Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 155

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Н.Анармаа,                            

улсын яллагч О.Багшбаяр,

Хохирогч Ш.Нацагням, түүний өмгөөлөгч А.Дулмаа,

иргэний хариуцагч Н.Гантулга, түүний өмгөөлөгч Л.Золзаяа,

шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч А.Отгонжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.М-т холбогдох эрүүгийн 1806 0318 82141  дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ч.М, 1980 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн баяжуулагч инженер мэргэжилтэй, “Их Монгол хийц” ХХК-д хөдөлмөр хамгааллын ажилтан ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 7/б байрны 19 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /

Шүүгдэгч Ч.М нь “Их Монгол Хийц” ХХК-ийн хөдөлмөр аюулгүй байдлын ажилтнаар ажиллаж байхдаа 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хөдөлмөр аюулгүйн зааварчлага өгөөгүйн улмаас “Оршил” төвийн барилга дээр ажиллаж байсан иргэн Ш.Нацагням нь 4 давхраас унаж, эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгөөгүйгээс хүний биед хүнд хохирол учруулсан нь миний буруунаас болсон. Тухайн өдөр зургуулаа ажиллаж байсан. Би няраваас материал авах гээд яаран явж байтал Нацагням 4 давхараас унаж бэртсэн байдалтай байсан. Шатны хонгил буюу унасан газарт нь очтол хажууд нь гагнуурчин Лхагвадорж зогсож байсан. Тэгээд Нацагням надад хандан “Мөөгий ахаа би уначлаашдээ” гэж хэлсэн. Би битгий биеэ хөдөлгөөрэй гэж хэлээд түргэн тусламж дуудаж, захирал руу утасдсан. Түргэн тусламж ирсний дараагаар эмч нартай хамт эмнэлэг рүү авч явсан. Хохирлын талаар тухайн үед надад бэлэн мөнгө төгрөг байгаагүй болохоор захиралтайгаа ярилцаад цалингаасаа хохирогчийн эмчилгээний төлбөрийн 50 хувийг нь барагдуулахаар тохиролцож 800.000 гаруй мянган төгрөг цалингаасаа суутгуулж төлсөн. Цаашид Нацагнямын эмчилгээнд гарах зардлыг өөрийн боломжоор өгнө. Миний бие байрны лизингтэй, эхнэр хүүхдээ хараад гэртээ байдаг. Энэ байдлыг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Ш.Нацагням шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг “Их Монгол хийц”  компанийн баригдсан барилга дээр ажиллаж байгаад осолд орж хүнд гэмтсэн. Миний биеийн баруун талын уушиг хоёр талдаа 7 сантиметр задарч, хавирга 1-7 үе хугарсан. Далны яс цуурсан, хөлны савхан яс хугарсан, баруун талын өвдгөөр буюу хойд талын тахимаар явган сууж босоход маш хүндрэлтэй байгаа юм. “Их Монгол хийц” компанийн захирал миний эмчилгээнд 5.306.300 төгрөгийг төлсөн. Одоо ослын улмаас гэмтээд 9 сар болж байна. Энэ хугацаанд биедээ эмчилгээ хийлгүүлсэн. Одоогоор биеийн байдлаас хамааран ажил хийх боломжгүй байна. Дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа ч цалин мөнгө байхгүй. Саяхан өндөр настай ээж аавын тэтгэврийн зээлийг 24 сараар авч эмчилгээ болон эм тариандаа зарцуулсан. Компаниас 2018 оны 04 дүгээр сарын 01-нээс 2019 оны 04 дүгээр сарын 01 хүртэл 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ажиллах хугацааны нэг сарын цалинг 600.000 төгрөгөөр тогтоож, 2018 оны 5 сараас 2019 оны 1 сар хүртэл нийт 9 сарын цалин хөлс олгоогүй. Нийт 9 сарын цалин 5.400.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн цаашид хийгдэх эмчилгээний зардал болох 20.000.000 сая төгрөгийг нэхэмжилж байна. 2018 оны 8 сард эм тариа авахад 83.150 төгрөгийг зарцуулсан баримт байгаа энэ мөнгөө нэхэмжилнэ. Өмгөөллийн хөлс болох 600.000 төгрөгийг нэхэмжилж байна. Нийт “Их Монгол хийц”  компаниас 26.083.150 төгрөгийг гаргуулж авмаар байна. Осолд орсоноос хойш гурван удаа 250,000 төгрөгийг ээжийн дансаар авсан. Шүүхийн хэлэлцүүлэгт авсан мөнгийг тооцож үзэхэд нийт 1,162,900 төгрөгийг авсан байна, энэ мөнгийг нэхэмжилсэн мөнгөнөөс хасч тооцоход татгалзах зүйлгүй. Маш их гомдолтой байна” гэв.

