| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0125/Э |
| Дугаар | 189 |
| Огноо | 2019-01-28 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ч.Алтансүх |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Ч.Алтансүх,
Хохирогч У.Э, түүний өмгөөлөгч Б.Төмөрбаатар /ҮД:1080/,
Шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Ц.Осоржамаа /ҮД:2502/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Эт холбогдох 1806 00329 2070 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1983 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 11-09 тоотод оршин суух бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн 10 дугаар баг, 2А байрны 8 тоотод түр оршин суух, Дархан-Уул аймгийн Олон улсын худалдааны төвд хүнсний лангууны худалдагч ажилтай, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Б овогт Э-ын Э /РД:........../,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Э.Э нь 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баязүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн У.Эыг “Бүгд Найрамдах Солонгос улсад гарахад чинь туслаад ногоон паспорт гаргаж өгнө” гэж нийт 3,500,000 төгрөгийг 5720684473 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Эийн өгсөн: “...Би ногоон паспортын асуудлыг гэр бүлийн хүрээнд ярьсан буюу дүүдээ “ногоон паспорт гаргадаг хүн байна, Солонгос улс руу ахыгаа явуулчих юмсан” гэж хэлж байхыг хохирогчийн эхнэр Март сонссон байсан. Март над руу залгаад “танд ногоон паспарт гаргадаг хүн байдаг гэж сонслоо. Та манай нөхөрт ногоон паспорт гаргаад өгөөч” гэж гуйсан. Би “надад ногоон паспорт гаргадаг хүн байгаа, тэр хүнээс асуугаад өгье” гэж хэлсэн. Би тухайн үед зах дээр хувь хүний лангуун дээр худалдагчаар ажиллаж байсан, мөн Одцэцэг барааны лангуу ажиллуулдаг байсан ба миний нүдэн дээр хоёр хүний ногоон паспортыг гаргуулж байсан. Би Одцэцэгээс “манай дүү байгаа юм, ногоон паспорт гаргаж өгч чадах уу” гэж асуухад “ногоон паспорт гаргаж өгч болно, урьдчилгаа 3,500,000 төгрөгийг бэлнээр өгчих” гэж хэлсэн. Би Мартад “ногоон паспорт гаргуулахад цахим үнэмлэхийн хуулбар, гадаад паспортын хуулбар, цээж зураг, урьдчилгаа 3,500,000 төгрөг хэрэгтэй юм байна” гэж хэлэхэд Март миний дансанд 3,500,000 төгрөгийг шилжүүлж, холбогдох бичиг баримтыг өгсөн. Одцэцэг “холбогдох бичиг баримтыг 2,000,000 төгрөгийг бэлнээр өгчих” гэж хэлэхээр нь бэлнээр 2,000,000 төгрөгийг өгсөн. Гэтэл нэлээн хэд хоног өнгөрсний дараа Одцэцэг над руу залгаж “1990 онд төрсөн хүүхэд учир дипломат шугамын ногоон паспорт авах боломжгүй юм байна” гэж хэлсэн. Би Одцэцэгээс чи цаад хүмүүстээ хэлээд ногоон паспортын асуудлыг зохицуулаад өгөөч гэж хэлээд, үлдэгдэл 1,500,000 төгрөгийг Мартын данс руу шилжүүлсэн. Гэтэл “ногоон паспорт бүтсэнгүй, 2,000,000 төгрөгийг буцаагаад авч бай, ажлын хөлсөнд 1,500,000 төгрөгийг авна шүү” гэж хэлээд миний данс руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Би ажлын хөлсөнд авсан мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Тэр үедээ шууд Март руу залгаж “ногоон паспорын асуудал бүтэхгүй болчихлоо, түрүүлээд 2,000,000 төгрөгөө авч байгаарай, үлдсэн мөнгийг би өөрөө төлнө” гэж хэлсэн. Гэтэл Март “та баталгаатай гэж хэлсэн шүү дээ, машин авах гэж байсан мөнгөө шилжүүлсэн, би мөнгөө бүтнээр нь авна, 1,500,000 төгрөгийг ажлын хөлсөнд өгч чадахгүй” гэж хэлээд 2,000,000 төгрөгийг аваагүй. Тухайн үед миний танил намайг Чех Улс руу явуулна гэж ярилцаж тохироод 2,000,000 төгрөгийг визний төлбөрт явуулж, би Улаанбаатар хот руу шилжиж ирсэн. Гэрийнхээ тавилгыг зарсан мөнгийг Мартад өгнө гэж бодож байсан боловч худалдаж авсан хүн мөнгөө шилжүүлэхгүй удсан. Би мөнгөгүй байсан учир хэд хоног хохирогч нартай холбогдоогүй. Гэрийн тавилга зарсан мөнгө миний дансанд орохоор нь хохирогчийн дансанд цувуулж хийсэн. Одцэцэгийн ажлын хөлсөнд авсан 1,500,000 төгрөгийг түүнээс цувуулж авсан. Тухайн үед би элэгний өвчин туссан байсан учир өөрийн хэрэгцээнд зарцуулсан. Надад залилан хийх бодол байгаагүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч У.Эын өгсөн: “... Би анх шүүгдэгч Э.Этэй Алтанцэцэгээр дамжуулан танилцуулаагүй. Шүүгдэгчийн дүү Алтантуяа нь бөөгийн удган юм. Манай эхнэр Март бөө мөргөлийн зан заншилд мөргөдөг байсан учир Алтантуяа дээр очиж хувь заяагаа даатгадаг байсан. Би эхнэрээ дагаад хамт очиход “чамд гадаадад явах санаа зорилго байна уу, өвөг дээдэс нь явуулж өгч чадна, манай талаас гадаад улс руу явсан олон хүн байгаа, манай эгчид гадаад улс руу гаргах ногоон паспорт гаргах танил хүн байгаа” гэж хэлсэн. Надад удаа дараа санал болгосон. Наадмын үеэр Алтантуяагаар эгчээс нь ногоон паспорт гаргах эсэхийг асуулгахад “ногоон паспортын үнэ хөлс нь 7,500,000 төгрөг, урьдчилгаа 3,500,000 төгрөгийг өгнө” гэж хэлсэн. Би цаад хүмүүстэй нь уулзъя гэхэд “цаад хүмүүс чамайг тоож уулзахгүй, өвөг дээдэст итгэ, 7 хоногийн дараа ногоон паспорт гарна, эхлээд мөнгөө шилжүүл” гэж хэлсэн. Би итгэсэн учир Эийн данс руу 3,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Би 7 хоногийн дараа гар утас руу нь залгахад утас нь огт холбогдохгүй, шүүгдэгчийн ар гэрийнхэнтэй нь очиж уулзахад та нарын хоорондын асуудал, бид нарт хамаагүй гэсэн утгатай зүйл ярьсан. Наадмын үеэр хөдөө орон нутагт Эийг наймаа хийгээд явж байна гэсэн сураг сонссон. Шүүгдэгч Э сураггүй байснаа Наадмын баярын дараа над руу “ногоон паспорт бүтэхгүй болсон” гэж хэлсэн. Би хохирлоо бүрэн барагдуулж аваагүй байна. Шүүгдэгч миний дансанд 1,650,000 төгрөг, дараа 300,000 төгрөгийг шилжүүлсэн. 3,500,000 төгрөг хүүтэйгээ нийлээд 5,065,000 төгрөг болсон. 5,065,000 төгрөгөөс 1,950,000 төгрөг хасагдана. Шүүгдэгч Э.Эээс үлдэгдэл мөнгийг нэхэмжилнэ. Шүүгдэгч Э.Эт эхнэр Март нь эхэлж хандаагүй. Би өөрийн биеэр шүүгдэгчийн дүүтэй очиж уулзсан...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч У.Эын өгсөн: “... Этэй уулзахад Солонгос улс руу гарахад чинь туслаад ногоон паспорт гаргаж өгье, нийт өртөг 7,500,000 төгрөг болно, надад таньдаг хүн байгаа гэхээр нь би 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх EVERDAY худалдааны төв дотор байх Хаан банкны АТМ-ээс өөрийнхөө Хаан банкны 5028508109 гэсэн данснаас Э эгчийн өөрийнх нь 5720684473 данс руу 3,500,000 төгрөгийг шилжүүлсэн... надад аль ч улс руу чөлөөтэй зорчих ногоон паспорт найдвартай гаргаж өгнө, нийт өртөг 7,500,000 төгрөг гэж хэлээд эхний ээлжинд урьдчилгаа 4 сая төгрөг өгчих гэхээр нь би 3,500,000 төгрөгийг хүнээс зээлж өгч байсан юм... Энэ үедээ Э өөрөө Дархан-Уул аймагт байсан. Би мөнгөө өгөхдөө би өөрөө очоод гарын үсгээ зураад гаргаж өгөх гэж байгаа хүнтэй уулзаад мөнгөө өгмөөр байна гэхэд тэгэх шаардлага байхгүй би угаасаа эндээс хаашаа явдаг юм бэ? тэгээд ч чамайг гадаад гаргаж өгөх хүн чамтай бараг уулзахгүй, чи угаасаа манай өвөг дээдэст итгэж байгаа юм чинь луйвардаад байх юм байхгүй гэж хэлэхээр нь би мөнгөө шилжүүлчихсэн...” гэх мэдүүлэг /хх.30-35/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Баяраагийн өгсөн: “... 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Э надаас 3,500,000 төгрөгийг 5 сарын дараа өгнө гэж хэлээд зээлж авсан...” гэх мэдүүлэг /хх.36/,
Хохирогч У.Эын банкны хадгаламжийн 5028508109 дугаартай дансны хуулга /хх.42-44, 50-52, шинээр гаргасан 7 хуудас баримт/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.45/,
Зээлийн гэрээ /хх.54/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Оюунтунгалагийн өгсөн: “... Одцэцэг гэж хүнийг огт танихгүй...” гэх мэдүүлэг /хх.80/,
Шүүгдэгч Э.Эийн хувийн байдлын талаар шинээр гаргасан 6 хуудас баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Э.Э нь 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баязүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн У.Эыг “Бүгд Найрамдах Солонгос улсад гарахад чинь туслаад ногоон паспорт гаргаж өгнө” гэж нийт 3,500,000 төгрөгийг 5720684473 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч У.Эын өгсөн: “... Этэй уулзахад Солонгос улс руу гарахад чинь туслаад ногоон паспорт гаргаж өгье, нийт өртөг 7,500,000 төгрөг болно, надад таньдаг хүн байгаа гэхээр нь би 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх EVERDAY худалдааны төв дотор байх Хаан банкны АТМ-ээс өөрийнхөө Хаан банкны 5028508109 гэсэн данснаас Э эгчийн өөрийнх нь 5720684473 данс руу 3,500,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.30-35/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Баяраагийн өгсөн: “... 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Э надаас 3,500,000 төгрөгийг 5 сарын дараа өгнө гэж хэлээд зээлж авсан...” гэх мэдүүлэг /хх.36/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Оюунтунгалагийн өгсөн: “... Одцэцэг гэж хүнийг огт танихгүй...” гэх мэдүүлэг /хх.80/,
Хохирогч У.Эын 5028508109 дугаартай дансны хуулга /хх.42-44/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч У.Эын өгсөн: “... Наадмын үеэр Алтантуяагаар эгчээс нь ногоон паспорт гаргах эсэхийг асуулгахад “ногоон паспортын үнэ хөлс нь 7,500,000 төгрөг, урьдчилгаа 3,500,000 төгрөгийг өгнө” гэж хэлсэн... Би итгэсэн учир Эийн данс руу 3,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Би 7 хоногийн дараа гар утас руу нь залгахад утас нь огт холбогдохгүй... сураггүй байснаа Наадмын баярын дараа над руу “ногоон паспорт бүтэхгүй болсон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Эийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Э.Эийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Эийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Хохирогч У.Э нь нийт 5,065,000 төгрөг нэхэмжилсэн боловч 3,500,000 төгрөгийн зээлийн хүү гэх 1,465,000 төгрөг буюу ногоон паспорт бусдаар гаргуулах хууль бус үйлдэл хийлгүүлэхээр өгсөн мөнгийг бусдаас зээлэх эсэх нь түүний хүсэл зоригийн асуудал тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Э нь хохиролд 1,995,000 төгрөг нөхөн төлсөн учир үлдэх 1,550,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Э.Э нь “Зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Э.Эийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, учруулсан хохирлын ихэнх хэсгийг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн болон 2-14 насны 3 хүүхэдтэй ар гэрийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Э.Эт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогийн хууль бус үйлдэлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Э.Эт оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.
Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Э-ын Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.Эт сануулсугай.
4. Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 1,995,000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Эээс 1,550,000 төгрөг гаргуулж хохирогч У.Эад олгон, 1,465,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР