| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0258/э |
| Дугаар | 0274 |
| Огноо | 2019-02-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 0274
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Э.Алтанзул.
улсын яллагч: Ц.Гантулгабат
шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Батсүх
шүүгдэгч: Б.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ө овогт Б О холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806005040216 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ө овогт Б О,19 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Завхан аймгийн сумын дугаар баг гэх газар оршин суудаг хаягийн бүртгэлтэй, Улаанбаатар хотод Баянзүрх дүүргийн дугаар хороо Дүүргийн дугаар гудамжны тоотод байрлах Д М НҮТББ-гад байрладаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2004 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 272 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялаа Тахир Соёот дахь хорих ангид элдэж байгаад сүрьеэ өвчний учраас 2007 оны 7 дугаар сарын 09-нд 1 жил 4 сар 16 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж суллагдаж байсан, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
Б.О нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Консулын 3-99 тоотод С.З зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2012 оноос хойш хамтран амьдрагч О хамт шил лааз түүж гадуур тэнэмэл байдлаар амьдарч байгаа бөгөөд О бид хоёр шил лааз, түүхдээ мөн Т, М, Б, З гэх хүмүүстэй хамт түүж, олсон мөнгөөрөө архи авч уудаг юм. 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр О, Т, М, Б, З бид нар өдөржингөө шил, лааз түүгээд 18-20 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Нарантуул захын хойд талд байрлах түүхий эд авах цэгт түүсэн шил, лаазаа тушаагаад 10.000 гаруй төгрөгтэй болсон. Уг мөнгөөрөө Халдвартын эцсийн автобусны буудлын орчим байрлах хүнсний дэлгүүрээс 0.75 литрийн хэмжээтэй Хандгай архи 2 шилийг аваад 22.00 цагийн орчимд Нарантуул захын хойд талд байрлах өөрсдийн амьдардаг балгасанд очиж уусан. Архи уугаад сууж байхад З нь Б хандаад чи шил лааз түүхгүй байж бидний олсон архинаас уулаа чи ер нь манайхаас зайл гэсэн. Үүнээс болж Б, З хоёр бага зэрэг маргалдсан. Би боль гэж хэлээд салгах гэхэд болихгүй миний үгийг тоохгүй байсан. Тэгэхээр нь би ууж байсан тал шилтэй архийг авч З толгой руу цохиход З ямар нэгэн зүйл хэлээгүй бөгөөд З толгойны хэсэгт би дахиад цохиход архины шил хагарсан. Гэтэл З толгойны ар дагзны хэсгээс доошоо хүзүүг нь дагаад цус гарсан. Би З толгойг боож өгсөн. Тэгээд би түргэн дуудья гэхэд З хэрэггүй зүгээр гэсэн. Тэгээд бид нар унтаад маргааш нь шил лааз түүхээр гарахад З миний толгой өвдөөд байна. Өвчин намдаах эм авч ирээрэй гэсэн. Бид нар шил лааз түүж мөнгө олоод уг мөнгөөрөө архи аваад эргээд балгасандаа ирэхэд З цээж нүцгэн хэвтэж байсан. Гэтэл тэр нас барсан байсан. Тэгээд Т гараад цагдаад дуудлага өгсөн. Би З толгой руу архины шилээр 2 удаа л цохисон гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.И мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: З бол миний хамгийн том хүү байгаа юм. Би 5 хүүхэдтэй юм. 2 хүүхэд маань нас бараад одоо надад 3 хүүхэд байгаа. Манайх Баянхонгор аймгийн айл, хотод орж ирээд 2 жил болж байна. Би түрээсийн байраар амьдарч байна. З бол тогтсон орон гэргүй гадуур л тэнээд явдаг юм. Би З нас барахаас нь 7 хоногийн өмнө Нарантуул зах дээр шуудайтай юм үүрчихсэн явж байхад нь таарсан. Хаагуур юу хийгээд яваад байгаа юм архи дарс битгий уу гэж хэлээд өнгөрсөн. Халамцуу явж байсан надад 1000 төгрөг өгсөн. Үүнээс хойш 7 хоногийн дараа цагдаагаас над руу ярьсан. Надтай уулзахдаа нүүр нь шалбарсан явж байсан байнга л архи дарс ууж байдаг юм. Цагдаагаас хэлэхдээ архины гүн хордлогоор нас барсан гэж хэлсэн гэжээ. / хх-н 22-28/
Гэрч У.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Өчигдөр орой амьдардаг байшиндаа талийгаач, О түүний эхнэр О, Н, Т бид нар 2 шил Хандгай архи аваад орсон. Тэгтэл Н О наад гурав чинь шил сав түүсэн мөнгөө өөрсдөө авчихаад гаргахгүй байна гэж хэлтэл О ах талийгаачийг гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би боль гэхэд намайг зөрүүлээд задлаагүй архины шилээрээ миний толгой руу цохьсон. Тухайн үед миний толгойд ямар нэгэн гэмтэл учраагүй. Тухайн үед бид нар архиа уугаад дуу дуулаад сууж байтал О ах тал шилтэй архиар талийгаачийн толгой дээр цохьсон. Гэтэл архины шил хагарсан. Талийгаач толгой эргээд байна гээд гарч байсан. Түргэн дуудхуу гэхэд яахын бэ гэсэн. Ингээд бид нар унтаад өглөө нь шил лааз түүхээр гарах гэхэд З толгой өвдөөд байна би гарахгүй та нар иэрхдээ өвчин намдаах эм аваад ирээрэй гэсэн. Орой бид нар архи аваад иртэл Золбаяр цээж нүцгэн хэвтэж байсан. Гэтэл өнгөрсөн байсан ингээд цагдаад дуудсан гэжээ. / хх-н 6/
Гэрч Х.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Өчигдөр орой буюу 2018 оны 11 дүгээр сарын 8-ны орой 16.00 цагийн орчимд талийгаач Зр, манай эхнэр М бид гурав өдөр түүсэн шил саваа далангийн хажуу талын Т ахын цэгт тушаасан. Тэгээд мөнгөө аваад архи авчихаад О ах дээр очихоор явж байтал өмнөөс О ах, түүний эхнэр хоёр өмнөөс гараад ирсэн. Тэгээд удаан худгийн хажууд архиа хувааж уусан. Гэтэл О ах өврөөсөө S3 гар утас гаргаж ирээд Шн дэлгүүр дээр аваачаад зарчихий гээд уг дэлгүүр дээр очоод 18.000 төгрөгөөр зарсан. Уг мөнгөөр 2 шил архи аваад гэртээ ирцгээсэн. Архиа ууж байхад На Оо ахын чихэнд юм шивнээд байсан. Гэтэл Оо ах та нар яахаараа мөнгөө харамлаж байдаг юм гээд архины шилээр З толгойд нь цохисон. Тэгээд хагарсан шилээрээ дахиад толгойд нь зоосон. Бид нар хүн аллаа гэж орилоод болиулсан. Бид нар унтах гэж байхдаа би З түргэн дуудах уу гэхэд яах юм харин өглөө надад эм аваад мөн 100 грамм аваад ирээрэй гэсэн. Өглөө босоход О ах эхнэртэйгээ алга байсан. Би гэрээсээ гараад өдөр эм архи аваад иртэл З нас барсан байсан. Ингээд би цагдаа дуудсан гэжээ. /хх-н 7-8/
Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Ол бид хоёр 2010 оноос хойш хамт амьдарч байна. Дундаасаа хүүхэд байхгүй. Одоо Д Минж төрийн бус байгууллагад амьдарч байна. 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Ол бид хоёр үдээс хойш Нарантуул зах орсон. Захын арын хаалган дээр З, Т, Н нартай таарсан. Н бол эмэгтэй нөгөө хоёр нь эрэгтэй хүмүүс. Бид нар нийлээд шил лааз түүдэг юм. Бид нар нэг шил архи уучихаад дахиад нөгөө 3 яваад хоёр шил архи авч ирсэн түүнийг уусан. Тэгээд амьдардаг байрандаа ирээд хоол хийж идсэн. Би их уусан болохоор ямар зүйл болсоныг мэдэхгүй байгаа юм. Өглөө нь сэрэхэд З толгой өвдөөд эм авчирч өгөөрэй гэж байсан. Бид нар гарч яваад буцаад иртэл Золбаяр нас барсан байсан гэжээ. /хх-н 3234-14/
Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн дүгээр хороо тоот гэртээ унтаж байтал гадаа нохой хуцаад байхаар нь гартал манай баруун талын 99 тоот хашаанд хэдэн согтуу хүн гал түлээд сууж байсан. Тэд нар хоорондоо хэрэлдээд муудалцаад байх шиг байсан. Тэгээд орилж хашгираад байхаар нь та нар болиоч хүн амьтан амраагаач гэж хэлсэн. Гэтэл нэг эрэгтэй хүн нь дуугүй бай шавар тагзандаа ор хоолойг чинь хэрчинэ шүү гээд байсан. Тэгээд би гэртээ ороод амарсан. Тухайн 99 тоот хашаанд 3 эрэгтэй, 1 эмэгтэй хүн байсан. Бүгд архи уудаг хүмүүс бололтой байсан гэжээ. /хх-н 15-16/
Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр З буюу З Нарантуул зах дээр таарсан. Бид хоёр явж байгаад О ах, түүний эхнэр О, Дн нартай таарсан. Бид нар гудманд нэг шил архи ууцгаасан. Дараа нь эзгүй хашаанд очоод мөн архи ууцгаасан. Бид нар уг хашаанд байдаг эзгүй байшинд орж цай чанаж уугаад өдөр хийсэн байсан цуйвангаа идсэн. Тэгээд байж байтал О ах З хоёр маргалдсан. Гэтэл О ах ууж байсан архины шилээрээ Зн толгойн хэсэгт цохитол архины шил хагарсан. Тухайн үед 23.00 цаг болж байсан. Ол ах нэг л удаа архины шилээр толгойн тус газарт нь цохисон гэжээ. / хх-н 18/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 35/
Цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ № 2504 дүгнэлт:
1.2. Талийгаачийн цогцост дагзны хуйхны язарсан шарх, хоёр бугалганы зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба үхэлд нөлөөлөөгүй, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.
4. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
5. Талийгаач 0/I/ бүлгийн цустай байна.
6. Талийгаачийн цусанд 4.3 % спирт илэрсэн, хүнд зэргийн согтолтын хэмжээ болно.
7. Талийгаач нь спитртийн цочмог хордлогоос нас баржээ гэжээ. /хх-н 36-39/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 40-41/
Б.О иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 59/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 51/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 60-61/
Б.О хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 42-43/,
Б.О Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 44/, прокурорын тогтоол /хх-н 45-46/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 48-50/ зэрэг болно.
Б.О нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Баянзүрх дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Консулын 3-99 тоотод С.З мөнгөө харамлаж байдгийн гэж хэлээд архины шилээр түүний толгойд нэг удаа цохисоноос дагзны хуйхны язарсан шарх, хоёр бугалганы зулгаралт бүхий хөнгөн хохирол эрүүл мэндэд нь учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн... Гэрч У.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Насаа О наад гурав чинь шил сав түүсэн мөнгөө өөрсдөө авчихаад гаргахгүй байна гэж хэлтэл О ах талийгаачийг гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би боль гэхэд намайг зөрүүлээд задлаагүй архины шилээрээ миний толгой руу цохьсон. Тухайн үед миний толгойд ямар нэгэн гэмтэл учраагүй. Тухайн үед бид нар архиа уугаад дуу дуулаад сууж байтал О ах тал шилтэй архиар талийгаачийн толгой дээр цохьсон. Гэтэл архины шил хагарсан. Талийгаач толгой эргээд байна гээд гарч байсан гэсэн мэдүүлэг / хх-н 6/, Гэрч Х.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Архиа ууж байхад Н О ахын чихэнд юм шивнээд байсан. Гэтэл О ах та нар яахаараа мөнгөө харамлаж байдаг юм гээд архины шилээр З толгойд нь цохисон. Тэгээд хагарсан шилээрээ дахиад толгойд нь зоосон. Бид нар хүн аллаа гэж орилоод болиулсан гэсэн мэдүүлэг / хх-н 7-8/, Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... О ах ууж байсан архины шилээрээ З толгойн хэсэгт цохитол архины шил хагарсан. Тухайн үед 23.00 цаг болж байсан. О ах нэг л удаа архины шилээр толгойн тус газарт нь цохисон гэсэн мэдүүлэг / хх-н 18/ Шүүгдэгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Архи уугаад сууж байхад Золбаяр нь Батнасанд хандаад чи шил лааз түүхгүй байж бидний олсон архинаас уулаа чи ер нь манайхаас зайл гэсэн. Үүнээс болж Б, З хоёр бага зэрэг маргалдсан. Би боль гэж хэлээд салгах гэхэд болихгүй миний үгийг тоохгүй байсан. Тэгэхээр нь би ууж байсан тал шилтэй архийг авч З толгой руу цохиход З ямар нэгэн зүйл хэлээгүй бөгөөд З толгойны хэсэгт би дахиад цохиход архины шил хагарсан. Гэтэл З толгойны ар дагзны хэсгээс доошоо хүзүүг нь дагаад цус гарсан. Би З толгойг боож өгсөн. Би З толгой руу архины шилээр 2 удаа л цохисон гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Б.О нь хамт архи ууж байгаад С.З та нар яахаараа мөнгөө харамладаг юм гэж хэлээд толгойн тус газар нь архины шилээр хоёр удаа цохисоноос С.З биед дагзны хуйхны язарсан шарх, хоёр бугалганы зулгаралт бүхий хөнгөн хохирол эрүүл мэндэд нь учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч С.З нь маргааш өглөө нь архины хурц хордлогын улмаас нас барсан байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн эх А.Иг томилсон ба ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ө овогт Б О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.О 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Б.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН