Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01507

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01507

 

*.* ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2023/01671 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *.*

Хариуцагч: **.**

Нэхэмжлэлийн шаардлага: 68,910,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Цагаанбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай, хариуцагчийн өмгөөлөгч Б.Зулбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 **.** нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Т.Э аар дамжуулан надаас 100,000 ширхэг амны хаалтыг нэг ширхэгийг 600 төгрөгөөр худалдан авах санал гаргаж, 2020 оны 04 дугаар сарын 10-ны өдөр 100,000 ширхэг амны хаалт худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан.

2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр **.**ийн нэрлэсэн газар болох Эрүүл мэндийн яамны дэргэдэх агуулахад 100,000 ширхэг амны хаалтыг хүлээлгэн өгсөн ба хариуцагч нь үнийг 14 хоногийн дараа төлөхөөр тохиролцсон.

1.2 Мөн хариуцагчийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 50,000 ширхэг амны хаалтыг худалдан авах тухай нэмэлт захиалгын дагуу 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өмнө нь хүлээлгэн өгч байсан Эрүүл мэндийн яамны дэргэдэх агуулахад хүлээлгэн өгсөн.

Ийнхүү нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон 150,000 ширхэг амны хаалтыг нийлүүлэх үүргээ хугацаанд нь бүрэн гүйцэтгэсэн.

1.3 Хариуцагч нийт 150,000 ширхэг амны хаалтын үнээс 32,500,000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчид бэлнээр төлсөн бөгөөд үлдэх 57,500,000 төгрөгийг төлөөгүй.

1.4 Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсний хүүгийн хэмжээг Монгол банкнаас тогтоосон хадгаламжийн үлдэгдэлд жигнэсэн дундаж хүүгийн хэмжээ буюу 2020 оны 06 дугаар сарын хүүгийн хэмжээ 11.0 хувиар тооцож, нийт 658 хоног хугацаа хэтэрсэнд тооцож /57,500,000* 11%/365*658/ 11,402,330 төгрөг болж байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үлдэх төлбөр 57,500,000 төгрөгийг мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасан хүү 11,402,330 төгрөгийн хамт нийт 68,910,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгөн үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Т.Э нь **.** тэй утсаар холбогдоод *.* ыг амны хаалтаа худалдаж чадахгүй байгаа тухай хэлж ...чи тус болооч гэсэн. Улмаар **.** нь амны хаалт шаардлагатай байгаа газрыг олж өгч тусалсан боловч *.* нь хугацаандаа нийлүүлж чадаагүйгээс дээрх газар нь өөр газраас худалдаж авсан. Тухайн үед амны хаалтын үнэ буурч байсан тул **.** нь тус болох зорилгоор 50,000 ширхэг амны хаалтыг бусдад худалдаж өгсөн.

Иймд **.**ийн хувьд амны хаалтыг худалдан авах тохиролцоо байгаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *.* ын хариуцагч **.** эс нийт 68,910,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *.* ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 502,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 101/ШШ2021/00863 дугаар шийдвэрийг буруу үнэлж, тайлбарласан. Тухайн шийдвэрээр Т.Э ыг амны хаалтыг хүлээн аваагүй тул түүнээс үнийг шаардах эрхгүй гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Шүүх дээрх шийдвэрийн харьцуулан дүгнэсэн хэсгийг бус гэрчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрт дурдсан байдлыг хэсэгчлэн авч дүгнэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, шүүх нь ...нэхэмжлэгч нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ...2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Т.Э тай харилцсан Ви чатын цахим зурваст 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хийсэн үзлэгээр нийлүүлсэн амны хаалтны мөнгийг гаргаж өгнө гэсэн тухай цахим зурвасууд байгаа болох нь тус өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь, Т.Э тай харилцсан зурвас нь анхнаасаа цааш дамжуулан худалдаж ашиг олох зорилготой байсныг нотолно. Хариуцагчийн цааш дамжуулан худалдсан гэх Эрүүл мэндийн яам нь амны хаалтны мөнгийг төлөхгүй байгаа нь хариуцагчийг хариу төлбөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй нөхцөлд оруулсан. Энэ нь хариуцагчийн вийчатаар явуулж байсан зурвасуудаар нотлогддог.

4.2 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Т.Э ы хариу тайлбарт ...Миний бие хүргэн ахын танил болох *.* т тус болох зорилгоор **.** тэй холбож өгсөн. **.** д 95,000 ширхэг амны хаалт өгөлцөж, авалцахаар тохирсон. Тухайн үед хүргэн ах н.А нь *.* маскаа зарж чадахгүй, маскны үнэ буураад балраад байна, чи зарж өгөх хүн байвал холбож өгч тус болоорой гэсний дагуу **.** тэй холбож өгсөн. Харин **.** нь *.* ыг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө 95,000 ширхэг амны хаалтаа өгч чадаагүйгээс үнэ буурсан гэж ярьж байсан... гэх тайлбараар *.* болон **.** хоёр нь худалдах, худалдан авах гэрээний талууд болох нь нотлогддог.

4.3 Гэрч Т.Э нь гэрчийн мэдүүлгээрээ **.** нь тухайн үед Эрүүл мэндийн яаманд 700,000 ширхэг амны хаалт нийлүүлэх квот буюу эрхтэй байсныг нотолдог. Түүнчлэн, Вийчатад хийсэн үзлэгээр ***** ХХК-ийн Эрүүл мэндийн яаманд хандсан 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 017/20 дугаар бүхий 150,000 ширхэг амны хаалтыг ширхэгийн үнийг 870 төгрөгөөр нийлүүлэх утга бүхий албан бичиг, Иргэний төлөөлөл ТББ-ын Эрүүл мэндийн яаманд хандсан 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 18/20 дугаар бүхий 150,000 ширхэг амны хаалтыг ширхэгийн үнийг 900 төгрөгөөр нийлүүлэх санал гаргаж байсан зурвасыг явуулж байсан бөгөөд эдгээр нотлох баримтаар **.** нь *.* аас амны хаалтыг худалдан аваад цааш нь ЭМЯ-д худалдан борлуулж ашиг олох зорилготой байсныг нотолно.

Эдгээр баримтууд нь эцсийн худалдан авагч нь **.** болохыг нотлох бөгөөд амны хаалт худалдан авах болсон зорилго, амны хаалтны урьдчилгаа төлбөрийг төлсөн тухай, хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлж чадахгүй болсон нөхцөл байдал зэргийг нотлох хамааралтай, ач холбогдолтой байсан.

4.4 Талуудын хоорондын эрх зүйн маргаан нь худалдах-худалдах авах гэрээтэй холбоотой маргаан бөгөөд маргааны зүйл нь амны хаалтны үнэ буюу хариу төлбөр болох 57,250,000 төгрөг.

Хэрэв талуудын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэн бол хариуцагч амны хаалтыг хүлээн авч өөрийн зардлаар буюу сард 1,000,000 төгрөгийн түрээс төлж, агуулахад байрлуулах хэрэгцээ шаардлага байхгүй, амны хаалтны эзэмшил, өмчлөлийг өөртөө шилжүүлж авах эрхгүй, хариу үүргийн гүйцэтгэл болох 32,500,000 төгрөгийг өөрөөсөө төлөх эрхгүй бөгөөд эдгээр эрх зүйн үр дагаврыг өөрт үүсгэх нөхцөл байдал үүсэхгүй байх байсан.

Талуудын хооронд зуучлалын гэрээ болон түүнтэй төстэй ямар нэгэн төрлийн харилцаа үүсээгүй. Учир нь, зуучлалын гэрээний үндсэн шинж нь гурвалжин харилцаа үүссэн байх явдал бөгөөд нэг талаас зуучлагч ба зуучлуулагч нарын хооронд байгуулагдсан зуучлалын гэрээ байхад нөгөө талд нь зуучлагчаар гуравдагч этгээдтэй байгуулсан үндсэн гэрээ байдаг. Өөрөөр хэлбэл, зуучлалын гэрээний эрх зүйн үр дагавар нь худалдагч худалдан авагч талыг хооронд нь холбож өгөх л эрх үүргийг зуучлагч хүлээх бөгөөд зуучлуулагчийн нэрийн өмнөөс аль эсвэл зуучлуулагчийн нэрээр худалдан авагч талтай гэрээ байгуулах, улмаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг өөртөө шилжүүлж авах эрх зуучлалын гэрээгээр зуучлагчид үүсдэггүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 **.** нь *.* тай ямар нэгэн байдлаар худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсч байгаагүй. 1 ширхэг амны хаалтыг 650 төгрөгөөр буюу 50,000 ширхэг амны хаалтыг 32,500,000 төгрөгөөр худалдаж өгсөн.

5.2 Талууд 32,500,000 төгрөгийн хэмжээнд маргаагүй, үлдэгдэл 100,000 ширхэг амны хаалтыг Цагдаагийн байгууллагаар шалгуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийхэд 100,000 ширхэг амны хаалт **.**ийн гэрт хадгалагдаж байгаа нь тогтоогдсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч *.* нь хариуцагч **.** д холбогдуулан 68,910,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...**.** тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь 150,000 ширхэг амны хаалт нийлүүлэх үүргээ хугацаанд нь бүрэн гүйцэтгэсэн тул гэрээний үүрэгт үлдэх төлбөр 57,500,000 төгрөг, хүүгийн төлбөрт 11,402,330 төгрөг тус тус гаргуулна гэж тайлбарласан.

2.2 Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгчтэй 150,000 ширхэг амны хаалт худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй, 50,000 ширхэг амны хаалтыг 32,500,000 төгрөгөөр бусдад худалдаж төлбөрийг нь нэхэмжлэгчид өгч тусалсан гэж маргажээ.

3. Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний үүрэг үүссэн эсэх нь маргааны зүйл болжээ.

4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбарыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.1 Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2021/00863 дугаар шийдвэрээр Т.Э д холбогдох, 150,000 ширхэг амны хаалтны үлдэх төлбөр 57,500,000 төгрөг гаргуулах тухай *.* ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. /хх 6-11/

4.2 Нэхэмжлэгч нь 150,000 ширхэг амны хаалтыг хариуцагчийн нэрлэн заасан газар хүлээлгэн өгснийг хариуцагч үгүйсгээгүй, хариуцагчаас 50,000 ширхэг амны хаалтны үнэ 32,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн, үлдэх 100,000 ширхэг амны хаалт хариуцагчид байгаа үйл баримтын талаар зохигч маргаагүй.

4.3 Шүүхээс Т.Э ыг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэрчээр асуусан тэмдэглэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Та хариу тайлбартаа энэ маскийг **.** д холбож өгсөн гэж хэлдэг энэ үнэн үү гэх асуултад үнэн гэж, **.** нь *.* аас маск худалдаж аваад 32,500,000 төгрөгийг төлсөн нь үнэн үү гэх асуултад үнэн гэж тус тус хариулсан. /хх 149-150/

5. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.8 дахь хэсэгт зааснаар талууд хэлцлийн гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно.

5.1 Хэдийгээр талуудын хооронд 150,000 ширхэг амны хаалт худалдах-худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаагүй боловч хариуцагч нь маргааны зүйл болох 150,000 ширхэг амны хаалтаас 50,000 ширхэг амны хаалтны үнэ 32,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, үлдэх 100,000 ширхэг амны хаалтыг хариуцагч өөрийн эзэмшилдээ байлгаж буй үйл баримтаас үзвэл талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээг байгуулсан байна.

5.2 Нэхэмжлэгч нь нийт 150,000 ширхэг амны хаалтыг хариуцагчид шилжүүлсэн байх тул түүнийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Харин хариуцагч нь 50,000 ширхэг амны хаалтны үнэ 32,500,000 төгрөгийг төлсөн, үлдэх 100,000 ширхэг амны хаалтны үнийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь мөн зүйлд зааснаар үлдэх үнийг хариуцагчаас шаардах эрхтэй.

5.3 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөл нь хөрөнгийн үнэ байдаг. Талуудын шүүхэд гаргасан ...50,000 ширхэг амны хаалтны үнэ 32,500,000 төгрөг шилжүүлсэн гэх тайлбараас үзвэл 1 ширхэг амны хаалтны үнэ 650 төгрөг /32,500,000/ 50,000 =650/ болж байх боловч нэхэмжлэгч нь 1 ширхэг амны хаалтны үнийг 600 төгрөг гэж тодорхойлсон нь дээрх 650 төгрөгөөс илүүгүй байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн 150,000 ширхэг амны хаалтны үнэ 90,000,000 төгрөгөөс үлдэх 57,500,000 төгрөгийг шаардах эрхтэй байх тул шийдвэрт хариуцагчаас 57,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулна.

6. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй.

6.1 Талууд үүрэг гүйцэтгэх хугацаа буюу хариуцагчийн мөнгөн төлбөрийг гүйцэтгэх хугацааг тохиролцсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үнийн зарим хэсгийг төлсөн хугацаа болох 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс хойш гэрээний үнийн үлдэх хэсгийг төлөхийг шаардсан гэх баримтгүй, иргэн Т.Э аас хариуцагч **.** д холбогдуулан анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдлыг нэхэмжлэгч *.* нь хариуцагч **.** эс гэрээний үүрэг шаардсан хугацааг тодорхойлохгүй гэж дүгнэлээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас мөнгөн төлбөрийг хугацаандаа гүйцэтгээгүйгээс учирсан иргэний эрх зүйн хариуцлага тооцож, хүү шаардсан 11,402,330 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрийн дүгнэлтийг өөрчлөв.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2023/01671 дугаар дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч **.** эс 57,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *.* т олгож, нэхэмжлэлээс үлдэх 11,410,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж, үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч **.** эс 445,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *.* т олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 502,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй. .

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

М.БАЯСГАЛАН