Иргэний хариуцагч Н.Гантулга: “Миний бие байгууллагын ажилтан болох Нацагнямд 2018 оны 4,5,6,7 сарын цалинг ээжийнх нь данс руу шилжүүлсэн. Осолд орсноос хойш эмчилгээний зардлыг дансаар олгосон. Нийгмийн даатгал нөхөн төлсөн мөнгийг компанийн зүгээс өгсөн. Одоогоор 10 сар, 9 сарын тал цалин олгох үлдэгдэлтэй. 10 сар, 11 сарын цалингаас нийгмийн даатгал төлөгдсөн. Нийгмийн даатгалын шимтгэлд ажилтаны төлөх ёстой төлбөр 800,000 төгрөгийг компанийн зүгээс төлж барагдуулсан.” гэв.

            Хохирогч Ш.Нацагням мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Уламбаяр, Отгонхүү, Өнөболд, Аагий ах, хөдөлмөр хамгааллын ажилтан М, Лхагвадорж бид нар байсан. Энэ хүмүүс бүг урьд орой нь архиуусан, уусан архи нь гараагүй бололтой үнэртэж байсан. Тэгсэн Лхагвадорж 2.50 литртэй 1 ширхэг том пиво барьж ирээд дээрх хүмүүс баригдаж байгаа барилгын 2 давхарт эууцаар хувааж уусан. Би аягалж өгсөн уугаагүй. 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хэрэг болсон өдөр ажилд гарахад хөдөлмөр хамгаалал аюулгүй аэжиллагааны зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулаагүй, хөдөлмөр аюулгүй ажиллагааны багаж болох бээлий, каск, бүс зэргийг өгөөгүй....” гэх мэдүүлэг. /хх 6-8, 80-81/,

Гэрч Б.Уламбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ажлаа хийж байсан чинь хамт ажиллаж байсан Ш.Нацагням нь 3 болон 4 давхрын харалдаа айрлах лифтний онгилд байсан модон тавцанг янзалж байгаад доошоо унасан. Гэхдээ өнөөдөр бол хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгаа бол авч гараагүй. Уг зааварчилгааг бригадын дарга Ч.М өгдөг...” гэх мэдүүлэг. /хх 12-13/,

Гэрч Я.Отгонхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 3 давхраас Н.Уламбаярын өгсөн паниарны үзүүрийг Ш.Нацагнямд шилжүүлж өгсөн. Тэр паниарыг бариад алхахдаа хий гишгээд доошоо унасан. Хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлын зааварчилгаа авдаг байсан. Би бол өнөөдөр гарын үсэг зурсан Ш.Нацагням хоцорч ирээд зураагүй ...” гэх мэдүүлэг. /хх 14-15/,

Гэрч Ч.Лхагвадорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 09 цагт очсон. Тэгээд Нацагням, Өнөболд, Уламбаяр, Отгонхүү, Алтангэрэл бид нар 2.5 литртэй пиво хувааж уусан. Нацагням аягаласан мөн өөрөө уусан... Өдөрт ажилд гарахад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны байгууллагын ажилтан аюулгүй ажиллагааны журам зааврыг танилцуулж гарын үсэг зуруулдаг. Тэр өдөр малгай бээлий хэрэглэсэн харин бүсээ зүүгээгүй байсан...” гэх мэдүүлэг. /хх 112/,

Гэрч З.Өнөболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 09 цагт очсон. Нацагням, Өнөболд, Уламбаяр, Отгонхүү, Алтангэрэл бид нар 2.5 литртэй пиво хувааж уусан. Нацагням аягаласан мөн өөрөө уусан. Өдөрт ажилд гарахдаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны байгууллагын ажилтан аюулгүй ажиллагааны журам зааврыг танилцуулж гарын үсэг зуруулдаг. Өдөр бүр малгай, бээлий хэрэглэдэг, бүх хэрэгсэл хувцас байдаг хэрэглэх юмаа өөрсдөө аваад хэрэглэдэг байсан... Ажилтан Ч.М аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулах ёстой боловч 2018 оны 04 дүгээр сарын 05-нд зааварчилгаа өгөөгүй...” гэх мэдүүлэг. /хх 113, 177-178/,

