Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/01476

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/01476

 

 

*.* гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2023/01521 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *.*

Хариуцагч: **.**

Нэхэмжлэлийн шаардлага: худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *.* , хариуцагчийн өмгөөлөгч Б.Бадамгарав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Миний бие өөрийн эзэмшлийн ** аймаг, *** сум, *** баг, ** тоот хаягт байрлах орон сууцыг төрсөн ах А.С д 30,000,000 төгрөгөөр 2017 он 01 дүгээр сарын 12-ны өдөр худалдсан. Тэрээр худалдаж авахаар тохиролцсон мөнгөө өгч чадалгүй 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өвчний учир нас барсан.

Иймд тухайн орон сууцыг А.С эс өв залгамжилж авсан **.** гаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Миний нөхөр А.С нь 2002 онд ** аймаг, *** сум, ** баг ** тоот хаягт байрлах орон сууцыг өөрийн хөрөнгөөр төрсөн дүү *.* гээр дамжуулан худалдан авсан. Энэ хугацаанд нөхөр А.С нь тухайн орон сууцанд өөрийн ээжийг түр амьдруулж, төрсөн дүүгийнхээ нэр дээр байлгаж байсан. Тэрээр өвчний учир эрүүл мэнд нь доройтож байсан тул 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр орон сууцыг өөрийн гэр бүлд үлдээхийн тулд өөрийн хүү С.М ий хамтаар *.* гээс шилжүүлж авч, гэрчилгээ гаргуулсан.

2. А.С 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өвчний улмаас нас барсан. 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12 дугаар өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн миний бие орон сууцыг өвлөж авсан. 2017 оны 01 дүгээр сард талуудын хооронд ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй байсан тул эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллага гэрээг бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон.

Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 535 дугаар зүйлийн 535.1, 536 дугаар зүйлийн 536.1, 536.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *.* гийн хариуцагч **.** д холбогдуулан гаргасан 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт шаардах эрхээ хуульд заасан хугацаанд гаргаагүй гэж дүгнэсэн. Нэхэмжлэлийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.2-д заасан хугацаанд гаргасан.

Тодруулбал, би өөрийн эзэмшлийн орон сууцыг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан. Үүнээс хойш 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн бөгөөд дээрх бүх шатны шүүхээр яригдаагүй хугацааг үндэслэл болгон хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Уг орон сууц нь 2002 оноос хойш *.* гийн нэр дээр бүртгэлтэй байсан боловч өмчлөл нь А.С д байсан талаар хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар нотлогддог.

5.2 Өв залгамжлуулагч А.С нь 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нас барсан ба хуульд нас барсан өдрөөс өв нээгдэнэ, өв нээгдсэнээс нэг жилийн дотор гаргана гэж тус тус заасан. Харин нэхэмжлэгч гомдлын шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч *.* нь хариуцагч **.** д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Шаардлагын үндэслэлээ ...орон сууцыг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр талийгч А.С , С.М нарт 30,000,000 төгрөгөөр худалдсан боловч худалдан авагч А.С төлбөрийг төлөөгүй, ... **.** нь тухайн орон сууцнаас А.С д ногдох хэсгийг өвлөн авсан тул гэрээний үүргийг шаардаж байна гэж тодорхойлсон. Хариуцагч татгалзалын үндэслэлээ ...тухайн орон сууц нь анхнаасаа талийгч А.С ийн өмчлөлд байсан гэж үгүйсгэн маргасан.

 

2.1 Хэрэгт 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ авагдсан. Гэрээнд худалдагч тал болох *.* нь маргааны зүйл болох орон сууцыг худалдан авагч А.С , С.М нарт 30,000,000 төгрөгөөр худалдахаар заажээ. /хх 3/

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1210 дугаар магадлалаар ...2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг худалдан авагч А.С , С.М нарын нэр дээр гарсан эсэх баримт хэрэгт байхгүй, мөн хариуцагч **.** нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт зааснаар А.С ийн өвлөгч байх бөгөөд тэрээр өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээх юм. Өвлөгчийн хүлээн авсан өвийн хэмжээ тодорхойгүйгээс түүний үүргийг тодорхойлох боломжгүй байна гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн. /хх106-109/

 

3.1 Анхан шатны шүүх магадлалд дурдсан үйл баримтыг тодруулах ажиллагааг хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, магадлалд заасан маргааны зүйл болох орон сууц А.С , С.М нарын өмчлөлд шилжсэн гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй байна. Уг үйл баримтыг тогтоосноор өв хүлээн авагч буюу хариуцагчийн гэрээний үүргийг хариуцах хэмжээг тогтооход ач холбогдолтой.

 

4. Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгчөөс *.* гийн орон сууц худалдаж авахад төлсөн мөнгөний баримт, С.Сэлэнгийн нас барсны гэрчилгээ, газрын лавлагааг гаргуулахаар хүсэлт гаргасныг /хх150-151/ анхан шатны шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 123 дугаар зүйлийн 123.5 дахь хэсэгт нийцээгүй байна.

 

5. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, талууд энэ талаар мэтгэлцээгүй, давж заалдах шатны шүүхээс уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2023/01521 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

М.БАЯСГАЛАН