| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1560/Э |
| Дугаар | 1626 |
| Огноо | 2018-11-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 1626
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Б.Алтанцэцэг,
шүүгдэгч Н.Ш түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж Н.Ш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0702 01751 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Н.Ш, 1992 оны 04 сарын 28-ны өдөр Увс аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул, 3 дугаар баг Хонгор овоо гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Н.Ш нь 2018 оны 08 сарын 23-ны өдөр 05 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ибиза" баарны гадна иргэн Х.Сэр-Одтой маргалдан, зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Н.Ш шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би тухайн үед үнэхээр энэ хэргийг үйлдсэн бол хохирогчоос уучлалт гйх байсан. Хүн андуурсанаас болоод энэ хэрэг гарсан. Тэгэхээр намайг гүтгэж байна гэж үзэж байна гэв.
Хохирогч Х.Сэр-Од мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:: "...бүдүүн залуу намайг барьж аваад нүүр рүү нэг цохиод нэг элэгдээд, баруун гуя руу нэг өшиглөсөн. Ямар ч байсан Ширчинхүү намайг зодсон" гэх мэдүүлэг /хх-ийн 12/,
Гэрч Г.Нарантуяагийн: "...гадаа байгаа шар үстэй бандийг онигор бор царайтай бүдүүн ах нүүр рүү нь цохиод газар унахад нь цамцнаас нь чиртэл энэ банди цамцаа тайлаад шидээд газраас чулуу аваад нөгөө ах руу дайрахаар нь би гарнаас нь чулууг татаад болиулсан" гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
Гэрч М.Долгорсүрэнгийн: "...Ш-ийн хамт зодолдсон гэх 2 залууг саатуулсан. Өндөр намхан хоёр залуу байсан. Намхан залуу нь тэр Ширчинхүү гэх залуу намайг цохьсон шүд хугарсан уруул дотроо язарсан байна гээд байсан. Уруул нь тухайн үед цус болоод жаахан хавдсан байсан. Өөрөө уруулаа татаад энэ шүд хугарсан гээд байсан. Нэг шүднийх нь ёзоор үлдсэн байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 28/,
Таньж олуулах ажиллагаа: "5 дугаартай хүнийг 8 дугаартай залуу зодсон. Би энээ 8 дугаартай залууг хараад таниж байна. 8 дугаартай хүн 5 дугаартай хүний нүүрэнд нь мөн элгэн тус газар нь цохьсон" /хх-ийн 9/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6277 дугаартай дүгнэлт:
1."Х.Сэр-Одын биед дээд зүүн үүдэн 2 дугаар шүдний хугарал, дээд уруулын салст язрал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хх-ийн 24/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Ш нь 2018 оны 08 сарын 23-ны өдөр 05 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ибиза" баарны гадна иргэн Х.Сэр-Одтой маргалдан, зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч Х.Сэр-Одын: "...бүдүүн залуу намайг барьж аваад нүүр рүү нэг цохиод нэг элэгдээд, баруун гуя руу нэг өшиглөсөн. Ямар ч байсан Ш намайг зодсон" гэсэн мэдүүлэг,
Гэрч М.Долгорсүрэнгийн: "...Ш-ийн хамт зодолдсон гэх 2 залууг саатуулсан. Өндөр намхан хоёр залуу байсан. Намхан залуу нь тэр Ш гэх залуу намайг цохьсон шүд хугарсан уруул дотроо язарсан байна гээд байсан. Уруул нь тухайн үед цус болоод жаахан хавдсан байсан. Өөрөө уруулаа татаад энэ шүд хугарсан гээд байсан. Нэг шүднийх нь ёзоор үлдсэн байсан" гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Н.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Н.Ш-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Х.Сэр-Од нь хавтаст хэрэгт эмчилгээний талаарх 28.000 төгрөгийн баримтаас өөр баримт гаргаж өгөөгүй бөгөөд дээрх зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Харин хохирогч Х.Сэр-Од нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гаргасан зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Н.Ш-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.Ш-г 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Н.Ш нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 1 дэх хээсгт зааснаар Н.Ш-эс нийт 28.000 төгрөгийг хохирогч Х.Сэр-Одод олгосугай.
5. Хохирогч Х.Сэр-Од нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гаргасан зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Н.Ш-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР