| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0158/Э |
| Дугаар | 169 |
| Огноо | 2019-01-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.7.1.1., 11.7.1.2., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Г.Эрдэнэ,
Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Эад холбогдох 1806 07439 1846 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд 1984 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Заг” ХХК-д сантехникч ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь эхийн 3 дугаар хэсгийн 5-171 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, А овогт Н-ийн Э /РД:........../,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Н.Э нь өөрийн хамтран амьдрагч А.Уийг 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд,
2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орлого” нэртэй дэлгүүрийн орчим гудамжинд,
2018 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 5-171 тоот гэртээ тус тус зодсон буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
Мөн Н.Э нь өөрийн хамтран амьдрагч А.Уийг 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Молор” нэртэй караоке бааранд,
2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар үйлчилгээний төвийн орчимд хамар луу нь цохиж,
2018 оны 09 дүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 5-171 тоот гэртээ цохин зодож тус тус эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Эын өгсөн: “... Төмрийн хайчаар цохисон асуудал манай гэрт болоогүй, гудамжинд болсон асуудал. Хохирогч надтай хамт хоноод явахдаа миний түрийвчтэй карт, мөнгө, гар утас зэргийг аваад явсан байсан. Маргааш нь буюу 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр намайг буудалд дуудахаар нь би карт, гар утас зэргээ авахаар очсон. Хохирогч, бид хоёр буудалд нэг хоноод манай гэрт ирсэн. Хохирогчид миний карт байсан учир дэлгүүрээс пиво авч уусан. Тэгээд гэрээс гараад явсан. Намайг хашааны буланд хараад зогсож байх үед хохирогч буцаж ирээд, намайг гэртээ байхгүй гэж бодсон юм шиг байгаа юм. Амбаараас арматур төмөр тасалдаг хайч гаргаж ирээд амбаарын цоожийг эвдсэн. Би “болиоч” гэж орилоод гудамж руу гарахад, хохирогч хайчаа бариад миний араас хөөсөн. Хохирогч хайчийг хоолойдоо тулгаад өөрийгөө ална гээд байхаар нь би төмрийн хайчийг булааж авах гэж оролдох үедээ хохирогчийн хөлийг цохисон. Манай аав нас бараад нэг жилийн хугацаа өнгөрч байна. 2018 оны 04 дүгээр сард надтай хамт амьдарч байх үедээ миний аавын хөөргийг аваад явсан байсан. Би хөөргөө асуухаар надад байгаа, эсвэл цүнхнээсээ алдсан, зах дээр зарсан гэх мэтчилэн дандаа худлаа хэлдэг. Би тэрэнд их гомдсон. Хохирогчоос хөөргийн талаар асуугаад л бид хоёрын дунд хэрүүл үүсдэг. 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Орлого” дэлгүүрийн үүдэнд би хохирогчийг зодоогүй, түүний малгай, ороолт хоёрыг газарт авч шидсэн. Хохирогч миний мөнгө, утсыг аваад явсан байсан. Цагдаа дээр хохирогч, бид хоёр хамт очиход надад ямар нэгэн арга хэмжээ аваагүй. 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хохирогч, бид хоёр манай ажлын газрын хүмүүсийн хамт нийтийн байранд архи уусан. Хохирогч согтож “та нар муу хар ажилчид, нийтийн байранд амьдардаг” гээд агсам тавиад байхаар нь би түүнийг гар гэхэд надтай зууралдаад байрнаас гарахгүй байсан. Би нийтийн байрнаас хохирогчийн үснээс зулгааж гаргасан. 2018 оны 10 дугаар сард манай гэрт хохирогч өөрөө ирсэн. Хохирогч тарвас жимс авч иднэ гэхээр нь бид хоёр хамт дэлгүүр орохоор явах үед миний утас дуугарч, хүнтэй ярих хооронд хохирогч дэлгүүрээс жимс аваагүй, архи аваад гарч ирсэн. Хохирогч, бид хоёр авсан архиа хувааж уусан. Манай хөршид “би Эыг амьтан болгоно” гэж хэлээд суугаад байхаар нь би хохирогчийг аргалаад унтуулсан. Хохирогч унтаж байснаа сэрээд агсам тавьж, миний эмзэг эрхтэнээс зулгаагаад тавихгүй байхаар нь тэлээний арлаар гар луу нь ороолгож тавиулсан. 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр би хохирогчийн гэрт очоогүй. Тухайн өдөр манай ажлын хүний төрсөн өдөр болоод төрсөн өдөрт явсан. Хохирогч над руу утасдаад “уулзъя” гэсэн. Хохирогч, бид хоёр 3, 4 дүгээр хорооллын ахуй үйлчилгээний ойролцоо уулзсан. Би хохирогчид хувцас авч өгөөд, бид хоёр хоолонд орсон. Хохирогч дуулмаар байна гэхээр нь караокед орсон. Хохирогч архи ууж согтоод агсам тавьж, гудамжаар цээж нүцгэн гүйгээд, сүүлдээ намайг хэл амаар доромжлоод байхаар нь би тэсэхгүй алгадсан. Хохирогч тухайн үед газар хэвтэж хөрвөөгөөд байснаас түүний биед шарх үүссэн...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Уийн өгсөн: “2018 оны 09 сарын 04-ний өглөө намайг унтаж байх хооронд Н.Э эрт архинд явж ирээд гэрийн хаалга түгжиж байгаад авчирсан архиа надтай хувааж уусан. Тухайн үед би гэрийн хаалгыг нь онгойлгох гэсэн цоожны гол нь хий эргээд онгойлгож чадахгүй байхад Н.Э надад хандан “чи яагаад дандаа намайг цагдаад өгөөд байдаг юм бэ, одоо надад эрүүгийн хэрэг үүсгээд ял шийтгэл авах нь тодорхой, шоронд орох юм чинь чамайг яасан ч миний дур” гэж хэлээд миний зүүн чихэн тус газар гараа атгаж байгаад 2 удаа цохиход нь би шалан дээр унатал намайг үсдэж байшин дотроо чирээд зүүн талын хавирган тус газар 2 удаа өшиглөсөн... тэр шөнө миний хамарнаас цус гараад тогтохгүй байсан учир гэрээс нь гарах гэтэл ийм нүүр, амтай хаашаа явах вэ гэж бодоод гарч чадаагүй. Шөнө 03-04 цагийн орчим гарч бие засъя гэж худлаа хэлээд гэрийн хаалгыг нь онгойлгуулж гараад зугтааж байгаад би унасан чинь Н.Э намайг гүйцэж ирээд миний өмсөж байсан фудволк, ноосон цамцыг ураад 2 хөлнөөс барьж газар чирээд гэртээ оруулаад хаалга түгжсэн. 2018 оны 09 сарын 05-ны өглөө эрт Н.Э босоод дэлгүүр орж 0,75 литрийн Хараа архи авч ирсэн. Тухайн үед миний бие их өвдөж байсан учир өвчнөө мартахын тулд архинаас нь хувааж уусан. Тэгсэн Н.Э согтоод би ял авах нь тодорхой гэж хэлээд намайг ахиж зодсон. Ингэж зодохдоо миний баруун, зүүн хөлийн тахимны орчим төмрийн хайчаар 2, 2 удаа цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх.19-21/,
“... Хамар ясны хоёр хажуу талын цөмөрсөн зөрүүтэй далд хугарал болон зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүссэн гэх гэмтэл нь тухайн үед Э миний нүүрний хамар хэсэгт гараараа нэг удаа цохиход үүссэн. Зүүн мөрөнд шарх үүссэн гэх гэмтлийг Э тухайн үед намайг цагдаад өгсөн гэж уурлаад миний зүүн талын мөр хэсгээс 1 удаа шүдээрээ хазахад үүссэн. Зүүн чихний дэлбэнд цус хуралт, зулгаралт үүссэн гэх гэмтэл нь тухайн үед Э миний толгойны зүүн чих хэсэгт гараараа нэг удаа цохиход энэ гэмтэл үүссэн. Баруун хөх, хоёр дал. хоёр далны хооронд зулгаралт, бүсэлхий, зүүн бугалга хэсэгт цус хуралт үүссэн гэх гэмтэл нь тухайн үед би Эаас зугтааж байхад ... намайг газар чирэхэд энэ гэмтэл үүссэн. Гуя тахимд цус хуралт үүссэн гэх гэмтэл нь тухайн үед Э миний хоёр хөлний тахим хэсэг рүү төмрийн хайчаар 2-3 удаа цохиход энэ гэмтэл үүссэн...” гэх мэдүүлэг /хх.22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Пүрэвсүрэнгийн өгсөн: “... Н.Э нь манай ээжтэй уулзах болгондоо цагдаад өгсөн өргөдлөө авчих, 2-лаа сайхан амьдаръя архи, дарс уухаа больё гэж хэлэхээр нь итгээд явж очоод нийлээд архи уучихдаг юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх.29-30/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Бадралын 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11102 дугаартай: “... А.Уийн биед хамрын ясны хоёр хажуу хананы цөмөрсөн зөрүүтэй далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд шарх, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зулгаралт, баруун хөх, хоёр дал, хоёр далны хооронд зулгаралт, бүсэлхий, зүүн бугалга, гуя, тахимд цус хуралт гэмтэл тогтоогдлоо... Гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт /хх.35/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Эын гэрчээр өгсөн: “… Би Уийг 2017 оны наадмаар хамт архи уугаад агсан тавиад байхаар нь цохиж зодож байсан. 2017 оны сүүлээр цохиж зодсон гэж цагдаад дуудлага өгөөд шалгагдаж байсан. Шүүх эмнэлэгт үзүүл гэхээр үзүүлэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх.9/,
“... 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ... би араас нь хөөцөлдөн тайвшируулах гээд зүн нүдэн тус газар нь гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.23-24/,
“... 2018 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байхдаа Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 5-171 тоотод байрлах гэртээ байхдаа би А.Уээс хөөргөө нэхсэнээс болоод бид хоёр маргалдаад би цохиж, зодсон...” гэх мэдүүлэг /хх.61-63/,
“... У нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр манайд ирсэн. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр манайхаас явсан. Би тэр үед Утэй уулзаад хоорондоо маргалдаж би Уийг зодсон...” гэх мэдүүлэг /хх.95-96/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Эын яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ... Утэй уулзаад бид хоёр хамт гадуур явж байгаад... хамтдаа хоолонд ороод орой нь Caнсарын тэнд нэг караокед ороод би 200 грамм архи, У 100 грамм архи, пиво, ундаа уучихаад надад агсам тавиад гарч яваад өмсөж явсан хувцасаа тайлж шидээд би хэнд ч хэрэггүй хүн гэж орилоод машин зам руу ороод үхнэ гээд цамц, фудволка, хөхний даруулгаа тайлж шидээд гүйгээд байхаар нь би ардаас нь хөөцөлдөөд шидсэн хувцасыг нь түүж аваад тайвшруулах гээд оролдсон үгэнд орохгүй намайг хэл, амаар доромжлоод байхаар нь би зүүн нүдэн тус газар нь гараараа нэг удаа цохисон... 2018 оны 09 сарын 03-ны өдөр ... төмрийн хайчаар хүзүүг нь хавчуулахгүй гэж барьж авч газар унагаад уг хайчаар хөлөн тус газар нь 1 удаа цохиод хайчыг нь өвс рүү шидсэн чинь надтай зууралдаад байхаар нь Уийг хашаа руу түлхээд зугтаасан... 2018 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст энэ хэргийн учир шалгагдаж байхдаа Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 5-171 тоотод байрлах гэртээ би А.Уээс хөөргөө нэхсэнээс болоод бид хоёр маргалдаад би цохиж, зодсон... 2018 оны 10 дугаар сарын 21-нд... би нэг удаа алгадсан, надаас тавихгүй миний бэлэг эрхтэнээс зуураад тавихгүй байхаар нь хажуудаа байсан тэлээгээр 1 гарын бугалга руу нь тэлээний сураар 2 удаа ороолгосон...” гэх мэдүүлэг /хх.45-50/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Уийн өгсөн: “... Би 2018 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 10 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 5-171 тоотод байрлах Н.Эынхаас цүнх болон бичиг баримтуудаа авах гэж очсон. Н.Э урьд өмнө нь архи уусан бололтой гэхдээ эрүүл байсан. Тэгсэнээ намайг чи муу намайг шоронд хийх гэлээ, миний мууг үзэх гэж байна гэж хэлээд суран тэлээгээр миний бүхий л бие рүү ороолгон, одоо цохиулж зодуулсан хэсгүүд эдгэрч байна. Тэгээд би гэрээс нь гарах гэхээр гэрийн хаалга цоожилж байгаад цохиж зодсон. Тэгээд тэндээ би тэдний гэрт 2 хоноод явж чадаагүй... 2017 оны 07 сарын 09-ний өдөр Дэнжийн 1000-д ажлынхаа хүний гэрт согтуу байхдаа намайг үсдэж чирээд айлд зодож байсан... 2017 оны 11 дүгээр сарын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Монгол дэлгүүрийн үүдэнд бид маргалдаад толгой тархи, нүүр ам руу цохиж зодож байсан... Хамгийн сүүлд буюу 2018 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 5-171 тоот гэртээ байхдаа цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хх.58-60/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Оюунтуяагийн өгсөн: ‘‘... Н.Э, А.У нар нь сүүлийн 2-3 жилийн хугацаанд нэгнийхээ гэрээр ороод уулзаад нэгнийдээ хонож өнжөөд яваад байдаг. Н.Э, А.У хоёр уулзахаараа нийлж архи уугаад байдаг. Миний мэдэхээр өдрийг сайн санахгүй байна. Саяхан А.У, Н.Э хоёр манай гэрт орж ирээд А.У надад Н.Э намайг зодоод байна гэж хэлэхээр нь тэгвэл битгий гар манай гэрт байж бай гэж хэлсэн чинь Н.Эыг дагаад гарсан. Маргааш нь гэртээ харьсан гэсэн. Энэ үйл явдал болохоос өмнө Н.Э, А.У хажуу айлын хөрш Бадмаараг болон танихгүй хүнтэй нийлээд архи ууж байсан. Тухайн үед А.Уийн нүүрний шанаа нь хавдсан цус болсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх.64-65/,
Прокурорын “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол /хх.75/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Уийн өгсөн: “... 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Э нь Өмнөговь аймгийн ажлаас буугаад над дээр ирсэн... 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр би гэр рүүгээ харья гэхэд Э өмнө нь надаас нуугаад архи уучихсан байсан болохоор нэг караокед ороод жоохон сууж байгаад сэргэж байгаад гэр рүүгээ оръё гэсэн. Тэгэхээр нь би архийг нь гайгүй болох байх гэж бодоод Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Молор нэртэй караокед 16 цагийн үед орсон. Тэнд ороод 0.5 литрийн Соёрхол гэх нэртэй архи 1 ширхэг цэвэр ус авсан. Тэгээд тэрийгээ ууж байгаад архи талдаа ороогүй байж байтал гэнэт Э ааш зан нь өөр болсон. Тэгээд надтай хэрүүл хийж байгаад миний толгой руу цохихоор нь би баруун хөлөөрөө гэдэсний хэсэг рүү нь өшиглөсөн... Миний толгой хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Тэр нь зүүн нүдний дээд хэсэгт хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх.87-88/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Наранбаатарын өгсөн: “...Манай төрсөн ах Н.Э нь Өмнөговь аймгийн Хан богд сумд замын туслахаар ажилладаг бөгөөд 2016 оноос хойш А.У гэж эмэгтэйтэй танилцан найзалж нөхөрлөөд явдаг байсан. Энэ хоёр хүний тухайд бол албан ёсоор гэр бүл болж хамтран амьдарсан асуудал байхгүй бөгөөд хааяа нийлээд архи дарс уугаад л яваад байдаг... 2018 оны 07 сарын 12-ны өдөр Н.Э, А.У хоёр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Молор нэртэй караоке бааранд үйлчлүүлж байгаад хоорондоо маргалдаж хэрэлдэн Э ах тэндээс гарч яваад У нь цагдаагийн байгууллагад хүргэгдэн эрүүлжүүлэх байранд хоносон байсан...” гэх мэдүүлэг /хх.90-91/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээч эмч С.Одончимэгийн 2018 оны 07 дугаар сарын 13- ны өдрийн 8658 дугаартай “... А.Уийн биед зүүн нүдний дээд зовхи болон зүүн шанаанд хаван, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тонтонгид нөлөөлөхгүй болно...” гэх дүгнэлт /хх.102/,
Цагдаагийн байгууллагын хайлтын системын мэдээлэл /хх.154-156/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Н.Э нь өөрийн хамтран амьдрагч А.Уийг 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд,
2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орлого” нэртэй дэлгүүрийн орчим гудамжинд,
2018 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 5-171 тоот гэртээ тус тус зодсон буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
Мөн Н.Э нь өөрийн хамтран амьдрагч А.Уийг 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Молор” нэртэй караоке бааранд зодож,
2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар үйлчилгээний төвийн орчимд өөрийн хамтран амьдрагч А.Уийн хамар луу нь цохиж,
2018 оны 09 дүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 5-171 тоот гэртээ цохин зодож тус тус эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Уийн өгсөн: “... 2018 оны 09 сарын 04-ний өглөө ... миний зүүн чихэн тус газар гараа атгаж байгаад 2 удаа цохиход нь би шалан дээр унатал намайг үсдэж байшин дотроо чирээд зүүн талын хавирган тус газар 2 удаа өшиглөсөн... гараад зугтааж байгаад би унасан чинь Н.Э намайг гүйцэж ирээд миний өмсөж байсан фудволк, ноосон цамцыг ураад 2 хөлнөөс барьж газар чирээд гэртээ оруулаад хаалга түгжсэн... 2018 оны 09 сарын 05-ны өглөө ... Н.Э согтоод би ял авах нь тодорхой гэж хэлээд намайг ахиж зодсон. Ингэж зодохдоо миний баруун, зүүн хөлийн тахимны орчим төмрийн хайчаар 2, 2 удаа цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх.19-22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Пүрэвсүрэнгийн өгсөн: “... Н.Э нь манай ээжтэй уулзах болгондоо цагдаад өгсөн өргөдлөө авчих, 2-лаа сайхан амьдаръя архи, дарс уухаа больё гэж хэлэхээр нь итгээд явж очоод нийлээд архи уучихдаг юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх.29-30/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Бадралын 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11102 дугаартай дүгнэлт /хх.35/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Эын гэрчээр өгсөн: “… Би Уийг 2017 оны наадмаар хамт архи уугаад агсан тавиад байхаар нь цохиж зодож байсан. 2017 оны сүүлээр цохиж зодсон гэж цагдаад дуудлага өгөөд шалгагдаж байсан. Шүүх эмнэлэгт үзүүл гэхээр үзүүлэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх.9/,
“... 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ... би араас нь хөөцөлдөн тайвшируулах гээд зүн нүдэн тус газар нь гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.23-24/,
“... 2018 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө гэртээ байхдаа би А.Уээс хөөргөө нэхсэнээс болоод бид хоёр маргалдаад бид цохиж, зодсон...” гэх мэдүүлэг /хх.61-63/,
“... У нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр манайд ирсэн. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр манайхаас явсан. Би тэр үед Утэй уулзаад хоорондоо маргалдаж би Уийг зодсон...” гэх мэдүүлэг /хх.95-96/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Эын яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ... үгэнд орохгүй намайг хэл, амаар доромжлоод байхаар нь би зүүн нүдэн тус газар нь гараараа нэг удаа цохисон... 2018 оны 09 сарын 03-ны өдөр... би зүүн нүдэн тус газар нь гараараа нэг удаа цохисон... 2018 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө ... би А.Уээс хөөргөө нэхсэнээс болоод бид хоёр маргалдаад би цохиж, зодсон... 2018 оны 10 дугаар сарын 21-нд... би нэг удаа алгадсан, надаас тавихгүй миний бэлэг эрхтэнээс зуураад тавихгүй байхаар нь хажуудаа байсан тэлээгээр 1 гарын бугалга руу нь тэлээний сураар 2 удаа ороолгосон...” гэх мэдүүлэг /хх.45-50/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Уийн өгсөн: “... Би 2018 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 10:00 цагийн орчим ... Н.Э урьд өмнө нь архи уусан бололтой гэхдээ эрүүл байсан. Тэгсэнээ намайг чи муу намайг шоронд хийх гэлээ, миний мууг үзэх гэж байна гэж хэлээд суран тэлээгээр миний бүхий л бие рүү ороолгон, одоо цохиулж зодуулсан хэсгүүд эдгэрч байна. Тэгээд би гэрээс нь гарах гэхээр гэрийн хаалга цоожилж байгаад цохиж зодсон... 2017 оны 07 сарын 09-ний өдөр Дэнжийн 1000-д ажлынхаа хүний гэрт согтуу байхдаа намайг үсдэж чирээд айлд зодож байсан... 2017 оны 11 дүгээр сарын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Монгол дэлгүүрийн үүдэнд бид маргалдаад толгой тархи, нүүр ам руу цохиж зодож байсан... Хамгийн сүүлд буюу 2018 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их дарь эхийн 5-171 тоот гэртээ байхдаа цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хх.58-60/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Оюунтуяагийн өгсөн: ‘‘... Тухайн үед А.Уийн нүүрний шанаа нь хавдсан цус болсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх.64-65/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Уийн өгсөн: “... 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр ... надтай хэрүүл хийж байгаад миний толгой руу цохихоор нь би баруун хөлөөрөө гэдэсний хэсэг рүү нь өшиглөсөн... Миний толгой хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Тэр нь зүүн нүдний дээд хэсэгт хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх.87-88/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээч эмч С.Одончимэгийн 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 8658 дугаартай дүгнэлт /хх.102/,
Цагдаагийн байгууллагын хайлтын системын мэдээлэл /хх.154-156/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орлого” нэртэй дэлгүүрийн орчим гудамжинд өөрийн хамтран амьдрагч А.Уийг цохиж зодоогүй гэх шүүгдэгчийн мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Уийн өгсөн “... 2017 оны 11 дүгээр сарын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Монгол дэлгүүрийн үүдэнд бид маргалдаад толгой тархи, нүүр ам руу цохиж зодож байсан...” гэх мэдүүлэг /хх.58-60/, Цагдаагийн байгууллагын хайлтын системын мэдээлэл /хх.154-156/ зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэнэ.
Н.Эын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт Н.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах”, мөн “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Хохирогч А.Уийн хохиролд нэхэмжилсэн 2,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтгүй учир хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Н.Эаас эмчилгээний зардалын 128,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Мөн хохирогч А.У нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигийн бусад зардалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийпвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Н.Эаас жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Н.Э нь “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” болон “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Н.Эын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.
Н.Эад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, тэдгээр ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Эад оногдуулсан 9 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн түүнд оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.
Н.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Н.Э урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. А овогт Н-ийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н.Эад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, Н.Эад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 9 сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар, Н.Эад оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.Эад сануулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар, Н.Эад оногдуулсан 9 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7. Н.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Н.Э урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Эаас 128,000 төгрөг гаргуулж хохирогч А.Ут олгосугай.
10. Хохирогч А.У нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигийн бусад зардалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийпвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Н.Эаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
11. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
12. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Эад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР