Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 0001

 

Д.Пүрэвжавт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хэргийн индекс 179/2016/0210/Э/

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Ц.Мөнхжаргал

           Ялтан: Д.Пүрэвжав,

Ялтны өмгөөлөгч: Г.Баярдаваа,  

Хохирогч: Б.Нямханд,

Хохирогчийн өмгөөлөгч: Д.Энхбаяр,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунбилэг  нарыг оролцуулан

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 230 дугаар шийтгэх тогтоолтой ялтан Д.Пүрэвжавт холбогдох 201622000503 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн  2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1952 оны 03 дугаар сарын 03-ны өдөр  төрсөн, 64 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, Хайдав овогт Дагвын Пүрэвжав /регистрийн дугаар РЭ52030374/.

 

Д.Пүрэвжав нь 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутагт согтуугаар "Ниссан пулсар" маркийн 12-36 ХӨВ улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 12.9 дэх заалтыг зөрчсөний улмаас иргэн Б.Нямхандын жолоодож явсан "Марк-2" маркийн 79-25 УНҮ улсын дугаартай автомашинтай мөргөлдөн зам тээврийн осол гаргаж,  иргэн Б.Нямхандын бие махбодид "цээжний зүүн талын 4,5,6,7,8,9 дүгээр хавирганы зөрөөтэй далд хугарал, зүүн уушгины уналт, цээжний зүүн хөндийн шингэн цус хуралт" бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 230 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Хайдав овогт Дагвын Пүрэвжавыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Пүрэвжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Пүрэвжавт оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Д.Пүрэвжавт оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Б.Нямханд нь 10.200.000  /арван сая хоёр зуун мянга / төгрөгийн хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Д.Пүрэвжавын В ангиллын 972693 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Мөнхзоригт даалгаж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч Д.Энхбаяр давж заалдах гомдолдоо: “Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн ба мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Пүрэвжав нь хохирогч Б.Нямхандын биед хүнд гэмтэл учруулж эрүүл мэндийг  хохироосноос гадна түүний унаж явсан "Марк-2" маркийн 79-25 УНҮ улсын дугаартай машиныг дахин ашиглах боломжгүйгээр эвдэж эд хөрөнгийн хохирол давхар учруулсан. Энэ 2 төрлийн хохирлоос шүүгдэгч нь эмчилгээний төлбөр 1.620.000 төгрөг төлж, эвдэрсэн машиныг хуучин хэвэнд нь сэргээн засварлах болон мөнгөөр нөхөн төлөөгүй байхад шүүх тогтоолдоо “… учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн гэж үзэж оногдуулсан ялыг тэнсэх боломжтой гэсэн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан гэж үзэх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчид тэнсэх хуулийн заалтыг хэрэглэх боломжгүй байхад түүний ялыг үндэслэлгүйгээр тэнссэн байна гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн бөгөөд шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй дараах ажиллагаанууд байна. Үүнд: 1. Шүүгдэгч Пүрэвжав банкуудад харилцах болон хадгаламжийн данс эзэмшдэг эсэх тэдгээрийн орлого зарлагын хуулга зэргийг хэрэгт баримтжуулж аваагүй.

2. Нэхэмжлэлийг урьдчилан хангаж, хөрөнгө битүүмжлэх ажиллагаа огт хийгээгүй. Ялангуяа 12-36 ХӨВ машин одоо хаана байгаа нь тодорхойгүй.

3. "Ниссан пулсар" 12-36 ХӨВ машины гэрчилгээ, техникийн бичиг баримтыг хэрэгт хавсаргаагүйгээс уг машин хэний өмчлөл, хэний эзэмшилд байдаг нь тодорхойгүй.

4. Хавтаст хэргийн 27 дугаар хуудсанд гэрч Бямбахишиг нь мэдүүлэхдээ 12-36 ХӨВ машин нь өөрийнх нь өмчлөл гэдгийг мэдүүлсэн байхад түүнийг ЭБШ хуулийн 119 дүгээр зүйлд заасан иргэний хариуцагчаар татах ажиллагаа хийгээгүй.

5. Машин эвдэрсний үнэлгээг хийсэн үнэлгээчин Ц.Даваасүрэн нь үнэлгээ хийх тусгай зөвшөөрлөө хавсаргаагүй байхад тус үнэлгээ үндэслэл бүхий гарсан нь эргэлзээтэй.

6. "Ниссан пулсар" 12-36 ХӨВ машины фото зураг  хэргийн газрын үзлэг дээр огт байхгүй, уг машин хаагуураа яаж мөргөж, машины аль хэсэг яаж гэмтсэн нь тодорхой харагдах зүйлгүй. Иймд хэргийг хянаж, тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү”  гэжээ.

 

Хохирогч Б.Нямханд давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх Пүрэвжавт оногдуулах ялыг аль болох хөнгөлж, харин миний эрүүл мэнд, өмч хөрөнгөд учруулсан хохирлыг шийдвэрлээгүй хэт нэг талыг баримталж шийдвэр гаргасан тул давж заалдах гомдол гаргаж байна.  Пүрэвжав согтуугаар машин жолоодож надад хүнд гэмтэл учруулсан. Миний амьдралын эх үүсвэр болох "Марк-2" маркийн 79-25 УНҮ улсын дугаартай автомашиныг цаашид ашиглах боломжгүй болгосон. Одоогоор миний биеийн байдал муу, уушгины шарх бүрэн аниагүй, хугарсан таван хавирганы хугархайнууд хол зайтай зөрсөн тул бороолоогүй, эгэмний ясаа хадуулсан хадаасыг авахуулах шаардлагатай, ой санамж муудсан, цаашид хавирганы хугархайнуудыг эвэнд оруулж хадуулах, уушигаа эмчлүүлэх, эгэмний хадаасыг авахуулах, тархины бичлэг хийлгэж эмчлүүлэх зэрэгт урьдчилан төлбөр хийсний дараа эмчилгээ хийгдэх учир хөрөнгө мөнгө шаардлагатай. Надад хоёр хөгшний  тэтгэврээс өөр ямар ч орлого байхгүй учир эмчилгээ хийлгэж чадахгүй байна. ...Төлбөрт эмчилгээ, сувилгаа, асаргаа, үйлчилгээнд эхний ээлжинд 1.6 сая төгрөг зарцуулсан. Энэ зардлыг Пүрэвжаваас нэхсэн. Пүрэвжав дээрх зардлыг төлсөн. Миний машины хохирлыг огт төлөөгүй. 2016 оны 9 дүгээр сарын 29-нд мөрдөн байцаагч Ананд надтай утсаар ярихдаа Пүрэвжавын машиныг бид битүүмжилсэн гэж ярьсан. Миний утсан дээр одоо ч тэр бичлэг байгаа. Гэтэл хэргийн материалд огт битүүмжилсэн баримт байхгүй. Мөн миний хохирлыг барагдуулах талаар түүний эд хөрөнгийг шалгаагүй, малын данс, хашаа, байшингийн лавлагааг аваагүй байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж дахин шалгаж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Д.Пүрэвжав нь 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутагт согтуугаар "Nissan Pulsar" маркийн 12-36 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл  жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 12.9 дэх заалтыг зөрчсөний улмаас иргэн Б.Нямхандын жолоодож явсан "Toyota Mark II" маркийн 79-25 УНҮ улсын дугаартай автомашинтай мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, иргэн Б.Нямхандын бие махбодид “хүнд” зэргийн  гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Д.Пүрэвжавт холбогдох хэргийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг гүйцэд биш хийсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.1, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Д.Пүрэвжав нь бусдын эзэмшлийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, Б.Нямхандын эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулсан байхад тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчийг иргэний хариуцагчаар татан оролцуулаагүй нь буруу байна. Учир нь тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан, эд юмс нь эвдэрч гэмтсэн бол тээврийн хэрэгслээ бусдад шилжүүлэн өгсөн өмчлөгч буюу эзэмшигч  Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4-т зааснаар бусдад учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул Nissan Pulsar маркын тээврийн хэрэгслийн өмчлөгч П.Бямбахишигийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44, 119 дүгээр зүйлд зааснаар иргэний хариуцагчаар татах нь зүйтэй.

Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 22-р зүйлийн 22.1-д зааснаар  хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн 3-аас доошгүй жилийн хугацаагаар олгодог бөгөөд уг хугацаанд үнэлгээ хийсэн эсэхийг  тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нотлох учир үнэлгээчний тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбарыг  хэрэгт хавсаргаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 123 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийг хангах арга хэмжээ авч, хохирогчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэр хэмжээг бүрэн тогтоосны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй тул хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын энэ хэсгийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Харин  "Nissan Pulsar" 12-36 ХӨВ машины гэрчилгээ, техникийн бичиг баримт хавтаст хэргийн 74-р хуудсанд авагдсаны дээр уг авто машинд үзлэг хийж, эвдрэл гэмтлийг тэмдэглэлд  /хх-ийн 16-р хуудас/  тусгасан байх тул  давж заалдах гомдлын энэ хэсгийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн  үзлээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг мөрдөн байцаалтад буцааж байгаа тул шүүгдэгчийн гэм буруу, ял шийтгэлийн талаар дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2,  317 дугаар зүйлийн 317.1.1, 318 дугаар зүйлийн 318.1, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 230 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол Д.Пүрэвжавт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхгүй болохыг  дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРХҮҮ

           ШҮҮГЧИД                                                      С.ЦЭЦЭГМАА

                                                                                  Б.СОСОРБАРАМ