Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01508

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01508

 

 

*.* , **.** нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2023/02136 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *.*

Нэхэмжлэгч: **.** ,

Хариуцагч: ***.***

Үндсэн нэхэмжлэл: 81,000,000 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэл: 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Төлбөр тооцооны гэрээ-ний 1.6 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билэгсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 *.* , **.** нар нь 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ***.*** тай Газар болон үл хөдлөх гэрээ худалдах, худалдах авах гэрээ-г байгуулсан. Гэрээгээр нэхэмжлэгч нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Г-*** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, *** дугаар гудамж, *** тоот хаягт байршилтай, 273 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар, мөн хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-****** дугаарт бүртгэлтэй, 207 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, 32 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг нийт 305,000,000 төгрөгөөр хариуцагч нь худалдан авахаар тохиролцсон.

1.2 Гэрээнд заасан төлбөрөөс 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 200,000,000 төгрөг, 04 дүгээр сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөг, 07 дугаар сарын 04-ний өдөр 46,000,000 төгрөг, нийт 266,000,000 төгрөгийг хариуцагч төлсөн.

1.3 Үлдэх 39,000,000 төгрөгийг төлөх талаар талууд 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төлбөр тооцооны гэрээ байгуулсан. Гэрээгээр үлдэх төлбөр болох 39,000,000 төгрөг, алданги 15,000,000 төгрөг, нийт 54,000,000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төлөх, алдангийг үнийн дүнгийн 0.5 хувь байхаар тохиролцсон.

Иймд хариуцагч нь төлбөр тооцооны гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээнд заасан төлбөр 54,000,000 төгрөг, алданги 27,000,000 төгрөг, нийт 81,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг нэхэмжлэгч нартай байгуулсан. Гэрээнд заасан төлбөрөөс 39,000,000 төгрөгийг алданги 15,000,000 төгрөгийн хамт нийт 54,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Өөрөөр хэлбэл, уг 54,000,000 төгрөгийн алданги 27,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцоогүй тул алданги 27,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 Хариуцагч нь төлбөр төлөх гэрээний 1.6-д ...0,5 хувийн алданги тооцно гэх хэсгийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.2-т зааснаар төөрөлдсөний улмаас байгуулсан. Уг заалтыг худалдах-худалдан авах гэрээний төлөөгүй үнийн дүнгээс алданги тооцно гэдэг агуулгатай зохицуулалт гэж ойлгосон.

Иймд төлбөр тооцооны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч нарын тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Талуудын хооронд 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төлбөр тооцооны гэрээ байгуулагдсанаар худалдах-худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6 дахь хэсэгт зааснаар төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн этгээд төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Хариуцагч нь өнөөдрийг хүртэл төөрөгдсөн талаар хэлээгүй.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 58 дугаар зүйлийн 58.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 232 дугаар зүйлийн 232.7, 466 дугаар зүйлийн 466.2, 466.6-д зааснаар хариуцагч ***.*** гаас гэрээний үүрэг нийт 81,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч **.** , *.* нарт олгож үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, Төлбөр барагдуулах гэрээний 1.6 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 562,900 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 427,980 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 562,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Хариуцагч нь худалдах-худалдан авах гэрээтэй үүрэг 39,000,000 төгрөгийг алдангийн хамт төлнө гэж төлбөр тооцооны гэрээний 1.6 дахь хэсгийг ойлгосон.

Талууд шүүхээс өмнө И-мэйлээр харилцахдаа үлдэгдэл төлбөр 39,000,000 төгрөг, түүний тооцогдох алдангийн тухай ярилцаж байсан. Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагч тайлбар татгалзалаа нотлох баримт ирүүлээгүй байна гэж дурдсан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

7.1 Хариуцагч нь и-мэйлээр ...санхүүгийн хүнд нөхцөл байдалд байна. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж, төлбөр төлөх хугацааг хойшлуулж өгнө үү гэсэн санал ирүүлсэн.

7.2 Хариуцагч нь төлбөр тооцооны гэрээ байгуулснаас хойш ноцтой төөрөгдсөн талаар нэхэмжлэгч нарт мэдэгдээгүй. Гэрээ байгуулснаас хойш 1 жилийн дараа хэлцлийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Энэ гэрээг дуусгавар болгож, Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан төлбөр тооцооны гэрээ байгуулсан. Хариуцагч төлбөр тооцооны гэрээний үүргийг зөрчсөн. Гэрээнд заасны дагуу алданги нэхэмжилсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч *.* , **.** нар нь хариуцагч ***.*** д холбогдуулан төлбөр тооцооны гэрээний үүрэгт 54,000,000 төгрөг, алданги 27,000,000 төгрөг, нийт 81,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч төлбөр тооцооны гэрээний 1.6 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

3. Хариуцагч нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Г-*** 28 дугаар бүртгэлтэй, нэгж талбарын ********** дугаартай, Баянзүрх дүүрэг, 5 хороо, Өлгий 22 гудамж, *** тоот хаягт байршилтай, 273 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-****** дугаарт бүртгэлтэй, 207 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, 32 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нийт 305,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. /хх 9-28/ Хариуцагчаас гэрээний үнэд нийт 266,000,000 төгрөг төлсөн, үлдэх 39,000,000 төгрөгийг төлөөгүй үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

4. Хэргийн 29 дүгээр талд авагдсан 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Төлбөр тооцооны гэрээ-ний 1.5-д Төлбөр төлөгч нь үндсэн гэрээний үлдэгдэл төлбөр 39,000,000 төгрөг, алданги 15,000,000 төгрөг, нийт 54,000,000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлбөр төлөгчид төлөх гэж, 1.6-д Төлбөр төлөгч нь гэрээнд заасан төлбөрийг тохиролцсон хугацаанд төлөөгүй тохиолдолд хуваарийн дагуу төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувиар хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги төлнө гэж заажээ. Нэхэмжлэгч нар нь дээрх гэрээг үндэслэн шаардах эрхээ тодорхойлсон.

 

4.1 Анхан шатны шүүх дээрх гэрээний дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасан тооцоо нийлэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Тооцоо нийлэх гэрээгээр талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцох бөгөөд тооцоо нийлэх хүртэл шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээдэг. Иймд худалдах, худалдан авах гэрээний үнийг төлөх үүргийг гүйцэтгэхтэй холбоотой иргэд хооронд байгуулсан хэлцэл нь Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасан талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн гэх шинжийг агуулаагүй байна.

 

5. Харин талуудын хооронд 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Төлбөр тооцооны гэрээ гэх нэртэй байгуулсан гэрээний дагуу Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүргийн харилцаа үүссэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

5.1 Гэрээний 1.5-д зааснаар хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 39,000,000 төгрөг, алданги 15,000,000 төгрөг, нийт 54,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт төлөх үүрэг үүссэн байх бөгөөд үүргийн тооцож дүгнэхдээ алданги тооцсон дүнгээс дахин алдангийг нэмж 27,000,000 төгрөгөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргээс алданги тооцох зохицуулалтад нийцэхгүй.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар 39,000,000 төгрөгийг шаардах эрхтэй тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 27,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

 

6. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасан тооцоо нийлэх гэрээний харилцаа үүсээгүй гэж үзсэн тул тухайн гэрээний холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцох шаардлагагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ.

 

7. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.2, 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон гэж дүгнэж хасах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг заалтыг тодорхой заах шаардлага нь шаардах эрхийн үндэслэл болсон хуулийн заалтыг бичих агуулгатай. Иймд шүүхийн шийдвэр гаргахад хийсэн дүгнэлтэд дурдагдсан хуулийн бүх заалтыг түүвэрлэн бичих шаардлагагүй юм.

 

Иймд талууд бичгээр хийх хэлцэлд тавигдах шаардлага болох Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, гэрээний талуудын чөлөөт байдлын зарчим тодорхойлсон мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийн зохицуулалт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасан шаардлагад хамаарахгүй тул шийдвэрийн тогтоох хэсгээс хасна.

 

Талуудын хооронд үүссэн маргаан нь худалдах, худалдан авах гэрээний үүргийг тооцож, үндсэн үнэ болон алданги гаргуулахтай холбоотой харилцаа зохицуулсан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт заасан анзын талаад талууд тохиролцоогүй тохиолдолд хохирол шаардах эрхийг зохицуулсан заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь буруу юм.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан хэсгийг хариуцагчаас 54,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, үлдэх 27,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон өөрчлөн найруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2023/02136 дугаар дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ***.*** гаас 54,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *.* , **.** нарт олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27,000,000 төгрөг гаргуулах хэсэг, нэхэмжлэгч *.* , **.** нарт холбогдох 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Төлбөр тооцооны гэрээ-ний 1.6 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч ***.*** гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын хураамжид 562,900 төгрөг гэснийг хураамжид 427,950 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427,980 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

М.БАЯСГАЛАН