Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 40

 

Б.Б-, У.А- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Ө.Батболд, шүүгдэгч У.А-гийн өмгөөлөгч Т.Энхболд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 225 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 36 дугаар магадлалтай, Б.Б-, У.А- нарт холбогдох хэргийг шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Ө.Батболд, шүүгдэгч У.А-гийн өмгөөлөгч Т.Энхболд, шүүгдэгч нарын өмгөөлөгч З.Нямсүрэн нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***, ял шийтгэлгүй, У х овогт Б-н Б-,

2. Монгол Улсын иргэн, 2002 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ***, ял шийтгэлгүй, У х овогт У-н А-.

Б.Б-, У.А- нар нь согтуурсан үедээ, бүлэглэн Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар баг “Ажнай” гэх газарт 2019 оны 07 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Х.А-ыг зодож, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Б-, У.А- нарыг хүнийг онц харгис хэрцгийгээр бүлэглэж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11-д зааснаар шүүгдэгч Б.Б-т 15 жил хорих ял, шүүгдэгч У.А-д 12 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч У.А-гээс 239,698 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-д олгохоор тогтоож, түүний нэхэмжлэлээс нийт 4,400,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “...шүүгдэгч У.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 -д зааснаар оногдуулсан 12 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хоёр дахин багасгаж, түүний эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоосугай” гэж,

шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “...шүүгдэгч У.А-д оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж” гэсэн өөрчлөлт тус тус оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж,

шүүгдэгч У.А- нь шийтгэх тогтоол гарсны дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-д 239,000 төгрөгийг ХААН банкаар шилжүүлж, 1,000 төгрөгийг бэлнээр тус тус төлсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч З.Нямсүрэн гаргасан гомдолдоо “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, нэг талыг барьсан, өөрийнхөө эсрэг өгсөн мэдүүлгийг үндэслэж ял оноосон нь хууль бус гэж үзэж байна.

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатнаас эрх ашгийг нь хамгаалж хууль зүйн туслалцаа үзүүлсэн. Б.Б-, У.А- нарыг гэрчээр асуухаас эхлээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдаанууд байсан. Мөрдөгч нар нь анхнаасаа хуульд зааснаар ажиллагаа явуулаагүй, өөрөөр хэлбэл хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч, сурган хүмүүжүүлэгч нарыг байлгаагүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй, дээрх 2 хүнээс гэрчийн мэдүүлэг авч өөрсдийнх нь өгсөн мэдүүлгээр яллах дүгнэлт үйлдэж шүүхээр хянан хэлэлцүүлж шийтгэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Мөн хэрэгт өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцуулаагүй, өмгөөлөгчийн өмгөөлөх эрхийг хязгаарладаг, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 2, 5.3 дугаар зүйлийн 1.2, 7.2 дугаар зүйлийн 1 дэх заалтуудыг зөрчсөн.

Гэрчээр өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн яллагдагч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтаар нотолж чадаагүй байж шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгож шийтгэж байгаа нь буруу юм. Яллагдагч нар өөрсдийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн буруугүйгээ эсхүл хэргийн байдлын нотлох үүрэг хүлээхгүй гэж хуулиар хамгаалагдсан болохыг хуульчид бүгд л мэдэж байгаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт яллагдагч шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт, мөрдөн байцаалт дууссаны дараа хавтаст хэрэгтэй танилцах эрхтэй гэж хуульд заасаар байтал энэ эрхийг өмгөөлөгч надад эдлүүлээгүй, өмгөөлөгч намайг Б-ын байцаалтанд нэг ч удаа оролцуулаагүй нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Гэрчээр асуухдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан насанд хүрээгүй хүүхдэд болон яллагдагчид танилцуулаагүй ба сурган хүмүүжүүлэгч, өмгөөлөгч оролцуулах хуулийн заалтыг хангаагүй. ... насанд хүрээгүй гэрч У.А-, яллагдагч Б.Б- нарт хууль тайлбарлаж өгөөгүй ... хуулийн 9.6 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг мөрдөгч нар зөрчиж мэдүүлэг авчихаад өөрийнх нь өгсөн гэрчийн мэдүүлгээр тэднийг яллаж байгаа нь буруу юм.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж шалгаж бэхжүүлнэ, мөн хуулийн 6 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслэлээр цуглуулж бэхжүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Энэ нь анхнаасаа гэрчээр хууль зөрчиж авсан, энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримт мэдээллийг баримтанд тооцохгүй гэсэн заалттай нийцэх учраас гэрчээр авсан мэдүүлгийг нотлох баримтаас хасаж өгөхийг хүсэж байна.

Харин насанд хүрээгүй яллагдагч А- мэдүүлэхдээ А- ах Б- ахтай маргаад, би талийгаач ахыг чинь алах байсан, одоо та 2-ыг ална гэж агсан тавьсан, Б- ах уурлаад маргаж байтал А- ах Б- ахын уруул хэсэгт гараараа 2 удаа цохисон, ингээд Б- ах А- ахын толгой хэсэгт гар болон хөлөөрөө цохиж дэвсэлсэн, Б- ах А- ахыг олон удаа цохиж өшиглөсөн, би яг тоог нь хэлж мэдэхгүй байна, би А- ахад гар хүрээгүй, Б- ахыг явъя гээд аваад явсан, /2 хх 23-26/ би тэр хоёрыг салгаж дийлээгүй, нэгнийх нь амнаас цус гарсан, нэгнийх нь хамраас цус гарсан, миний үгэнд орохгүй байсан, би салгаж дийлээгүй, тэр үед миний хувцас цустай болсон байж магадгүй гэсэн мэдүүлгийг шинжээчийн дүгнэлт болон дүгнэлт гарахаас өмнө хуульд зааснаар мэдүүлгээ гараар бичиж өгч байсан болно. /2 хх 77/

Үүнд шүүх дүгнэлт хийгээгүй явдал нь хуульд нийцэхгүй явдал юм. Энэ хэргийг шүүгдэгч Б.Б- үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг, харин энэ хэргийг яаж үйлдсэн, бүлэглэж үйлдсэн үү, онц хэрцгийгээр үйлдсэн үү гэдгийг мөрдөн байцаалтаар тогтоож чадаагүй, өөрөөр хэлбэл нотлох зүйлийг нотлоогүй.

Энэ хэрэгт анхнаасаа гэрчийн мэдүүлэг авахдаа хууль зөрчсөн, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй эрхийг хангаагүй, яллах дүгнэлт үйлдсэн нь буруу юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа нотлох үндэслэл болохгүй, мөн зүйлийн 3 дахь хэсэгт мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй, 8 дахь хэсэгт дараах мэдүүлэг дангаараа яллагдагч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, 16.3 дугаар зүйлийн 3.3-т яллагдагч шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг гэх хуулийн заалтаар шүүхийн тогтоол нь бодит байдалд нийцээгүй хууль буруу хэрэглэсэн болох нь тогтоогдож байна.

Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6, 36.2 дугаар зүйлийн 3-т заасан шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн байна. Мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4-т зааснаар дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугүй асуудлыг шийдвэрлэх, эрүүгийн хуулийг зөв хэрэглэх. ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүү байвал шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх гэж заасан.

Энэ хэрэг нь бусдыг хувийн тааламжгүй харьцааны улмаас амь насыг нь санаатай алах 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг ба энэ нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар буюу шүүгдэгч Б.Б- нь хэргээ болон гэм буруугаа хуульд зааснаар хүлээн зөвшөөрсөн нь нотлох баримтаар тогтоогддог.

Харин энэ гэмт хэргийг насанд хүрээгүй яллагдагч У.А-тэй бүлэглэн үйлдсэн, онц хэрцгийгээр үйлдсэн гэж хүндрүүлж байгаа нь мөрдөн байцаалтаар болон хэрэгт ач холбогдол бүхий бусад нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдохгүй байна. Шүүх шийтгэх тогтоолдоо Б.Б-, У.А- нар тохиолдлын шинж чанартай анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэж байгаа нь 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь заалт няцаагдаж байгаа юм.

Шийтгэх тогтоолд энэ хэргийг бүлэглэж үйлдсэн, онц хэрцгийгээр үйлдсэн зэрэгт эргэлзээтэй дүгнэлт хийсэн ба иргэдийн төлөөлөгч Н.Энхбаатар энэ хэрэгт хэргийн бодит байдлыг бүх талаас нь дүгнэж үзээд насанд хүрээгүй яллагдагч У.А-д гэм буруу байхгүй байна, хэргийг хэрэгсэхгүй болгох талаар санал гаргасан нь хуульд нийцсэн зөв дүгнэлт гэж үзэж байна.

Мөрдөгч, прокурор, шүүгч хэргийн бодит байдал, нотлох баримтыг бүх талаас нь шалгаж хянасны үндсэн дээр нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй.

Энэ гэмт хэргийг Б.Б-, У.А- нар нь бүлэглэж, онц хэрцгийгээр үйлдээгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр насанд хүрээгүй яллагдагч У.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааны танхимаас цагаатгаж, Б.Б-т холбогдох хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.

Шүүгдэгч У.А-гийн өмгөөлөгч Т.Энхболд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүхээс гэрч Д.Б-, Б.Б- нарын мэдүүлэг, шинжээчийн 2019.09.24-ний 201, 2019.12.04-ний 5480, 5481, 5489, 2019.09.13-ны өдрийн 4343 тоот дүгнэлтүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үндэслэн өсвөр насны У.А-д хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Хэргийн нотлох баримтууд дээр үүсэн нөхцөл байдлыг бүх талаас дахин хянаж үнэлж дүгнэх нь зүйтэй.

Учир нь гэрч Д.Б- нь 2019.07.15-наас 16-нд шилжих шөнө Ажнай гэх газарт талийгаач А-ыг хэн, яаж, ямар байдлаар хэрхэн зодож цохиж амь насыг хохироосон болохыг “хараагүй, үзээгүй” гэдэг. Харин 2019.07.15-16-нд шилжих шөнө Б- гэгч нь А-, Б-, А- нартай архидан согтуурсан мөн урьд өдөр нь бусад хүмүүстэй архидсан байдаг бөгөөд тухайн үед гэрт зодоон цохион болоогүйг гэрчилж хэлдэг. Харин түүнийг дугуйны дотуур хаймар, нэрмэл архи өгсөнд А- баярласнаа илэрхийлж тэврэх үйлдэл хийсэн гэдгээ хэлдэг юм.

2019.09.24-ний цогцост хийсэн шүүх эмнэлгийн 201 дүгнэлтээр амь хохирогчид үүссэн гэмтлүүдийг тогтоожээ. Б.Б- уг гэмтлүүдийг учруулсан гэдгээ мэдүүлдэг бөгөөд түүний мэдүүлгийг уг дүгнэлт давхар нотолсон байна. Түүнээс биш У.А- зодсон цохьсон талаарх нотолгоо биш юм.

Шинжээчийн 2019.12.04-ний өдрийн 5480 дүгнэлтээр тамхины ишнээс эрэгтэй хүний ДНХ тогтоц илэрсэн Энэ нь У.А-гийн гэх цусны ДНХ тогтоцтой тохирч байна гэжээ.Тухайн цаг хугацаанд А- нь Б-, А- нартай хамт байсан гэдэг нь тогтоогддог бөгөөд тамхины ишнээс цус илрээгүй тамхины ишнээс эрэгтэй хүний ДНХ тогтоц илэрсэн нь А-гээс шинжилгээнд авсан цусны ДНХ тогтоцтой тохирсныг нотолжээ. Түүнээс биш тамхины ишнээс цус илэрсний нотолгоо биш юм. Энэ дүгнэлтээр А- нь талийгаачийг зодож алсан гэх нотолгоо гэж үзэхгүй байна.

2019.12.04-ний 5481 дүгнэлтээр шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь хүний үс байна. Уутанцар булцуутай 1ш үс нь ДНХ тогтцоороо эрэгтэй хүний үс байна. ДНХ тогтцоороо Х.А-ын гэх цусны ДНХ тогтоцтой тохирч байна гэдгийг тогтоожээ. Өөрөөр хэлбэл Х.А-аас шинжилгээнд авсан цусны ДНХ тогтоцтой 1 ширхэг үс нь тохирсныг тогтоожээ. Энэ дүгнэлтээр А-г бусдыг алсан гэж нотлох баримтаар үнэлэх нь учир дутагдалтай юм.

2019.12.04-ний өдрийн 5479 тоот дүгнэлтээр гурван өнцөгт хэлбэртэй ягаан өнгийн хуванцар дээр цус илэрсэн. Бусад зүйлс дээр цус илрээгүй. Илэрсэн цус нь ДНХ-н тогтцоороо 1 эрэгтэй хүний цус байна. Уг цус нь ДНХ-н тогтцоороо Х.А-ын цусны ДНХ-н тогтоцтой тохирч байна гэжээ. Шүүх хуралд Б.Б- мэдүүлэхдээ уг хуванцар аягаар талийгаач А-г цохьсон гэдгээ мэдүүлдэг. Харин уг нотлох баримтаар А-г хүн алсан гэж яллах үндэслэлгүй байна.

2019.09.13-ны өдрийн 4343 дүгнэлтээр.У.А-гийн ногоон эрээн куртикт илэрсэн цус нь ДНХ тогтцоороо талийгаач А-гийн цусны ДНХ тогтоцтой тохирч байна гэжээ. Энэ дүгнэлтээр У.А-г шууд яллах нотлох баримт гэж үзэхгүй байна. Учир нь уг дүгнэлтийг гарахаас өмнө 2019.08.04-нд А- өөрийн гараар бичиж өгсөн мэдүүлэгтээ талийгаач болон Б- нарыг зодолдож байхад хорьсон, мотоцикольтой сундалдаж явахад Б- ахын хувцаснаас миний хувцас цус болсон байж магадгүй гэж мэдүүлдэг юм.

Гэрчээр Б.Б- өгсөн мэдүүлэгтээ: А- ахын биед ганц хоёр А-г цохьсон гэдэг боловч уг мэдүүлгийг үнэн зөв гэдгийг нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд түүний мэдүүлгийг дангаар нь нотлох баримт болгон үнэлэх

хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь түүнээс хойш Б.Б- удаа дараа өгсөн мэдүүлэгтээ өмнөх мэдүүлгээ үгүйсгэж амь хохирогчийг А- зодоогүй гэдгийг хэлдэг мөн шүүх хурал дээр ч тодорхой ярьсан болно.

Мөрдөгч нь Б.Б-аас гэрчийн мэдүүлэг авахдаа Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5, 33.1 дугаар зүйлийн 6.13 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байдаг. Өсвөр насны У.А-г цагдан хорих шүүхийн хэлэлцүүлэгт түүний хууль ёсны төлөөлөгчийн оролцуулалгүй мөн хуулийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн байдаг.

Шүүхээс У.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг тогтворгүй, өөрөөр хэлбэл 2019.07.18-нд “... Б- ах А-ыг олон удаа цохиж өшиглөсөн харин би А- ахад гар хүрээгүй, би А-, Б- нарыг салгах оролдлого хийгээгүй, би тэр 2-ын хажуу талд зүгээр хараад зогсож байсан..”, 2019.10.10-нд өгсөн “...А- надтай муудах шалтгаан байхгүй би цохиогүй..” 2019.12.17нд “... би хэрэг болох үед: Б- ах талийгаач 2-ыг зодолдож байхад хорьж болиулах гээд дийлээгүй...” 2020.03.26-нд өгсөн “... би тухайн үед тэр 2-ыг салгасан боловч миний үгэнд орохгүй салахгүй байсан..” гэх мэдүүлгийг үнэн зөв гэдгийг нотлох баримт байхгүй тул түүний мэдүүлгийг дангаар нь нотлох баримт болгон үнэлэх хууль зүйн үндэслэлгүй юм гэжээ.

Гэвч түүний мэдүүлгийг Б.Б- нотолж ярьдаг. Б.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “..А- ах бид 2-т хандаж танай Бат-эрдэнэ ах чинь арай бацаан байсан, би ахыг чинь байнга зоддог байсан, та 2 шиг бацаан намайг дийлэхгүй шүү та 2-ыг зодно гээд агсарч байгаад над руу дайрч намайг нэг удаа цохьсон тэгээд би А- ахыг зөрүүлж цохисон чинь дээш хараад унасан би дээр нь гарч суугаад нүүр, шанаа, толгой хэсэг рүү нь нилээн хэд удаа цохьсон босоод А- ахын цээж, гэдэс хэсэг рүү 7-оос 8 удаа өшиглөсөн, мөн толгой хэсэг руу нь 7-8 удаа өшиглөсөн..гэх.

Мөн Б.Б- 2020.03 сард өгсөн мэдүүлэгтээ “...Уг хэрэгт У.А- нь оролцоогүй бид бүлэглэж зодсон зүйл байхгүй, харин салгаж байсан, би уг хэргийг ганцаараа хийсэн...” гэдэг. Энэ мэдүүлгийг яагаад үнэлж дүгнэхгүй байна бэ?

У.А-гийн мэдүүлгээс Б.Б- ах талийгаачийг олон удаа зодсон өшиглөсөн гэх мэдүүлгийг шүүх үнэлж дүгнэж Б.Б-т ял оногдуулсан боловч Б.Б-ын өгсөн “...У.А- биднийг зодолдоход хорьж болиулж байсан талийгаачийг зодоогүй...” гэх мэдүүлгийг яагаад үнэлж дүгнэхгүй байна вэ?

Б.Б-, У.А- нар нь төрөл садангийн хүмүүс бөгөөд нэгнийх нь мэдүүлгийг яллах нотлох баримтаар үнэлж ял оногдуулж болдог харин У.А-г гэмт хэрэгт оролцоогүй талаарх Б.Б-ын мэдүүлгийг үнэлж дүгнэхгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгах” мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэсэн заалтыг зөрчжээ.

У.А- гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байхдаа насанд хүрээгүй байсан бөгөөд болсон асуудлын талаар ярихдаа Б-ыг талийгаачтай зодолдоход нь зарим үед хорьж болиулаагүй салгах оролдлого хийгээгүй байсан, зарим үед нь салгаж хорьж болиулж байснаа хэлж ярьсан гэдэг. Уг мэдүүлгийг тогтворгүй гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Тэгээд ч хорьж болиулж салгаж байсныг Б.Б- удаа дараа тогтвортой мэдүүлдэг юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байхад оршино” гэх, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалтуудыг анхан шатны шүүх хэрэглээгүйд гомдолтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “...эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэх заалтыг шүүх анхаарч үзэлгүй хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүх талаас нь бүрэн дүүрэн бодитой үнэлж дүгнэлгүй түүний хийгээгүй хэрэгт нь олон жилийн хорих ял оногдуулсан тул У.А-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Ө.Батболд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Б.Б-ыг хүнийг онц харгис хэрцгийгээр бүлэглэж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудад хууль үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэхгүй байгаагаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт....Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна, 3 дахь хэсэгт... Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй гэсэн суурь зарчмуудыг хөндөж хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлээгүйгээс гадна яллагдагч нарын эрх зүйн байдлыг асар дордуулсан шийдвэрийг гаргажээ.

Хавтаст хэрэгт Б.Б- нь А-тэй булэглэн бусдын амь насыг хохироосон ямар ч үйл баримт нотлогдоогүй байхад бүлэглэн үйлдсэн гэх хууль зүйн үндэслэлээ анхан болон давж заалдах шатны шүүх дараах байдлаар гаргажээ.

Гэрч Д.Б-, Б.Б-, Б.Б-, Г.Б-, шинжээчийн 2019 оны 12 сарын 04-ний өдрийн 5480, 5481, 5489, 2019 оны 09 сарын 13-ны өдрийн 4343 тоот дүгнэлтүүд зэргээр нотлогдсон гэж үзсэн нь буруу юм. /Шийтгэх тогтоолын 12 дахь хуудас/

Яллах дүгнэлтэнд болон хавтаст хэрэгт бүлэглэсэн үйлдлийг нотолсон ямар ч нотлох баримт байхгүй байхад анхан шатны шүүхээс ...Тухайн өдөр хамт архи уусан гэх согтуу гэрч болох Д.Б-ийн мэдүүлэг, Б.Б- нарын мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлгийг ял халдаах үндэслэл болгосон байна. Гэрч Д.Б-ийн өгсөн мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэйгээс гадна тэр өдөржин Д.Б- нь архи ууж согтуурсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар буюу нэрмэл архи худалдсан Отгонжаргал, А-. Б- нарын мэдүүлгээр тогтоогддог. Харин Д.Б-гийн хувьд тухайн өдөр огт архи уугаагүй эрүүл байснаас гадна хавтаст хэргийн 65 дахь хуудсанд мэдүүлгээр А-, А- нарын дунд ямар ч маргаан болоогүй нь тодорхой харагддаг.

Гэрч Б-ы тухайд маргааш өдөр нь талийгаачийг харсан хүн байгаа. Бүлэглэн амь нас хохироосон гэдгийг гэрчлэх гэрч огт биш юм. Шинжээчийн 2019 оны 12 сарын 04-ний өдрийн 5480 тоот дүгнэлт бол тамхины ишин дээрээс илэрсэн ДНХ-ийн тогтоц нь А-н цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэсэн Б.Б-ыг А-тэй бүлэглэсэн гэх ямар ч нотлох баримт биш юм. А-г тэр газар байхдаа тамхи татаж байсан гэдгийг л нотолсон баримт юм.

ШШҮХ-ийн 2019 оны 12 сарын 04-ний өдрийн 5481, 5489 тоот дүгнэлт бол аяган дээр байгаа ус А-ын ус байна гэснийг нотолж байгаа баримт. Харин ч Б.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэхдээ намайг цохиод авахаар нь би аягаар цохисон байх гэсэн мэдүүлэгтэй энэ нотлох баримт тохирч байна гэж үзэх үндэслэлтэй юм.

Шинжээчийн 2019 оны 09 сарын 13-ны өдрийн 4343 тоот дүгнэлт бол У.А-гийн өмсөж байсан гэх ногоон эрээн өнгийн куртик дээр илэрсэн цус...ДНХ-ийн тогтцоороо Х.А-ын цусны ДНХ-тай тохирч байна гэсэн нь тухайн үед салгах хориглох, түүнчлэн Б-тай хамт мотоциклтой явах зэргийн алинд ч хувцсанд цусны толбо наалдах боломжтой зүйл юм.

Мөн Б-ын гэрчээр 2019 оны 07 сарын 16-ны өдөр өгсөн... мэдүүлгийг яллах үндэслэл болгон зааж зүйлчлэлийг хүндрүүлэн ял халдааж байгаа нь маш том алдаа юм.

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний актын дүгнэлтэнд:... Талийгаач биед учирсан гэмтлүүд, ... шинэ гэмтэл тогтоогдлоо гэжээ. Үнэхээр Б-ын өгсөн мэдүүлэг үнэн зөв гэж үзэж байгаа бол бие хэсэг рүү ганц хоёр удаа цохиход дээрх гэмтлүүдийн аль нь ч А-гийн үйлдлээс болж амь нас хохирох гэмтэл учраад тэр нь үхэлд хүргэх гэмтэл мөн байсан уу? гэдэг нөхцөл байдлыг тогтоосон нэг ч баримт байхгүй.

Мөн А-гийн өгсөн мэдүүлгийг зөрүүтэй өгсөн байна гэж дүгнээд мэдүүлгийг үнэн зөв өгсөн гэдэгт эргэлзээтэй гэсэн дүгнэлт хийж болохгүй юм.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-, У.А- нарыг амь хохирогч Х.А-ыг зодож алах явцдаа олон тооны шарх гэмтэл учруулж, дээрх шарх гэмтлүүдийн улмаас амь хохирогчид зовж зүдрэхээр байдал бий болж улмаар амь хохирогч нь эдийн дутагдал бүхий гэмтлийн улмаас тодорхой хугацаанд цус алдаж өвтгөн шаналж нас барсан учир онц харгис хэрцгийгээр алсан гэж дүгнэлт хийн ял халдаасан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

2020 оны 03 сарын 23-ны өдрийн 4/20 дугаартай хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгийн яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолд ... “...Цогцост хийсэн задлан шинжилгээний дүгнэлтээр талийгаач Х.А-ын үхлийн шалтгаан нь духны гол хэсгээс дээд уруул хүртэл үргэлжилсэн эдийн дутагдал бүхий шарх гэмтлийн улмаас” нас барсан гэж тогтоожээ. Иймд цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, цогцост хийсэн гадна үзлэгийн тэмдэглэл, шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар Б.Б-, У.А- нар нь талийгаач Х.А-ыг зодож алах явцдаа биед нь хөнгөн хүндэвтэр гэмтэл учруулсны улмаас эдийн дутагдалд орж цус алдаж нас барсан ба дээрх гэмтлүүдийн улмаас талийгаач зовж зүдрэхээр байдалтай болсон, өвтгөж шаналган тарчлаасан нөхцөл байдлууд тогтоогдсон гэж дүгнээд эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 10.1.2.1, 10.1.2.11 дэх хэсэгт зааснаар ял сонсгосон байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа прокурорын байгууллагад удаа дараа гомдол гаргаж байсан бөгөөд уг гомдлын хууль зүйн үндэслэлийг хянан үзэлгүй анхан шатны шүүхээс оролцогчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргаж байгаа нь шүүхийн алдаа гэж үзнэ.

Хохирогчийн зүгээс асар олон гомдлуудыг гаргадаг. Тэр бүхэнд яллагдагч нарын талаас маш хүлээцтэй хандсан. Хохирогч талаас бүлэглэж алсан гэж гомдол гаргана, мөн онц харгис хэрцгий аргаар алсан гэж гомдол гаргадаг. Уг гомдлыг Улсын ерөнхий Прокурорын газарт хүртэл гомдол гаргасан ба уг хүсэлтүүдийг хяналтын прокурор П.Мөнхзул, Ц.Лхамсүрэн, аймгийн ерөнхий прокурор Т.Ууганбаатар, Улсын Ерөнхий Прокурорын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Алтангэрэл хүртэл хохирогчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт байгаа.

Хамгийн сүүлд хавтаст хэрэг Улсын Ерөнхий Прокурорын газраас хянагдаад ирэхэд хүртэл хяналтын прокурор Ц.Лхамсүрэн нь хохирогчийн гаргасан хүсэлтийг 2020 оны 03 сарын 04 -ний өдөр хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон хэрнээ 19 хоногийн дараа буюу өөрийн хяналтанд байх хугацаандаа ямар ч мөрдөн шалгах ажиллагаа хийлгүйгээр хохирогчийн хүсэлтэнд дурдагдсан асуудлын талаар яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байгааг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.

Анхан шатны шүүхээс цус гадагшлах хугацаанд тарчилсан гэсэн онолын үндэслэлгүй дүгнэлт хийж байгаа нь зохимжгүй байна. Онц харгис хэрцгий гэдэг нь хохирогчийн үхэлд хүргэсэн гэмтлийг зориуд сэдэж үүсэж түүнээс ханамж таашаал авсан байхыг ойлгох бөгөөд гэмтлийн тоон үзүүлэлт уг асуудалд огтхон ч хамааралгүй ойлголт юм.

Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

Онц харгис хэрцгийгээр гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж хүсэж санаатайгаар үйлдсэн байдаг.

Хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт зөвхөн хохирогчид олон тооны шарх гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа хохирогчийг тарчлааж зовоож шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх бөгөөд эдгээр 2 нөхцөл байдлыг гэрчилсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байх ёстой.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэснийг үндэслэн У.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Б-т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл /эс үйлдэхүй/ хийсний улмаас хүн нас барсан бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулна. Б.Б-ын хувьд бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа шударгаар хүлээн зөвшөөрсөн.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 ... тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2... учруулсан хохирлыг төлсөн, 1.4 хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг нөхцөл байдлууд байхаас гадна энэ хэрэгт холбогдох үед дөнгөж 18 настай байсан, амьдралд хөл тавьж байсан үе, хавтаст хэрэгт авагдсан хувийн байдлын талаарх нотлох баримтуудыг үндэслэн Б.Б-ын зүйлчлэлийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Б.Б- нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд оногдуулах ял хариуцлагыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан 5 жил 6 сарын хорих ялаар шийтгэж өгнө үү” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Энхтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Гэрч нар гэмт хэргийн санаа сэдэл, эх үүсвэр хаанаас гарсан, маргаан хаана үүссэн талаар тодорхой мэдүүлдэг. Б.Б- нь хөл дээрээ тогтож чадахгүй согтуу байсан болохыг н.Баттуяа, н.Б- нар гэрчилдэг. У.А- нь н.Б-ийг дарж хэвтсэн, үүнээс болж талийгаач У.А-г миний дүү ингэж болохгүй, айлыг элэг барьж болохгүй гэж сургамжилсан байдаг. Энэ байдлыг хохирогчийн буруутай үйлдэл, үйл ажиллагаа гэж үзэх боломжгүй. Шүүгдэгч нар нь талийгаач танай ахыг зоддог, та хоёрыг ална гэж хэлсэн гэдэг боловч хэргийн газар дээр ийм яриа болсон гэдгийг ямар ч нотлох баримтаар нотолж чадаагүй. Хохирогчийг онц харгис хэрцгийгээр алсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Хөл дээрээ тогтож чадахгүй байгаа хүн ганцаараа хүнийг тэгж зодно гэж байхгүй нь ойлгомжтой.

Шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нар нь бүлэглэн, хүнийг онц харгис хэрцгий аргаар алах гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай тогтоогдсон. Гэмт хэрэг гарах үндэслэл, шалтгаан нь У.А-тэй холбоотой буюу эхлэлийг тавьсан байгаа. У.А- нь тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь гэрч нарын мэдүүлгээс гадна, тухайн цаг хугацаанд өмсөж явсан хувцаснаас ДНК-ийн шинжилгээгээр амь хохирогчийн цус тогтоогдсон. Мөн шүүгдэгчийн анхны өгсөн мэдүүлгийг дангаар нь үнэлээгүй, бусад нотлох баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Хохирогчийн эрүүл мэндэд олон тооны шарх, гэмтэл учруулж, өвтгөж шаналгасан шинжтэй буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь цогцост хийсэн үзлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна, хэргийн зүйлчлэл, оногдуулсан ял шийтгэл тохирсон байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Ө.Батболд, шүүгдэгч У.А-гийн өмгөөлөгч Т.Энхболд, шүүгдэгч нарын өмгөөлөгч З.Нямсүрэн нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Б.Б-, У.А- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Б.Б-, У.А- нар нь согтуугаар, бүлэглэн Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Ажнай” гэх газарт 2019 оны 07 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Х.А-ыг зодож, онц харгис хэрцгийгээр алсан гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нар нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс хоорондын харьцааны хэм хэмжээг зөрчиж, хууль бус, ёс суртахуунгүй үйлдэл гаргаж, эдгээр үйлдлийг буруушаасан гэрч болон хохирогчийн зүй ёсны шаардлагыг илтэд эсэргүүцэн, хэрүүл маргаан өдүүлж, улмаар нэгдмэл санаа зорилгын хүрээнд бүлэглэн хохирогчийн эрх чөлөөнд халдаж, олон удаагийн үйлдлээр олон тооны шарх сорви үүсгэн, үүнээс улбаалан хохирогч нас барах хүртлээ удаан хугацаагаар зовж шаналах нөхцөлийг бүрдүүлсэн үйлдлийг гэм буруугийн санаа хэлбэрээр үйлдсэн гэж анхан шүүх дүгнэжээ. 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Б-, У.А- нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн тухайн баримтат мэдээллийн нотолгооны ач холбогдол, хамаарал, хангалттай болон хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлсний үндсэн дээр хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон байна. Улмаар бусдын амь насыг хохироосон шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Түүнчлэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл явдал, маргааны шалтгаан, эхлэл, өрнөл, түүний дэс дараалал, шүүгдэгч нэг бүрийн үйлдэл, оролцоо, сэтгэлзүйн хандлага зэрэгт шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан, эрүүгийн хариуцлага оногдуулах нийтлэг зарчимд тулгуурлан ял шийтгэл оногдуулжээ.

Харин анхан шатны шүүх У.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тусгайлсан зохицуулалт болох  Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл журмыг баримтлаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй орхигдуулсаныг зөвтгөн дүгнэж, гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан шүүгдэгчид оногдуулсан хорих ялд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг бөгөөд шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчлөх, үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, өмгөөлөгч нарын гаргасан “...У.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Б.Б-т холбогдох хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 225 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 сарын 16-ны өдрийн 36 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Ө.Батболд, шүүгдэгч У.А-гийн өмгөөлөгч Т.Энхболд, шүүгдэгч нарын өмгөөлөгч З.Нямсүрэн нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                         ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                             С.БАТДЭЛГЭР

                                                          Ч.ХОСБАЯР

        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН