Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 201

 

                        

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,

Шүүгдэгч П.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Мт холбогдох 1806 02988 0182 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймагт 1996 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 9 дүгээр хэсэг, 3 дугаар гудамжны 235 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл, ухаан саруул гэх, Б овогт П-ын М /РД:.........../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

П.М нь 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэмүүжин” зочид буудалд Б.Мтэй маргалдан, түүнийг архины хагархай шилээр толгой, гарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Мын өгсөн: “... Намайг унтаж байгаад босоод иртэл гар барилдъя гэхээр нь би юу яриад байгаа юм бэ гээд цаашаа угаалгын өрөө рүү явж байсан чинь М араас ирээд намайг боосон. Би тавиулах  үйлдэл хийсэн. Мийн мэдүүлэг дээр хэлж байгаа шиг хагархай шил байгаагүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Мийн өгсөн: “... 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байх Тэмүүжин гэх зочид буудалд манай ажлын залуу Хишгээ дуудсан. Хишгээ өмнө хамт ажиллаж байсан Мөнхүүш гэх залууг дуудсан... 15 цаг өнгөрөөгөөд сэрэхэд Хишгээ байхгүй Мөнхүүш сэрчихсэн байсан... Мөнхүүш Хишгээг явчихлаа гээд уурлаад эхэлсэн... Тун удалгүй гар барилдъя гэхээр нь гар барилдаан хийсэн. Би дийлсэн... тоглож наадаж барилдаж байгаад унагасан. Гэтэл надад уурлаад уусан архины шилээ хагалаад, уурлаад, үг дуугүй хагархай шилээ барьж дайраад зүүн гар зүсээд, би зугтаагаад хаалга татах үед араас толгой руу шилээрээ хэд хэдэн удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх.14-16/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4392 дугаартай: “... Мийн биед хуйх, 2 сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир бүхий зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.18/

Мөрдөн шалгах ажиллагаанд П.Мын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.41/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

П.М нь 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэмүүжин” зочид буудалд Б.Мтэй маргалдан, түүнийг архины хагархай шилээр толгой, гарт нь цохиж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Мийн өгсөн: “... Гэтэл надад уурлаад уусан архины шилээ хагалаад, уурлаад, үг дуугүй хагархай шилээ барьж дайраад зүүн гар зүсээд, би зугтаагаад хаалга татах үед араас толгой руу шилээрээ хэд хэдэн удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх.14-16/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4392 дугаартай: “... Мийн биед хуйх, 2 сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо... гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.18/

Мөрдөн шалгах ажиллагаанд П.Мын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.41/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Мын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

П.Мын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Мт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Хохирогч Б.М нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч П.Мыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

П.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ П.Мын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

П.Мт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч П.Мт оногдуулсан 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.

П.Мын 2019 оны 01 дүгээр сарын 19-нээс 21-ний өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоног, мөн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн одоог хүртэл цагдан хоригдсон 7 хоног, нийт 9 хоногийн өдөр бүрийг 8 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд тооцон эдлэх ялаас хасч, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8, 36.11 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт П-ын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мт 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг П.Мт сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар, П.Мын баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 9 хоногийг 72 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд тооцон эдлэх ялаас хассугай.

6. П.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгчийг цагдан хорих ангиас сулласугай.

7. Хохирогч Б.М нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч П.М нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

 ШҮҮГЧ                                                С.ӨСӨХБАЯР