Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 1734

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга А.Уламбаяр,                           

улсын яллагч Б.Ганбулган,

шүүгдэгч Т.Я /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Я-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0705 21942 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Т.Я, 1972 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Ээж хайраны 34-172 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд 1998 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 6 сарын баривчлах ялаар, 1998 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хорих ялаар, 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 211 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1-т зааснаар 3 жилийн хорих ялаар, 2002 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 231 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, 2016 оны 06 дугаар сарын 23-ны эдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих члаар шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай;

Шүүгдэгч Т.Я нь 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ү.Сарангэрэлийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Т.Я шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирол төлбөрт 230.000 төгрөгийг нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлнө” гэв.

Хохирогч Ү.Сарангэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...12 цагийн орчимд гэрээсээ гараад Шархадны эцэст очиход Я нь өөрийхөө автомашин дотор байж байхаар нь машинд нь ороход бага зэрэг архи үнэртэх шиг болохоор нь би архи уусан юм уу гэхэд өчигдөр жаахан уусан юм гэсэн, надад ХААН банкны картаа өгөхөөр нь би буугаад явах гэсэн чинь автомашин дотроо баруун талын шанаа орчимд гараараа цохиод чамайг би ална шүү, чи дандаа хоноцын сэтгэлээр ханддаг гэсэн. Би өөдөөс нь юм яриагүй, тэгснээ машинаа асааж хөдөлгөөд 9-р хороонд байрлах гэртээ гэр лүүгээ дагуулж яваад хашаан дотор орсны дараа дахиад миний мөрөн тус газар цохитол би газар дээшээ хараад унахад миний хоёр хөлийг мөр, толгой дээгүүр давуулаад дартал миний нуруун тус газар эвгүй болчихсон. Би түүнд нуруу гэмтээчихлээ гэсэн чинь тоохгүй гэрлүүгээ орчихоор нь би арай гэж босоод гэр лүү нь оролгүйгээр хашааны хаалгаар нь гараад явсан. Гэртээ очоод нуруу өвдөөд байхаар нь 103 дуудаж үзүүлэн. Эмч ирээд өвчин намдаах эм өгөөд явсан. Би 08 дугаар сарын 22-нд нуруу өвдөөд зүгээр болохгүй болохоор нь би Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасагт хэвтэж эмчлүүлсэн. Эмнэлэгт 7 хоног эмчлүүлээд 28-нд гарсан. Эмнэлгээс гараад цагдаагийн байгууллагад хандаж, шүүх эмнэлэгт үзүүлсэн...,Миний биеийн байдал одоо гайгүй байгаа. Надад ямар нэгэн гомдол байхгүй. Харин эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн болон ажилгүй хоногийнхоо зардлыг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/;"...Чи надад дандаа хоноцын сэтгэлээр ханддаг гэж хэлээд намайг цохисон. Шархадны эцсийн буудалд машин дотроо миний зүүн шанаан тус газар хоёр удаа гараараа цохисон. Дараа нь машинаа унаж яваад гэртээ очоод миний нурууг гэмтээсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/;

 

Гэрч Ж.Өлзийдэлгэр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Намайг хөдөө Баянхонгор аймагт байж байхад 2018 оны 08 дугаар сарын 12-ны орой Ү.Сарангэрэлтэй надтай утсаар яриад та хэзээ ирэх гэж байна гээд ойр зуурын юм ярьж байгаад би нуруугаа гэмтээчихсэн гэж байсан. Хэд хоногийн дараа намайг хотод ирээд би Сарангэрэлийнд очиход Яндагдаваа намайг дуудаад надад уурлаад миний гэмтээсэн. Я нь надад виза карт өгөхөөр нь би АТМ-ээс нь мөнгө авах гэтэл пин код нь болохгүй байхаар нь буцаж очоод код нь буруу байна шүү дээ гэтэл намайг автомашины зогсоол дээр намайг газар унагаагаад хоёр хөлнөөс өргөж мөртэй зэрэгцүүлж дартал миний нуруу эвгүй дуугараад гэмтсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд цагдаагийн байгууллагад өргөдөл гарга гэж хэлсэн. Сарангэрэл өөрөө цагдаад хандах уу, яадгийн билээ гээд эргэлзээд байсан. Дараа нь 27-ны өдөр бид хоёр цуг ирээд гомдол гаргасан юм..., Нуруу нь зовиуртай өвдөлт ихтэй байсан. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасагт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн..., Би Т.Я-тай утсаар яриад чи хүний нуруу гэмтээчихээд ирж уулзаж, эмчлүүл гэхэд би мэдэхгүй байна гэж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/;

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10612 дугаартай дүгнэлт:

  1. Ү.Сарангэрэлийн биед бүслэхийн 2 дугаар нугаламын дарагдсан хугарал тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэсэн дүгнэлт /хх-26/,  хохирлын талаарх баримтууд /хх-7-10, 74-76/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-28/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-29/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-50-62, 78-80/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

                 Шүүгдэгч Т.Я нь 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ү.Сарангэрэлийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Ү.Сарангэрэлийн: "...би буугаад явах гэсэн чинь автомашин дотроо баруун талын шанаа орчимд гараараа цохиод чамайг би ална шүү, чи дандаа хоноцын сэтгэлээр ханддаг гэсэн. Би өөдөөс нь юм яриагүй, тэгснээ машинаа асааж хөдөлгөөд 9-р хороонд байрлах гэртээ гэр лүүгээ дагуулж яваад хашаан дотор орсны дараа дахиад миний мөрөн тус газар цохитол би газар дээшээ хараад унахад миний хоёр хөлийг мөр, толгой дээгүүр давуулаад дартал миний нуруун тус газар эвгүй болчихсон." гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Т.Я-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Т.Я-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Ү.Сарангэрэл нь гэм буруутай этгээд болох Т.Я-аас гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

 

Шүүгдэгч Т.Я нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ү.Сарангэрэл нь шүүгдэгчид гомдолгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т.Я-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Т.Я-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Я нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Я нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Т.Я нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ү.Сарангэрэлд 230.000 төгрөгийг төлсөн болохыг дурьдсугай.

6. Хохирогч Ү.Сарангэрэл нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Т.Я-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.