Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 213

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

          Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

          Хохирогч Б.Б,

          Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бт холбогдох 1806 09556 0049 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Төв аймгийн Эрдэнэсант суманд 1971 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өврийн 4 дүгээр гудамжны 2045 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Т овогт Г-ийн Б /РД:........../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          Г.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баяжих” дэлгүүрийн үүдэнд иргэн Б.Бы эзэмшлийн 66-74 УБК улсын дугаартай Ниссан Нөүт загварын автомашиныг санаатайгаар зурж гэмтээн 740,000 төгрөгийн хохирол учруулсан,

          Мөн 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баяжих” дэлгүүрийн үүдэнд байсан иргэн Б.Бы эзэмшлийн 66-74 УБК улсын дугаартай Ниссан Нөүт маркийн автомашиныг завших зорилгогүйгээр эзэшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бийн өгсөн: “... Хохирогч Б аавынхаа гэрээс гарч ирээгүй, Нарангэрэлтэй хамт өдөржин архи уусан юм. Намайг хашааны гадаа тамхи татаад зогсож байх үед Б, Нарангэрэл нар караокед орж дуулна гээд гарах гэж байсан. Би хохирогчид “чи ямар их мөнгөтэй юм бэ? Надаас зээлсэн мөнгөө өг” гэж хэлсэн. Гэтэл хохирогч намайг маажих гээд дайрч байсан. Хохирогч худал мэдүүлэг өгсөн байсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бы өгсөн: “... Би анх шүүгдэгчид зодуулсан. Миний гар утсан дээр зураг нь байгаа. Намайг зодсоныхоо дараа шүүгдэгч надтай уулзаж уучлалт гуйгаагүй. Байцаагч намайг шүүх эмнэлэгт үзүүл гэж хэлсэн боловч би үзүүлээгүй. Шүүгдэгчид гомдолгүй гэж хэлсэн. Би өөрөө багш хүн учир согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ч өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан. Шүүгдэгч тухайн үед согтуу байсан учир болсон асуудлыг санахгүй байна. Нарангэрэл болон түүний гэрийнхэн намайг шүүгдэгчид зодуулж байхыг харсан байж надад туслаагүй. Шүүгдэгч өмнө нь зээлээ төлөх гээд надад мөнгө хэрэгтэй болсон үед 60,000 төгрөг өгч байсан. 2018 оны 07 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд шүүгдэгч, Нарангэрэл, бид хоёртой хамт дэлгүүр явж хувцас хунар авч өгсөн. 2018 оны 10 дугаар сарын 14-ний өглөө би Нарангэрэлийн төрсөн охинтой таарч Нарангэрэл, шүүгдэгч хоёрыг хамт амьдарч байгаа гэдгийг мэдсэн. Шүүгдэгч надаас нэг ч удаа мөнгө нэхэж, над руу залгаагүй. Хэрвээ над руу залгасан бол би шүүгдэгчийн мөнгийг буцааж төлөх боломж байсан. Би багш хүний хувьд шүүгдэгч Г.Бт эр эмийн хувьд эерэг хандлага гараагүй учир надад хорсож, миний машиныг зурсан гэж бодож байна. Надад шүүгдэгчийг шоронд суулгах ямар ч шаардлага байхгүй. Хэрэг гарсанаас хойш шүүгдэгч хэргээ хүлээхгүй байсан учир их хугацаа зарцуулсан. Вьетнам засварын газар 1,000,000 төгрөгөөр янзална гэж хэлсэн. Би шүүгдэгчээс 1,000,000 төгрөг нэхээгүй. Шүүгдэгч надад 500,000 төгрөг өгөх гэсэн үедээ юм цацсан. Нарангэрэл бөөгийн зан зүйлийг шүтдэг юм. Шүүгдэгч надад дахин мөнгө өгөх талаар яриагүй. Би шүүгдэгчид 740,000 төгрөг өгчих гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бы өгсөн: “... би 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр 2-1999 тоотод байх эцэг Бордухын гэрээс гарч дэлгүүр орох гээд явж байтал миний араас нэг хүн цохиод авсан. Эргээд хартал танил Б байсан. Чи яаж байгаа юм бэ гэтэл би чамаас авлагатай, чи надад машиныхаа түлхүүрийг өг би машиныг чинь авлагандаа авлаа гэж хэлсэн... Б миний гараас машины түлхүүр булаан аваад миний машиныг унаад яваад өгсөн... машинаа бариулж гражинд оруулаад хартал миний машиныг Б ямар нэгэн зүйлээр зурж гэмтээсэн байсан...” гэх мэдүүлэг /хх.10-15/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Булгантамирын өгсөн: “... Дэлгүүрийн гадна гараад тэр ах эгч хоёр xoopондоо ноцолдож зодолдоод нөгөө эгч нь газар унаад чирэгдээд байсан юм. Гэтэл нөгөө ах хохирогч эгчийн гараас нь түлхүүрийг нь булааж авч байсан ба зодооныг хэн ч салгаагүй байхад нөгөө хохирогч эгч өөрөө салаад Нараа эгчийн гэр лүү орчихсон юм. Гэтэл нөгөө ах машиных нь түлхүүрийг барьж байгаад машиныг зураад бүтэн нэг удаа тойрсон юм. Тэгчихээд намайг ахын дүү энэ машины 4 дугуйг нь шивээд хагалчих гэж хэлсэн ба энэ үед би юу ч дуугараагүй юм. Тэгээд тэр ах нөгөө эгчийн машиныг зурж сэвтүүлчихээд унаад гудамжаар доошоо явсан ба жаахан байж байгаад нөгөө ах машиныг нь унаад эргээд ирсэн юм. Хар саарал өнгийн Ниссан нөүт маркийн машин байсан...” гэх мэдүүлэг /хх.24-25/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Б.Хишигнямын өгсөн: “... хоёр хүн зодолдож байх үед эрэгтэй нь эмэгтэйгийнхээ машины түлхүүрийг гарнаас нь булааж авсан ба эмэгтэй нь Нараа эгчийн гэр лүү орсон, харин нөгөө эрэгтэй ах нь нөгөө эгчийн саарал өнгийн машиныг асааж унаад гудамжаар доошоо уруудаад явчихаад ойролцоогоор 5-10 минутын дараа машиныг нь унаад буцаж ирээд Нараа эгчийн хашааны үүдэнд зогссон юм...” гэх мэдүүлэг /хх.26/,

          “Арвижих-Эстимейт” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ хийсэн тайлан /хх.28-29/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Г.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баяжих” дэлгүүрийн үүдэнд иргэн Б.Бы эзэмшлийн 66-74 УБК улсын дугаартай Ниссан Нөүт загварын автомашиныг санаатайгаар зурж гэмтээн 740,000 төгрөгийн хохирол учруулж, улмаар уг автомашиныг завших зорилгогүйгээр эзэшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бы өгсөн: “... Б миний гараас машины түлхүүр булаан аваад миний машиныг унаад яваад өгсөн... машинаа бариулж гражинд оруулаад хартал миний машиныг Б ямар нэгэн зүйлээр зурж гэмтээсэн байсан...” гэх мэдүүлэг /хх.10-15/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Булгантамирын өгсөн: “... Гэтэл нөгөө ах хохирогч эгчийн гараас нь түлхүүрийг нь булааж авч байсан... нөгөө ах машиных нь түлхүүрийг барьж байгаад машиныг зураад бүтэн нэг удаа тойрсон юм... Тэгээд тэр ах нөгөө эгчийн машиныг зурж сэвтүүлчихээд унаад гудамжаар доошоо явсан ба жаахан байж байгаад нөгөө ах машиныг нь унаад иргээд ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх.24-25/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Б.Хишигнямын өгсөн: “... хоёр хүн зодолдож байх үед эрэгтэй нь эмэгтэйгийнхээ машины түлхүүрийг гарнаас нь булааж авсан ба эмэгтэй нь Нараа эгчийн гэр лүү орсон, харин нөгөө эрэгтэй ах нь нөгөө эгчийн саарал өнгийн машиныг асааж унаад гудамжаар доошоо уруудаад явчихаад ойролцоогоор 5-10 минутын дараа машиныг нь унаад буцаж ирээд Нараа эгчийн хашааны үүдэнд зогссон юм...” гэх мэдүүлэг /хх.26/,

          “Арвижих-Эстимейт” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ хийсэн тайлан /хх.28-29/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бы өгсөн: “... Би анх шүүгдэгчид зодуулсан. Миний гар утсан дээр зураг нь байгаа. Намайг зодсоныхоо дараа шүүгдэгч надтай уулзаж уучлалт гуйгаагүй...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Г.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Автотээврийн хэрэгсэлийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” болон “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

          Г.Бийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Б.Бы уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохиролд нэхэмжилсэн 740,000 төгрөгийг шүүгдэгч Г.Бөөс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

          Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

          Г.Б нь “Автотээврийн хэрэгсэлийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” болон “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Г.Бийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэв.

          Г.Бт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Г.Бт оногдуулсан нийт 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.

          Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Т овогт Г-ийн Бийг “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг, “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Шүүгдэгч Г.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

          3. Г.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Бт сануулсугай.

          5. Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Бөөс 740,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Бд олгосугай.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР