| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0189/Э |
| Дугаар | 202 |
| Огноо | 2019-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 202
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
Улсын яллагч А.Сайнбаяр,
Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Эд холбогдох 1806 08379 0170 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Ховд аймагт 1996 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эн Өв Тэ Эс” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Тахилтын 9 дүгээр гудамжны 21 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 465 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Бн овогт Ц-ийн Э /РД:........../,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Ц.Э нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний орой Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 465 тоотод О.Эг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Эгийн өгсөн: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Эгийн өгсөн: “... Би сэрээд харсан чинь тэр хоёр залуу Одбаярыг зодох гээд дайраад байхаар нь би дундуур нь ороод салгасан юм. Гэтэл над руу бас зодох гэж дайраад тэр залуугийн дүү нь хутга аваад над руу дайрахаар нь би тэр залуутай хэсэг ноцолдсон. Би гэрээс гарсан чинь тэр хоёр залуу араас гарч ирээд гэрийн хойд талд тэр хоёр залууд би зодуулсан. Би дүүг нь түлхэж унагаагаад хашаа даваад өвсөн дунд ороод нуугдсан чинь тэр хоёр залуу намайг ална гээд машинаа асаагаад хайгаад байсан...” гэх мэдүүлэг /хх.5/,
“... Нэг сэрэхэд миний хөлнөөс татаад байсан тэгтэл машинтай залуугийн дүү гэх залуу намайг босоод ир гэхээр нь юу болоод байгаа юм гэхэд юу болох нь чамд хамаагүй танай найз яагаад байгаа юм гээд цохих гэж дайрахаар нь манай найз Од бид хоёр гараад гүйсэн. Жижиг хаалгыг нь нээх гэтэл доороо уяатай байсан тэгтэл манай найз том хаалгаар гүйгээд гарахаар араас нь гарах гээд гүйтэл тухайн машинтай залуугийн дүү гэх залуу араас намайг үсдээд газраар чирээд гэрийнхээ ард аваачихад ах нь гэх залуу гарч ирээд миний баруун гарнаас барихад дүү нь шууд нүүр лүү 2 удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх.17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Дэлгэрийн өгсөн: “... Тэгээд нилээн оройтоод унтах болсон хэвтээд зүүрмэглэтэл пижигнээд явчихсан. Хартал манай дүү Э гэх залуутай гараад явсан би араас нь гүйгээд гартал газар шороон дээр өнхрөлдөөд зодолдож байсан. Тэгэхээр нь би дүүгээ салгаж аваад 2 алгадаад гэр лүү оруулсан...” гэх мэдүүлэг /хх.22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Одбаярын өгсөн: “... Тэгтэл Нямкагийн найз нь дүү залуутайгаа нийлээд намайг зодно гараад ир хамрыг чинь мурийлгаад хаяна шүү гэж хэлсэн... Эг босгоод явъя гээд гэрээс нь гартал дүү залуу нь араас гарч ирээд Эг үсдээд унагаасан. Би хамарнаас цус гарсан учир тэр чигээрээ хашаанаас зугатаагаад даваад дээрээс эргээд Э гээд орилтол дүү залуу нь ална гэж орилж байсан. Гэрийн хажууд Э уначихсан цээж рүү нь дүү залуу нь өшиглөж байсан...” гэх мэдүүлэг /хх.25/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Долгормаагийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12438 дугаартай: “... О.Э-н биед зулайн хуйх, зүүн нүдний дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, баруун, зүүн дал, нуруу, баруун бугалга, баруун тохой, хэвлий, баруун өвдөгт зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх.30/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Эгийн яллагдагчаар өгсөн: “... Тэгээд бид хоёр газар дээр унаад дээр доороо ороод өнхөрсөн. Нэг нэгнийхээ нүүр бие рүү цохилцсон. Тэгтэл ах гарч ирээд намайг салгаж аваад шанаа руу 2 удаа цохиод гэр рүү ор гэж хэлээд Эг татаж босгоход би Эг нүүр рүү нь нэг удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх.60/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ц.Э нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний орой Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 465 тоотод О.Эг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Эгийн өгсөн: “... Гэтэл над руу бас зодох гэж дайраад тэр залуугийн дүү нь хутга аваад над руу дайрахаар нь би тэр залуутай хэсэг ноцолдсон...” гэх мэдүүлэг /хх.5/
... тухайн машинтай залуугийн дүү гэх залуу араас намайг үсдээд газраар чирээд гэрийнхээ ард аваачихад ах нь гэх залуу гарч ирээд миний баруун гар гарнаас барихад дүү нь шууд нүүр лүү 2 удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх.17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Дэлгэрийн өгсөн: “... манай дүү Э гэх залуутай гараад явсан би араас нь гүйгээд гартал газар шороон дээр өнхрөлдөөд зодолдож байсан...” гэх мэдүүлэг /хх.22/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Одбаярын өгсөн: “... Эг босгоод явъя гээд гэрээс нь гартал дүү залуу нь араас гарч ирээд Эг үсдээд унагаасан... Гэрийн хажууд Э уначихсан цээж рүү нь дүү залуу нь өшиглөж байсан...” гэх мэдүүлэг /хх.25/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Долгормаагийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12438 дугаартай: “... О.Э-н биед зулайн хуйх, зүүн нүдний дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, баруун, зүүн дал, нуруу, баруун бугалга, баруун тохой, хэвлий, баруун өвдөгт зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо... гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.30/
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Эгийн яллагдагчаар өгсөн: “... Тэгээд бид хоёр газар дээр унаад дээр доороо ороод өнхөрсөн. Нэг нэгнийхээ нүүр бие рүү цохилцсон... Эг татаж босгоход би Эг нүүр рүү нь нэг удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх.60/
Шүүгдэгч Ц.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Ц.Эгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Ц.Э нь хохиролд 200,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч О.Энх-Мөрөн нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Ц.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ц.Эгийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Ц.Эд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ц.Эд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Ц-ийн Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар, Ц.Эд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Эд сануулсугай.
5. Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 200,000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.Э нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР