Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2017/00796

 

П.Хувьзаяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00054 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 748 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч П.Хувьзаяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Бавгар” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулгын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

П.Хувьзаяа нь тус байгууллагад 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр кранчинаар ажилд орсон. Ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа, дутагдал гаргалгүй, хариуцсан ажлаа хууль болон дүрэм журамд нийцүүлэн ажилладаг байсан. 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ажилдаа ирэхэд нь талбайн инженер Х.Мөнхтөр дуудаад краны зөвшөөрөл бүтсэнгүй та одоо ажиллах хэрэггүй, ажлаа хүлээлгэж өгөөд яв гэхэд нь ажиллаж байгаа кран учир хүлээлгэж өгөх юм байхгүй, өөрөө дээшээ гараад бүх юмыг нь үзэж хараад хүлээгээд авчих гэсэн. Х.Мөнхтөр үзэж аваагүй. Тус компани ажилчдыг ажиллах нөхцлөөр муу хангадаг, ажилчдад хоол өгөхгүй өглөө 7:30-20:30 хүртэл ажиллуулдаг зэргийг П.Хувьзаяа шүүмжилж байсан бөгөөд дутагдлыг хэлсний төлөө ажлаас халсан гэж үзэж байна.

Ажлаас чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг баримтлан гарсан байдаг. “Бавгар” ХХК нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтад заасан үндэслэлүүдийг баримтлаагүй. Мөн ажлаас халсан тушаалд Хөдөлмөрийн гэрээний 3.1.3 дахь заалтыг баримтласан гэсэн байх боловч уг заалтын аль зөрчлийг гаргасан болохыг тодорхой заагаагүй тул П.Хувьзаяаг ажлаас үндэслэлгүй халсан.

Иймд ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7 272 700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

П.Хувьзаяа нь Хөдөлмөрийн гэрээний 3.1.3-т заасан Нийтийн хэв журам, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй эсэргүүцсэн эсхүл гүйцэтгэхээс татгалзсан бол; шунахайн сэдлээр байгууллагын болон бусдын эд зүйлс өмч хөрөнгийг үрэгдүүлсэн, ашигласан, хулгайлсны улмаас хохирол учруулсан, энэ үйлдэл нь баримтаар нотлогдсон бол; ажил олгогчийн бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаах, нууцыг алдагдуулах, худал мэдээлэх зэргээр түүний эрх ашиг, сонирхолд нөлөөлөхөөр үр дагаврыг бий болгосон; хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах зохион байгуулалттай арга хэмжээ зохион байгуулсан, бусдын нэр хүндийг гутаах зорилгоор гүтгэн гүжирдсэн, бусдыг энэ хэрэгтээ өдөөн турхирсан, удирдлагад ямар нэгэн байдлаар дарамт, шахалт үзүүлсэн, байгууллага, ажилтны эрх ашиг, нэр хүндэд хохирол учруулсан бол; байгууллагын удирдлага, албан тушаалтны албан ёсны зөвшөөрөлгүйгээр хууль бусаар байгууллагын эдийн засаг, нэр хүнд, үйл ажиллагаанд хохирол учруулахаар гэрээ хэлцэл байгуулсан нь шунахайн болон хувийн сэдэлтэй болох нь тогтоогдсон бол; албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн хувийн зорилгод ашигласан, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол гэсэн заалтуудыг зөрчсөн тул гэрээг ажил олгогч өөрийн санаачлагаар цуцалсан болно.

Мөн туслан гүйцэтгэгч “Нимкон” ХХК-иас “Бавгар” ХХК-ийн нэрийг ашиглан худал хэлэн 140 000 төгрөг нэхэмжилж авсан. “Бавгар” ХХК-ийн удирдах албан тушаалтанд мэдэгдэлгүйгээр шунахайн сэдлээр краны троссыг талбайгаас авч явсан ба талбайн даамал Х.Мөнхтөр үйлдэл дээр нь барьсан. П.Хувьзаяа ур чадвар болон зан харилцааны хувьд шаардлага хангахгүй байсан гэжээ. 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00054 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч П.Хувьзаяаг “Бавгар” ХХК-ийн Цамхагт краны кранистын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7 272 700 төгрөгийг хариуцагч “Бавгар” ХХК-иас гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтын дагуу нэхэмжлэгч П.Хувьзаяагийн ажилласан хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, дэвтэрт нөхөн бичилт хийхийг “Бавгар” ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар хариуцагч “Бавгар” ХХК-иас 131 313 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 748 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00054 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулгын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 131 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хууль зөрчин шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хууль зөрчин хянан шийдвэрлэсэн шийдвэрт, давж заалдах шатны шүүх хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөлгүй магадлал гаргасан.

Нэхэмжлэгч П.Хувьзаяа ажил олгогчийн ямар тушаал, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж гарсан, уг тушаалыг хэрхэн шийдвэрлүүлэх талаар нэхэмжлэлдээ зааж өгөөгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон.

Хариуцагч “Бавгар” ХХК-ийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 10 дугаартай П.Хувьзаяаг ажлаас халах тушаал /нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа гаргасан/ хүчин төгөлдөр үйлчилж энэ тушаалыг хүчингүй болгосон тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад анхан шатны шүүх П.Хувьзаяаг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ажил олгогчийн ажилтныг ажлаас халах 10 дугаартай тушаал хүчин төгөлдөр үйлчилж байхад ажилтныг ажилд эгүүлэн томилсон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцэхгүй, шүүхийн шийдвэр биелэгдэхгүй   боломжгүй болсон.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж дүгнээгүй, Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөөгүй. П.Хувьзаяа 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ажил олгогч “Бавгар” ХХК-иас өөрийг нь ажлаас халах тушаап гаргаагүй байхад 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. “Бавгар” ХХК-ийн захирал А.Хажидмаа, туршилтын ажилтан П.Хувьзаяаг ажлаас халах тушаал гаргаагүй, нэхэмжлэгч П.Хувьзаяа ажил олгогчоос өөрийг нь ажлаас халсан тушаалыг хүлээн аваагүй байхдаа, шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хавтаст хэргийн 1-2 талд нотлох баримтаар авагдсан нэхэмжлэлээр нотлогддог.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар ажил олгогчийн зүгээс П.Хувьзаяаг ажлаас халсан тушаал гараагүй, түүний хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөөгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүсээгүй байхад 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр анхан шатны шүүх П.Хувьзаяагийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн. Нэхэмжлэгч П.Хувьзаяа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан нөхцөл байдал үүсээгүй нөхцөлд шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хууль зүйн үнэлэлт дүгнэлт хийлгүй шийдвэр гаргасан.

Хавтаст хэргийн 4-7 талд нотлох баримтаар авагдсан “Бавгар” ХХК, П.Хувьзаяа нарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.6-д заасан нөхцлөөр, П.Хувьзаяа туршилтын 3 сарын хугацаанд ажиллах гэрээтэй туршилтын ажилтан байсан. П.Хувьзаяа туршилтын хугацаанд ажиллахдаа байгууллагын эд хөрөнгийг шунахай сэдэлт зорилготой, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлах үйлдэл хийсэн тул 2016/0731 дугаарын хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасныг баримтлан гаргасан “Бавгар” ХХК-ийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 16-ний өдөр гаргасан 10 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан болно.

Иймд Давж заалдах шатны шүүхийн 748 дугаартай магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах хууль зүйн үндэслэлтэй байна.

                                                          ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн зохигчдын хоорондох маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч П.Хувьзаяа нь хариуцагч “Бавгар” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй ба П.Хувьзаяаг ажлаас халах тушаал гараагүй байхад шүүхэд нэхэмжлэл гарсан, П.Хувьзаяа нь туршилтын хугацаагаар ажиллаж байхдаа компанийн эд хөрөнгийг шунахай сэдэлтээр ашигласан тул түүнийг ажлаас хууль зүйн үндэслэлтэй халсан гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл цамхагт краны кранист П.Хувьзаяаг ажлаас халсан  “Бавгар” ХХК-ийн захирлын 10 дугаар тушаал 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гарсан байна. Нэхэмжлэгч П.Хувьзаяа нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргаж, шүүх 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн байна \хх-ийн 1, 10, 31 дүгээр тал\.

Нэхэмжлэгч П.Хувьзаяа болон хариуцагч “Бавгар” ХХК-ийн хооронд 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд уг гэрээний хугацааг 3 сарын туршилтын хугацаанд хүчинтэй гэж заасан байна. Мөн гэрээнд “тогтоосон 3 сарын хугацаа өнгөрөхөд ажилтны ажлын үр дүнг дүгнэж үзэн хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан үргэлжлүүлэн үндсэн ажилтнаар ажиллуулна” гэжээ.

 

Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлаж, ажилтныг ажлаас халахдаа 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаар тушаалд “хөдөлмөрийн гэрээний 3.1.3.-ыг зөрчсөн” гэж заасан боловч гэрээний уг заалтын 15 үндэслэлийн алиныг нь зөрчсөн талаар тушаалд заагаагүй, П.Хувьзаяа ямар зөрчлийг хэзээ гаргасныг шүүхэд баримтаар нотлоогүй байна.

Түүнчлэн, хариуцагч “Бавгар” ХХК нь хөдөлмөрийн гэрээнд зааснаар туршилтын хугацаагаар ажилласан ажилтны ажлын үр дүнг дүгнэсэн баримтыг шүүхэд гаргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байна.

 

Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ хариуцагч баримтаар нотлоогүй тохиолдолд шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийснийг буруутгах үндэслэлгүй.

 

Хариуцагч талд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь шүүх тайлбарласан, хариуцагч анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4 төлөөлөгч, давж заалдах шатны ажиллагаанд нэмж 1 төлөөлөгч томилон оролцуулсан \хх-ийн 15, 36, 39, 50 дугаар тал\, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд нотлох баримт гаргаж өгөх, маргааны зүйлийн талаар мэтгэлцэх боломжоор хангагдсан байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00054 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 748 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 131 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.        

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН