Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 1388

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/03662 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХ-д холбогдох,

 

“ХХХ” СӨХ-ны тамга, тэмдэг, ажлын байрыг хүлээлэн өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

 

Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: ХХХХХ,

Хариуцагчийн өмгөөлөгч: ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн хурлын байранд иргэдийн санаачилгаар 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “ХХХ” СӨХ-ны хурал хуралдсан ба тус хурлын тэргүүлэгчээр оршин суугчдын саналаар миний бие сонгогдсон. Хурлын ирцийг ХХХ-ээр бүртгүүлж, ирсэн хүмүүсээр гарын үсэг зуруулж, оршин суугчдын өөрсдийн санаачилгаар хуралд биечлэн оролцож чадахгүй 54 хүний саналыг бичгээр авсан. Тус хурлаар Удирдах зөвлөлийн 5 гишүүн, хяналтын зөвлөлийн 3 гишүүн, сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал ХХХХХ нарыг албан тушаалаас нь огцруулах саналыг оршин суугчдын 100 хувийн саналаар гаргасан. Шинээр томилогдсон Удирдах зөвлөлийн гишүүд намайг Удирдах зөвлөлийн даргаар сонгож, улмаар удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор ХХХХХг албан ёсоор ажлаас чөлөөлсөн. Хурлын тогтоолыг тухайн өдрөө ХХХХХгийн гэрт нь хүргэж өгөхөд түүний нөхөр нь урж, намайг зодох гэхэд нь би Баянгол дүүргийн Цагдаад дуудлага өгснөөр яваад өгсөн. Би тухайн үйл явдлын дараа маш их айсан учраас 54 хүний санал бүхий бичиг баримтыг ХХХ шилжүүлж өгсөн. ХХХХ-өөс бичиг баримтыг авч, ураад нотлох баримтыг устгах оролдлого хийсэн. Хариуцагч ХХХХХг 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн бүх гишүүдийн хурлын шийдвэрийг хүндэлж, шинээр томилогдсон гүйцэтгэх захиралд тамга тэмдгийг нь хүлээлгэн өгнө үү, ажлын байрыг гаргаж өгнө үү гэсэн шаардлага гаргаж байна гэв.

 

Хариуцагч ХХХХХ, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хурал болоогүй гэж үзэж байна. Бүх гишүүдийн хурлыг сууц өмчлөгчдийн холбооноос гаргах ёстой эсвэл удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүх гишүүдийн санаачилгаар хуралдах ёстой. СӨХ-ны төлбөрөө төлдөггүй 10 гаруй хүмүүс нийлэн, миний эрхэнд халдаж, намайг гүтгэж, айлуудаар хүртэл намайг доромжилж яваад бүтэн жил өнгөрлөө. Би оршин суугчдын эрүүл аюулгүй байдлыг хангаж ажиллаж байсан. Тортой бичгийг би гэртээ авж ороогүй намайг гүтгэж байна. Манай нөхөр хүн айлгахаар хүн биш. Нэхэмжлэгч хэлэхдээ “намайг сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлдөггүй гэж гүтгэж байна” гэж хэлж байсан. Одоо хүртэл мөнгөө төлөөгүй байгаа. Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлдөггүй хэсэг хүмүүс хуйвалдаж, гарын үсэг цуглуулан миний нэр хүндэд халдаж байна. “ХХХ” СӨХ нь хуулийн этгээдийн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Удирдах зөвлөл хуралдаж намайг гүйцэтгэх захирлаар томилсон гэж байгаа Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10.1-д зааснаар Удирдах зөвлөлийн дарга нь энэ хурлыг зарлах, товлох, зохион байгуулах эрхтэй байна. Шүүх хуралдаанд хариуцагчаар оролцож байгаа ХХХХХ нь тус сууц өмчлөгчдийн холбоонд маш их зүйлийг хийж байсан. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.7, 10.8.2, 10.10.4 дэх заалтыг баримтлан ХХХХХгаас "ХХХ" СӨХ-ны тамга тэмдэг, ажлын байрыг гаргуулж, нэхэмжлэгч ХХХХд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийч 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХХХгаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ИХШХШТ хуулийн 62 зүйлийн 62.1.1-д зааснаар нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаагаа нэхэмжлэгч өөрөө заах бөгөөд 2015 оны 12 сарын 16-ний өдөр нэхэмжлэгч ХХХХ нь нэхэмжлэл гаргахдаа Баянгол дүүргийн иргэний анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад, Баянгол, Хан Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгч ХХХ нь өөрийн шүүхийн харъяалалыг зөрчиж нэхэмжлэгч ХХХХ-ийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатний шүүхийн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэж, шүүхийн харъяалалыг шүүгч ХХХ нь хэт нэг талд үйлчилсэн юм. Нэхэмжлэгч ХХХХ нь 2015 оны12 сарын 16-ны өдөр Баянгол шүүхийн иргэний хэргийн шүүхийг заасан ба 2015 оны 6 сарын 19 ний өдөр Монгол Улсын шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйл анхан шатны шүүхийн байршил тэдгээрийн нутаг дэвсгэрийн харъяаллыг доор дурдсанаар тогтооно. 2 заалтаар Баянгол, Хан Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх гэсэн нэрээр нэршиж 2015 оны 7 сарын 1 ний өдрөөс эхлэн дагаж шүүхүүдийн үйл ажиллагаа явагдаж байсан юм. Тухайн үед Баянгол гэсэн нэртэй шүүх байхгүй хх-1талд нэхэмжлэл дээр бичсэн байгаа юм. Тус нэхэмжлэлийн шаардлагыг 2015 оны 11 сарын 09 ний өдрийн 102/Ш32015/30382 тоот шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамжинд заагдсан зөрчлүүд арилаагүй хэвээр байгаа юм. ХХХХ болон хурал хийсэн гэх хүмүүс нь бүгд СӨХ-ийн төлбөр төлдөггүй , хэсэг хүмүүс сууж байгаад хурал хийсэн байна гэсэн шүүгчийн дүгнэлт үнэнд нийцээгүй гэж үзэж байна. ХХХХ нь хуулийн этгээд болох “ХХХ” СӨХ-тэй хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа, нэхэмжпэгчийн хариуцагчийг зөв тодорхойлж чадаагүй уг нэхэмжлэлийн хариуцагч биш зэргээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчин хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлоогүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч “ХХХ” СӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга ХХХХ нь хариуцагч ХХХХ-д холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны тамга, тэмдэг, ажлын байрыг хүлээлэн өгөхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд нэхэмжлэгч ХХХХ нь “ХХХ” СӨХ-ны тамга, тэмдгийг тус сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хариуцагч ХХХХХгаас гаргуулахаар Удирдах зөвлөлийн даргын хувьд тус зөвлөлийг төлөөлөн, төлөөлөх бүрэн эрхтэй болохоо нотолсон “ХХХ” СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тогтоол /хх.4/, уг хурлын тогтоолоор сонгогдсон удирдах зөвлөлийн хурлын тогтоол /хх.5/ зэрэг баримтыг хавсарган шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Гэтэл шүүх ХХХХг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан өөрийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан этгээдийн нэгэн адил “нэхэмжлэгч” гэж түүний эрх зүйн байдлыг буруу тодорхойлж иргэний хэрэг үүсгэн /хх.108/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ.

 

ХХХХ “ХХХ” СӨХ-ны удирдах зөвлөлийг төлөөлөн нэхэмжлэл гаргасан байхад иргэнийх нь хувьд нэхэмжлэгчээр тодорхойлсноос төлөөлүүлэн нэхэмжлэл гаргасан байгууллагын шүүхэд мэтгэлцэх эрх зөрчигдсөн гэж үзнэ. Уг зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/03662 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ХХХХХгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           А.МӨНХЗУЛ

                                                                        ШҮҮГЧ                          Д.БАЙГАЛМАА

                                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