Гэрч Х.Алтангэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай байгууллагын хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн ажилтан Ч.М аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулах ёстой боловч 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гарын үсэг зураалаагүй, урьд нь гарын үсэг зуруулдаг байсан боловч тэр өдөр зуруулаагүй...” гэх мэдүүлэг. /хх 158/,

Яллагдагч Ч.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…”Их Монго хийц” ХХК-ний ажил өглөө 09 цагт цугалж ажилд гарахаас өмнө ажилчдад ажилд гарахаас өмнө би ажилчдад хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зааварчилгаа өгөх ёстой боловч өдөр бүр тогтмол өгч байгаагүй. Учир нь манай байгууллагын ажилчид өдөр бүр бүгд цуглардаггүй. Өөд газар ажилладаг учир тогтмол өгч чаддаггүй юм. Осол гарсан өдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Ш.Нацагнямд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зааварчилгаа өгч гарын үсэг зуруулаагүй. Тэр өдөр ажил жигдрээгүй байсан учир би бүх ажилчдад зааварчилгаа өгөөгүй байсан учир гарын үсэг зуруулаагүй...” гэх мэдүүлэг /хх 183-191/,

Шинжээч эмч Ц.Нандинцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Дүгнэлтэнд Ш.Нацагням нь 2018 оны 04 дүгээр сарын 05-нд барилгаас унаж гэмтсэн гэх бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 09-нд ГССҮТ-д очиж үзлэг хийхэд Ш.Нацагням нь байсан учир согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй”... гэх мэдүүлэг /хх 164-165/, Шинжээч эмч Б.Чулуунчимэгийн мэдүүлэг /хх 166-167/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4604 тоот дүгнэлтэд: 

  1. Ш.Нацагнямын биед  баруун уушгины язралт, няцрал баруун уушигны бүрэн бус хавчилт, цээжний хөндийн шингэн хуралтдалт, баруун талын 1, 2, 3, 4, 5, 6-р хавирганы хугарал, дух хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
  4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1, 1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт /хх 55/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн № 056/04 тоот дүгнэлтэд: 

  1.  Их Монгол хийц ХХК-ний туслах ажилтан Ш.Нацагням нь Оршил констракшн ХХК-ийн захиалгаар Их Монгол хийц ХХК гүйцэтгэгчээр нь ажиллаж байсан Оршил төвийн барилгын обеъктод ажиллаж байгаад унаж осолдсон байна. Иймд Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно. 2.1.1-т ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байх үед/-д заасны дагуу үйлдвэрлэлийн осолд хамааруулан тооцно.
  2. Уг хэрэг хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны дүрэм, журам зөрчигдсөн байна. Үүнд:
  1. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 /...өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/
  2. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 /... ажил үүргээ осл эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших/
  3. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.2 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтанд хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан байх/

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 /аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтанд хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27.1-т заасны дагуу “Их Монгол хийц” ХХК-ийн захирал хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг сахин хангуулах үүрэгтэй.

  1. ...ажил олгогч: “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8...БНбД 12-03-04-ийн 4.10, ...15.1,... зэрэг заалтуудыг Их Монгол хийц ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцсан ажилтан: “...Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27.3.5 дахь заалтуудыг тус тус зөрчсөн. /хх 92-95/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №Н-02/29 тоот дүгнэлтэд: 

              “...Их Монгол хийц” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ажилтан Ч.Мөнхбаяр нь “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын зохион байгуулалт. MNS 4969:2000 стандартын 4.16-д /Аюулгүй ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө./ гэж заасан байдаг бөгөөд осол гарсан 2018.04.05-ны өдөр ажил гүйцэтгэхийн өмнө осолдогч Ш.Нацагнямд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй байна” гэх дүгнэлт /хх 172-174/, өвчний түүх /хх-138-164/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 182/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 181/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.М нь “Их Монгол Хийц” ХХК-нийхөдөлмөр аюулгүй байдлын ажилтнаар ажиллаж байхдаа 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хөдөлмөр аюулгүйн зааварчлага өгөөгүйн улмаас “Оршил” төвийн барилга дээр ажиллаж байсан иргэн Ш.Нацагням нь 4 давхраас унаж, эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан  болох нь

Хохирогч Ш.Нацагнямын “...Уламбаяр, Отгонхүү, Өнөболд, Аагий ах, хөдөлмөр хамгааллын ажилтан М, Лхагдорж бид нар байсан. ...2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хэрэг болсон өдөр ажилд гарахад хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулаагүй, хөдөлмөр аюулгүй ажиллагааны багаж болох бээлий, каск, бүс зэргийг өгөөгүй...” гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №Н-02/29 тоот дүгнэлтэд: 

“...Их Монгол хийц” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ажилтан Ч.Мөнхбаяр нь “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын зохион байгуулалт. MNS 4969:2000 стандартын 4.16-д /Аюулгүй ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө./ гэж заасан байдаг бөгөөд осол гарсан 2018.04.05-ны өдөр ажил гүйцэтгэхийн өмнө осолдогч Ш.Нацагнямд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй байна” гэх дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.

Прокуророос шүүгдэгч Ч.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ч.М хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хариуцагч Их Монгол Хийц ХХК болон шүүгдэгч Ч.М нар нь хохирогч Ш.Нацагнямд учирсан хүнд гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал болох 5,306,300 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд өөрсдийн сайн дураар нөхөн төлсөн болохыг дурьдав.

Хохирогч Ш.Нацагням нь ослын улмаас өөр учирсан хүнд гэмтлийг эмчлүүлэхэд 2018 оны 08 дугаар сард зарцуулсан 83,150 төгрөг, осол гарснаас хойш буюу 2018 оны 04 дүгээр сараас 2019 оны 01 сар хүртлэх ажилгүй байсан хугацааны цалин 1 сард 600,000 төгрөгөөр тооцож нийт 5,400,000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардалд 20 сая төгрөг, өмгөөлөгчийн зардал 600,000 төгрөгийг иргэний хариуцагч болон гэм буруутай этгээд Ч.Мөнхбаяр нараас нэхэмжилсэн болно.

Шүүх хохирогч Ш.Нацагнямын иргэний хариуцагч Их Монгол Хийц ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэн түүний нэхэмжилсэн ажилгүй байсан 9 сарын хугацааны цалин болох /Нийгмийн даатгалын №1418597 дугаартай дэвтэрт бичсэнээр 1 сард 600,000 төгрөгөөр тооцов/ 5,400,000 төгрөг, эмчилгээнд зарцуулсан төлбөр 83,150 төгрөг, өмгөөлөгчийн зардал 600,000 төгрөг буюу нийт 6,083,150 төгрөгөөс хохирогч Ш.Нацагням дансаар авсан 1,162,900 төгрөгийг хасч үлдэх 4,920,250 төгрөгийг иргэний хариуцагч байгууллага болох Их Монгол Хийц ХХК-иас гаргуулах үндэслэлтэй гэж шүүх шийдвэрлэв.

Хохирогчийн цаашид эмчилгээнд зарцуулах 20,000,000 төгрөгийг иргэний хариуцагчаар гаргуулах боломжгүй байна. Харин хохирогч Ш.Нацагням нь өөрт учирсан хүнд гэмтлийг цаашид эмчлүүлэхэд гарсан эмчилгээний талаарх нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээд болон Иргэний хариуцагч нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Шүүх шүүгдэгч Ч.М-т ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, хохирогчид учруулсан бодит зардал болон хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэсэн болно.

Шүүх шүүгдэгч Ч.М-ын болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт өгсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэх шаардлагагүй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ч.М-ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.М-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ч.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Их Монгол Хийц ХХК-иас 4.920.250 /дөрвөн сая есөн зуун хорин мянга хоёр зуун тавин/ төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Нацагнямд олгосугай.

5. Хохирогч Ш.Нацагням нь өөрт учирсан хүнд гэмтлийг цаашид эмчлүүлэхэд гарсан эмчилгээний талаарх нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээд болон Иргэний хариуцагч нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ч.М-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР