Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01542

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01542

 

 

*.* гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2023/01473 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *.*

Хариуцагч: *** ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: *** дүүрэг, ** дугаар хороо, *ын хажууд байрлах, * хотхон, * дугаар байр, * дугаар давхар, * тоотод байрлах, 88.4 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах, алданги 36,213,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч өмгөөлөгч Г.Урантогос, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 *.* *** ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, *** дүүрэг, ** дугаар хороо, *ын хажууд байрлах, * хотхоны * дугаар байр, * дугаар давхар, * тоотод байрлах, 88.4 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 1 м.кв-ийн үнийг 1,150,000 төгрөгөөр тооцож, нийт 101,660,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.

1.2 Нэхэмжлэгч нь гэрээний урьдчилгаанд 50,830,000 төгрөг, гараашийн төлбөрт 21,597,000 төгрөг, нийт 72,427,000 төгрөг төлсөн. Одоо гарааш авахгүй, гараашийн төлбөрт төлсөн мөнгийг орон сууцны төлбөрт тооцуулна. Хариуцагч орон сууцыг хүлээлгэн өгч, өмчлөлд шилжүүлсний дараа 3 дахь төлөлтийг хийх ёстой. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь орон сууцыг 2020 оны 4 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөх ёстой байтал энэхүү үүргээ зөрчиж орон сууцыг хүлээлгэн өгөлгүй 2 жил гаруй хугацааг өнгөрөөсөн. Гэтэл гүйцэтгэгч *** ХХК-аас 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр орон сууцны 1 м.кв-ын үнийг 300,000 төгрөгөөр нэмсэн гэж мэдэгдэж, 95 м.кв-аар тооцоо хийхийг шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй.

Гэрээний 1.1-д заасан үнэ болох 1,150,000 төгрөгөөр 88.4 м.кв талбайгаар тооцож үлдэгдэл төлбөрийг төлөх хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн. Гэрээний үнэд өөрчлөлт ороогүй, энэ талаар бичгээр тохиролцсон зүйл байхгүй.

1.3 Гэрээний 7.3-т зааснаар хариуцагч нь барилгыг ашиглалтад оруулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлөх ёстой. Өөрөөр хэлбэл, орон сууцыг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр улсын комисс барилгыг хүлээн авч байнгын ашиглалтад оруулсан.

Гэрээнд заасны дагуу хугацаа хэтэрсэн хоногийн тооцоолол 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 719 хоног байна. Хоног тутамд 72,427,000 төгрөгийн 0,1 хувь болох 72,427 төгрөг, нийт 719 хон * 72,427 төг = 52,075,013 төгрөгийн алданги тооцсон.

Иймд *** дүүрэг, ** дугаар хороо, Нисэхийн спрот цогцолборын хажууд байрлах, * хотхон, * дугаар байр, * дугаар давхар, * тоотод байрлах, 88.4 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгаж, алданги 36,213,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Манай байгууллага нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 19/01 тоот Нийслэлийн газрын албатай Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх хамтран ажиллах гэрээг байгуулсан. Тус гэрээний 1.2, 5.1, 2.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч *.* тай орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа.

Гэвч Нийслэлийн газрын алба нь гэрээний 5.1 дахь хэсэгт заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Тодруулбал, дулааны шугам сүлжээний угсралтын ажлыг дулааны техникийн нөхцөлийн дагуу хийж гүйцэтгэхэд Иргэний нисэхийн ерөнхий газрын эзэмшлийн шугамаас огтолгоо авах шаардлагатай болсон.

2.2. Улмаар, барилгыг ашиглалтад оруулах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд Иргэний нисэхийн ерөнхий газрын Буян ухаа ОУНБ-тай 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр барилгын цэвэр бохир, дулааны шугамын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх талаар хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус хамтран ажиллах гэрээний 2 дугаар бүлэгт заасан ажлыг хийж гүйцэтгэхийн тулд манай байгууллага 300,000,000 төгрөгийн зардал гаргасан. Ийнхүү Нийслэлийн газрын албаны үүргийг бид биелүүлж их хэмжээний зардал гаргасан, Ковид-19 цар тахлын давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд автсан. Барилга угсралтын ажилд шаардлагатай гол түүхий эд, бараа материал, ажиллах хүчний үнэ огцом өссөн зэрэг шалтгаануудын улмаас орон сууцны 1 м.кв талбайн ашиг шингээгүй өртөг үнэ нь 932,000 төгрөгөөр нэмэгдэж, гэрээний үнэ болох 1,150,000 төгрөг нь 2,082,000 төгрөг болсон.

Гэрээ байгуулсан нөхцөл байдал *.* д удаа дараа мэдэгдсэн. Улмаар орон сууцны 1 м.кв талбайн үнийг 300,000 төгрөгөөр нэмж гэрээг шинэчлэн байгуулах талаар саналыг хүргүүлж, саналын талаар нэгдээгүй тохиолдолд гэрээ цуцлах талаар мэдэгдэж байсан. Иймд гэрээ цуцлагдсан гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар *** дүүргийн ** дугаар хороо, *ын хажууд байрлах, * хотхон, * дугаар байрны * дугаар давхар, * тоотод байрлах, 88,4 м.кв, 4 өрөө орон сууцыг биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой бичиг баримтын хамт нэхэмжлэгч *.* д хүлээлгэн өгөхийг хариуцагч *** ХХК-нд даалгаж, нэхэмжлэлээс үлдэх алданги 36,213,500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *.* гийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,005,268 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *** ХХК-аас 666,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *.* д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.3-т Гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд барилгыг ашиглалтад оруулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө гэж харилцан тохиролцсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд буюу 2020 оны 4-р улиралд багтаан ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй. Хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг нь гэрээгээр тохиролцсон хугацаанд 101,660,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй учир гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг маргааны зүйл болох орон сууцны нийт үнээс алданги тооцохгүй алдангийн хэмжээг багасгаж төлсөн 72 427 000 төгрөгөөс алданги тооцон 36,213,500 төгрөгийг хариуцагч талаас шаардсан. Өөрөөр хэлбэл, орон сууцыг ашиглалтад хүлээн авсан улсын комиссын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гарсан, алдангийг гэрээнд зааснаар 2020 оны 4 дүгээр улирлын дараагаас тооцоход 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 719 хоног байна. Хоног тутамд 72,427,000 төгрөгийн 0,1% болох 72,427 төгрөг нийт 719*72427=52,075,013 төгрөгийн алданги тооцсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 72,427,000 төгрөгийн 50 хувиар алдангийг тооцон 36,213,500 төгрөгийг хариуцагч талаас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга: Шүүх нэхэмжлэлийн 2 шаардлагаас нэг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, алдангитай холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар татгалзлын үндэслэлээ *.* тай байгуулсан орон сууц захиалгын гэрээ байгуулсан нөхцөл байдал өөрчлөгдсөн нөхцөл байдал үүссэн учир татгалзаж байгаагаа тайлбарласан. Гэвч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1, 220.4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг дурдсан боловч хууль болон гэрээний эдгээр заалтыг хэрэглэх эсэх талаар, улмаар хариуцагч гэрээг цуцалсан үндэслэлийн талаар хууль зүйн бүрэн дүгнэлт хийлгүй, гэрээ цуцлагдаагүй, хүчин төгөлдөр гэсэн ойлгомжгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн хангасанд гомдолтой байна. Хариуцагч тал хууль болон гэрээнд заасан үндэслэлээр буюу гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах оролдлого хийсэн ч захиалагч О.Б зөвшөөрөөгүй учир гэрээ хэрэгжих боломжгүй үндэслэлээр цуцалсан тул нэхэмжлэгч гэрээний үүргийг буюу орон сууцны өмчлөх эрхийг шаардах эрхгүй байхад нэхэмжлэлийг хангасан нь буруу.

6.2. Анхан шатны шүүх талуудын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтыг хуулийн дагуу үнэлээгүй, гэрээ цуцлагдсан үйл баримтад хуулийг зөв хэрэглээгүй. Хариуцагч *** ХХК нь Нийслэлийн газрын албатай 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 2019/01 дугаартай барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээг байгуулсан. Тус гэрээний 2.1, 5.1-д заасан үүргээ Нийслэлийн газрын алба биелүүлээгүй болох нь Буянт ухаа ОУНБ, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, *** ХХК нарын хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай барилгын цэвэр бохир, дулааны шугамын өргөтгөлийн ажил гүйцэтгэх талаар хамтран ажиллах гэрээ, Буянт- Ухаа ОУНБ 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 10-8/160 дугаартай албан бичгээр нотлогддог. Орон сууцыг 2020 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулах байтал Нийслэлийн газрын алба нь 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр эрх бүхий байгууллагаас дулаан техникийн нөхцөлийг шийдэж өгсөн, газар эзэмших эрхийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн зэрэг нөхцөл байдлуудаас орон сууцыг хугацаандаа ашиглалтад оруулах боломжгүй болсон. Гэтэл шүүх хариуцагч *** ХХК нь 2020 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулж, түлхүүр гардуулан өгөх үүргээ хугацаанд нь зохих ёсоор, шударгаар биелүүлж чадаагүй болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна.

6.3. *** ХХК-ийн Нийслэлийн газрын албатай байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээний хэрэгжилт орон сууц захиалгын гэрээтэй холбоотой эсэхийг дүгнээгүй. Нийслэлийн газрын алба үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөл байдлууд үүссэн учир *** ХХК, *.* д орон сууцны 1 м.кв-ын үнийг 1,150,000 төгрөгөөр тооцож өгөх боломжгүй, м.кв-ын үнэ өсөх болсон гэж тайлбарласан. Гэвч анхан шатны шүүхээс *** ХХК-ийн Нийслэлийн газрын албатай байгуулсан гэрээ, *.* тай байгуулсан гэрээ нь хоорондоо холбоо хамааралтай эсэхийг дүгнэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Мөн ерөнхий захиалагч Нийслэлийн газрын алба нь Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2019/01 тоот хамтран ажиллах гэрээ нь 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн барилгын цэвэр бохир, дулааны шугамын өргөтгөлийн 01 тоот гэрээ, *.* болон *** ХХК-ийн хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээний хэрэгжилттэй салшгүй холбоотой. Шүүх *** ХХК, Нийслэлийн газрын албаны хооронд байгуулагдсан 2019.06.04 өдрийн гэрээний хүрээнд Нийслэлийн газрын албаны ажилчидтай гэрээ байгуулсан байх ба нэхэмжлэгч *.* нь Нийслэлийн газрын албанд ажилладаг бэр эгчийнхээ квотыг шилжүүлэн авсан учраас орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан. Гэрээний хэрэгжилт нь хоорондоо холбоо хамааралтай эсэх дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь учир дутагдалтай болсон байна.

Нийслэлийн газрын алба дээрх гэрээний үүргээ биелүүлэхгүй хугацаа алдсанаас барилгын материалын үнэ өсч зардал нэмэгдсэн гэх хариуцагчийн тайлбар, гэрээний 9.1-д заасан аль нэг тал нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гэрээг цуцлах эрхтэй гэх зохицуулалт, Барилгын хөгжлийн төвийн 1/1635 тоот албан бичиг, Барилгын материалын үнийн мэдээлэл, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-н үнийн өсөлтийн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйд гомдолтой байна.

6.4. Шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн. Гэрээний хугацаа сунгахтай холбоотой нэмэлт өөрчлөлт оруулах санал солилцож байсан үйл баримт байхад шүүх ямар ч дүгнэлт хийлгүй орхисонд гомдолтой байна. Учир нь хэрэгт авагдсан баримтаар *.* гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх хүртэл хугацаа хэтэрсэн талаар орон сууцыг хугацаанд нь ашиглалтад хүлээлгэн өгөхийг шаардаж байгаагүй. Харин компаниас мэдэгдэл авсан үеэс хойш харилцаж эхэлсэн байгаагаас үзэхэд гэрээний хугацаа хойшлогдсон үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүхээс орон сууцыг гаргуулж, *.* д олгож шийдвэрлэсэн дүгнэлт үндэслэлтэй. Үүнтэй холбоотой хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй үнэлж дүгнэсэн. *** ХХК *.* тай байгуулсан гэрээг хууль зүйн үндэслэлтэй дүгнэсэн. Нийслэлийн газрын албыг барилга барих газрыг хугацаандаа шилжүүлж өгөөгүй гэж тайлбарладаг боловч энэ талаар тухайн үед *.* д мэдэгдэж байгаагүй. Гэтэл байрны метр квадрат 300,000 төгрөгөөр нэмэгдэж байгаа. Уг саналыг хүлээн зөвшөөрөхгүй бол гэрээг цуцална гэх мэдэгдлийг хүргүүлсэн. *.* тухай бүр хариу мэдэгдсэн. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй шийдвэрлэсэн. Хариуцагч тал тайлбар, татгалзлаа нотлоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар үүргээ биелүүлээгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч *.* нь хариуцагч *** ХХК-д холбогдуулан *** дүүрэг, ** дугаар хороо, *ын хажууд байрлах, * хотхон, * дугаар байр, * дугаар давхар, * тоотод байрлах, 88.4 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах, 36,213,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талууд орон сууцны урьдчилгаа төлбөр төлсөн, квот шилжүүлсэний үндсэн дээр *.* тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан талаар маргаагүй.

 

3.а. Талууд 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 04/29 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулж, худалдагч нь *** ХХК нь *** дүүрэг, ** дугаар хороо, *ын хажууд, * дугаар байр, * дугаар давхар, * тоотод байрлах, 88.4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 2020 оны 4 дүгээр улиралд багтаан барьж, ашиглалтад оруулан *.* д хүлээлгэн өгөх, худалдан авагч *.* нь гэрээгээр тохирсон үнэ 101,660,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. /хх8-12/ Нэхэмжлэгч *.* нь орон сууцны урьдчилгаа төлбөрт 50,830,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байна. /хх 14/

 

3.б. Гэрээний 3.1-д захиалсан орон сууцыг бүтээн байгуулах ерөнхий хугацааг 2020 оны 4 дүгээр улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулах-аар заасан. Хариуцагч нь орон сууцыг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтад оруулж, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан үйл баримт тогтоогдож байна. /хх 162-221/

 

4. Зохигч орон сууц хугацаандаа ашиглалтад орсон эсэх, гэрээнд заасан орон сууцны м.кв-ын үнэ өөрчлөгдсөн эсэх талаар маргасан.

 

4.а. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна.

4.б. Гэрээний 3.2-т гэрээнд өөрчлөлт оруулах журмыг заасан байхаас гадна Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй. Мөн хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт зааснаар гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Орон сууц ашиглалтад орох хүртэл хугацаанд хариуцагч нь нэхэмжлэгчид орон сууцны 1 м.кв талбайн үнэ 1,150,000 төгрөгийг 300,000 төгрөгөөр нэмэгдүүлж, өөрчлөлт оруулах талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн. Нэхэмжлэгч хариуцагчийн тухайн саналыг хүлээн зөвшөөрөөгүй байна. Гэрээний талууд ийнхүү тохиролцоонд хүрээгүй тохиолдолд нэг талын санаачилгаар гэрээнд өөрчлөлт оруулах боломжгүй бөгөөд харин гэрээнээс татгалзах эрхтэй.

 

4.в. Хариуцагч нь гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн буюу орон сууцны 1 м.кв талбайн үнийг зайлшгүй нэмэх шаардлага бий болсон гэх татгалзлаа баримтаар нотолж чадаагүй байна. Монгол улсад Ковид-19 цар тахлын өвчин тархасан, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн тайлан, Буян-Ухаа Олон улсын нисэх буудлын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 10-8/160 дугаар албан бичиг зэрэг баримтууд нь орон сууцны 1 м.кв талбайн үнийг зайлшгүй нэмэх буюу гэрээнд өөрчлөлт оруулах бодит шаардлага бий болсныг хөтөлбөргүй нотлохгүй байгаа талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

5. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар орон сууц болон түүнтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй тул хариуцагчийн ...дулааны шугам сүлжээний угсралтын ажлыг хийж гүйцэтгэхэд Иргэний нисэхийн ерөнхий газрын эзэмшлийн шугамаас огтолгоо авах шаардлагатай болсон, Ковид-19 цар тахлын улмаас барилга угсралтын ажилд шаардлагатай гол түүхий эд, бараа материал, ажиллах хүчний үнэ огцом өссөн, орон сууцны 1 м.кв талбайн өртөг нэмэгдсэн зэрэг байдлын талаар тухай бүрд нэхэмжлэгч *.* д мэдэгдэж асуудлыг шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5.а. Гэрээний 7.3-т заасан алдангийг тооцохдоо гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр тодорхойлоогүй, тодорхой бус байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцээгүй гэж дүгнэн, алдангид холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн ...орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшилд хугацаанд бодитоор хүлээлгэн өгөөгүй үндэслэлээр үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсний алдангийг нэхэмжилсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2023/01473 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 339,018 төгрөг, хариуцагчаас төлсөн 666,250 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

М.БАЯСГАЛАН