөд манай компаниас * ХК-ийн эзэмшлийн ашиглагдахгүй нурсан барилгад хөрөнгө оруулалт хийж, түрээслэх замаар удаан хугацаанд хамтран ажиллах харилцаа байсан. Гэтэл * ХК өөрсдийн барилгыг бүрэн ашиглалтад оруулж үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон үед шууд албадан чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан нь шударга ёс, хууль ёсонд нийцэхгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч * ХК-ийн хариуцагч Имэкс корпорэйшн ХХК-д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хариуцагч нь түрээсийн төлбөрийг 6 жилийн хугацаанд төлөөгүй тул нэхэмжлэгчийн зүгээс гэрээг цуцлах талааар хариуцагчид мэдэгдсэн бөгөөд хариуцагч үүнийг зөвшөөрсөн.

4.2 Анхан шатны шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн бол хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй. Гэтэл хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн атлаа үр дагаврыг шийдвэрлээгүй, мөн уг түрээсийн зүйлийг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлээгүй логикийн зөрчилтэй шийдвэр гаргасан.

Хариуцагч нь Баянгол дүүрэг 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** цех байсан 1764 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. Хуульд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ талууд харилцан буцаах ёстой байтал манай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Хэргийн 29 дүгээр талд авагдсан баримт нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх хэргийн нотлох баримтаас хассан.

5.2 Анхан шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсгийг хэрэглэсэн алдаатай дүгнэлт хийсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн боловч тухайн гэрээг хэрэгт нотлох баримтаар авагдаагүй. Өөрөөр хэлбэл, гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаагүй тохиолдолд хүчин төгөлдөр бус эсэхийг шүүх шууд дүгнэх боломжгүй.

5.3 Албадан чөлөөлүүлэхийн тулд нэхэмжлэгч өмчлөлөө нотлох үүрэгтэй. Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойших баримтууд авагдсан байдаг төдийгүй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, газрын гэрчилгээ байхгүй. Гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэхдээ хэргийн 19, 27 дугаар талд авагдсан цуцлахыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нөхцөл байдлыг дүгнэх ёстой байсан.

Их хэмжээний хөрөнгө оруулалт хийсний дараа нэхэмжлэгч албадан чөлөөлүүлэх хүсэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийг хэрэглэх талаар өөрчлөлт оруулах боломжтой гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч * ХК нь хариуцагч *** ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...түрээсийн гэрээ байгуулсан, хариуцагч гэрээнд заасан төлбөрөө төлөөгүй тул гэрээг цуцалж, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх гэж тодорхойлсон. Хариуцагч татгалзалын үндэслэлээ ...түрээсийн гэрээ байгуулсан, гэрээнд түрээслэгч тал түрээсийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг засан сайжруулсан зардлыг түрээсийн төлбөрт тооцохоор тохирсон гэж үгүйсгэсэн.

 

4. Талууд түрээсийн гэрээ байгуулсан үйл баримтын талаар маргаагүй, хэн аль нь гэрээний үүрэгтэй холбоотой тайлбар гарган мэтгэлцсэн.

 

4.1 Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаартай түрээсийн гэрээ гэх нотлох баримтыг гаргуулах тухай хариуцагчийн хүсэлтийг ...нэхэмжлэгч нь өөрт байхгүй нотлох баримтыг хариуцагчаас гаргуулахаар хүсэлт гаргасан байхад хариуцагчийн энэхүү хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэн, мөн хариуцагчийн улсын бүртгэлийн байгууллагаас гэрээний буюу маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийн талаарх лавлагаа, баримт гаргуулах хүсэлтийг ...нэхэмжлэгч тал үл хөдлөх эд хөрөнгө нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй, өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй гэх тайлбарыг үндэслэн тус тус хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт тус тус нийцээгүй байна. /1хх 132-133, 204-205/

Өөрөөр хэлбэл, дээрх баримт нь хэрэгт хамааралтай, хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байна.

 

4.2 Түүнчлэн, анхан шатны шүүх талуудын шаардлагын болон татгалзалын үндэслэл болгож буй хэргийн 29-31 дүгээр талд авагдсан 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаартай түрээсийн гэрээ гэх баримтыг хэргийн нотлох баримтаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр хассан. /2хх 15/

 

Ийнхүү анхан шатны шүүх талуудын маргааны үндэслэл, татгалзалтай холбоотой баримтыг хэргийн нотлох баримтаас хассанаар талуудын хооронд үүссэн, маргаагүй харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэн, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг тайлбарлан хэрэглэсэн нь ойлгомжгүй болжээ. Өөрөөр хэлбэл, уг үндэслэлээр талууд мэтгэлцээгүй байна.

4.3. Хэрэв талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзвэл талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Мөн хүчин төгөлдөр буй хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үр дагавар үүсэхээс гадна талуудын хэн нь үндэслэлгүй хөрөнгөжсөн болох нь тогтоогдсон байхыг шаардана.

Харин талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээний харилцаа үүссэн гэж үзвэл гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой үйл баримт тогтоогдсон байх шаардлагатай.

 

5. Хэрэгт авагдсан баримтаар маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн бодит байдал тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, талуудын маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, оршин байх газар зэрэг нэг бүрийн шинж тодорхойгүй нөхцөлд шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүй, талууд бүрэн мэтгэлцээгүй байх тул хэргийн үйл баримт тогтоогдсон гэж үзэхгүй. Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэх, уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх, зөвтгөх боломжгүй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2023/01911 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

М.БАЯСГАЛАН