| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 103/2023/00059/И |
| Дугаар | 210/МА2023/01574 |
| Огноо | 2023-08-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2023/01574
2023 08 09 210/МА2023/01574
* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 103/ШШ2023/00341 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: * ХХК,
Хариуцагч: * ТӨХК, ** ТӨХК, *** ААТҮГ, **** ХХК-ийн ***** газар,
Гуравдагч этгээд: О.С , С ХХК, Г ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: Хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, техникийн нөхцөл олгосон гэрээнүүдийг цуцлахыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг, Т.Төгс-Од, хариуцагч ** ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэтуяа, хариуцагч * ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ариунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 * ХХК нь Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Багануур дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 427 дугаар шийдвэртэй 68,845 м.кв газарт 1080 айлын Үйлдвэрчин хорооллыг барих төслийг эхлүүлж, 1080 айлын гадна дулаан, цэвэр бохир усны шугам, цахилгаан хангамжийн 6 кв-ын 110 м цахилгаан дамжуулах кабель шугам, 6/0,4 кв-ын дэд өртөө, гадна холбооны кабель шугам, худгийг зохих хууль журам, техникийн нөхцөлийн дагуу 2010-2015 оны хооронд өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан.
1.1.1 Тухайлбал, 1080 айлын гадна дулаан, цэвэр бохир усны шугамыг 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Б ХХК-тай Нийслэлийн Багануур дүүргийн Үйлдвэрчин орон сууцны хорооллын гадна дулаан, цэвэр бохир усны шугамын угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулж, нийт 220,340,770 төгрөгөөр,
1.1.2 Цахилгаан хангамжийн 6 кв 110 м цахилгаан дамжуулах кабель шугам, 6/0,4 кв-ын дэд өртөөг 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хөх өндөр-Уул ХХК-тай Нийслэлийн Багануур дүүргийн Үйлдвэрчин орон сууцны хорооллын гадна цахилгаан хангамж /КТП/ угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, нийт 48,107,889 төгрөгөөр,
1.1.3 Гадна холбооны кабель шугам, худгийг 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр О ХХК-тай бараа худалдах-худалдан авах гэрээ байгуулж, нийт 6,812,600 төгрөгөөр, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр МХС ХХК-ийн ***** газартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нийт 1,485,000 төгрөгөөр тус тус барьж байгуулсан.
1.2 Төслийн хүрээнд 1080 айлын эхний ээлжийн 30 айлын орон сууцыг барих явцад хөрөнгө оруулагч нарын хооронд үл ойлголцол үүсч, барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэйгээр 4 жилийн турш эрүү, иргэний хэрэг маргааны улмаас битүүмжлэгдэн барилгын ажил зогсонги байдалд орсон бөгөөд 2014 онд хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдэж, 2015 онд улсын комисст хүлээлгэн өгсөн.
1.3 Хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байх хугацаа буюу 2013 онд Багануур дүүргийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/215 дугаар захирамжаар бидэнд мэдэгдэлгүй, үндэслэлгүй газар ашиглах гэрээг цуцалсны улмаас төслийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болж 30 айлын орон сууцаа улсын комиссд хүлээлгэн өгөхийн тулд Багануур дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаар захирамжаар 30 айлын орон сууцны барилгын суурийн 1,500 м.кв газрын зөвшөөрлийг авч, 30 айлын орон сууцаа улсын комиссд хүлээлгэн өгсөн.
30 айлын орон сууцыг хүлээлгэж өгснөөс хойш манай хөрөнгөөр бий болсон 1080 айлын гадна дулаан, цэвэр бохир усны шугам, цахилгаан хангамжийн 6 м.кв 110 м цахилгаан дамжуулах кабель шугам, 6/0,4 кв-ын дэд өртөөнөөс бидний зөвшөөрөлгүйгээр Г ХХК болон олон аж ахуйн нэгж, иргэнд техникийн нөхцөл олгон, дулаан, цахилгаанаар хангах гэрээг байгуулан хангасаар байна. Энэхүү хууль бус шийдвэрийн талаар ** ТӨХК, *** ТӨХК-д албан ёсоор хандсан боловч ...хууль ёсны дагуу техникийн нөхцөлийг олгосон, холбогдсон иргэн, аж ахуйн нэгжтэйгээ өмчлөлийн асуудлаа шийд, хууль зөрчиж холболтыг хийсэн тул одоо цахилгааныг тасаллаа гэж хэлээд биднийг байх хугацаанд цахилгааныг тасалж, явсны дараа эргэн холбох гэх мэт үйлдэл, хариуг ирүүлсэн болно.
Иймд Багануур дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэрчин хороолол /******/, * гудамж, ** дугаар байрны гадна дулаан, цэвэр, бохир усны шугам худаг, цахилгаан хангамжийн 6кв-н 110 м цахилгаан дамжуулах кабель шугам, 6/0,4 кв-ын дэд өртөө, гадна холбооны кабель шугам, худгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.
1.4 Мөн нэмжлэгчийн хөрөнгөөр баригдсан эрчим хүчний барилга байгууламж болон цэвэр ус дамжуулах, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах байгууламжаас өмчлөгчийн зөвшөөрөлгүй холбогдсон иргэн хуулийн этгээдүүдтэй байгуулсан гэрээг цуцалж өгнө үү.
1.5 Г ХХК, О.С , Н.М , Ж.А болон *** ААТҮГ-ын хооронд байгуулагдсан 50а дугаартай хэрэглэгчийн гаргалгаанаас ДХ2 хүртэл 134 м дулаан, цэвэр усны шугам худаг, БУХ355-аас БХ-1 хүртэлх 570 м бохирын шугам, худгаас цэвэр усаар хангуулах, хэрэглээнээс гарсан бохир усаа нийлүүлэх, саарал ус ашиглах гэрээнүүдийг цуцлахыг *** ААТҮГ-т даалгаж,
1.6 С ХХК, Г ХХК нарын * ТӨХК-тай байгуулсан дулааны эрчим хүч нийлүүлэх гэрээнүүдийг цуцлахыг * ТӨХК-д даалгаж,
1.7 ** ТӨХК, Г ХХК, иргэн Ч.О , ***** ЗДТГ, иргэн Ж.А нарын хооронд байгуулагдсан цахилгаан хангамжийн 6/0,4 кв-ийн КТП-107 дэд өртөөнөөс цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнүүдийг цуцлахыг ** ТӨХК-нд тус тус даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ** ТӨХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Нэхэмжлэлийн шаардлагаас манай байгууллагад хамаарах хэсэг нь дулааны худаг, шугамтай холбогдох асуудал юм. * ХХК нь техникийн нөхцөл олгохыг хүссэн хүсэлт манай байгууллагад ирүүлсний дагуу тус компанид 2011 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 06 дугаартай техникийн нөхцөлийг олгосон. Техникийн нөхцөл нь олгосон өдрөөс эхлэн 2 жилийн хугацаанд хүчинтэй байдаг ба тус байгууллага нь дээрх түр техникийн нөхцөлийн хугацаа дуусахад хүсэлт гаргаж хугацааг сунгуулах буюу шинээр техникийн нөхцөл авах ёстой байсан боловч энэ асуудлаар дахин хандаагүйгээс гадна анх олгогдсон 06 дугаартай Дулаан техникийн нөхцөл-ийн техникийн даалгаврыг бүрэн гүйцэд биелүүлээгүй.
Мөн тус компани дулааны шугамыг 2010 онд ашиглалтад оруулснаас хойш үзлэг үйлчилгээ, засвар огт хийгээгүй ба эрчим хүч хэрэглэгчийн үүрэг болох өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах гэснийг зөрчсөөр ирсэн.
2010 оноос хойш одоог хүртэл дээрх дулааны шугам, дулааны хувиарлах худаг, (камер)-ын, жил болгоны ашиглалт, горим тохируулга, засвар үйлчилгээг манай байгууллага хариуцан ажилласаар ирсэн. Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9-д зааснаар хангагч нь хэрэглэгчийн өмчлөлийн шугам, дэд станцаас нутаг дэвсгэрийн хэтийн төлөвийн үндсэн дээр өөр бусад хэрэглэгчийг нэмж холбох эрхтэй. * ХХК-д олгосон техникийн нөхцөлд тусгаснаар ус дулаан дамжуулах төвийн барилга обьектыг өөрийн хөрөнгөөр барьж байгуулах ёстой байсан боловч бариагүй. Г ХХК нь өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан ба өөрийн барилга болон дүүргийн бусад хэрэглэгчийг ус дулаан дамжуулах төвөөс холбосон. Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.7 дахь заалт нь эрчим хүчний гэрээт борлуулагчид хамаарах заалт бөгөөд гэрээт борлуулагч нь хангагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр өөрийн шугамаас бусад хэрэглэгчийг нэмж холбож, эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон үнээр эрчим хүч худалдах харилцааг зохицуулсан заалт юм. * ХХК нь гэрээт борлуулагч биш бөгөөд манай байгууллагатай хэрэглэгчид эрчим хүч худалдан борлуулах гэрээ байгуулаагүй болно.
Иймд нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.7 дахь заалтыг манай байгууллага нь зөрчөөгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
3. Хариуцагч *** ААТҮГ-ын тайлбар, татгалзлын агуулга:
3.1. Өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд авч үзэхэд, манай байгууллага одоогоор нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдаж байгаа цэвэр, бохир усны шугам сүлжээний өмчлөгч биш юм.
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлэхгүй байгаа этгээдийг хэлдэг. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд яг ямар үндэслэлээр өмчлөгчөөр тогтоолгох гэж буй шугам сүлжээтэй холбоотой манай байгууллагыг хариуцагчаар тодорхойлж, хариуцагчаар ямар үүрэг гүйцэтгүүлэх гэж буй нь ойлгомжгүй байна. * ХХК-ийн хувьд 2010 онд ** дугаар байрны гадна цэвэр бохир усны шугамыг ашиглалтад оруулснаас хойш өнөөдрийг хүртэл буюу 13 жилийн хугацаанд уг шугамын ашиглалтад огт үзлэг, үйлчилгээ хийгээгүй, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль тогтоомжийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх гэж заасан үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10-т хэрэглэгч нь хангагчаас олгосон техникийн нөхцөл, батлагдсан зураг төслийн дагуу өөрийн эзэмшлийн шугамаас бусад хэрэглэгчийг холбуулах үүрэгтэй гэж заасан болно.
3.2 Түүнчлэн *** ААТҮГ-ын зүгээс 2010 оноос хойш ** дугаар байрны гадна цэвэр бохир усны шугам сүлжээний ашиглалтыг хариуцан үзлэг, засвар үйлчилгээг хийж ирсэн болно. Тиймээс хариуцагч *** ААТҮГ-ын зүгээс нэхэмжлэгчийн шугам сүлжээний өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, уг хэргийн хувьд хариуцагч байх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хариуцагч ** ТӨХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:
4.1. Манай компани нь * ХХК-д 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04/12 дугаартай техникийн нөхцөл олгож, мөн хугацаанаас эхлэн цахилгаан эрчим хүчээр хангаж ажилласан. Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9-д Хангагч нь хэрэглэгчийн өмчлөлийн шугам дэд станцаас нутаг дэвсгэрийн хэтийн төлөвийн үндсэн дээр өөр бусад хэрэглэгчийг нэмж холбох эрхтэй, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т хэрэглэгч нь түгээх, зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах үүрэгтэй гэж тус тус заасныг үндэслэн Багануур дүүрэг дэх 6/0.4кв-ын КТП-107 дэд өртөөнөөс 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18/03 дугаартай цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөлийг Г ХХК-д, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 19/33 дугаартай цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөлийг Н.Мөнхтүшигт /худалдаа үйлчилгээний зориулттай/, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 18/48 дугаартай цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөлийг ус дулааны дамжуулах байгууламжийн зориулалтаар Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын хүсэлтийн дагуу тус тус олгосон. Ж.А гийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хүсэлтийн дагуу мөн дэд өртөөнөөс 220В-ын цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулан холбосон болно.
4.2 Тус компани нь * XXК өмчлөлийн 6/0.4кв-ын КТП-107 дэд өртөөнөөс дээрх хэрэглэгчийг цахилгаан хүчээр хангасан нь Эрчим хүчний тухай хуулийг зөрчөөгүй болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэх хэсэгт Цахилгаан хангамжийн 6 кв-ын 110 м цахилгаан дамжуулах кабель шугам, 6/0.4 кВ-ын дэд өртөө (Байршил PП-1, №13 6кв агаарын шугам Т№3-6/04.4 кв КТП-107 дэд өртөө хүртэлх 110 м кабель шугам, дэд өртөө/-г өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан гэсэн байна. Тус компанийн зүгээс нэхэмжлэгчийн хөрөнгийн өмчлөлийн талаар ямар нэгэн маргаантай асуудал байхгүй болно. Харин нэхэмжлэгч * ХХК нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн /хэрэглэгчийн эрх үүрэг/ 30.1.13-т хэрэглэгч нь нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан эрчим хүчний дэд станц, шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд шилжүүлэх үүрэгтэй гэсэн заалтыг өнөөдрийг хүртэл хугацаанд биелүүлээгүй байна гэжээ.
5. Хариуцагч **** ХХК-ийн Багануур дүүргийн газрын тайлбар, татгалзлын агуулга:
5.1. Нэхэмжлэгч * ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээгээр гадна холбооны худаг сувагчлал байгуулсан бөгөөд одоогоор тус худаг сувагчлалын нэхэмжлэгч байгууллагаас өөр ямар нэгэн аж ахуйн нэгж байгууллага, хувь хүн холбооны үйлчилгээ аваагүй байна. Хэрэв ашиглагч байгууллага буюу **** ХХК-ийн ***** газарт техникийн нөхцөл олгосны дагуу хүлээлгэн өгвөл дээрх худаг сувагчлал нь жилийн засвар үйлчилгээг хийх, худаг сувагчлалаас салбарлуулан өөр хэрэглэгчийн холбооны үйлчилгээ авах боломж бүрдүүлэн ажиллана. Нэхэмжпэгч * ХХК нь тухайн худаг сувагчлалыг өөрийн өмчлөлөөр тогтоолгон ашиглаж байгаа үед газар шорооны ажил хийгдэх, кабель шугаманд гэмтэл гарсан тохиолдолд тухайн засвар үйлчилгээ болон холбогдох зардлыг * ХХК бүрэн хариуцна гэжээ.
6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г ХХК тайлбарын агуулга:
6.1 * ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 1080 айлын гадна дулаан, цэвэр, бохир усны шугамын угсралтын ажлыг 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Б ХХК-тай гэрээ байгуулан 220,340,770 төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн гэж бичсэн байгаа хэдий ч Б ХХК нь дулаан, цэвэр, бохир ус дамжуулах төвийн барилгын обьектын ажлыг хийж гүйцэтгээгүй бөгөөд Г ХХК нь 2019-2020 онд өөрийн хөрөнгөөр барьж * ТӨХК-д хүлээлгэн өгсөн. Хариуцагч * ТӨХК нь шүүхэд гаргасан тайлбартаа мөн энэ талаар дурдсан байна. Уг ЦТП рүү цахилгааны шугамын холболт хийхийн тулд өөрийн нэрээр 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ** ТӨХК-тай Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан.
6.2 Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9-д зааснаар хангагч нь хэрэглэгчийн өмчлөлийн шугам, дэд станцаас нутаг дэвсгэрийн хэтийн төлөвийн үндсэн дээр өөр бусад хэрэглэгчийг нэмж холбох эрхтэй, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т зааснаар хэрэглэгч нь түгээх, зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах үүрэгтэй.
6.3 Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10-д зааснаар хэрэглэгч нь хангагчаас олгосон техникийн нөхцөл, зөвшөөрөл, батлагдсан зураг төслийн дагуу өөрийн эзэмшлийн шугамаас бусад хэрэглэгчийг холбуулах үүрэгтэй.
Иймд * ХХК-ийн техникийн нөхцөл олгосон гэрээнүүдийг цуцлахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.С тайлбарын агуулга:
7.1. Миний зүгээс хэлэх тайлбар байхгүй, манай зүгээс холбогдох хууль, журамд заагдсаны дагуу хүсэлтээ өгөөд техникийн нөхцөлийг авсан гэжээ.
8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С ХХК-ийн тайлбарын агуулга:
8.1. Нэхэмжлэгч * ХХК-ийн ** ТӨХК-тай байгуулсан гэрээг цуцлах шаардлага манайд хамаарч байна. Энэ шаардлагыг манай компани хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани тухайн гэрээг байгуулахдаа холбогдох хууль, дүрэм журамд заагдсаны дагуу байгуулсан. Дээрх харилцааг Эрчим хүчний тухай хуулиар зохицуулдаг. Эрчим хүч хэрэгжүүлэх үндэсний хорооноос баталсан дулааны эрчим хүч ашиглалтын журам гэж байгаа. Энэ журамд төрийн өмчит компанийн дулаан түгээх эрхэд нэхэмжлэгч нь саад учруулах эрхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
9.1 Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 30 дугаар зүйлийн 30.1.13, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт тус тус зааснаар * ХХК-ийн нэхэмжлэлтэй, * ТӨХК, *** ААТҮГ-т холбогдох Багануур дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэрчин хороолол * гудамж, * -р байрны гадна дулаан, цэвэр, бохир усны шугам, худгийн өмчлөгчөөр тогтоолгож Г ХХК, иргэн О.С , Н.М , Ж.А болон *** ААТҮГ-ын хооронд байгуулагдсан 50а хэрэглэгчийн гаргалгаанаас ДХ2 хүртэл 134 м дулаан, цэвэр усны шугам худаг, БУХ355-аас БХ-1 хүртэлх 570 м бохирын шугам, худгаас цэвэр усаар хангуулах, хэрэглээнээс гарсан бохир усаа нийлүүлэх, саарал ус ашиглах гэрээнүүдийг цуцлахыг *** ААТҮГ-т даалгах, С ХХК, Г ХХК нарын * ТӨХК-тай байгуулсан дулааны эрчим хүч нийлүүлэх гэрээнүүдийг цуцлахыг * ТӨХК-д даалгах, ** ТӨХК-д холбогдох Цахилгааны хангамжийн 6кв-ийн 110 м цахилгаан дамжуулах кабель шугамийн өмчлөгчөөр тогтоолгож, ** ТӨХК, Г ХХК, иргэн Ч.О , ***** ЗДТГ, иргэн Ж.А нарын хооронд байгуулагдсан цахилгаан хангамжийн 6/0,4 кв-ийн КТП-107 дэд өртөөнөөс цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнүүдийг цуцлахыг ** ТӨХК-д даалгах, **** ХХК-ийн ***** газарт холбогдох гадна холбооны кабель шугам, худгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,541,700, нэмэгдүүлсэн шаардлагад төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:
10.1 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа талаар дүгнэлт өгөөгүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн. Шийдвэрийн тогтоох хэсэгт Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт тус тус заасныг баримталж хэргийг хянан шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгчийн зүгээс өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгөд бусад иргэн, аж ахуйн нэгж зөвшөөрөлгүй холбогдоод байгаа учир техникийн нөхцөл болгосон тус гэрээнүүдийг цуцлахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх өмчлөгч мөн эсэх асуудалд тодорхой дүгнэлт өгөөгүй, хариуцагч нарын хариу тайлбарт тусгасан зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Эрчим хүчний тухай хууль нь эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт, хангах үйл ажиллагаа, эрчим хүчний барилга байгууламж барих, хэрэглэгчтэй холбоотой харилцааг зохицуулдаг.
10.2 2008 онд Монгол Улсын Засгийн газрын 40,000 айлын орон сууц буюу гэр хорооллын айлыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд Багануур дүүрэгт 2,520 айлын орон сууц барих төсөл хэрэгжүүлсэн. Тус төслийн дагуу Багануур дүүргийн Засаг дарга нь захиалагчаар, * ХХК гүйцэтгэгчээр оролцож, төсвийн санхүүжилтийг Засгийн газрын Капитал банкны хөрөнгөөс гаргах, БНСУ-аас гаргасан зээлийг хүүгийн хамт төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулагдсан. 2008 онд Засаг дарга 68,000 м.кв талбай газар эзэмшүүлсэн. Гэтэл 36 блок барихаас 30 айлын орон сууц барьж, бусад 1,080 айлын орон сууц барих хэмжээний хүчин чадал бүхий цахилгаан, дулаан, цэвэр ус хангах, холбох, зайлуулах худаг, цахилгаан шугам сүлжээний кабел, дэд станцуудыг өөрийн хөрөнгөөр барьж босгосон. 2010-2015 оны хугацаанд 280,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсан болохыг хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн үйл баримт тогтоогдсон.
Гэтэл анхан шатны шүүхээс хувийн хуулийн этгээд станцуудыг өмчлөх эрхгүй, төрийн өмч байх ёстой гэх агуулгаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар дүгнэлт өгөөгүй, холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. 1,050 айлын дэд бүтцийг барьсан байхад үүнийг төрийн өмч мэтээр үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т түгээх, зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах гэж зохицуулсан бөгөөд энэ нь өмчлөгчид хамаарах ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
11. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч ** ТӨХК-ийн хариу тайлбарын агуулга:
11.1 Анхан шатны шүүх хуралдаанд гомдолд дурдсан үндэслэлээр талууд хангалттай мэтгэлцсэн. Иймд анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараа дэмжиж байгаа учир нэмэлт тайлбар гаргах шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.
12. Давж заалдах гомдолд гаргасан * ТӨХК-ийн хариу тайлбарын агуулга:
12.1 Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн. Эрчим хүч дамжуулах шугам, дэд станц, анхдагч болон туслах алба, бүх эрчим хүчний салбарын барилга, байгууламж бүгд төрийн өмчид байхаар Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйл, дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийн 20.1.5-д тодорхой заасан. Тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, хувийн өмчийн хуулийн этгээдэд өмчлөгч нь шилжвэл өндөр эрсдэлтэй нөхцөл байдал үүснэ. Учир нь манай байгууллага Багануур дүүргийн хэрэглэгчдэд дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах үүргээ биелүүлэн ажилладаг бөгөөд 101 инженер техникийн ажилтан ажилладаг. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний дулаан дамжуулах төвүүдийн ашиглалт, засвар, гэмтлийг хариуцаж ажилладаг. Хэрэв хувийн өмчид шилжвэл Багануур дүүргийн хэрэглэгчдийн эрх ашиг ноцтой зөрчигдөнө. Эрчим хүчний хуулийн зохицуулалтад заасны дагуу төрийн өмчлөлд байсан нь зүйтэй гэжээ.
13. Хариуцагч *** ААТҮГ, **** ХХК-ийн ***** газар нь давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.
14. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.С , С ХХК, Г ХХК нь давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.
1.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.
2. Нэхэмжлэгч * ХХК нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч * ТӨХК, ** ТӨХК, *** ААТҮГ, **** ХХК-ийн ***** газарт тус тус холбогдуулан Багануур дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэрчин хороолол /******/, * гудамж /******/, ** дугаар байрны гадна дулаан, цэвэр, бохир усны шугам, худаг /байршил 50А хэрэглэгчийн гаргалгаанаас ДХ2 хүртэлх 134 метр дулаан, цэвэр усны шугам худаг, БУХ355-аас БХ-1 хүртэлх 570 метр бохирын шугам худаг/, цахилгаан хангамжийн 6кв-н 110 метр цахилгааны дамжуулах кабель шугам, 6/0,4 кв-ын дэд өртөө /байршил РП1 яч13 6кв агаарын шугамны Т3-аас 6/0,4 кв КТП-107 дэд өртөө хүртэлх 110 метр кабель шугам, дэд өртөө/, гадна холбооны кабель шугам, худгийн /байршил 27-р худгаас ** дугаар байр хүртэлх 90 метр кабель, худаг/ хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг гаргасан байна. /1хх1-4/
2.1 Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч *** ААТҮГ-рт холбогдуулан, Г ХХК, О.С , Н.М , Ж.А , А ХХК болон *** ААТҮГ-ны хооронд байгуулагдсан /байршил 50А хэрэглэгчийн гаргалгаанаас ДХ2 хүртэлх 134 метр дулаан, цэвэр усны шугам худаг, БУХ355-аас БХ-1 хүртэлх 570 метр бохирын шугам худгаас цэвэр усаар хангуулах, хэрэглээнээс гарсан бохир усаа нийлүүлэх, саарал ус ашиглах гэрээнүүдийг цуцлахыг *** ААТҮГ-т даалгах,
-хариуцагч ** ТӨХК Г ХХК-д холбогдуулан, Г ХХК, Ч.О , ***** газар, Ж.А болон ** ТӨХК Г ХХК-ийн хооронд байгуулагдсан Багануур дүүрэг дэх цахилгааны хангамжийн 6/0.4 кв-н КТП-107 дэд өртөөнөөс цахилгааны эрчим хүчээр хангах гэрээнүүдийг цуцлахыг ** ТӨХК Г ХХК-д даалгах,
-С ХХК, Г ХХК болон * ТӨХК-тай байгуулсан дулааны эрчим хүч нийлүүлэх гэрээнүүдийг цуцлахыг * ТӨХК-д даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ./1хх 136-138/
3. Хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагыг ...хариуцвал зохих этгээд биш, ...тухайн эд хөрөнгө нь хариуцагчийн өмчлөлийн хөрөнгө биш, ...нэхэмжлэгч тухайн эд хөрөнгийг хуульд зааснаар арчлан хамгаалах үүргээ биелүүлээгүй, ...хуульд зааснаар хариуцагч нь хэрэглэгчийг дулаан, цахилгаан эрчим хүч, усаар хангах үүрэгтэй гэж тус тус маргажээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон хариуцагчаа тодорхойлох эрхтэй.
4.1 Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч тус бүр, эсхүл хамтран нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг хэрхэн хариуцах, хариуцагч нар нэхэмжлэгчийн хууль болон гэрээнд заасан ямар эрхийг хэрхэн зөрчиж байгаа нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх өөрөө нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тус бүрт хамаатуулан тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг анхан шатны шүүх тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу.
4.2 Талууд нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаар маргаагүй боловч тухайн эд хөрөнгө бодитоор оршидог эсэх үйл баримтыг шүүх тогтоогоогүй байна.
4.3 Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад хариуцагч болон гуравдагч этгээд нарын хооронд байгуулагдсан гэрээг цуцлахыг даалгах агууллагатай байх бөгөөд чухам хэний хооронд, хэзээ байгуулагдсан, ямар харилцааг зохицуулсан гэрээг ямар үндэслэлээр цуцлахыг хариуцагчид даалгаж буй үндэслэлийг шүүх тодруулаагүй. Түүнчлэн, тухайн гэрээг цуцалснаар эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гуравдагч этгээдийг бүрэн тодорхойлоогүй байна.
4.4 Нэхэмжлэгчийн хариуцагчаар тодорхойлсон **** ХХК-ийн ***** газар нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан хуулийн этгээдийн эрхтэй эсэх нь тодорхойгүй байхад холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
5. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой байснаар талууд тухайн маргааны үйл баримтын талаарх нотлох баримтыг гаргаж мэтгэлцэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан холбогдох хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл, шүүх маргааны зүйлийг зөв тодорхойлж, түүнтэй холбоотой үйл баримтыг тогтоож, шаардлага тус бүрд эрх зүйн дүгнэлт өгч, холбогдох хуулийг тайлбарлан хэрэглэх учиртай.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүйгээс талууд бүрэн мэтгэлцээгүй, хэргийн үйл баримт тогтоогдоогүйг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцэтгэх буюу хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 103/ШШ2023/00341 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,611,900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
М.БАЯСГАЛАН