Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2022/0003

 

“Б-Э” ХХК-ийн

хувьцаа эзэмшигч Ш.Д, У.Т,

М.О нарын нэхэмжлэлтэй,

нийслэлийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:               Х.Батсүрэн

            Танхимын тэргүүн              Ч.Тунгалаг      

            Шүүгчид:                                   М.Батсуурь

                                                                  Ц.Цогт                                                                      

             Илтгэгч шүүгч:                       Д.Мөнхтуяа

             Нарийн бичгийн дарга:     Т.Даваажаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 491 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 517 дугаар магадлалтай,

 Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 314 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гомдлоор, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, О.З, Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц, В.Э, Б.М, гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Б, Б.Ц нарыг (цахимаар) оролцуулан хянан хэлэлцэв.      

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: нэхэмжлэгч “Б-Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Д, У.Т, М.О нараас хариуцагч нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1003 дугаар захирамжийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тус 1386 м.кв газрын эрхийг “Б-Э” ХХК-д буцаан шилжүүлэхийг нийслэлийн Засаг даргад даалгуулах” нэхэмжлэлийг гаргасан.

2. Хэргийн нөхцөл байдал:

2.1. “Б-Э” ХХК-ийн эмнэлгийн зориулалтаар эзэмшиж байсан (нийслэлийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А/276 дугаар захирамж) 9874 м.кв газрын 1386 м.кв талбай бүхий хэсгийг нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1003 дугаар захирамжаар “Г” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

2.2. Нэхэмжлэгч Ш.Д, У.Т, М.О нар нь “Б-Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид бөгөөд Ш.Д, М.О нар нь компанийн нийт хувьцааны 22,5 хувийг тус бүр, У.Т нь 10 хувийн хувьцааг тус тус эзэмшдэг, талууд уг үйл баримттай маргаагүй, нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... газар эзэмших эрх шилжүүлэхдээ ...Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.2.1-д заасныг зөрчсөн, ... газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг эрх бүхий этгээдүүд хийж, нотариатаар гэрчлүүлэх ёстой байхад ... 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 16/2017 дугаар “Газар өмчлөх эрх шилжүүлэх гэрээ” гэх бичиг баримт нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй, ... хуурамч бичиг баримт бүрдүүлсэн ... газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь хууль бус, газар эзэмшигч “Б-Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын эрхийг зөрчсөн гэж маргажээ.

2.3. Хариуцагч маргаан бүхий тушаалын үндэслэлд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 38 дугаар зүйлийн 38.4, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус баримталсан, “... (тухайн үед) “Б-Э” ХХК-ийн ерөнхий захирал Б.Д-Я газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргаж, хүсэлтдээ “Б-Э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 04 дүгээр тогтоол, “Г” ХХК-тай байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 16/2017 дугаар “Газар өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-г хавсарган ирүүлсний дагуу ...газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь ... хууль зөрчөөгүй” гэж, гуравдагч этгээд “Г” ХХК-иас ... “Б-Э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар эмнэлгийн өргөтгөлийн барилгын асуудлыг авч хэлэлцэн тус хуралд оролцогчдын 80 хувийн саналаар өргөтгөлийн эмнэлэг барих асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Уг хуралд нэхэмжлэгч М.О, Ш.Д нар оролцсон, ... “Б-Э” ХХК-ийн өргөтгөлийн барилга болох 100 ортой эмнэлгийн барилгын ажлыг 1386 м.кв газар дээр манай компани хөрөнгө оруулж барьж дуусгасан. Тус барилга барих газрыг “Б-Э” ХХК-ийн эзэмшлийн газраас шилжүүлэн авсан нь хууль зөрчөөгүй, ... хуульд заасан журмын дагуу нийслэлийн Газрын албанд хандан эзэмших эрхийг шилжүүлэн авч, нийслэлийн Засаг даргын захирамж гарсан гэж тус тус шүүхэд тайлбар гаргажээ.

2.4. Нийслэлийн газрын албанд хандаж “Б-Э” ХХК-ийн захирал Б.Д-Яаас 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/611 дүгээр албан бичгээр  ... (манай компанийн эзэмшил газраас) 1386 м.кв талбайг “Г” ХХК-нд шилжүүлж өгнө үү гэх, “Г” ХХК-ийн захирал Д.Гантулгаас мөн өдрийн 43/17 дугаар албан бичгээр Манай компани нь “Б-Э” ХХК-ийн эзэмшилд байдаг ... 9874 м.кв газраас 1386 м.кв газрыг эмнэлгийн зориулалтаар эзэмших хүсэлтэй (байна) ... шилжүүлж өгнө үү гэх хүсэлт тус тус гаргасан, хүсэлтэд “Б-Э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ... эмнэлгийн эзэмшлийн 9874 м.кв газраас 1386 м.кв газрыг “Г” ХХК-нд эмнэлгийн зориулалттай эзэмшүүлэхээр баталсугай гэх 04 дүгээр тогтоол, “Б-Э” ХХК-ийн захирал Б.Д-Я, “Г” ХХК-ийзахирал Д.Гнарын хооронд мөн өдөр байгуулсан 16/2017 дугаар ...1386 м.кв талбай бүхий газрыг “Г” ХХК-ийн өмчлөлд эмнэлгийн зориулалтаар үнэ төлбөргүй шилжүүлэхээр харилцан тохиролцов гэх “Газар өмчлөх эрх шилжүүлэх гэрээ” зэргийг хавсаргаж өгсөн, уг гэрээ нь нотариатчаар гэрчлэгдээгүй, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

2.5. “Б-Э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын 04 дүгээр тогтоолд зурагдсан У.Т, Ш.Д, М.О нарын гарын үсэг тэдгээрийн гарын үсгийн загваруудтай тохирохгүй болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1989, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 3067 дугаар дүгнэлтүүдээр тус тус тогтоогдсон, эдгээр бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх “... Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-т заасан нотариатчаар гэрчлүүлсэн гэрээг хавсаргах шаардлагыг биелүүлээгүй байхад (хариуцагч) газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч, ... бусдад шилжүүлж байгаа үйлдэл нь хууль бус, ...”Б-Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нараас газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх талаар санал аваагүй болох нь ... шинжээчийн дүгнэлт, ... (гэрчийн) мэдүүлгээр тус тус нотлогдсон. ... эрх бүхий албан тушаалтан нь хурлаар хэлэлцээгүй асуудлаар Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гаргаж, хувьцаа эзэмшигчдийн гарын үсгийг дуурайлган зурсан, газар өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээг нотариатчаар гэрчлүүлэлгүйгээр “Б-Э” ХХК-ийн эзэмших эрхтэй газрын зарим хэсгийг өөрт хамаарал бүхий этгээдэд шилжүүлсэн үйлдэл нь компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. ...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор хэргийг хянаад, “... газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-д заасан нотариатчаар гэрчлүүлэх шаардлагыг хангаагүйгээс нэхэмжлэгч нэр бүхий хувьцаа эзэмшигч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, ... “Б-Э” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд нь гэрээ байгуулсан Б.Д-Я болох нь нотлогдсон, энэ талаар маргаагүй тохиолдолд гэрээг нотариатчаар гэрчлүүлээгүй нь хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчихгүй, ... Газрын тухай хуулиар газар эзэмших эрх шилжүүлэхэд Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол шаарддаггүйн зэрэгцээ уг тогтоолд зурагдсан гарын үсэг хуурамч эсэхийг захиргааны байгууллага шалгаж тодруулах үүрэг хүлээхгүй, ... “Б-Э” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага эрх хэмжээгээ хэтрүүлсэн эсэх, гэрээ байгуулах зөвшөөрөл олгогдсон эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх, хуурамч баримт бичиг үйлдсэн эсэхэд захиргааны хэргийн шүүх дүгнэлт өгөх боломжгүй. ...Анхан шатны шүүх хувийн эрх зүйн харилцаанд хамаарах хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн маргаанд дүгнэлт өгч нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасантай нийцээгүй. ...” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

5. Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.М 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

5.1. Анхан болон давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.2.1 дэх заалтуудыг зөрүүтэй хэрэглэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийгээгүйгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хууль тогтоогч газрын эрхийг шилжүүлэх гэрээг заавал нотариатчаар гэрчлүүлэх хэлбэрийн шаардлагыг тавьсан зорилго нь нотариатч гэрээ байгуулж буй этгээдийг тус хэлцлийг хийх бүрэн эрхтэй, чадамжтай эсэхийг эцэслэн шалгаж, газар эзэмшигч (энэ тохиолдолд “Б-Э” ХХК)-ийн хүсэл зоригийн бодит илэрхийлэл эсэхийг тодорхойлоход чиглэсэн байдаг. Ингэснээр гэрээний талууд буюу эрхийн гэрчилгээ эзэмшигч болон шилжүүлэн авч байгаа этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах юм.

5.2. Газар эзэмших эрх шилжүүлэх асуудлыг компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний чөлөө цагт Төлөөлөн удирдах зөвлөлөөр шийдвэрлүүлэх маргаан байсан. Энэ талаарх тайлбарыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний бие анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсээр, маргасаар ирсэн. Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд гүйцэтгэх захиралд газар эзэмших эрх шилжүүлэх эрх олгосон зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл дээрх байдлаар гэрээ байгуулах эрхгүй этгээдүүдийн хууль, дүрэм зөрчсөн үйлдлийг хязгаарлахаар цаашлаад газар эзэмшигчийн эрхийг тэргүүн ээлжинд хамгаалах зорилгоор Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1 дэх зохицуулалт хуульчлагдсан болохыг давж заалдах шатны шүүх үгүйсгэж, илтэд зөрүүтэй байдлаар хуулийг тайлбарлан хэрэглэсэн. Мөн хуулийн 38.2-т “...дараахь баримт бичгийг хавсаргана” гэх заалт нь үүрэг болгосон императив зохицуулалт байтал шүүх үүнийг үгүйсгэх байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж болохгүй.

5.3. Энэхүү хэргээс гадна “Б-Э” ХХК (Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг)-ийн 3539 м.кв газрын эрхийг хэсэгчлэн, хууль бусаар гүйцэтгэх захирал Б.Д-Яийн хүү Д.Б, охин Д.Б нарт шилжүүлсэн асуудлаар захиргааны маргаан хянагдаж байгаа бөгөөд гуравдагч этгээдээс гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаас тогтоол гарсан. Ижил төрлийн маргааныг захиргааны хэргийн анхан шатны шүүх хоёр өөрөөр, давж заалдах шатны шүүх тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож мөн хоёр өөрөөр шийдвэрлэсэн байна. Дээр дурдсанчлан “Б-Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн магадлалд хяналтын журмаар гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

5.4. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.2.1-т заасныг зөрүүтэй хэрэглэхээс гадна хувьцаа эзэмшигчид компанийнхаа эрх, хууль ёсны ашиг сонирхлын төлөө нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх асуудлаар шүүхүүд зөрүүтэй дүгнэлт хийж, хуулийг хэрэглэж байгааг мөн дурдахыг хүсэж байна. Ижил маргаануудыг ялгаатай шийдвэрлэж, хуулийг зөрүүтэй хэрэглэсээр байгаа явдалд нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний бие гомдолтой байна. ... Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

6. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 314 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Мөнхболдын хяналтын журмаар гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

7. Хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

7.1. ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасан үндэслэлээр гомдол гаргасан байх боловч уг хуулийн 123.1.1, 123.1.2, 123.1.3-д заасан үндэслэлийн аль үндэслэлээр гомдол гаргасан талаар тодорхой дурдаагүй ... (байна). ... Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.2.1 дэх заалтуудыг зөрүүтэй хэрэглэсэн гэж дурдсан боловч дээрх хуулийн заалтыг хэрхэн яаж зөрүүтэй хэрэглэсэн талаар тодорхой тусгаагүй, өөр нэхэмжлэгчтэй захиргааны хэргийг хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэснийг адилтгаж үзэх зэрэг хуульд заагаагүй үндэслэлээр хяналтын журмаар хэргийг хэлэлцүүлэхийг хүссэн байна.

7.2. Уг маргаан бүхий хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхүүд гомдолд дурдсан Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан заалтыг зөрүүтэй хэрэглэсэн зүйл огт байхгүй бөгөөд ... шүүхэд гаргасан нэхэмжлэл нь компанийн хувьцаа эзэмшигчид болох нэхэмжлэгч нарын эрх хөндөгдөж байгаа эсэх, хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрээ болон бусад баримт хүчин төгөлдөр эсэх талаар буюу нотлох баримт хэрэгт хамааралтай эсэх талаар дүгнэлтийг өөр өөр байдлаар хийсэн болно.

7.3. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Компанийн тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэн дүгнэж, “Б-Э” ХХК болон “Г” ХХК нарын хооронд хийгдсэн хэлцлийн хүчин төгөлдөр байдал, “Б-Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар болон гүйцэтгэх удирдлагын хоорондын эдийн болон эдийн бус хөрөнгөтэй холбоотой эрх үүргийн үйл баримтад дүгнэлт хийж, байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийж шийдвэрлэсэн байсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн дүгнэж, “... “Б-Э” ХХК-ийн төлөөлөх эрх бүхий этгээд нь гэрээ байгуулсан Б.Д-Я болох нь нотлогдсон, энэ талаар маргаагүй байгаа тохиолдолд гэрээг нотариатчаар гэрчлүүлээгүй нь хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчихгүй, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхолтой шалтгаант холбоогүй гэж үзнэ” гэж дүгнэсэн нь шүүх өөрийн хуульд заасан эрхийнхээ хүрээнд нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж, хэргийг бүхэлд нь хянан үзэх үүргийнхээ дагуу хийсэн дүгнэлт гэж үзэж байна.

7.4. Анхан болон давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн зүйл байхгүй, нотлох баримтыг өөрийн эрх хэмжээний хүрээнд өөр өөрөөр дүгнэж хэргийг шийдвэрлэсэн тул ... гомдлыг (зөвшөөрөхгүй) гэжээ.

8. Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцоогүй, хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

9. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-д заасныг зөрүүтэй хэрэглэсэн, хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангав.

10. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж … болно...”, 38.2-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана: 38.2.1.нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ”, 38.3-т “эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараах зүйлүүдийг тодруулна: 38.3.1.энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх” гэж тус тус заасан, уг хуулийн шаардлага нь газар эзэмших эрхийг шилжүүлэх “хуулиар зөвшөөрсөн хэлбэр”-ийн шаардлага бөгөөд хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-д заасан шаардлагыг хангаагүй “талуудын хүсэлт” хуульд нийцэхгүй, түүнийг үндэслэж газар эзэмших эрхийг шилжүүлсэн Засаг даргын шийдвэр “хууль бус”-д тооцогдоно.

11. Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1 дэх заалтыг уг хэм хэмжээний гипотез, диспозицийг зөв тодорхойлж, хуулийн зохицуулалтыг маргааны үйл баримтад холбогдуулж зөв тайлбарлан хэрэглэжээ.

12. “Б-Э” ХХК-ийн 1386 м.кв газар эзэмших эрхийг “Г” ХХК-д шилжүүлсэн нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1003 дугаар захирамж Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-д заасныг зөрчсөн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул маргаан бүхий захирамжийг хууль бус гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, уг хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт мөн үндэслэлтэй байна.

13. Нотариатын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар нотариатын үйлдэл хийх нь “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангах болон хууль зүйн баталгааг бүрдүүлэх” агуулгатай, мөн хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэнэ, аливаа баримт бичиг нь нотариатчаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй болох бөгөөд 4.4.4-т “хууль зүйн агуулга бүхий үйлдэл, баримт бичгийг хуульд заасан тохиолдолд … гэрчлэх”-ээр, 46 дугаар зүйлийн 46.5-д “/нотариатч/ хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хийж байгаа гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүнийг хуулийн дагуу төлөөлж байгаа этгээдийн эрх хэмжээ нь гэрээ, дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрт тусгагдсан эсэхийг шалгах”-аар, 46.7-д “… үл хөдлөх эд хөрөнгө, эрхийг бусдад шилжүүлэх гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ уг хөрөнгө, эрх нь тухайн этгээдийн хууль ёсны өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа эсэхийг нотлох эрхийн баримт бичгийг, хуулийн этгээдийн хувьд үүсгэн байгуулах гэрээ, дүрмийг үндэслэл болгох”-оор тус тус заажээ.

14. Эндээс үзвэл, нотариатч нь “Б-Э” ХХК-ийн захирал Б.Д-Ят “Б-Э” ХХК-ийн газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх эрх хэмжээ нь хуулийн этгээдийн үүсгэн байгуулах гэрээ, дүрмээр олгогдсон эсэх, эсхүл  Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрт тусгагдсан эсэхийг шалгаж, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчилсний үндсэн дээр нэг талаас, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь  “хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй” болох, нөгөө талаас “Б-Э” ХХК (хуулийн этгээд)-ийн болон хувьцаа эзэмшигч нар (иргэн)-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол хангагдах байсан; тухайн тохиолдолд, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг нотариатчаар гэрчлүүлээгүйгээс “Б-Э” ХХК-ийн захирал Б.Д-Я, “Г” ХХК-ийн захирал Д.Г нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 16/2017 дугаар ... 1386 м.кв талбай бүхий газрыг “Г” ХХК-ийн өмчлөлд эмнэлгийн зориулалтаар үнэ төлбөргүй шилжүүлэхээр харилцан тохиролцов гэх “Газар өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-г “хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй” гэж үзэх боломжгүй, нийслэлийн Засаг даргын маргаан бүхий захирамжаар “Б-Э” ХХК-ийн газар эзэмших эрхийг шилжүүлснээр “Б-Э” ХХК болон уг хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч нар болох нэхэмжлэгч Ш.Д, У.Т, М.О нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй.

15. “Б-Э” ХХК-ийн захирлын “хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх” нь тухайн этгээдэд уг хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэхээр гэрээ хэлцэл хийх эрх шууд олгогдсон гэж үзэхгүй, ийм эрх олгогдсон эсэхийг нотариатчийн үйлдлээр гэрчлэхээр хуульд тусгайлан заасан байхад давж заалдах шатны шүүх хууль зүйн агуулга бүхий баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэх шаардлагын хууль зүйн агуулгыг анхаараагүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо “нотариатаар гэрчлүүлээгүйгээс нэхэмжлэгч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” гэх нэхэмжлэлийн үндэслэлд холбогдуулж “... нотариатчаар гэрчлүүлэх шаардлагыг хангаагүйгээс нэхэмжлэгч нэр бүхий хувьцаа эзэмшигч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй”, “Б-Э” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд нь гэрээ байгуулсан Б.Д-Я болох нь нотлогдсон, энэ талаар маргаагүй байгаа энэ тохиолдолд гэрээг нотариатчаар гэрчлүүлээгүй нь хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчихгүй, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхолтой шалтгаант холбоогүй” гэх зэргээр буруу дүгнэлт хийсэн байна.

16. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй, анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт маргааны үйл баримтад шууд хамааралтай хуулийн зүйл заалтуудыг оновчтой баримтлаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 517 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 0491 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1” гэснийг “Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.4, 46 дугаар зүйлийн 46.5, 46.7” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.М-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Х.БАТСҮРЭН

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Ч.ТУНГАЛАГ    

              ШҮҮГЧИД                                                                 М.БАТСУУРЬ

                                                                                                    Ц.ЦОГТ

                                                                                                    Д.МӨНХТУЯА