Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01546

 

 

 

 

 

 

 

 

2023 08 04 210/МА2023/01546

 

 

*.* ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2023/02948 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *.*

Хариуцагч: **.**

Нэхэмжлэлийн шаардлага: 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж, хариуцагч **.** , хариуцагчийн өмгөөлөгч У.Хандсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 *.* 2022 оны 10 дугаар сараас эхлэн **.** тай Баянгол дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Х.О стрип бар хамтран ажиллуулсан. Хамтран ажиллахаас өмнө нэхэмжлэгчээс уг бааранд 15,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, уг мөнгийг **.** ад бэлнээр хүлээлгэн өгсөн.

Дээрх хамтын үйл ажиллагаа 2023 оны 04 дүгээр сар хүртэл үргэлжлээд цаашид хамтран ажиллаагүй. Учир нь, **.** хамтран ажиллахаас өмнө хөрөнгө оруулалт хэлбэрээр өгсөн 15,000,000 төгрөгийг буцаан өгөхөөс татгалзсан.

Иймд **.** аас 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Миний бие 2022 оны 10 дугаар сард *.* тай хамтран баар ажиллуулахаар тохиролцож, тус бааранд 30,000,000 орчим төгрөгийн тохижилт хийсэн. 2022 оны 02 дугаар сараас хойш ажиллаж ашиг орлоготой болсон. Бидний хувьд ажлын байрны түрээс, ашиглалтын зардал болох ус, тог, дулаан болон ажилчид болох бармен, зөөгч, үйлчлэгчийн цалинг дундаасаа төлж үлдэгдэл ашгаа хуваан авч байсан.

Гэвч 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр баар ажиллуулахаа больж, нэхэмжлэгч нь 15,000,000 төгрөгөө буцаан авна гэхээр нь хамтран ажиллаад 30,000,000 төгрөг олсон тул хөрөнгө оруулалт хийсэн мөнгийг буцаан өгөх боломжгүй гэж хэлсэн. Миний хувьд 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш түрээсэлж байсан байраа хүлээлгэн өгсөн.

Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч **.** ад холбогдох 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *.* ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Талууд хамтран ажилласан гэх боловч хариуцагч мөнгөө хамтын ямар үйл ажиллагаанд, хэрхэн захиран зарцуулсан болохоо баримтаар нотлоогүй. Хамтын үйл ажиллагаа дуусгавар болгох гол шалтгаан нэхэмжлэгч мөнгөө буцааж гаргуулна гэсэн боловч өгөөгүйн улмаас маргаан үүссэн.

Зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэх боловч хариуцагч хамтын үйл ажиллагаанд ямар хэлбэрээр оролцсон, ямар зорилго тавьж үйл ажиллагаа явуулсан, зорилгодоо хүрсэн эсэх талаарх баримт авагдаагүй.

4.2. Нэхэмжлэгч уг баарыг өдөр тугам ажиллуулсан болох нь түүний дансны хуулга, ашиг орлого хувиарласан байдал зэргээр нотлогддог. Зохигчид харилцан тохиролцож хамтын үйл ажиллагааг дуусгавар болгоогүй, нэхэмжлэгчийн оруулсан мөнгийг буцааж өгөөгүй учраас цаашид ажиллахаа больсон. Хураамж төлсөн гэх асуудлаар маргаангүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч хураамж төлсөн гэх баримт гаргаж өгөөгүй. Хариуцагч өөрийн түрээслэн ажиллуулж байсан баарандаа нэхэмжлэгчээс хөрөнгө оруулалт гэх байдлаар мөнгө авч ажиллуулаад ашиг хуваарилсан гэх нөхцөл байдал хэргээс тодорхой харагдаж байхад шүүх хамтын үйл ажиллагааны хураамжаас татгалзлаа гэх байдлаар хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Нэхэмжлэгч баар ажиллуулахад 15,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан гэж тайлбарладаг. Хөрөнгө оруулалт нь тусдаа тайлантай, бие даасан хуулиар зохицуулагддаг.

5.2 Хариуцагч тухайн баарыг ажиллуулж эхлэхээс өмнө өөрийн хөрөнгөөр бааранд засвар үйлчилгээ хийсэн. Мөн *.* ийн данснаас **.** ын данс руу хуваалт, бараа гэх утгатай мөнгө шилжүүлсэн байдаг. Барааны мөнгөөр тухайн өдрийн бараа материалыг авдаг байсан. Энэ нь хамтарч ажиллаж байсан болохыг нотолно.

Хариуцагч **.** *.* д үр шимийн талаар үүрэг хүлээж, амлалт өгөөгүй. Тухайн орлогоо урсгал зардалдаа төлж, ашгаа хувааж авч байсан үйл баримт нь зохигчдын тайлбараар нотлогддог. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч *.* нь хариуцагч **.** ад холбогдуулан 15,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. *.* , **.** нар 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд стриптиз баар ажиллуулах үйл ажиллагааг хамтран эрхэлж байсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй байна.

 

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хамтран ажиллах хураамжид 15,000,000 төгрөг төлсөн бол хариуцагч нь тухайн хамтын үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх хэлбэрээр хураамжийг төлсөн гэж үзэхээр байна.

 

5. Нэхэмжлэгч нь цаашид хамтран ажиллах боломжгүй саналаа хариуцагчид илэрхийлснийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, талууд 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс хамтран ажиллах гэрээг дуусгавар болгосон нь Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.2-т заасан талууд шийдвэрлэсэн гэх үндэслэлд хамаарч байна. Иймд талуудын шийдвэрээр тэдний хамтран ажиллах үйл ажиллагаа дуусгавар болсон байх тул тухайн хураамжийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхгүй талаарх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон байна.

 

6. Нэхэмжлэгч нь хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон үр шим болон эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах талаар шаардлага гаргаагүй тул анхан шатны шүүх шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн нь зөв.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2023/02948 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

М.БАЯСГАЛАН