Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 200

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Ц.Гантулгабат,

Гэрч М.Мянганбуу, Л.Тамир,

Шүүгдэгч, хохирогч О.А, С.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.А, С.М нарт холбогдох 1806 02198 0008 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1983 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, эмэгтэй, 35 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын 13 дугаар байрны 170 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 14 дүгээр байрны 05 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Т овогт О-ын А /РД:ХИ83122660/,

2. Монгол Улсын иргэн, Төв аймагт 1991 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эмэгтэй, 28 настай, тусгай дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, “Сод Монгол” ХХК-д шатахуун түгээгч ажилтэй, Төв аймгийн Баянчандмань сумын 2 дугаар баг, Замтын 12 дугаар гудамжны 3 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 11 дүгээр гудамжны 1063А тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Б овогт С-ын М /РД:НЭ91022426/,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

О.А, С.М нар нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод Монгол” шатахуун түгээх станц дээр хоорондоо маргалдаж, харилцан зодолдож, улмаар тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Аын өгсөн: “... Ийм хэрэг гараад асуудал өнөөдрийн байдалд хүрсэнд харамсаж байна. Тэр үед энэ хүнийг жирэмсэн гэж мэдээгүй. Дахиж хэн нэгэнтэй хэрэлдэж маргалдах хэрэггүй юм байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Мын өгсөн: “... Хэн хэнийх нь буруу байсан. Хүлээцтэй хандаж чадаагүйдээ харамсаж байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Алын өгсөн: “... Би нөхөртэйгээ шатахуун худалдаж аваад баримтаа өг гэсэн, тэгтэл зарц чинь биш өөрөө очоод ав гэж хэлсэн гэсэн. Би “та ажлаа хийж байж яагаад ингэж байгаа юм бэ” гэтэл өөдөөс салаавч өгөөд яваад өгсөн. Би чи ингэж болохгүй гэж  хэлсэн чинь намайг архичин авгай минь гэж хэлсэн. Тэр үед нөхөр бид хоёр баяр тэмдэглээд согтууруулах ундааны зүйл хэрэглсэн байсан тул дуудлагын жолоочоор машинаа бариулаад явж байсан. Тэгээд манай нөхөр баримтаа авах гээд араас нь явсан. Би араас нь нөхрөө дуудах гээд очтол намайг гуя руу өшиглөөд унагаасан. Босоод ирсэн чинь дахиад өшиглөсөн. Нөхөр бид хоёр машиндаа суугаад явж байтал М араас утсаар яриад би жирэмсэн хүн. Та хоёрыг жирэмсэн хүн зодсон гэж цагдаад мэдэгдсэн гэж хэлсэн. Нөхөр бид эргэж очиж асуудлаа зохицуулъя, юу болсон юм бол гээд эргээд очтол Мын нөхөр нь ирсэн байсан. Яваад ирэхэд нөхөр нь намайг хана руу түлхээд 2-3 удаа өшиглөсөн. Энэ эмэгтэй намайг бас түлхээд, бид хоёр барилцаж аваад, зодолдоод байж байхад цагдаа ирсэн. Одоо тэр үеийн өвдөлт арилсан. Гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Мын өгсөн: “... Хэрэг гардаг өдөр А нөхөртэйгээ 20,000 төгрөгөнд шатхуун хийлгэе гэсэн. Энэ хоёр хоорондоо маргаад байсан. Аын нөхөр баримтаа авъя гэхээр нь би шатахуун шахаж дуусахаар нь цонхон дээрээс очоод авчих гэж хэлсэн. Гэтэл “гуйлгачин өөрөө авч идэх гэж байгаа” гэж хэлэхээр нь би авч идэхгүй гэж хэлээд дотогшоо орсон чинь араас нөхөр нь “яахаараа баримт өгөхгүй байгаа юм бэ” гэж хэлээд ороод ирсэн. Би энд гадны хүн орж болдоггүй юм гэж хэлтэл өөдөөс салаавч өгөөд бүр ам руу өгсөн. Би тухайн үед жирэмсэн гэж хэлсэн чинь хувцаснаас зуураад савчаад чиний хүүхдийн амийг би даачихна гээд байсан. Би Атай харьцаагүй байхад гарч ирээд намайг үсдээд байсан. Тэр үеийн үйл явдал бичлэгт байгаа. Тэгээд би цагдаа дуудсан чинь энэ хүмүүс явчихсан байсан. Би диспетчер лүү залгаад, болсон асуудлыг хэлсэн чинь энэ хүмүүсийн араас залгаад хэлсэн байсан. Удалгүй А нөхөртэйгээ буцаж ирээд “яасан их цагдаа дууддаг юм бэ?” гээд намайг үсдээд зодолдсон. Тэгээд цагдаа ирсэн. Гомдол саналын хувьд энэ хүнд хуулийн дагуу зохих арга хэмжээг нь авахуулмаар байна. А намайг үйлчилгээний харилцааны доголдол гаргасан гэж байна. Манай байгууллага үйлчлүүлэгч нараас гомдол гарвал цалингийн 20 хувийг хасдаг учир надад тийм үйллдэл хийж асуудал орох шаардлага байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч М.Мянганбуугийн өгсөн: “... О.Ад би нэг ч гар хүрээгүй. Би машинаар таксинд явж байтал манай эхнэр зодуулчихлаа гээд ярьсан. Намайг ажил дээр нь очиход үс нь арзайчихсан, зодуулчихлаа  гээд байж байсан. Хэсэг хугацааны дараа энэ эмэгтэй нөхөртэйгээ ирээд шууд ирээд цохиж зодсон. Шатахуун түгээгүүрийн тэндэх камер нь гэрлийн өөдөөс харсан учраас гэрэл ойгоод тод гараагүй байсан. Энэ хүмүүсийн машиныг барьж явсан хүн энэ хоёр хүнийг манай эхнэрийг зодож байхад нь аваад гараад явсан. Байцаагч камерын бичлэгийг үзсэн. Манай эхнэр та нар жирэмсэн хүнийг зодлоо гэсэн Аын нөхөр нь хүүхдийн амь насыг аваад гарна. Надад мөнгө байгаа, мөнгөөр бүгдийг шийдүүлнэ гээд байсан. ” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Л.Тамирын өгсөн: “... Би шатахуун аваад баримтаа авъя гэтэл би чадахгүй зарц чинь биш гэж хэлээд дотогшоо орсон. Би С.Мын араас нь өрөө рүү ороход өөдөөс цохих гэж дайрсан. Манай эхнэр миний өмнүүр ороод зодуулсан. Хэрэг гардаг өдөр С.М манай эхнэр лүү эхэлж дайрсан, би С.Мод гар хүрээгүй. Тухайн өдөр О.А бид хоёр их хэмжээний архи уугаагүй. Хоол идээд 2, 2 пиво уусан байсан. М намайг цохих гэж дайраад байсан. Мын нөхөр нь О.Аын биед гэмтэл учруулсан, Мын биед хэн ч гэмтэл учруулаагүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Мын өгсөн: “... Тэгээд би бензин өгөх гээд явж байтал нөгөө эрэгтэйн хамт явсан эмэгтэй машинаасаа бууж ирээд миний үснээс зулгааж доош нь дараад хөл рүү өшиглөсөн. Би түүнд “Би жирэмсэн хүн шүү, янз бүрийн юм болвол та нар хариуцах юм байгаа биздээ” гэсэн чинь тэр эмэгтэй шууд миний зүүн нүд рүү шовх үзүүртэй гутлаараа өшиглөсөн. Би нүдээ дараад сууж байтал эрэгтэй нь ирээд нөгөө эмэгтэйгээ аваад явсан...” гэх мэдүүлэг /хх.16-19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Бямбадоржийн өгсөн: “... нөгөө согтуу эрэгтэй нь орж ирээд хэрүүл хийгээд “НӨАТ-ын баримт өгөхгүй байна, гомдол гаргана, цагдаад өгнө” гээд байж байтал эмэгтэй нь хашгирч орж ирээд М эгчийн үснээс зулгааж унагаагаад өшиглөж зодсон... Мын үс нь арзайгаад нүүр нь энэ тэндээ шалбараад, гэдсэнд нь 2-3 газар шалбараад, тэр эмэгтэйн гутлын мөр гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.26-28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Мянганбуугийн өгсөн: “... эхнэр М нь утсаар залгаад “Намайг хүн зодчихоод явчихлаа” гэж хэлэхээр нь хүнээ буулгачихаад эхнэрийн ажил дээр ирсэн чинь эхнэр М зодуулчихсан, нүүр нь хөхөрсөн, үс нь арзайчихсан, толгой орой дээр хуйх нь ягаарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.100-101/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Сэлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3906 дугаартай “... С.Мын биед умайн булчингийн чангарал, баруун чамархайн хуйх, баруун чих, хацар, шанаа, баруун, зүүн нүдний зовхи, цээж, хэвлийд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.36-37/,

 Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 673 дугаартай “... С.Мын биед учирсан умайн булчингийн чангарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад баруун чамархайн хуйх, баруун чих, хацар, шанаа, баруун, зүүн нүдний зовхи, цээж, хэвлийд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэлүүд нь дангаараа /тус тусдаа/ эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн тус бүрийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх нэмэлт дүгнэлт /хх.46-47/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Аын өгсөн: “... манай нөхөр машинаас буугаад очиход түгээгч эмэгтэй цээжээрээ түрээд үсрээд дайраад хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би бууж очоод нөхрөө авч явах гэтэл тэр хүүхэн шууд миний зүүн гуя руу 2 удаа өшиглөсөн. Би түүнийг түлхсэн чинь газар унасан... нөгөө түгээгчийн нөхөр бололтой хүн ирчихсэн байсан ба тэр залуу шууд миний цээж рүү цохиж аваад би тэр залууг цааш нь түлхсэн чинь цаанаас нөгөө түгээгч хүүхэн шууд миний үснээс зулгаагаад дээрээс дараад уначихсан. Ингээд би үсдүүлээд түүнийг өөрөөсөө холдуулах гээд хөл, гараараа эсэргүүцэл үзүүлсэн. Бас үснээс нь зулгаасан. Тэгээд л бид газар унаад харилцан зодолдсон...” гэх мэдүүлэг /хх.22-25/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Тамирын өгсөн: “... нөгөө түгээгч эмэгтэй болон манай эхнэр хоёр бие биенийхээ үснээс зулгаалцаад унаж босоод байсан ба тэднийг тэр түгээгчийн нөхөр бололтой залуу салгасан...” гэх мэдүүлэг /хх.31-33/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 3999 дугаартай “... О.Аын биед зүүн бугалга, гуя, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.41/,

 Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 672 дугаартай “... О.Аын биед учирсан зүүн гуяны гадна дунд хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад зүүн бугалга, баруун өвдөг, зүүн гуяны урд дээд хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дангаараа /тус тусдаа/ эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтэлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн тус бүрийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх нэмэлт дүгнэлт /хх.45/,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн СиДи 1 ширхэг зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

О.А, С.М нар нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод Монгол” шатахуун түгээх станц дээр хоорондоо маргалдаж, харилцан зодолдож, улмаар тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Мын өгсөн: “... Тэгээд би бензин өгөх гээд явж байтал нөгөө эрэгтэйн хамт явсан эмэгтэй машинаасаа бууж ирээд миний үснээс зулгааж доош нь дараад хөл рүү өшиглөсөн. Би түүнд “Би жирэмсэн хүн шүү, янз бүрийн юм болвол та нар хариуцах юм байгаа биздээ” гэсэн чинь тэр эмэгтэй шууд миний зүүн нүд рүү шовх үзүүртэй гутлаараа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.16-19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Бямбадоржийн өгсөн: “... эмэгтэй нь хашгирч орж ирээд М эгчийн үснээс зулгааж унагаагаад өшиглөж зодсон. ...Мын үс нь арзайгаад нүүр нь энэ тэндээ шалбараад, гэдсэнд нь 2-3 газар шалбараад, тэр эмэгтэйн гутлын мөр гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.26-28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Мянганбуугийн өгсөн: “... эхнэрийн ажил дээр ирсэн чинь эхнэр М зодуулчихсан, нүүр нь хөхөрсөн, үс нь арзайчихсан, толгой орой дээр хуйх нь ягаарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.100-101/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Сэлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3906 дугаартай “... С.Мын биед умайн булчингийн чангарал, баруун чамархайн хуйх, баруун чих, хацар, шанаа, баруун, зүүн нүдний зовхи, цээж, хэвлийд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.36-37/,

 Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 673 дугаартай “... С.Мын биед учирсан умайн булчингийн чангарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх нэмэлт дүгнэлт /хх.46-47/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Аын өгсөн: “... Тэгэхээр нь би бууж очоод нөхрөө авч явах гэтэл тэр хүүхэн шууд миний зүүн гуя руу 2 удаа өшиглөсөн. Би түүнийг түлхсэн чинь газар унасан... цаанаас нөгөө түгээгч хүүхэн шууд миний үснээс зулгаагаад дээрээс дараад уначихсан. Ингээд би үсдүүлээд түүнийг өөрөөсөө холдуулах гээд хөл, гараараа эсэргүүцэл үзүүлсэн. Бас үснээс нь зулгаасан. Тэгээд л бид газар унаад харилцан зодолдсон...” гэх мэдүүлэг /хх.22-25/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Тамирын өгсөн: “... нөгөө түгээгч эмэгтэй болон манай эхнэр хоёр бие биенийхээ үснээс зулгаалцаад унаж босоод байсан ба тэднийг тэр түгээгчийн нөхөр бололтой залуу салгасан...” гэх мэдүүлэг /хх.31-33/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 3999 дугаартай: “... О.Аын биед зүүн бугалга, гуя, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо... гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.41/,

 Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 672 дугаартай: “... О.Аын биед учирсан зүүн гуяны гадна дунд хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх нэмэлт дүгнэлт /хх.45/,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн СиДи 1 ширхэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Аын өгсөн: “... Би араас нь нөхрөө дуудах гээд очтол намайг гуя руу өшиглөөд унагаасан. Босоод ирсэн чинь дахиад өшиглөсөн... Энэ эмэгтэй намайг бас түлхээд, бид хоёр барилцаж аваад,  зодолдоод байж байхад цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Мын өгсөн: “... Би Атай харьцаагүй байхад гарч ирээд намайг үсдээд байсан... Удалгүй А, нөхөртэйгээ буцаж ирээд “яасан их цагдаа дууддаг юм бэ?” гээд намайг үсдээд зодолдсон...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч М.Мянганбуугийн өгсөн: “... О.Ад би нэг ч гар хүрээгүй. Би машинаар таксинд явж байтал манай эхнэр зодуулчихлаа гээд ярьсан. Намайг ажил дээр нь очиход үс нь арзайчихсан, зодуулчихлаа  гээд байж байсан. Хэсэг хугацааны дараа энэ эмэгтэй нөхөртэйгээ ирээд шууд ирээд цохиж зодсон... Энэ хүмүүсийн машиныг барьж явсан хүн энэ хоёр хүнийг манай эхнэрийг зодож байхад нь аваад гараад явсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Л.Тамирын өгсөн: “... Хэрэг гардаг өдөр С.М манай эхнэр лүү эхэлж дайрсан, би С.Мод гар хүрээгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А, С.М нарын өгсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

О.А, С.М нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

С.М нь О.Аын биед гэмтэл учруулаагүй, харин  О.А, өөрийн нөхөр Л.Тамирын хамт түүнийг цохиж зодон гэмтэл учруулсан гэх мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч О.А, гэрч М.Мянганбуу, Л.Тамир нарын тус тус өгсөн мэдүүлэг,  Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн  Т.Чимэд-Очирын 672, 3999 дугаартай дүгнэлтүүд, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн СиДи 1 ширхэг зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэн няцаагдах бөгөөд мөн О.А  нь С.Мын жирэмсэн болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.А, С.М нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүдэгч нарыг гэм буруутайд тооцов.

О.А, С.М нар нь хохирогчийн хувьд нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

О.А, С.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага тэдгээрт хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ О.А, С.М нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, О.Аын гэм буруугаа хүлээн зөршөөрч буй байдал, тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.Мод 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

О.А, С.М нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч О.А, С.М нарт тус бүр оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.

О.А, С.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн СиДи 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээвэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т овогт О-ын А, Б овогт С-ын М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.Мод 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.А, С.М нарт тус бүр оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг О.А, С.М нарт тус тус сануулсугай.

5. О.А, С.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн СиДи 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.А, С.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

                       ШҮҮГЧ                                      С.ӨСӨХБАЯР