Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
Хэргийн индекс | 135/2016/00552/и |
Дугаар | 803 |
Огноо | 2016-05-17 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 803
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2014/00552/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** аймгийн *** сумын *** баг *** тоотод оршин суух, Г.А--ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** аймгийн *** сумын *** баг *** тоотод оршин суух, Т.Э-д холбогдох
“хамтран өмлчлөгчөөс хасуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Миний бие Г.А нь хариуцагч Т.Э-той танилцаж 2014 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулан хамт амьдарч байгаад бид цаашид хамт амьдрах боломжгүй болсноор, гэрлэлтээ сайн дураар 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр цуцлуулахаар Иргэний бүртгэлийн албанд хандан гэрлэлтээ албан ёсоор цуцлуулан тус тусдаа өөрийн амьдралаа хөөн одоо хүртэл тусдаа амьдарч байна. Бид хамт амьдрах хугацаандаа Т.Э- нь ******* банкны 8 хувийн хүүтэй орон сууцны зээлээр Дархан-Уул аймгийн Дархан сумын ****** дүгээр баг, ****** дугаар хороолол, ****** дүгээр байр, ****** тоот 27 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцыг орон сууцыг худалдан авсан юм. Тухайн үедээ намайг хамтран өмчлөгчөөр бүртгүүлж орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 2015 оны 03 дугаар сарын 22-нд гаргуулан авсан. Энэ байрыг авахад миний бие нэг ч төгрөг төлөөгүйгээс гадна энэ байрыг авах үед авсан зээлийг би нэг ч удаа төлж байгаагүй одоог хүрсэн. Дээрх орон сууц нь Т.Э-ын өмчлөлийн байр юм. Одоо бид тус тусдаа амьдарч тус тусын орлого зарлагатай болсон. Би дээрх хамтран өмчлөгчөөс хасуулах, банкны хамтран зээлдэгчээс хасуулах хүсэлтүүдээ холбогдох байгууллагад нь хандсан боловч холбогдох хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлүүл гээд миний хүсэлтийг хангахгүй байна. Миний бие 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан шинээр орон сууц зээлээр худалдан авах гэж байхад Т.Э-той хамтран өмчлөгчөөр бүртгэгдэж олгогдсон өмчлөх эрхийн гэрчилгээ болон хамтран зээлдэгч гэх мэдээлэл нь надан цаашдын амьдралд сөргөөр нөлөөлж зээл авах болон орон сууц авах үйл ажиллагаанд саад учруулж байгаа тул эрхийн бүртгэлийн ****дугаарт бүртгэлтэй *** аймаг *** сум *** баг *** тоот 27 мкв талбайтай 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөс нэхэмжлэгч Г.А намайг хасч өгнө үү ” гэв.
Хариуцагч Т.Э- шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“...Т.Э- миний бие Г.А тай 2014 оны 09 сард танилцан 2015 оны 03 сард гэр бүл болсон. ******* банкнаас 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдөр МИК-ийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээлээр хамтран зээлдэгч Г.А гийн хамт хоёр өрөө байр худалдан авсан. Уг зээлийг авахад урьдчилгаа 30 хувь болох 16,800,000 төгрөгийг Т.Э- миний бие дангаараа бүрдүүлсэн. Г.А гийн нийгмийн даатгалын орлого нь орж хамтран орж хамтран зээлдэгчээр орсон боловч зээлийн төлбөрөө сар болгоны 25-ны өдөр 328,200 төгрөгийг өөрийн цалингаас суутгуулан төлдөг. Энэ байрыг 2015 оны 07 дугаар сараар эхлэн зарах гэж телевиз, интернетэд байнга зар өгч байгаа. Удаа дараа би Г.А г хоёулаа нийлж байраа зарж зээлээ хаая гэж хэлэхэд надад хамаагүй энэ чиний асуудал гэж хэлдэг ба байр зарагдвал 3,000,000 төгрөг өг гэж нэхдэг. /Уг байрыг анх авах санаа болон байрны хаяг байршлыг Г.А өөрөө олсон/ би өгөх боломжгүй энэ байрыг авахын тулд урьдчилгаа төлбөрөө гаргасан ба цалингаасаа зээлээ төлж байна. Одоо энэ байрыг зарвал анх авсан үнээсээ буухаар байгаа. Надад ийм их хэмжээний мөнгө байхгүй гэж хэлсэн. Энэ байрыг зарах гэтэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр Г.А орсон байдаг ба захиран зарцуулах итгэмжлэл хийж өгөөч гэхээр мөнгө нэхдэг. Би байраа зарж хамтрангаа салгуулахын тулд захиран зарцуулах итгэмжлэлд гарын үсэг зуруулахын тулд надаас нэхсэн 500,000 төгрөг нэхээр нь би өгсөн. Одоо хүртэл миний байр зарах зарлал интернетээр явж байгаа. Манай ам бүл 3, аав ******* нь бие муутай, группт байдаг сарын тогтсон орлого байхгүй. Ээж Д.Уранчимэг нь гэртээ суудаг. Гэр бүл маань хамтрангаар орох боломжгүй. Уг байдлыг Г.А мэдэж байгаа. Хамтран зээлдэгчийг болиулах асуудлыг би мэдэхгүй. Үүнийг банк өөрөө шийдвэрлэнэ. Банкинд хамтран зээлдэгчээ солих хүсэлтийг амаар гаргаж байсан боловч аав, ээжийн орлого нь банкны МИК-ийн 8 хувьтай орон сууцны зээлийн шаардлага хангахгүй байгаа тул боломжгүй гэсэн хариу өгсөн. Мөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд хамтрангаар орсон Г.А г хасуулах гэхээр банк зээлээ бүрэн төлж дуусаагүй байхад барьцаанд бүртгэж авсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эх хувиар гарган өгөх өөрчлүүлэх боломжгүй гэдгээ бас бид хоёрт хэлсэн байгаа. Г.А өөрөө банканд ирж уулзахад банкны эдийн засагч бас өөрт нь хэлсэн. Үнэхээр энэ зээлийн хамтран зээлдэгчээс салгуулах хүсэлттэй байгаа бол надаас мөнгө нэхэж авдаг асуудлыг ойлгохгүй байна.
Иймд Г.А д өгсөн 500,000 төгрөгөө буцааж авах болон байраа зарж зээлээ хаасны дараа энэ асуудлыг шийдвэрлэх хүсэлттэй байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Т.Э-од холбогдуулан *** аймгийн *** сумын *** баг *** тоот 27,0 мкв талбайтай 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөс хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Т.Э- нь “...дээрх орон сууц нь банкны зээлийн барьцаанд байгаа учир орон сууцны хамтран өмчлөгчөөс Г.А г хасах боломжгүй...” гэж маргасан болно.
Хэрэгт авагдсан баримтаар
Зохигчид болох Г.А , Т.Э- нар нь 2014 онд гэр бүл болж, гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулахаар Иргэний бүртгэлийн албанд хандаж, гэрлэлтийг 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр цуцалж, гэрлэлт цуцалсны гэрчилгээг олгосон байна. /хх-8/
Зохигчид нь албан ёсны гэр бүл байх хугацаанд буюу 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, *** аймгийн *** сумын *** баг *** тоот, 27,0 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг ******* банкны орон сууцны зээлийн гэрээний нөхцлөөр худалдаж авч, уг орон сууцны өмчлөгчөөр Т.Э-, Г.А нар өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000367211 тоот гэрчилгээ, орон сууц худалдах, худалдан авах гэрээ, ******* банктай байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Зохигч талуудын ******* банктай 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Орон сууцны ипотекийн зээлийн *** тоот гэрээгээр “...39,200,000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар ашиглахаар, жилийн 8 хувийн хүүтэйгээр, 240 сарын хугацаагаар зээлж авахаар тохиролцож...”, гэрээнд зээлдэгчээр Т.Э-, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Г.А нар гарын үсэг зурсан байна.
******* банктай 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан барьцааны *** тоот гэрээгээр “...барьцаалуулагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *** аймгийн *** сумын *** баг *** тоот, 27,0 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан...” бөгөөд гэрээнд барьцаалуулагчаар Т.Э-, Г.А нар гарын үсэг зурсан байна.
Нэхэмжлэгч Г.А нь 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ******* банкинд “...8 хувийн ипотекийн зээлээс хамтран зээлэгчээс нэрээ хасуулах тухай” хүсэлтийг гаргасан боловч ******* банк 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай албан бичгээр “ Т.Э, Г.А нар 2015 оны 03 дугаар сарын 23-нд 39,200,000 төгрөгийн 8 хувийн хүүтэй ******* зээл авсан. Хамтран үүрэг гүйцэтгэгчээр Г.А орсон. 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хамтран үүрэг гүйцэтгэгчээс гарахаар өргөдөл өгсөн. Хамтран үүрэг гүйцэтгэгчийг солих судалгааг хийх боломжтой бөгөөд үүнийг үндсэн зээлдэгч, хамран үүрэг гүйцэтгэгч нар тохиролцон зээлийн судалгааг хийлгэж, зохих шатны зээлийн хорооноор шийдвэрлүүлэх боломжтой” гэсэн хариуг өгсөн байна /хх-/
Зохигч талууд дээрх гэрээнүүд болон үйл баримтын талаар маргаагүй болно.
Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаан дээр “...бид гэр бүл байх хугацаандаа уг орон сууцыг худалдаж авсан бөгөөд гэрлэлтээ цуцлуулсны дараа бидний мөнгө тооцоо тус тусдаа болсон. Уг орон сууцны зээлийн төлбөрийг Т.Э- төлдөг, надтай хамааралгүй. Одоо би орон сууцны 8 хувийн зээлд хамрагдаж байртай болох гэхээр улсын бүртгэлийн газраас лавлагаа авахаар энэхүү орон сууцны хамтран өмчлөгч гэж гарч ирээд байгаа учир байр авч чадахгүй, миний эрх ашиг сонирхол зөрчигдөөд байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-д “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулна” гэж заасны дагуу шүүх орон сууцны өмчлөгчөөс Г.А г хасаж шийдвэрлэж өгнө үү...” гэж шаардлагаа тодруулсан тайлбарыг гаргасан болно.
Зохигчид болох Т.Э-, Г.А нарын гэрлэлтийг Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу цуцалсан нь гэрлэгчдийн хамтын амьдралын хугацааг дуусгавар болгосон болохоос, тэдний гэр бүл байх хугацаандаа хийсэн гэрээ, бусдын өмнө хүлээсэн үүрэг хариуцлага зэргийг дуусгавар болгох үндэслэл болохгүй юм.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.А гийн гаргасан “... Одоо би орон сууцны 8 хувийн зээлд хамрагдаж байртай болох гэхээр улсын бүртгэлийн газраас лавлагаа авахаар энэхүү орон сууцны хамтран өмчлөгч гэж гарч ирээд байгаа учир байр авч чадахгүй, миний эрх ашиг сонирхол зөрчигдөөд байна...” гэсэн үндэслэл нь түүнийг орон сууцны өмчлөгчөөс хасах хууль зүйн үндэслэл болохгүй болно.
Харин Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-д “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны дагуу зохигч талууд нь ******* банктай тохиролцсоны үндсэн дээр зээлийн болон барьцааны гэрээгээр хүлээсэн үүрэгт зохих өөрчлөлтийг хийж, хамтран өмчлөгчөөр хасуулах болон эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт өөрчлөлт хийх боломжтой болохыг дурдаж байна.
Иймд нэхэмжлэгч Г.А гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч Т.Э- нь “Г.А гаас 500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн тайлбар гаргасан боловч энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурьдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-д заасны баримтлан нэхэмжлэгч Г.А гийн гаргасан *** аймгийн *** сумын *** баг *** тоот 27,0 мкв талбайтай 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөс хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар тус шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2322 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хошлуулсан байх тул нэхэмжлэгч Г.А гаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА