| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0051/Э |
| Дугаар | 168 |
| Огноо | 2019-01-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч О.Багшбаяр,
Хохирогч Р.Ц,
Шинжээч Ц.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох 1806 08701 2107 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1965 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, 53 настай, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 9 дүгээр гудамжны 128 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Дархчууд овогт Д-ийн Б /РД:.................../,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Д.Б нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Оргилын задгай тоотод иргэн Р.Цийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бын өгсөн: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.Цийн өгсөн: “... Тухайн өдөр манай нөхөр гарч яваад ирэхгүй удсан байсан ба миний байнга орж, гардаг ах, эгч хоёрын гэрт хүмүүс шуугилдахаар нь би манай нөхөр байж магадгүй гээд тэдний гэрт ороход Бааска ах, Даваа, Загасаа, Б нар байсан. Намайг байх үед Бааска ах, Бд “чамайг гэртээ хонуулахгүй” гэж хэлээд хоорондоо маргалдаж, Бааска ах уурлаж аяга авч шидэх гээд байсан. Тэнд байсан хүмүүс бүгд Быг хөөсөн. Би өөрөө ганц хүүтэй хүн учир надад хармын сэтгэл төрж Бд “та гэртээ хариад хоночихгүй юу” гэж хэлэхэд Б босч ирээд миний нүүр лүү хоёр удаа цохисон. Эхний цохилтоос нүүр халуу дүүгсэн, дахиад цохиход хамраас цус гарсан. Тэгээд бүгд унтахаар болцгоож, гэрэл унтарсаны дараа Б миний хоолойг 3 удаа боосон. Сүүлд бооход миний амнаас цагаан хөөс сахарсан. Бын найз нь “чи хүн аллаа шүү дээ” гэхэд миний хүзүүг Б тавихаар нь би түүнтэй зууралдсан. Б “намайг явуул” гэж хэлээд 30 минутын турш намайг дэвсэж зодсон. Би тэр үед хүнд доромжлуулах ямар хэцүү гэдгийг ойлгосон. Тархины уг харах зураг авахуулж, гэмтэл авсан гэдгээ мэдсэн. Шүүгдэгч намайг алгадсан гэж худал мэдүүлж байна. Зэрэгцэж суусан хоёр хүн нэг, нэгнийгээ алгадах боломжгүй. Анхны шинжээчийн дүгнэлтээр миний нүдэнд ухархайн дотоод ханын хугарал гэх гэмтэл тогтоогдсон. Гэмтэлийн эмч миний биеийг үзээд толгойны зураг авах шаардлагатай гэсэн тул томографикийн зураг авахуулсан. Би дахин шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. Шинжээч миний томографикийн зургийг харж, гаргасан дүгнэлтэд миний биед гэмтэлийн зэрэг тогтоогдоогүй. Би энэ өвчний талаар судалж, холбогдох баримтыг хэрэгт хавсаргуулахаар өгсөн. Одоо миний толгой байнга өвдөж, амнаас цагаан хөөс сахардаг болсон. Шүүгдэгчийн үйлдэлээс миний биед гэмтэл учирсан. Би хохирлын баримтгүй учир дараагийн шатны шүүх дээр гэм хорын хохирлыг нэхэмжилнэ. Би шинжээчийн дахин дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогчийн хувьд маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Ц.Оюун-Эрдэнийн өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дүгнэлтэд томографикийн зургийг тусгасан. Томографикийн зургийг үзэхэд баруун нүдний дотоод ханын хуучин хугарал гэмтэл харагдсан. Нүдний дотоод ханын хугарал гэмтэл нь учирсан өдрөөс 3-4 долоон хоногийн дотор бүрэн бороолж, эдгэрдэг учир дүгнэлтэд тусгаагүй. Тухайн гэмтэл 3-4 долоон хоногийн дотор бороолж, эдгэрдэг учир эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах буюу 21 хоногийн дотор эдгэрдэг гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрвээ хохирогчийн гэмтэл шинэ гэмтэл байсан бол гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна. Боолт гэх ойлголт нь үзлэгээр битүү ором, хүзүүний доод болон дунд хэсэгт зулгаралт юм уу, тойрог хэлбэртэй ором үүссэн байхыг хэлдэг. Боолт нь хүнд, хөнгөн гэсэн зэрэгтэй. Боолтонд орсон хүн амьсгал бүтэлтэд орж тархины цусан хангамж өөрчлөгддөг тул заавал эмнэлгийн тусламж авч, боолтонд орсон цаг хугацаанаас цааш хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байдаг. Анхны болон дахин шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн хүзүүнд боолтын ором илрээгүй. Боолтонд орсон үед тойрог хэлбэртэй, хүрэн улаан өнгийн ором үүсдэг. Боолтын улмаас тархины цусан хангамж болон амьсгалын дутагдалд орсноор салстуудад цус харвалт үүсдэг. Ийм шинж тэмдэг илрсэн хүн хөдөлгөөн хийх боломжгүй, шууд эмнэлгийн тусламж авч, заавал хэвтэн эмчлүүлэх шаардлагатай. Хэн хаашаа цохихыг мөрдөн байцаалтын шатанд тогтоодог. Шүүх эмнэлгийн шатанд мохой зүйлийн зүйлчлэлээр үүсгэгдэнэ гэж үзнэ. Томографикийн зургийг өөр дүрс оношилгооны эмч уншина. Бор, цагаан эдийн ялгаралт буусан гэдэг нь тархи доргилтын үед илэрдэг шинж тэмдэг гэж үздэг. Тархи доргилтыг ганцхан зургаар тодорхойлдоггүй. Тархинд бор, цагаан эдийн ялгаралт буусан гэх оноштой бол 7 хоногийн дотор үүссэн гэмтэл гэж үздэг. 2018 оны 10 дугаар сард үүссэн гэмтэл, 2019 оны 01 дүгээр сард тархины гэмтэл бор, цагаан эдийн ялгаралт буусан гэмтэл хоёр хамааралгүй. Нүдний ухархайн гэмтэл нь 1-2 сарын дараа нүдний суулт илэрч, энэ үедээ эмчид хандах нь олонтой байдаг гэдэг нь үнэн мэдээлэл байх бөгөөд нүдийг бөөрөнхий буюу орбит хэлбэрт барьж байдаг яс хугарахаар тухайн хүнд зовиур өгөхгүй мөртлөө нүдний алим аяандаа суулт өгдөг. Суулт өгөөд эхэлвэл холын хараа муудаж, эмчид ханддаг. Нүдний ухархайн дотор ханын хугарал гэмтэл нь 3-4 долоон хоногийн дотор бороолж эдгэрдэг учир яг хэзээ гэмтэл учирсан гэдгийг тогтоох боломжгүй. 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дүгнэлтэд хуучин гэмтэл гэж дүгнэсэн. Хэдэн жилийн өмнө авсан гэмтэл байвал дүгнэлтээр хуучин хугарал гэж үзнэ. Хэргийн газрын үзлэгээр хохирогчийн хүзүүнд үүссэн зүйл нь мохой зүйлий үйлчлэлээр үүсгэгдэх буюу цохих үед үүсгэгдэж болно. Боолт гэдэг нь шүүхийн шинжилгээний ойлголтод ямар эд зүйлээр хоолойг боож байгаа зүйлийн өргөнтэй тохирсон хэмжээний, битүү ором үүсч, дээр дурдсан клиник шинжүүд илэрнэ. Ноцолдох буюу цамцны захаар шахах үед үүсэх боломжтой ч боолт гэсэн ойлголтод хамаарахгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Цийн өгсөн: “... Би 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 20:30 минутын орчим гэрээсээ дэлгүүр орохоор гарч явтал манай урд задгай тоотод байдаг Баасанхүү гэдэг айлд бөөн чимээ шуугиан болоод байхаар тэр айлд ортол таньдаг 2 хүн, зүс таних нэг хүн сууж байсан... Б гэх хүн уг айлд агсам тавиад та нарыг ална гээд янз бүрээр орилоод хашгираад байхаар нь би "чи яагаад айлд агсам тавиад байгаа юм бэ? хариач" гэтэл Б миний нүүр лүү баруун гараараа цохисон. Тэгтэл миний баруун гарт байсан аягатай цай цалгисан чинь Б “өө цай асгаж байна” гээд ахин босож ирээд 2 гараараа миний толгой руу цохиод, миний өмсөж байсан хувцасны захнаас зуураад чирээд, ороолтоор боогоод хаа таарсан газраа цохиод чирээд гэрээс гаргахаар нь зугтах гээд байсан...” гэх мэдүүлэг /хх.6/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Амартүвшингийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12982 дугаартай: “... Р.Цийн биед уруулын цус хуралт, баруун, зүүн шанаа, хүзүү, зүүн бугалга, 2 өвдөгний зөөлөн эдийн няцрал, цээжний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.12/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Даваагийн өгсөн: “... Манайх Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Оргил 106 тоотод амьдардаг бөгөөд Баасанхүү, Ц нар манай хөрш хашааны айлууд. Би 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өөрийн найз Бын хамт Баасанхүүгийнд сууж байтал Баасанхүүгийн хөрш Ц гэх эмэгтэй гаднаас орж ирсэн. Ц гаднаас орж манай нөхрийг харсан уу гэж асуусан. Бид нар үгүй гэж хэлээд байж байтал Ц гэх эмэгтэй Бтай айлд орж ирж дарамталлаа гэж хэрэлдээд Б Цийн нүүрэн хэсэгт нэг удаа алгадаад Б Ц хоёр зууралдаад эхэлсэн. Тэр хоёр нэг нэгнийгээ заамдаад зууралдаад байсан. Энэ үед Цийн хамраас цус гарч нойлын цаасаар цэвэрлэж тогтоосон. Би Б Ц хоёрыг салгаад Быг гэрээс гаргатал Ц гэх эмэгтэй Бын араас зууралдаад би чамайг явуулахгүй гэж зууралдаад байсан. Б Ц хоёр зууралдаад газарт унахаар нь салгасан. Быг явуулах гэхэд нь Ц явуулахгүй зуураад байсан. Удалгүй манай хүү Очирбат ирсэн. Би Очирбатад наад хоёроо харж байгаарай битгий зодолдуулаарай гэж хэлээд орхиод явсан. Б Цийг нэг удаа алгадсан. Быг гэрээс гаргах гэхээр Ц ирж зууралдаад байсан. Б Цийг ухаан алдтал боосон зүйл байхгүй. Тэр хоёр заамдалцаад хүзүүнээс зуураад хэрэлдээд байсан. Б Цийн хувцаснаас нь боогоод барисан байхад нь би тавиулсан. Цийг ухаан алдтал боосон зүйл байхгүй. Манай эхнэр Алтанзагас Цийг гаднаас орж ирэхээс өмнө гэртээ орсон байсан. Баасанхүү гэртээ хажууд байсан. Баасанхүү ах бид хоёр эрүүл байсан. Харин Б гаднаас ирэхдээ жаахан халамцуу байсан...” гэх мэдүүлэг /хх.16-17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Бын яллагдагчаар өгсөн: “... Би 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Оргилын задгай тоотод бага зэрэг архи уусан байдалтай очсон. Өөрийн найз Даваагийнд архи ууж байгаад Даваагийн хөрш Баасан гэх хөгшинийд унтах гээд ороход Ц сууж байсан. Ц намайг элдэвээр доромжилж эхэлсэнээс бид хоёр маргалдаж, би Цийг нэг алгадсан... Би Р.Цийн биед уг гэмтэлийг учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.29/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 3 шинжээчийн багийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 118 дугаартай:
“... 1. Урьд гаргасан үзлэгийн №12982 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Р.Цийн биед уруулын цус хуралт, баруун, зүүн шанаа, хүзүү, зүүн бугалга, 2 өвдөгний зөөлөн эдийн няцрал, цээжний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болно. Урьд гаргасан 12982 тоот үзлэг болон 2019.01.05-ны ГССҮТ-н толгойн КТГ-н шинжилгээнээс үзэхэд цаашид тархинд нөлөөлөх эмгэг өөрчлөлт тогтоогдсонгүй. Р.Цийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Урьд гаргасан №12982 тоот дүгнэлтээс харахад боолгосон гэх шинж тэмдэг үгүй байна” гэх дахин дүгнэлт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Д.Б нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Оргилын задгай тоотод иргэн Р.Цийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Цийн өгсөн: “... би “чи яагаад айлд агсам тавиад байгаа юм бэ? Хариач” гэтэл Б миний нүүр лүү баруун гараараа цохисон. Тэгтэл миний баруун гарт байсан аягатай цай цалгисан чинь Б “өө цай асгаж байна” гээд ахин босож ирээд 2 гараараа миний толгой руу цохиод, миний өмсөж байсан хувцасны захнаас зуурч чирээд, ороолтоор боогоод хаа таарсан газраа цохиод чирээд гэрээс гаргахаар нь зугтах гээд байсан...” гэх мэдүүлэг /хх.6/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Амартүвшингийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12982 дугаартай: “... Р.Цийн биед уруулын цус хуралт, баруун, зүүн шанаа, хүзүү, зүүн бугалга, 2 өвдөгний зөөлөн эдийн няцрал, цээжний цус хуралт гэмтэл тогтоогдлоо... гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.12/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Даваагийн өгсөн: “... Ц гэх эмэгтэй Бтай айлд орж ирж дарамталлаа гэж хэрэлдээд Б Цийн нүүрэн хэсэгт нэг удаа алгадаад Б Ц хоёр зууралдаад эхэлсэн. Тэр хоёр нэг нэгнийгээ заамдаад зууралдаад байсан. Энэ үед Цийн хамраас цус гарч нойлын цаасаар цэвэрлэж тогтоосон. Би Б Ц хоёрыг салгаад Быг гэрээс гаргатал Ц гэх эмэгтэй Бын араас зууралдаад би чамайг явуулахгүй гэж зууралдаад байсан. Б Ц хоёр зууралдаад газарт унахаар нь салгасан. Быг явуулах гэхэд нь Ц явуулахгүй зуураад байсан...” гэх мэдүүлэг /хх.16-17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Бын яллагдагчаар өгсөн: “... Ц намайг элдэвээр доромжилж эхэлсэнээс бид хоёр маргалдаж, би Цийг нэг алгадсан... Би Р.Цийн биед уг гэмтэлийг учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.29/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 3 шинжээчийн багийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 118 дугаартай:
“... 1. Урьд гаргасан үзлэгийн №12982 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Р.Цийн биед уруулын цус хуралт, баруун, зүүн шанаа, хүзүү, зүүн бугалга, 2 өвдөгний зөөлөн эдийн няцрал, цээжний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болно. Урьд гаргасан 12982 тоот үзлэг болон 2019.01.05-ны ГССҮТ-н толгойн КТГ-н шинжилгээнээс үзэхэд цаашид тархинд нөлөөлөх эмгэг өөрчлөлт тогтоогдсонгүй...
3. Урьд гаргасан №12982 тоот дүгнэлтээс харахад боолгосон гэх шинж тэмдэг үгүй байна” гэх дахин дүгнэлт,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.Цийн өгсөн: “... Бд “та гэртээ хариад хоночихгүй юу” гэж хэлэхэд Б босч ирээд миний нүүр лүү хоёр удаа цохисон. Эхний цохилтоос нүүр халуу дүүгсэн, дахиад цохиход хамраас цус гарсан... Шүүгдэгчийн үйлдэлээс миний биед гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Ц.Оюун-Эрдэнийн өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дүгнэлтэд томографикийн зургийг тусгасан. Томографикийн зургийг үзэхэд баруун нүдний дотоод ханын хуучин хугарал гэмтэл харагдсан. Нүдний дотоод ханын хугарал гэмтэл нь учирсан өдрөөс 3-4 долоон хоногийн дотор бүрэн бороолж, эдгэрдэг учир дүгнэлтэд тусгаагүй. Тухайн гэмтэл 3-4 долоон хоногийн дотор бороолж, эдгэрдэг учир эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах буюу 21 хоногийн дотор эдгэрдэг гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрвээ хохирогчийн гэмтэл шинэ гэмтэл байсан бол гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна. Боолт гэх ойлголт нь үзлэгээр битүү ором, хүзүүний доод болон дунд хэсэгт зулгаралт юм уу, тойрог хэлбэртэй ором үүссэн байхыг хэлдэг. Боолт нь хүнд, хөнгөн гэсэн зэрэгтэй. Боолтонд орсон хүн амьсгал бүтэлтэд орж тархины цусан хангамж өөрчлөгддөг тул заавал эмнэлгийн тусламж авч, боолтонд орсон цаг хугацаанаас цааш хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байдаг. Анхны болон дахин шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн хүзүүнд боолтын ором илрээгүй. Боолтонд орсон үед тойрог хэлбэртэй, хүрэн улаан өнгийн ором үүсдэг. Боолтын улмаас тархины цусан хангамж болон амьсгалын дутагдалд орсноор салстуудад цус харвалт үүсдэг. Ийм шинж тэмдэг илрсэн хүн хөдөлгөөн хийх боломжгүй, шууд эмнэлгийн тусламж авч, заавал хэвтэн эмчлүүлэх шаардлагатай. Хэн хаашаа цохихыг мөрдөн байцаалтын шатанд тогтоодог. Шүүх эмнэлгийн шатанд мохой зүйлийн зүйлчлэлээр үүсгэгдэнэ гэж үзнэ. Томографикийн зургийг өөр дүрс оношилгооны эмч уншина. Бор, цагаан эдийн ялгаралт буусан гэдэг нь тархи доргилтын үед илэрдэг шинж тэмдэг гэж үздэг. Тархи доргилтыг ганцхан зургаар тодорхойлдоггүй. Тархинд бор, цагаан эдийн ялгаралт буусан гэх оноштой бол 7 хоногийн дотор үүссэн гэмтэл гэж үздэг. 2018 оны 10 дугаар сард үүссэн гэмтэл, 2019 оны 01 дүгээр сард тархины гэмтэл бор, цагаан эдийн ялгаралт буусан гэмтэл хоёр хамааралгүй. Нүдний ухархайн гэмтэл нь 1-2 сарын дараа нүдний суулт илэрч, энэ үедээ эмчид хандах нь олонтой байдаг гэдэг нь үнэн мэдээлэл байх бөгөөд нүдийг бөөрөнхий буюу орбит хэлбэрт барьж байдаг яс хугарахаар тухайн хүнд зовиур өгөхгүй мөртлөө нүдний алим аяандаа суулт өгдөг. Суулт өгөөд эхэлвэл холын хараа муудаж, эмчид ханддаг. Нүдний ухархайн дотор ханын хугарал гэмтэл нь 3-4 долоон хоногийн дотор бороолж эдгэрдэг учир яг хэзээ гэмтэл учирсан гэдгийг тогтоох боломжгүй. 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дүгнэлтэд хуучин гэмтэл гэж дүгнэсэн. Хэдэн жилийн өмнө авсан гэмтэл байвал дүгнэлтээр хуучин хугарал гэж үзнэ. Хэргийн газрын үзлэгээр хохирогчийн хүзүүнд үүссэн зүйл нь мохой зүйлий үйлчлэлээр үүсгэгдэх буюу цохих үед үүсгэгдэж болно. Боолт гэдэг нь шүүхийн шинжилгээний ойлголтод ямар эд зүйлээр хоолойг боож байгаа зүйлийн өргөнтэй тохирсон хэмжээний, битүү ором үүсч, дээр дурдсан клиник шинжүүд илэрнэ. Ноцолдох буюу цамцны захаар шахах үед үүсэх боломжтой ч боолт гэсэн ойлголтод хамаарахгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Хохирогч Р.Цийн мэдүүлэгт дурдагдсан “Д.Б миний тархи болон нүдэнд илүү хүнд гэмтэл учруулсан, намайг боомилж алах шахсан” гэх нөхцөл байдал дээрх нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Иймд Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй юм.
Д.Бын үйлдсэн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Р.Ц нь эмчилгээний зардал 250,000 төгрөг, шүүх эмнэлгийн шинжилгээний төлбөр 8,000 төгрөг, томографийн үнэ 80,000 төгрөг, эм тарианы үнэ 80,000 гаруй төгрөг, эмнэлэгт 10 хоног эмчлүүлэх зардал гэх зэргийг нэхэмжилсэн боловч шүүх эмнэлгийн шинжилгээний төлбөр 8,000 төгрөг, томографийн үнэ 80,000 төгрөг, нийт 88,000 төгрөгийг шүүгдэгч Д.Баас гаргуулж хохирогчид олгон, бусад нэхэмжлэлийг нотлох баримтгүй учир хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.
Улмаар хохирогч Р.Ц нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигийн бусад зардалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийпвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Баас жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Бын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Д.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.Бд оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д овогт Д-ийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэгдээгүй 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Бд сануулсугай.
4. Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Баас 88,000 төгрөг гаргуулж хохирогч Л.Цд олгосугай.
6. Хохирогч Л.Ц нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигийн бусад зардалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийпвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Баас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгиыыйн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР