Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 268

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,

Улсын яллагч Ч.Алтансүх,

Хохирогч Д.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Баярбаясгалан,

Шүүгдэгч Б.Д , түүний өмгөөлөгч С.Батдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Д д холбогдох эрүүгийн 1906 00293 00122 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Баянхангай суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Баялаг-Ундраа” худалдааны төвд гар утасны лангуу ажиллуулдаг ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо,   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Б.Д .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Б.Д  нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Баялаг-Ундраа” худалдааны төвийн автомашин орох хаалганы орчим иргэн Д.Мөнхбаяртай зогсоолд оруулсангүй гэсэн шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д  мэдүүлэхдээ: “...Би 35-03 УБЧ улсын дугаартай өөрийн машинтайгаа 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр16 цаг 10 минутын орчим ажил руугаа буюу “Баялаг-Ундраа” худалдааны төвийн төв хаалгаар орох гэхэд Д.Мөнхбаяр ах “оруулахгүй, нэвтрэх үнэмлэх байна уу” гэж байсан. Би тухайн үед үнэмлэхээ мартсан. Дүүг аваад ир гээд хэлсэн байсан. Тэгэхэд Д.Мөнхбаяр ах “чи үнэмлэхгүй бол хойшоо ухарчих” гэсэн. Тэрнээс болж бид хоёр маргалдсан, хэрэлдсэн. Тэгээд Д.Мөнхбаяр ах над руу хоёр удаа далайсан. Тэгээд 3 дахь дээрээ Д.Мөнхбаяр намайг цохихоор нь би бууж очоод зөрүүлээд цохисон. Бөгжтэй гар таарсан. Гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна.

       

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Мөнхбаяр мэдүүлэхдээ: “...Шүүгдэгч Б.Д ын ярисантай зарчмын хувд санаа нийлж байна. Гэхдээ Б.Д ын нүүр нь хавдсан зүйл байгаагүй. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 16 цаг 20 минутын орчим би ажлаа хийгээд байж байхад Б.Д  ирж маргалдаж намайг цохисон. Гомдолтой байна. Томографт харуулсан 120.000 төгрөг, эмчилгээ буюу эмч тарианд 367.200 төгрөг, цалин хөлсний зөрүү 450.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг нийт 1.437.200 төгрөг нэхэмжилж байна.  

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Мөнхбаярын өгсөн тайлбар, мэдүүлэг /хх-3, 12/, хохирол нэхэмжилсэн баримт /хх-21/, гэрч Б.Цогтгэрэлийн өгсөн мэдүүлэг /хх-19/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 788 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-22/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6/, шүүгдэгч Б.Д ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-28/, хохирол нэхэмжилсэн баримт 3 хуудас, “Нарантуул” ОУХТөвийн тодорхойлолт 1 хуудас, эмнэлгийн магадлагаа, чөлөөний хуудас, Д.Мөнхбаярын цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар 6 хуудас зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

  

 Шүүгдэгч Б.Д  нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Баялаг-Ундраа” худалдааны төвийн автомашин орох хаалганы орчим иргэн Д.Мөнхбаяртай зогсоолд оруулсангүй гэсэн шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Мөнхбаярын өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 16 цаг 20 минутын орчим би ажлаа хийгээд байж байхад 35-03 УБЧ улсын дугаартай хар өнгийн тоёота хариар ирээд “Баялаг-Ундраа” худалдааны төвийн төв хаалгаар орох гэхээр нь “түрээслүүлэгчийн үнэмлэхээ үзүүл” гэж хэлэхэд тухайн машины жолооч “юун сүртэй юм бид нар ингээд орчихдог дээ, пизда минь хөгшин төгцөг” гэх мэтээр хэлсэн. Арын машинуудын жолооч нар “оръё” гээд байхаар нь “чи хойшоо ухарчих арын машинуудаа оруулчих” гэж хэлэхэд тухайн машины жолооч машинаасаа бууж ирээд миний нүүр рүү хоёр удаа цохиод яваад өгсөн. Баруун хөмсөг задарч нүд хөхөрч хавдсан байсан...Нийт 3 сая төгрөг нэхэмжилж байна.” /хх-12-15/ гэх мэдүүлэг,

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Цогтгэрэлийн өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би “Баялаг-Ундраа” худалдааны төвийн автомашин орох хаалга хэсэгт ажиллаж байхад 35-03 УБЧ улсын дугаартай автомашин орох гэсэн. Би манаачийн байрны цонхоор кофе уугаад зогсож байхдаа хартал тухайн жолооч Д.Мөнхбаяр хоёр маргаад байх шиг бие бие рүүгээ далайгаад байсан. Намайг дээрээс харах үед Д.Мөнхбаяр руу 2 удаа цохиж байсан.” /хх-19/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 788 дугаартай дүгнэлтэд:  

1. Д.Мөнхбаярын биед тархи доргилт, баруун хөмсөгт шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-22/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Д ын яллагдагчаар өгсөн: “...Би бөгжтэй гараараа баруун талын хөмсөг хэсэгт нь нэг удаа цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” /хх-33/,  

 

Эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан тухай тогтоол /хх-4-5/,

Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6/,

Шүүгдэгч Б.Д ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-28/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Д ын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Баялаг-Ундраа” худалдааны төвийн автомашин орох хаалганы орчим иргэн Д.Мөнхбаяртай зогсоолд оруулсангүй гэсэн шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Д ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Хохирогч Д.Мөнхбаяр нь нийт 1.437.200 төгрөг нэхэмжилсэнээс нотлох баримтын хэмжээнд үнэлэгдсэн 937.200 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгох нь зүйтэй байна.

Харин Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж өмгөөлөгчийн хөлсний талаар заажээ. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчид төлсөн хөлсийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул дээрх 500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүйг тэмдэглэж байна.

 

Харин хохирогч Д.Мөнхбаяр нь гэм хорын зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хэрэгт хураагдсан бичлэг бүхий сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэгт хадгалахаар тогтов.

 

Шүүгдэгч Б.Д  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.Д ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Д ыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Д  нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Д  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар Б.Д аас 937.200 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Мөнхбаярт олгосугай.

 

6. Хохирогч Д.Мөнхбаяр нь гэм хорын зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хадгалсугай.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Д  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.  

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                              ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС