Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01141

 

 

 2023 06 09 210/МА2023/01141

 

 

Б.Ж гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 24ий өдрийн 101/ШШ2023/02044 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Ж гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ү.Т д холбогдох, орон сууцны түрээсийн төлбөр 3,600,000 төгрөг, алданги 1,800,000 төгрөг, ашиглалтын зардал 118,910 төгрөг, нийт 5,518,910 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие өөрийн өмчлөлийн ***  тоот орон сууцыг зуучлалын газраар дамжуулан Ү.Т тэй 2018 оны 11 сарын 28-ны өдрөөс 2019 оны 05 сарын 28-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай, нэг сарын түрээсийн төлбөр 600,000 төгрөг гэж гэрээ байгуулсан. Түрээслэгч Ү.Т нь амьдарч байх хугацаандаа түрээсийн төлбөрөө удахгүй өгнө гэсээр 2019 оны 11 сарыг дуустал тус түрээсийн байранд амьдарсан. Улмаар 2019 оны 11 сарын 30-ны өдөр ******** дугаарын утас руу залгаж танай түлхүүрийг орцны хөршийн хаалганы цоож дээр нь тавиад орхисон, би мөнгийг чинь өгнө, яаралтай хөдөө явах ажил гарсан гэж хэлээд нүүсэн. Хариуцагч нь 2019 оны 6-11 саруудын түрээсийн төлбөр 3,600,000 төгрөг, мөн 2018 оны 12 сараас 2019 оны 11 сар хүртэл амьдарч байсан хугацааны ашиглалтын зардал нийт 718,910 төгрөгийг төлөөгүй. Хамгийн сүүлд 2019 оны 12 сарын 09-ний өдөр надтай уулзаж 2020 оны 02 саын 09-ны өдөр хүртэл төлбөрөө төлж дуусгана гэж баталгаа бичиж өгсөн. Энэхүү баталгаанаас хойш 2020 оны 06 сарын 19-ний өдөр 200,000 төгрөг, 2020 оны 09 сарын 03-ны өдөр 400,000 төгрөг, нийт 600,000 төгрөгийг хэрэглээний зардлаас хасуулахаар тооцож төлсөн. Түүнээс хойш төлбөрөө төлөөгүй, олдохгүй, утсаа авахгүй байсан. Иймд хариуцагч Ү.Т ээс орон сууцны түрээсийн төлбөрт 3,600,000 төгрөг, алданги 1,800,000 төгрөг, ашиглалтын зардал 118,910 төгрөг, нийт 5,518,910 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ү.Т ээс 5,518,910 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ж д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103,253 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 103,253 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч давж заалдах гомдолдоо: Миний бие 2018 оны 11 сарын 28-ны өдөр Б.Ж тай нэг өрөө байр түрээсэлж суухаар гэрээ байгуулсан. Улмаар 2019 оны 11 сарын 30-ны өдөр байрнаас гарч, түлхүүрийг нь хүлээлгэн өгөх гэсэн боловч гэрт нь хүн байхгүй байсан тул хаалганы дээр орхин утсаар залгаж хэлсэн. Нэхэмжлэгчид машин үзүүлж түрээсийн төлбөрөөс хасуулж, зөрүү мөнгө авахаар ярилцсан боловч нэхэмжлэгч нь аваагүй. Би байрнаас гарахдаа 1,200,000 төгрөгийн үнэтэй Haier брэндийн 42 инчийн LCD зурагт, 1,300,000 төгрөгийн үнэтэй бүрэн автомат угаалгын машин зэрэг цахилгаан хэрэгслийг орхиж явсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь байрнаас гарах талаар мэдэгдэхгүйгээр өөрийн эд зүйлээ авч нүүсэн. Ингээд утсаар ярьж байрны түлхүүр үлдээсэн талаар надад хэлсэн. Байрнаас гарахдаа цэвэрлэгээ хийгээгүй, зурагт болон угаалгын машин орхиод явсан байсан. Уг зурагт, угаалгын машиныг шалгаж үзэхэд ажиллахгүй байсан тул грашдаа хадгалсан. Хариуцагч руу утсаар ярьж эд зүйлээ ав гэхэд өнөөдрийг хүртэл ирж аваагүй. Хариуцагч давж заалдах гомдолдоо зурагт 1,200,000 төгрөг, угаалгын машин 1,300,000 төгрөг гэж бичсэн боловч анхан шатны шүүх хуралд өөрөө ороогүй. Мөн машин төлбөртөө өгөх гэж надад үзүүлж байсан боловч уг машин хариуцагчийн нэр дээр биш, доголдолтой хуучин машин байсан тул би аваагүй. Бидний байгуулсан гэрээнд алданги болон хэрэглээний зардлыг төлөх талаар харилцан зөвшөөрч гарын үсэг зурсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Б.Ж нь хариуцагч Ү.Т д холбогдуулан орон сууцны түрээсийн төлбөр 3,600,000 төгрөг, алданги 1,800,000 төгрөг, ашиглалтын зардал 118,910 төгрөг, нийт 5,518,910 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хх 1-2/

 

3.   Хариуцагч Ү.Т 2023 оны 03 сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. /хх 28/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Ү.Т ийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

4.   Талууд 2018 оны 11 сарын 28-ны өдөр Х ХХК-аар зуучлуулан ** дугаартай Орон сууцны түрээсийн гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр Б.Ж нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй *** тоот хаягт байршилтай 76,5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Ү.Т ий эзэмшилд 6 сарын хугацаатай шилжүүлэх, Ү.Т нь нэг сард 600,000 төгрөгийн хөлс, ашиглалтын зардал /дулаан, цахилгаан, халуун хүйтэн ус, бохир ус, харуул хамгаалалт, хог, засвар үйлчилгээ г.м/-ыг тус тус төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд хоног тутам 0,5 хувийн алданги тооцох нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 9, 12-13/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.

 

5.   Хөлслөгч Ү.Т нь 2018 оны 11 сарын 28-ны өдөр дээрх орон сууцыг эзэмшилдээ хүлээн авч, улмаар 2019 оны 11 сарын 30-ны өдөр орон сууцнаас гарч явсан үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон.

 

6.   Өмнө дурдсанчлан хариуцагч Ү.Т нь шүүхэд хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Б.Ж гийн нэхэмжилсэн үнийн дүн болох 5,518,910 төгрөгийн талаар маргаагүй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүх хариуцагчаас 5,518,910 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв, Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн зохицуулалтад тус тус нийцсэн.

 

7.   Хариуцагч нь давж заалдах гомдолдоо ...түрээсийн төлбөрт тооцон 1,200,000 төгрөгийн үнэтэй зурагт, 1,300,000 төгрөгийн үнэтэй угаалгын машин зэргийг үлдээсэн... гэж тайлбарласан боловч гэрээний талууд ийнхүү түрээсийн төлбөрийг эд зүйлээр харилцан тооцохоор тохиролцсон болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт ...анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах ... журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй гэж, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт ...давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй гэж тус тус зохицуулсан тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

8.   Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжих талаарх зохицуулалтыг баримталсан нь оновчгүй байх тул уг заалтыг хасч, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

9.   Хариуцагч Ү.Т ий үлдээгээд явсан гэх зурагт, угаалгын машиныг нэхэмжлэгч Б.Ж гараашид хадгалсан, авч болно гэсэн тайлбар гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 24-ний өдрийн 101/ШШ2023/02044 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...496 дугаар зүйлийн 496.1... гэснийг хасч,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 05 сарын 15-ны өдөр урьдчилан төлсөн 83,750 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.НЯМБАЗАР