| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 101/2023/00937/И |
| Дугаар | 210/МА2023/01547 |
| Огноо | 2023-08-04 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2023/01547
2023 08 04 210/МА2023/01547
*.* ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2023/02915 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *.*
Хариуцагч: *** ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Доржзовд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 *.* нь *** ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ***** дугаартай түрээсийн гэрээг байгуулж, Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, Намъянжугийн гудамж, *** соёл амралт, худалдаа үйлчилгээний төвийн 2 дугаар давхарт байрлах, 258 дугаартай, 54.45 м.кв талбайг түрээслэхээр харилцан тохиролцсон.
Гэрээний 3.4-т заасны дагуу түрээслэгч *.* нь Хаан банкан дахь өөрийн охин Г.Хулангийн эзэмшлийн ******** дугаар данснаас *** ХХК-д түрээсийн гэрээний барьцаанд 2,000,000 төгрөг шилжүүлсэн.
1.2 Түрээслэгчийн зүгээс гэрээнд гарын үсэг зурж, барьцаа төлбөрийг шилжүүлснээс хойш түрээслүүлэгч нь тус талбайг түрээслэгчид акт үйлдэн хүлээлгэн өгөөгүй, тодорхой хугацаа өнгөрсөн, улмаар барьцаа мөнгөө буцаан авах буюу гэрээнээс татгалзах талаар түрээслүүлэгчид бичгээр болон амаар удаа дараа хандсан.
1.3. Гэрээний 9.7-д түрээслэгч хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцалсан тохиолдолд гэрээний 3.4-т заасан барьцааны зүйлийг буцаан олгохгүй гэсэн заалт оруулсан нь хүчин төгөлдөр бус стандарт бөгөөд шударга ёсны зарчимд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь барьцаа хөрөнгийг буцаан өгөхгүй гэдэг тайлбар нь өөртөө давуу байдал бий болгосон.
Иймд гэрээнээс татгалзаж, түрээсийн барьцаанд төлсөн 2,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 *.* нь *** ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ***** дугаартай түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээгээр Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, Намъянжугийн гудамж, *** худалдаа үйлчилгээний төвийн 2 давхарын 258 дугаартай, 54.45 м.кв талбайг 1 жилийн хугацаанд түрээслэхээр харилцан тохиролцсон. Түрээсийн гэрээг байгуулснаас хойш талбайг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн, акт үйлдсэн.
2.2. Гэрээ байгуулагдсанаас хойш 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлэхээр тохиролцсон байсан боловч *.* нь түрээсийн гэрээнд заасан хугацаанаас өмнө гэрээг дуусгавар болгох талаар мэдэгдсэн. Гэрээний 9.7-д барьцаа төлбөрийг буцаан олгохгүй талаар зохицуулсан. Гэтэл *.* нь гэрээгээр тохиролцсон хугацаанаас өмнө гэрээг цуцлахаар шаардсан хариуцлагыг өөрөө хүлээх учиртай.
Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *** ХХК-аас 2,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *.* т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *** ХХК-аас 46,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *.* т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ***** дугаартай түрээсийн гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж дүгнэсэн. Гэтэл шүүхээс ...Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй, тэрээр барьцаа хөрөнгийг шаардах эрхтэй гэж үзсэн. Дээрх хуулийн зохицуулалт буюу гэрээнээс татгалзахтай холбоотой ерөнхий үндэслэл, журмыг заасан. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулсан талууд гэрээ дуусгавар болсноор шаардах эрхээ хэрхэн хэрэгжүүлэх талаар нарийвчлан зохицуулаагүй тохиолдолд дээрх хуулийн зохицуулалтын дагуу шийдвэрлэхээр байна.
Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2, 221.3, 225 дугаар зүйлийн 225.3, 225.4, 225.5 дахь хэсэгт гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах талаар тодорхой тус тус зохицуулсан. Мөн талууд гэрээг чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ***** дугаартай түрээсийн гэрээг байгуулж, гэрээ дуусгавар болохтой холбоотой асуудлыг мөн нарийвчлан зохицуулсан байна.
4.2. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 9.7-д зааснаар түрээслэгч нь түрээсийн гэрээнд заасан хугацаанаас өмнө гэрээг дуусгавар болгох тохиолдолд тус гэрээний 3.4-т заасан барьцаа төлбөрийг буцаан олгохгүй талаар зохицуулсан байдаг. Мөн ***** дугаартай түрээсийн гэрээг нэхэмжлэгч талаас цуцлах болсон үндэслэлээ цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж, бараа материалгүй болсон, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон хэмээн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдсэн.
Тиймээс дээрх гэрээг цуцлах болсон үндэслэл шалтгаан нь Иргэний хуульд заасан гэрээ цуцлах, татгалзах үндэслэлд хамаарахгүй байхаас гадна, гэрээ дуусгавар болгох талаарх түрээсийн гэрээнд заасан зохицуулалтын дагуу барьцаа төлбөрийг буцаан олгох үндэслэлгүй байна. Түрээслүүлэгчийн зүгээс анх гэрээ байгуулагдсанаас хойш түрээсийн талбайг түрээслэгчид хүлээлгэн өгсөн байдаг. Гэтэл түрээслэгч талын үйл ажиллагаанаас шалтгаалах асуудлаар гэрээг цуцлах болсон талаар мэдэгдсэнээс хойш, түрээсийн гэрээний барьцаа төлбөрийг нэхэмжлэхдээ түрээсийн талбайг хүлээн аваагүй хэмээн тайлбар гаргаж нь үндэслэлгүй.
4.3. Түүнчлэн, *.* нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш. Өөрөөр хэлбэл, тухайн барьцаа төлбөрийг *.* төлсөн гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар *.* нь нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга: Хариуцагчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч *.* нь хариуцагч *** ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний барьцаад төлсөн 2,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
3. Хэргийн үйл баримтын талаар:
3.а. *** ХХК болон *.* нар 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ***** дугаартай түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээгээр түрээслүүлэгч буюу хариуцагч нь Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, Намъянжугийн гудамж, *** соёл амралт, худалдаа үйлчилгээний төвийн 2 дугаар давхрын 258 дугаартай, 54.45 м.кв талбайг нэхэмжлэгчид 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түрээслүүлэх, түрээслэгч буюу нэхэмжлэгч түрээсийн төлбөр болон бусад холбогдох төлбөр, ашиглалтын зардлыг тогтоосон хугацаанд төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх6-15/
3.б. Талууд түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний дагуу нэхэмжлэгчээс барьцаа төлбөрт 2,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй.
4. Талууд түрээсийн гэрээнээс нэхэмжлэгч татгалзах эрхтэй эсэх, мөн барьцаа төлбөрийг нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй эсэх талаар маргасан.
4.а. Анхан шатны шүүх талуудын хооронд хүчин төгөлдөр түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцсэн байна.
4.б. Гэрээний 4.1-д гэрээний хэрэгжиж эхлэх хугацааг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэж заасан байх бөгөөд гэрээ хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэрээг цуцлах талаарх нэхэмжлэгчийн саналыг хариуцагч 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 22/29 дугаар албан бичгээр зөвшөөрсөн байна. /хх 62/
4.в. Түүнчлэн, гэрээний 2.2-т зааснаар түрээслүүлэгч нь түрээсийн зүйл болох 54.45 м.кв талбайг гэрээ байгуулагдсанаас хойш хойш 7 хоногийн дотор акт үйлдэн түрээслэгчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байна. /хх 6/ Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь дээрх үүргээ буюу түрээсийн талбайг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн нь тогтоогдоогүй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. Мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүргийг хүлээдэг.
4.г. Талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ бодитоор хэрэгжиж эхлэхээс өмнө нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь гэрээний 9.7-д заасан гэрээний барьцаа мөнгийг түрээслэгчид буцаан өгөхгүй байх зохицуулалтад хамааралгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээний 3.15, 9.7-д зааснаар барьцаа төлбөрийн зорилго нь түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлагдсантай холбоотой түрээсийн болон бусад төлбөрийг уг барьцаа төлбөрөөс суутгахтай холбоотой байна.
5. Түрээсийн гэрээ хэрэгжиж эхлэхээс өмнө нэхэмжлэгч гэрээнээс татгалзсаныг хариуцагч зөвшөөрсөн байх тул барьцаа 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас буцаан шаардах эрхтэй. Энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь түрээсийн гэрээний барьцаа төлбөр 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан талаар тайлбар гаргасан байх тул хариуцагчийн төлөөлөгчийн ...барьцаа төлбөрийг нэхэмжлэгч төлсөн гэж үзэх баримт хэрэгт байхгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2023/02915 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
М.БАЯСГАЛАН