Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 16

 


                   Хэргийн оролцогч нарын эвлэрлийг баталж,                                                                                                   
                хэргийг хэрэгсэхгүй болгох тухай


Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, Р.Ариунаагийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад холбогдох 
2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн б/92 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Бүрэн дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилуулж, 2016 оны  09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 113 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговор, хөдөөгийн нэмэгдэл 4.412.659 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Р.Ариунаа, хариуцагч Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нараас эвлэрлийн гэрээ байгуулсаныг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Ариунаа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, түүний нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие 2013 оны 02 дугаар сарын 20-нд хуулийн дагуу зарлагдаж явагдсан Эрдэнэмандал сумын бүрэн дунд сургуулийн захирлын сонгон шалгаруулалтанд орж тэнцсэний дагуу Архангай аймгийн Засаг даргын б/15 дугаар захирамжаар 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Эрдэнэмандал сумын бүрэн дунд сургуулийн захирлаар томилогдон ажилласан.
Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 06-нд Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Р.Ариунааг ажлаас чөлөөлж, Б.Баярмааг ажилд түр томилох тухай” б/92 дугаар захирамжийг сумын Засаг даргаас хүлээн авсан. Захирамжийн үндэслэлд заасан Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 86 дугаар албан бичгийн талаар надад ямар ч мэдээлэл байхгүй, хөдөлмөрийн зөрчил гарган арга хэмжээ авагдаж байгаагүй.
Аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн б/92 дугаар захирамжийг хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхлэсэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтуудын дагуу надад урьдчилан мэдэгдээгүй, миний хууль ёсны ашиг сонирхол, эрх зөрчигдөж ажлаас үндэслэлгүй халагдсан.
Иймд Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн б/92 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Бүрэн дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилуулж, 2016 оны  09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 113 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговор, хөдөөгийн нэмэгдэл 4.412.659 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Р.Ариунаа нь сургуулийн захирлаар ажиллаж байхдаа Төсвийн хөрөнгийг үрэлгэн зарцуулснаас Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 21-ний өдрүүдийн 17/02/59, 17/02/58, 17/01/57, 17/01/17/02/56, 17/01/17/02/55. 17/02/54, 17/02/53, 17/02/52, 17/02/51, 17/02/50, 17/01/49, 17/01/48, 17/01/47 дугаар бүхий 13 төрлийн акт тавиулсан байдаг. Эдгээр актуудын зарим нь хэрэгжсэн, зарим нь хэрэгжээгүй байгаа.
Нөгөө талаар 2013 оноос 2016 оны эхний саруудад сургуулийн халаалтын тогооны зардал нэрээр 28.0 сая төгрөг шилжүүлсэн боловч тус хөрөнгийг аль компани ямар үнээр хэзээ нийлүүлсэн болох нь тодорхойгүй, 2015 оны 8 дугаар сард хийгдсэн Спорт заалны засварыг чанаргүй хийлгэж, 8.9 сая төгрөгөөр барилга байгууламжийн зардлыг нэмэгдүүлсэн. Сургуулийн хүүхдийн дотуур байр болон үдийн цайны хүнсний бараа материалыг сумын Засаг даргын Тамгын газраас гаргасан үнийн жагсаалтын хамгийн дээд үнээр сүүлийн 3 жилд тогтмол худалдан авч 15.2 сая төгрөгийн нөхөн төлбөр улсын байцаагчийн актаар тогтоосон, махыг өндөр үнээр найз нөхөд, ах дүү хамаатан саднаасаа авдаг, 2014 оноос 2015 оны сургуулийн урсгал засварын зардлын 19.1 сая төгрөгийн анхан шатны баримтын бүрдэл дутуу, хийж гүйцэтгэх ажлын зураг төсөв байхгүй, ажлыг хүлээн авч үр дүнг тооцоогүй, багш сурагчдаас хураан авсан 2.4 сая төгрөг, түрээс болзолт уралдааны шагналын 1.4 сая төгрөг нийт 3.8 сая төгрөгийн эх үүсвэрийг байгууллагын мөнгөн кассаар дамжуулаагүй, санхүүгийн тайлан тэнцэлд тусгаагүй зэргээр төсвийг үрэлгэн зарцуулж, санхүүгийн хууль тогтоомж зөрчсөнөөс үүдэлтэй 75.0 сая төгрөгийн асуудлыг шалгаж шийдвэрлэх ажиллагаа хуулийн байгууллагад явагдаж байгаа болно. Энэхүү төсөв санхүүгийн зөрчил гаргасан нь тогтоогдож байгаа тул Р.Ариунааг Эрдэнэмандал сумын сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн юм.
Иймд Р.Ариунаагийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ үүгээр тайлбарлаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнгөнзаяа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Р.Ариунаагийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнгөнзаяа миний бие танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 
Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанаас аймгийн Засаг даргад 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 86 дугаар албан бичгээр манай албанаас Эрдэнэмандал сумын Бүрэн дунд сургуулийн 2013 оноос 2016 оны эхний 4 сарын үйл ажиллагаанд дотоод аудит хийхэд байгууллагын төсөв хөрөнгийг хэмнэлтгүй, үр ашиггүй зарцуулсан зэргээс улсын байцаагчийн 13 төрлийн актаар 52.5 сая төгрөгийн нөхөн төлбөр тогтоогдож, тухайн байгууллагын төсөв болон эрх ашиг зөрчигдсөн ажилтан албан хаагчдад нөхөн олгохоор шийдвэрлэгдсэн. Мөн сургуулийн төсөв захирагч хариуцлагагүй ажиллагааны улмаас төсөв хөрөнгийг хэмнэлтгүй, үр ашиггүй зарцуулж, ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц нөхцөл байдлыг үүсгэсэн байх магадлалтай 5 төрлийн 75.0 сая төгрөгийн асуудлыг шалгуулж, үнэн зөвийг тогтоолгохоор хуулиар олгогдсон эрх үүргийн хүрээнд Монгол Улсын Авлигатай тэмцэх газарт хандсан. Одоогоор Цагдаагийн газрын мөрдөн байцаалтын шатанд явж байгаа. Иймд холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг хүргүүлж байна гэсэн албан бичгийг ирүүлсэн.
Дээрх албан бичигт дурьдсанаар Р.Ариунаа нь Төсвийн тухай хуулийг зөрчин сургуулийн батлагдсан төсвийг зориулалт бусаар зарцуулж, төсөв захирагч төсвийн менежерийн санхүү, төсвийг зүй зохистой удирдаж чадаагүй, хариуцлагагүй байдал газар авсан зэрэг нь тогтоогдсон тул 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн б/92 дугаар захирамжаар Р.Ариунааг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй шийдвэр юм.
Санхүүгийн хяналт аудитын албанаас Эрдэнэмандал сумын Бүрэн дунд сургуульд 2016 оны 04 дүгээр сард хяналт шалгалт хийж, хууль журмаар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу,13 төрлийн актаар 52.5 сая төгрөгийн нөхөн төлбөр тогтоосон байдаг.
Мөн Санхүүгийн хяналт аудитын алба 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 55 дугаар албан бичгээр Авлигатай тэмцэх газарт Р.Ариунаа нь хувийн ашиг сонирхлын зөрчил үүсгэж ажиллаж байгаа тул шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг хүргүүлсэн, Авилгатай тэмцэх газар хүсэлтийг хүлээн аваад 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 06/3797 дугаар албан бичгээр Архангай аймгийн Цагдаагийн газар ашиглалтын гэмт хэргийн шинжтэй байх тул шалгуулахаар шилжүүлж аймгийн цагдаагийн газар Р.Ариунаад 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолоор 201603000297 дугаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж аймгийн Прокурорын газарт шилжүүлсэн.
Архангай аймгийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 343 дугаар тогтоолоор яллагдагч Р.Ариунаа нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байна, түүний үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хамрагдах үндэслэлтэй гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Дээрх үйл явцаас харахад Р.Ариунаа нь сургуулийн батлагдсан төсвийг зориулалт бусаар ашиглаж, бусдад давуу байдал би болгож ажилласан нь тогтоогдож байгаа тул Р.Арунаагийн нэхэмжлэж байгаа 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 113 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговор, хөдөөгийн нэмэгдэлийн 4.412.659 төгрөгийг гаргах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөх боломжгүй.
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төсвийн мөнгийг буруу зарцуулж төсөвт байгууллагад хохирол учруулсан, тэр нь зохих хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон байтал Р.Ариунаа нь ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байгаа. 
Иймд Р.Ариунаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Саранцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас Эрдэнэмандал сумын Бүрэн дунд сургуулийн 2013 оноос 2015 он, 2016 оны 1 дүгээр улирлын үйл ажиллагаа, удирдлага, санхүү төсвийн байдалд аудит хийхэд төсөв хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулаагүй өндөр үнээр бараа материал, хүнс бэлтгэдэг, ажилтан албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийг удаа дараа зөрчсөн, цалин хөлсийг ямар нэгэн эрх зүйн үндэслэлгүй хасах, дутуу олгох зэргээр эрх мэдлээ хэтрүүлснээс 13 төрлийн актаар 52.4 сая төгрөгийн зөрчил илэрч улсын байцаагчийн акт тогтоогдсон. 
Тус сургуулийн захирал Р.Ариунаа нь актыг зөвшөөрөлгүй Сангийн яаманд гомдол гаргасаныг Сангийн яамны Эрсдэлийн удирдлагын газар хянан үзэж 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 17/01/47 тоот актын “а”-д заасан ,17/02/55, 17/01/- 17/02/56, 17/02/58, 17/02/59 тоот актаар тогтоосон нийт төлбөрөөс 29.3 сая төгрөгийг төлүүлэх, 17/01/47, 17/01/48,1701/49 тоот актуудын “а”д заасан, 17/02/51,17/02/54 тоот актуудаар холбогдох хүмүүст 6.9 сая төгрөгийг буцаан олгох нь үндэслэлтэй гэж тогтоож нийт 36.2 сая төгрөгийг актыг Сангийн яам баталгаажуулсан.
17/02/50, 17/02/52, 17/02/53, 1701/57 тоот актаар тогтоосон 11.1 сая төгрөг мэргэжлийн болон хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэснээс 17/02/52 тоот актаар 761.694 төгрөг, 17/02/53 тоот актаар 5.167.187 төгрөг нийт 5.928.881 төгрөгийн актыг бүрэн барагдуулж 17/02/50 тоот актаар 3.862.000 төгрөг, 17/01/57 тоот актаар 1.390.400 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.
17/01/47, 17/01/48,17/01/49 тоот актын “б” заасан буцаан олгохоор тооцсон 4.955.014 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгосон.
Сангийн яамны Эсдэлийн удирдлагын газраас 47.5 сая төгрөгийг нөхөн төлүүлэх болон буцаан олгохоор шийдвэрлэснээс төсөвт 24.2 сая төгрөг, тухайн байгууллагад 23.2 сая төгрөг төлөхөөс 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар тухайн байгууллагад 21.3 сая төгрөг, төсөвт 1.2 сая төгрөг нийт 22.5 сая төгрөг төлж барагдуулж 25.0 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаагаас 3,8 сая төгрөгийг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх үлдсэн 21.9 сая төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 25-ны дотор төлөхөөр тооцоо нийлж баталгаажуулсан.
Архангай аймгийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 343 дугаар тогтоолоор Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэр гарсан. Үүнд: Яллагдагч Р.Ариунаа нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байна. Түүний үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хамрагдах үндэслэлтэй гэж үзэн өршөөлд хамруулсан байна гэжээ.
 
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч нараас 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан би нэхэмжлэгчийн шаардлага болох аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн б/92 дугаар захирамжийг хүчингүй болгож, Эрдэнэмандал сумын Бүрэн дунд сургуулийн захирлаар эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, мөн үеийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийлгэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртлэх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийж, Р.Арнунааг тус сургуульд сургалтын менежерээр ажиллуулахыг хүлээн зөвшөөрч, харин ажилгүй байсан хугацааны цалинг олгохоос татгалзаж байна.
Нэхэмжлэгч Р.Ариунаа би хариуцагч Аймгийн засаг дарга Ц.Мөнхнасантай зөвшилцөсний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн б/92 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин болох 4.412.659 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж, харин ажилгүй байсан 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэн дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин, Эрдэнэмандал сумын Бүрэн дунд сургуульд сургалтын менежерийн албан тушаалд томилуулан ажиллуулахыг харилцан тохиролцон зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Ариунаагаас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн б/92 дугаар захирамжийг хүчингүй болгож Эрдэнэмандал сумын Бүрэн дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилуулж, 2016 оны  09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 113 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговор, хөдөөгийн нэмэгдэл 4.412.659 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх ”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжэлэл гаргажээ. /х.х-н 1-2/
Уг маргааны үйл баримтаас дурдахад: 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд Эрдэнэмандал сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчдаас тус сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлгэх тухай хүсэлт гаргажээ. /х.х-н 270-272, 286, 287, 288, 289/

Дээрх хүсэлтийн дагуу санхүүгийн аудитыг 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл календарын 9 хоногт аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга бөгөөд улсын ахлах байцаагч Д.Гандолгор, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Саранцэцэг нар хийж гүйцэтгэсэн байна. /х.х-н 249/
 
Уг шалгалтаар Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Ерөнхий боловсролын сургуульд Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 17/01/47, 17/01/48, 17/01/49, 17/01/50, 17/02/51, 17/02/52, 17/02/53, 17/0254/ 17/01/1701/55, 17/01/17/02/56, 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 17/01/57, 17/02/58, 17/02/59 дугаар бүхий нийт 13 төрлийн акт тавигджээ./х.х-н 51-106/

Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Хүсэлт тавих тухай” 55 дугаар албан бичгээр тус аймгийн Эрдэнэмандал сумын Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд илэрсэн зөрчлийг шалгуулахаар Монгол Улсын Авилгатай тэмцэх газарт хүсэлт гаргажээ. /х.х-н 47/

Монгол Улсын Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс тус хүсэлтийг хүлээн авч танилцаад 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 06/3797 дугаар албан бичгээр ашиглалтийн гэмт хэргийн шинжтэй гэж үзэн Архангай аймгийн Цагдаагийн газарт харьяалалын дагуу шилжүүлсэн байна. /х.х.-н 46/

Дээрх албан бичгийн дагуу Архангай аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүргэх, мөрдөн байцаас тасгийн мөрдөн байцаагч Ц.Ганбат 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Р.Ариунаад холбогдуулан эрүүгийн 201603000297 дугаар хэрэг үүсгэн, мөрдөн байцаах ажиллагаа явуулан шалгаж 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох санал үйлдэж прокурорт шилжүүлсэн байна. Ийнхүү 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 343 дугаар прокурорын тогтоолоор 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /2х.х-н 61-63/

Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Санал хүргүүлэх тухай” 86 дугаар албан бичгээр санхүүгийн хяналт, шалгалтаар илэрсэн зөрчилд холбогдох 13 төрлийн актыг үндэслэн тус сургуулийн үйл ажиллагаанд анхаарах асуудлууд, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг Архангай аймгийн Засаг даргад хүргүүлжээ. /х.х.-н 52/

Ийнхүү Архангай аймгийн Засаг дарга 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “ Р.Ариунааг ажлаас чөлөөлж, Б.Баярмааг ажилд түр томилох тухай” б/92 дугаар захирамжийг тус аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 86 дугаар албан бичиг, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Эрдэнэмандал сумын Бүрэн дунд сургуулийн захирал Р.Ариунааг үүрэгт ажлаас  нь чөлөөлсөн байна. /х.х-н 30/

Нэхэмжлэгч Р.Ариунаа тус маргаан бүхий захиргааны актыг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр сумын Засаг даргаас хүлээн авсан, уг актын үндэслэлд заасан Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 86 дугаар албан бичгийн талаар мэдэгдээгүй, өмнө нь сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй, тус маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу надад урьдчилан мэдэгдээгүй тул б/92 дугаар актыг үндэслэлгүй гэж, хариуцагч Архангай аймгийн Засаг дарга Р.Ариунаа нь сургуулийн захирлаар ажиллаж байхдаа Төсвийн хөрөнгийг үрэлгэн зарцуулснаас Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны улсын байцаагчийн 13 төрлийн акт тавиулсан. Р.Ариунаа нь Төсвийн тухай хуулийг зөрчин сургуулийн батлагдсан төсвийг зориулалт бусаар зарцуулж, төсөв захирагч төсвийн менежерийн санхүү, төсвийг зүй зохистой удирдаж чадаагүй, хариуцлагагүй байдал газар авсан зэрэг нь тогтоогдсон тул 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн б/92 дугаар захирамжаар Р.Ариунааг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны өмнө нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан буулт хийсэн эвлэрлийн гэрээндээ “...Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан би нэхэмжлэгчийн шаардлага болох аймгийн засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн б/92 дугаар захирамжийг хүчингүй болгож, Эрдэнэмандал сумын Бүрэн дунд сургуулийн захирлаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, мөн үеийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийлгэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийж, Р.Ариунааг тус сургуулийн захиралтай ярилцсны эцэст сургалтын менежерээр ажилуулахаар болж Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралтай тохиролцсон байна.

Нэхэмжлэгч Р.Ариунаа хариуцагч Аймгийн засаг дарга Ц.Мөнхнасантай зөвшилцөсний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн б/92 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин болох 4.412.659 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж, харин ажилгүй байсан 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэн дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин, Эрдэнэмандал сумын Бүрэн дунд сургуульд сургалтын менежерийн албан тушаалд ажиллахыг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцоноо бичгээр илэрхийлэн гэрээ байгуулсан байна. /х.х-н 248/

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.5, 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед эвлэрэх эрхтэй бөгөөд харилцан буулт хийж, хоорондоо тохиролцож эвлэрснээ бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурсан нь хуульд харшлахгүй байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч Р.Ариунааг Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Бүрэн дунд сургуулийн захирлын “Р.Ариунааг сургалтын менежерээр томилох тухай” б/27 дугаар тушаалаар тус сургуульд сургалтын менежерээр томилон ажиллуулах захиргааны акт гаргасан болохыг тэмдэглэв.

Иймд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгаж, хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, Р.Ариунаагийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад холбогдох “...2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн б/92 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Бүрэн дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилуулж, 2016 оны  09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 113 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговор, хөдөөгийн нэмэгдэл 4.412.659 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх...”-ийг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон   

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, Р.Ариунаагийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад холбогдох “2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн б/92 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Бүрэн дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилуулж, 2016 оны  09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 113 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговор, хөдөөгийн нэмэгдэл 4.412.659 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх”-ийг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.                                                                         

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.ОДОНТУЯА