Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2018/0869/З |
Дугаар | 221/МА2019/0303 |
Огноо | 2019-05-29 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2019/0303
“Т т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0166 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлоор, “Т т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0166 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.23-д заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 64 дүгээр шийдвэрийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Хариуцагч нь давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хүчингүй болгуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1, 162 дугаар зүйлийн 162.1, 162.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хариуцагч хариу тайлбартаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан бусад шаардлага болох бүрдүүлбэл зохих материалыг бүрдүүлсэн эсэх асуудлыг дурдаагүй, энэ тухай дүгнэлт хийгээгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Анхан шатны шүүхэд өгсөн хариу тайлбартаа “...“Т т” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн шаардлагыг хангасан...22.1.3-д байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт, 22.1.2-д үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт ирүүлээгүй нь баримтаар тогтоогдож байгаа тул...” гэж дурдсан.
Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөлд хавсаргавал зохих баримт бичгүүдийг бүрэн хүлээн авсан гэх тэмдэглэлийг хийсэн нөхцөл байдал тогтоогдсон нь маргаан бүхий актад дурдсан үндэслэлтэй зөрчилдөж байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Кадастрын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний сунгалтын өргөдөл хариуцсан мэргэжилтэн нь өргөдөл болон түүнд хавсаргасан баримтуудыг хүлээж аваад дотоод хяналтын хуудас нээж, хариуцсан чиг үүргийн мэргэжилтнүүдээр тойруулж, хянуулж байж эцэст нь Кадастрын хэлтсийн дарга шийдвэр гаргадаг. Өөрөөр хэлбэл сунгуулах өргөдлийн бүрдэл хангаж байвал хэлбэрийн хувьд хүлээж аваад агуулгын хувьд хуульд нийцэж байгаа эсэхэд дүгнэлт хийдэг.
Шүүхээс байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг хянаж, баталсантай холбоотой зөрүүтэй баримтуудад буруу үнэлэлт өгсөн.
Сум, дүүргийн Засаг дарга тухайн суманд орших тусгай зөвшөөрлийн талбайд төрийн хяналтыг хэрэгжүүлж, ингэхдээ орон нутгийн байгаль орчны хяналтын албатай хамтарч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хайгуулын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан хийгдэх ажлууд Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагад нийцэж байгаа эсэх хяналт бүрэн тавиагүй. Улмаар мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.8-д “байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон холбогдох сум, дүүргийн Засаг даргын нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлэх” гэж заасантай холбоотой баримт нэхэмжлэгчээс гаргаж өгөөгүй нь хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д заасан шаардлагыг хангаагүй байсныг нотолж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Т т” ХХК-аас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 64 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын газраас байгаль орчны төлөвлөгөөг баталгаажуулаагүй удааширсны улмаас өргөдлийн бүрдүүлбэр хангахгүй байгаа тухай 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст мэдэгдсэн бөгөөд тус газар энэ үндэслэлээр өргөдлийг хүлээж аваагүй. Бид байгаль орчныг төлөвлөгөөг баталгаажуулсан даруйдаа хугацаа сунгуулах өргөдлөө дахин гаргасан” гэж тодорхойлсон байна.
Нэхэмжлэгч “Т т” ХХК нь Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд, “Адаг баянгийн худаг” нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр[1] дуусахаар байжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана”, 22.1.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар”, 22.1.2-д “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт” 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 22.1.4-д “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт”-уудыг хавсаргана гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч “Тавантолгой транс” ХХК нь хуульд заасан энэхүү зохицуулалтын дагуу ашигт малтмалын хайгуулын 13281Х дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахын тулд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулж, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг холбогдох баримтын хамт тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс өмнө төрийн захиргааны байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч нь дээрх хуулийн хугацаанд буюу 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 17/15 дугаар албан бичгээр “Байгаль орчны хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлуулах ажил орон нутгаас шалтгаалан хүлээлтийн байдалтай байна. ...бичиг баримтын бүрдвэрийг гүйцээх ажил биднээс шалтгаалахгүйгээр удааширч байгааг харгалзан үзэхийг хүссэн”, 2017 оны 02 дугаар сарын 13-ны 18/34 дүгээр албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө холбогдох баримтын хамт хүргүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.
Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 64 дүгээр тушаалаар “тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө гаргаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “Т т” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 17/15 дугаар албан бичгээр хандсан талаарх нэхэмжлэлийн үндэслэлд тодорхой тайлбар гаргаагүй, гаргаж өгч байгаа нотлох баримтууд нь зөрүүтэй байхаас гадна шүүхээс нотлох баримт цуглуулах үүргийнхээ хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газрын архив, бичиг хэрэгт хийсэн үзлэгээр авагдсан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдөлд[2] “өргөдөл хүлээн авагч хүлээн авав” хэсэгт бүрэн хүлээн авсан гэсэн тэмдэглэл хийсэн нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан “...үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг бүрдүүлсэн баримт болон хайгуулын ажлын зардлын доод хэмжээгээс багагүй хэмжээний ажлыг хийж гүйцэтгэсэн тухай баримт ирүүлээгүй байсан нь баримтаар тогтоогдсон” гэх тайлбартай зөрүүтэй, дээрх нөхцөл байдлыг цаашид тодруулж үзэх шаардлагатай талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл хугацаанд захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь зөв байна.
Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн шаардлагыг хангасан материалуудыг өргөдлийн хамт ... өгөөгүй” гэж тайлбарлан маргах боловч маргаан бүхий актын үндэслэлд уг үндэслэл нь хамаарахгүй юм.
Иймд хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0166 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
[1] Хавтаст хэргийн 11 дүгээр талд
[2] Хавтаст хэргийн 154 дүгээр тал