Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/01477

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/01477

 

 

*.* ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2023/01263 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *.*

Хариуцагч: **.**

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 63,871,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Бадмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 **.** нь 2021 оны 6 дугаар сард ...н.Д ах бид хоёроос мөнгө зээлээч, би хувиараа уул уурхайн ажлыг хийхэд том оврын Эксковатор маш их бензин тос хэрэглэдэг тул бензин тос авах хэрэгтэй байна гэсний дагуу 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 30,000,000 төгрөгийг хариуцагчийн эхнэр Д.П ын *** банк дахь ******** дугаар дансанд, 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөгийг Н.У ын *** банк дахь ***** дугаар дансанд, мөн өдрөө 7,500,000 төгрөгийг Г.Б ийн *** банк дахь ***** дугаар дансанд тус тус шилжүүлсэн.

1.2 **.** нь дээрх мөнгийг төлөлгүй удсан тул бид 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ хийсэн боловч мөнгийг буцаан төлөөгүй.

Иймд хариуцагчаас үндсэн зээл 39,500,000 төгрөг, хүүгийн төлбөрт 8,769,000 төгрөг, алдангид 15,602,500 төгрөг, нийт 63,871,500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Миний бие *.* , н.Д нараас 30,000,000 төгрөг зээлж, уурхайн ажилд зарцуулсан. Алт сайн гараагүйн улмаас доголдол үүсэж, зээлээ төлж барагдуулж чадаагүй. Ажил явагдаж байх хугацаанд хамтран ажиллаж байсан Н.Н , Г.Б нар 9,500,000 төгрөгийг дансаараа авсан. Хамтран ажилласан Н.Н , Г.Б , н.А нартай зөвлөлдөж, шүүхийн шийдвэр гарахаар хамт төлөхөөр тохиролцсон.

2.2 Гэрээний дагуу 39,500,000 төгрөгийг зээлж авсантай маргахгүй бөгөөд төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин ажил орлого сайн байвал хүү, алдангийг хамтад нь төлөхийг хичээнэ гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч **.** аас үндсэн зээлийн үлдэгдэл 39 500 000 төгрөг, хүү 7 584 000 төгрөг, алданги 15 602 000 төгрөг, нийт 62 686 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *.* д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 185 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 477 308 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 471 380 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *.* д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 **.** нь үндсэн зээл 39,500,000 төгрөг биш, 30,000,000 төгрөг авсан. Үлдэх 9,500,000 төгрөгийг Н.Н , Т.Б нар нь өөрсдийн дансаар авсан **.** нь уг 9,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл үүнийг анхан шатны шүүх харгалзан үзээгүй ба 39,500,000 төгрөгөөс торгууль, алдангийн хэмжээг тооцсон нь үндэслэлгүй.

4.2 Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т зааснаар шүүх хуралдаан болоход хангалттай нотлох баримт бүрдээгүй байсан буюу талуудын байгуулсан тооцоо нийлж, төлбөр барагдуулах 2393 дугаар гэрээнд дуурсанчлан нэхэмжлэгч *.* ы мөнгө шилжүүлсэн дансны хуулга хэрэгт авагдаагүй, шүүхэд эдгээр баримтыг гаргаж өгөөгүй.

Гэтэл дээрх баримтууд нь хавтаст хэрэгт авагдаагүй буюу хэнээс, хэнд, хэзээ шилжүүлсэн баримтууд байхгүй, энэ талаар хавтаст хэрэгт авагдаагүй. Мөн нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа 39,500,000 төгрөгийг хариуцагч өөрийн дансаар авсан зүйлгүй буюу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт хамгийн чухал ач холбогдолтой банкны гүйлгээний баримтууд байхгүй, мөн нотлох баримтгүй зүйлийг шүүх үнэлж шийдвэр гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн.

4.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар жинхэнэ нэхэмжлэгч нь хэн, хэн болохыг шүүх тодруулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нарын нэг байж болох *.* нь үндсэн нэхэмжлэл дээрээ н.Д ах бид хоёроос мөнгө зээлээч н.Д ахынхаа оролцоотойгоор мөнгө шилжүүлсэн талаар дурдсан. Жинхэнэ нэхэмжлэгч нь *.* болон н.Д нар байсаар байхад түүнийг тодруулаагүй, хэн хэн нь хэд хэдэн төгрөг гаргаж уг зээлийн төлбөр бүтсэн талаар тодруулаагүй орхигдуулсан.

Нэхэмжлэгч нарын нэг байж болох *.* нь нэхэмжлэл мөнгөн шилжүүлсэн гэж дурдсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа *.* Г.Б нарын хооронд үүссэн болохыг дурдсан, гэтэл энэ харилцааны дагуу *.* , Г.Б нарын хооронд 7,500,000 төгрөгийг эсвэл 9,500,000 төгрөг түүнийг дагасан хүү, алданги хэрхэн ногдуулах талаар тодруулаагүй орхигдуулсан

4.4 Анхан шатны шүүхийн төлбөр барагдуулах гэрээг дүгнэхэд талуудын хооронд байгуулагдсан үндсэн гэрээ буюу зээлийн гэрээний харилцаа чухал ач холбогдолтой. Талуудын хооронд байгуулагдсан гэх зээлийн гэрээгээр ямар хугацаа тохирсон, гэрээний сунгалт тухай бүр хийгдсэн эсэх асуудлыг харгалзан авч үзээгүй, 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан гэх зээлийн гэрээ нь хавтаст хэрэгт авагдаагүй, шүүх түүнд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, мөн анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийг үндэслэсэн, хавтаст хэрэгт авагдаагүй баримтыг үнэлж дүгнэлт өгч, үндэслэлгүйгээр нэхэмжилсэн зээлийн хүүг хангаж шийдвэрлэсэн нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хууль ёсны зарчимд нийцээгүй шийдвэрийг гаргасан байна.

4.5 Мөн зохигчдын хооронд хийгдсэн зээлийн гэрээ бичгээр хийгдэж иргэд хоорондын зээлийн гэрээгээр хүү авах эрх үүссэн эсэх нь төлбөр барагдуулах гэрээг үнэлэхэд ач холбогдолтой учраас зээлийн гэрээгээр хүлээсэн болон гүйцэтгэсэн үүргийг харгалзан үзэж хуульд нийцүүлэн шийдвэрлэх учиртай тул анхан шатны шүүхийн шийдвэр байгуулагдаагүй зээлийн гэрээг үндэслэн шийдвэрээ гаргасан байгаа нь хуульд нийцээгүй шийдвэр болсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 **.** *.* тай уулзаж, 39,500,000 төгрөг зээлж авахдаа ганцаараа очсон, ямар нэгэн хүн дагуулж очоогүй. Талууд хугацаа тохироогүй хэдий ч даруй өгөхийг хэлсэн. Хэрэгт Д.П , Н.У , Г.Б нар руу шилжүүлсэн талаар баримт байхгүй. **.** эдгээр хүмүүсийн данс руу хийгээрэй гэж хэлсэн. н.Д , *.* нар хамт ажилладаг ба орлого, зарлагын асуудлыг *.* хариуцдаг. Тухайн мөнгө бол *.* ы мөнгө юм. Өмнө нь 2 удаа зээл олгохдоо бичгээр гэрээ байгуулаагүй. Мөнгөө өгөхгүй байсан тул төлбөр барагдуулах гэрээ байгуулсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч *.* нь хариуцагч **.** т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 39,500,000 төгрөг, хүүгийн төлбөрт 8,769,000 төгрөг, алдангид 15,602,500 төгрөг, нийт 63,871,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 39,500,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан.

 

3. 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч нь 39,500,000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн үйл баримт талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсон. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа амаар байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

3.1 Улмаар, талууд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Гэрээний 2.1-д үндсэн гэрээний огноог 2021-06-06-нд байгуулсан зээлийн гэрээ гэж, төлбөрийн хэмжээг 39,500,000 төгрөг, хүүгийн хэмжээг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс сар бүрийн 3 хувь, алдангийн хэмжээг 0,5 хувь гэж тус тус заажээ. /хх 4/ Өөрөөр хэлбэл, дээрх гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчид зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 39,500,000 төгрөгийг мөн өдрөөс хойшхи хугацааны хүү, алдангийн хамт төлөхөөр хожим харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

 

4. Хариуцагч нь нэхэмжлэгчээс үндсэн зээл 39,500,000 төгрөг хүлээн авсан талаар маргаагүй, уг мөнгөн хөрөнгийг буцаан төлөхийг зөвшөөрсөн байх /хх 16, 28/ тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...39,500,000 төгрөгийг хариуцагч өөрийн дансаар авсан зүйлгүй, ...хэрэгт банкны гүйлгээний баримтууд байхгүй, ...жинхэнэ нэхэмжлэгч хэн болохыг, гэрээний харилцаа *.* Г.Б нарын хооронд үүссэн болохыг тодруулаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

5. Талууд гэрээний 2.1-т зээлийн хүүгийн хэмжээний талаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацааны хүүгийн төлбөрт 7,584,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

6. Гэрээний алдангийн заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул анхан шатны шүүх алданги 15,602,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь мөн зүйлийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг зөрчөөгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн зохигч нэхэмжлэлийн шаардлага болон татгалзалын үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй. Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын татгалзалтай холбоотой баримт болон хүсэлтийг шүүхэд гаргаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт бүрэн бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2023/01263 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 471,380 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй. .

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

М.БАЯСГАЛАН